Номын сан
127-р хичээл: 1 Тесалоник 1–2


127-р хичээл

1 Тесалоник 1–2

Оршил

Паул Тесалоникийн гэгээнтнүүд хавчлагыг үл хайхран сайн мэдээнд итгэлтэй байсныг мэдээд, тэдэнд хандан бичжээ. Тэр тэдний сайн мэдээнд итгэлтэй бөгөөд заахад бэлэн байгаа байдлыг магтсан. Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд заах болсон учир шалтгаанаа өгүүлжээ.

Заах зөвлөмж

1 Тесалоник 1

Паул Тесалоникийн гэгээнтнүүдийг зовлон зүдгүүртэй үед итгэлтэй байсныг нь магтсан.

Суралцагчдыг сайн мэдээг бусадтай хуваалцахыг хичээх үедээ тохиолдсон эерэг туршлагаасаа хуваалцахад урь.

  • Бид сайн мэдээг хуваалцахыг хичээхдээ ямар ямар асуудалтай тулгарч болзошгүй вэ?

Суралцагчдыг 1 Тесалоник 1–2-ыг судалж байхдаа сайн мэдээг хуваалцахад туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Суралцагчдыг Библийн хавсралтад байгаа Библийн газрын зургуудын 13-р зураг болох “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд” дээрээс Тесалоникийг хайж олоход урь. Нэг суралцагчаас Тесалоникийн гэгээнтнүүдийн талаарх дараах тодорхойлолтыг чанга уншихыг хүс.

Тесалоникийн гэгээнтнүүд анхны Европын хөрвөгчдийн нэг хэсэг байсан. Паулын номлолын хоёр дахь аяллын үеэр Паул, Силас, Тимот нар тэнд анх номлосон боловч тэднийг зарим иудей эрх баригч хотоос хүчээр хөөн гаргасан (Үйлс 17:5–15-ыг үзнэ үү). Тесалоникийн гэгээнтнүүд Паулыг болон түүний хамтрагчдыг явсны дараа ч гэсэн хавчигдаж байсан. Дараа нь Паул хавчлагад буй гэгээнтнүүдэд урам зориг өгөхийн тулд энэхүү захидлаа бичжээ.

Нэг суралцагчийг 1 Тесалоник 1:2–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул яагаад Тесалоникийн гэгээнтнүүдийн талаар баяр хөөртэй байсныг олж мэдэхийг хүс.

  • Паул яагаад Тесалоникийн гэгээнтнүүдийн талаар баяр хөөртэй байсан бэ?

Нэг суралцагчийг 1 Тесалоник 1:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул өмнөх айлчлалаараа тесалоникчуудад сайн мэдээг хэрхэн номлосон талаар олж мэдэхийг хүс.

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, Паул тесалоникчуудад сайн мэдээг хэрхэн номлосон бэ? (Үг хийгээд Бурханы хүчээр)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхныг сайн мэдээний үг болон хүч гэдэг нь юу болохыг сонсоход урь.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Жинхэнэ сайн мэдээ үг, хүч гэсэн хоёр зүйлээс бүрддэг. Хэн ч гэсэн бүх нийтэд зориулагдсан үг болон үг бичигдсэн номтой байж чадна. Харин хүч нь Бурханаас ирэх ёстой. Хүчийг хүлээн авах эрх өгдөг хуулийг сахигч хүмүүст хүч нь түүний оюун бодол болон түүний тааллаар түгээгдэх ёстой.

Сайн мэдээний үг бол хүмүүний аврагдахын тулд хийх ёстой зүйлийн хэлэгдсэн эсвэл бичигдсэн баримт юм. …

Гэвч жинхэнэ аврал нь зөвхөн Бурханы хүчийг хүлээн авч, ашиглах үед ирдэг бөгөөд энэхүү хүч нь санваарын болон Ариун Сүнсний хүч билээ” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:42–43).

  • Ахлагч Макконкигийн хэлснээр сайн мэдээний үг гэдэг нь юу вэ? Сайн мэдээний хүч гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • 6-р шүлэгт цэдэглэснээр, тесалоникчууд Бурханы үг болон хүчээр сайн мэдээг заалгасны дараа юу хийсэн бэ? (Тэд Их Эзэний болон Түүний үйлчлэгчдийн дагалдагчид болсон.)

  • 5–6-р шүлэгт буй Паулын заасан зүйлсийг та нар хэрхэн зарчим болгон хураангуйлан тайлбарлах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христийн сайн мэдээг Бурханы үг болон хүчээр бусдад зааснаараа бусад хүнийг Их Эзэний болон Түүний үйлчлэгчдийн дагалдагчид болоход тусалдаг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Бид Бурханы үг, хүчээр заахын тулд өөрсдийгөө бэлтгэхдээ юу хийх ёстой вэ?

Нэг суралцагчийг 1 Тесалоник 1:7–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Тесалоникийн гэгээнтнүүд сайн мэдээг хүлээн авсны дараа өөр юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Тесалоникийн гэгээнтнүүд сайн мэдээг хүлээн авсны дараа өөр юу хийсэн бэ? Тэдний жишээ эргэн тойронд нь буй бусад итгэгчид хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Бид сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар эдгээр шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч хариултууд нь Бид өөрсдийн жишээгээр сайн мэдээг хуваалцаж болно гэсэн үнэнийг тусгасан байна.)

Суралцагчдад энэхүү үнэнийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Сайн мэдээг зааж тунхаглах хамгийн үр дүнтэй арга бол бусдад үлгэр жишээ үзүүлэх явдал мөн. Хэрвээ та итгэлийнхээ дагуу амьдарвал хүмүүс таныг анзаарч эхэлнэ. Хэрвээ Есүс Христийн дүр төрх бидний амьдралд гэрэлтэж байвал [Алма 5:14-ийг үзнэ үү], хэрвээ бид эргэн тойрны хүмүүстэйгээ эв найртай байж, аз жаргалаар дүүрэн байвал хүмүүс яагаад гэдгийг мэдэхийг хүсэх болно. Номлол хийж байхад заагдсан хамгийн агуу сургаалуудын нэг нь Ассисийн Гэгээн Францисын “Сайн мэдээг үргэлж номлож бай, шаардлагатай үед л үг хэрэглэж бай” гэсэн энгийн үгс байдаг [in William Fay and Linda Evans Shepherd, Share Jesus without Fear (1999), 22]” (“Дамаск орох зам дээр хүлээн сууна,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 77).

  • Үлгэр жишээ байх нь хэрхэн сайн мэдээний талаар зөвхөн ярихаас илүү үр дүнтэй хуваалцах арга болдог вэ?

  • Хэн нэгний үлгэр жишээ таныг сайн мэдээг хүлээн зөвшөөрөхөд эсвэл сайн мэдээгээр илүү бүрэн дүүрэн амьдрахад хэрхэн тусалж байсан бэ?

1 Тесалоник 2

Паул хамтрагчдынхаа хамт тесалоникчуудад хэрхэн үйлчилснээ өгүүлэв

Паул Тесалоникийн гэгээнтнүүдийг зөв шударгын жишээ үзүүлсэнд нь сайшааж магтсаныхаа дараа тэднийг хайрладгаа болон тэдэнд урьд нь сайн мэдээг номлож байхдаа үзүүлсэн үлгэр жишээгээ сануулсан.

Дараах судрын эшлэл, асуултуудыг самбарт бич.

1 Тесалоник 2:1–13

  • Ямар үг эсвэл хэллэг Паулын болон түүний хамтрагчдын тесалоникчуудад үзүүлсэн зөв шударгын үлгэр жишээг дүрслэн өгүүлж байна вэ?

Ангийнхныг уг хэсгийг дагаж харах хооронд цөөн суралцагчийг 1 Tесалоник 2:1–13-р шүлгийг ээлжлэн чанга уншихад урь. Эсвэл суралцагчдыг чанга уншихыг хүсэхийн оронд тэднийг хэсэг бүлгээрээ, хосоороо эсвэл ганцаараа эдгээр шүлгийг судлахад урьж болно. Суралцагчдаас Паулын болон түүний хамтрагчдын тесалоникчуудад үзүүлсэн зөв шударгын үлгэр жишээг дүрслэх үг, хэллэгийг олж мэдэхийг хүс. Та суралцагчдад олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг санал болгож болно.

Суралцагчдад хангалттай цаг өгсний дараа тэднийг олж мэдсэн нэг хоёр үг, хэллэгээ самбарт жагсаан бичихэд урь. Тэдгээр үг, хэллэг нь бусдад зөв шударгын жишээг үзүүлэх гэсэн бидний чармайлтыг хэрхэн удирдан чиглүүлдэг болохыг тайлбарлахыг тэднээс хүс.

Паул Тесалоникийн гэгээнтнүүдийг сайн мэдээг хүлээн авсныхаа улмаас хавчлагад орсон хэмээн өгүүлснийг тайлбарлан, 1 Тесалоник 2:14–18-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр гэгээнтнүүд дээр дахин очихыг хүссэн ч дайснаар “саатуулагдсан” байсныг хэлсэн (18-р шүлэг).

Нэг суралцагчийг 1 Тесалоник 2:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул “найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөл” (19-р шүлэг) гэж юуг хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул “найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөл” гэж юуг хэлсэн бэ?

  • Паулын “найдвар, эсвэл баяр баясгалан, эсвэл өргөмжлөл” нь хэрхэн бидний төлөө Тэнгэрлэг Эцэгийн найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийг харуулж байна вэ?

Та энэ хичээлд ярилцсан үнэний талаар гэрчилснээр хичээлээ төгсгөж болно. Суралцагчдыг хэрхэн сайн мэдээг ярьж болон зөв шударга үлгэр жишээгээр хуваалцаж болох талаар тунгаан бодоход урь. Тэднийг хүлээн авсан сүнслэг өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Тесалоник 1:1, 3. “Бидний Бурхан Эцэг болон Их Эзэн Есүс Христ”

Паул захидлаа ихэнхдээ Бидний Бурхан Эцэг, Их Эзэн Есүс Христ хоёрыг тунхагласнаар эхэлдэг нь Эцэг, Хүү хоёр бол тусдаа салангид биес гэсэн сургаалыг баталдаг.

1 Тесалоник 1:14. “Та нарын сонгогдсон”

1 Тесалоник 1:4-т байгаа сонгогдсон гэдэг үг нь өмнөх амьдрал дахь зохистой байдалд үндэслэн Их Эзэнээр Түүний гэрээт хүмүүсийн нэг болгон сонгогдохыг хэлж байгаа юм. Сонгогдсон хүмүүст “дэлхийн бүх улсуудыг адисалж болохын тулд тэдэнд онцгой адислалууд болон үүргүүд өгөгдсөн” (Судруудын удирдамж, “Сонгогдсон,” scriptures.lds.org).

1 Тесалоник 1:6–9. “Та нар бүх итгэгчид үлгэр дуурайл болов”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин яагаад Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд баярласан тухай дүрслэн хэлсэн. Тухайлбал:

“Паулын баярласны учир нь тесалоникчуудад хандан хэлсэн зүйлс нь тэдэнд утга учиргүй байгаагүй бөгөөд тэд ихэд сонирхон сонсож, заалгасан зүйлс амьдралд нь зөв шударга байдлын хүчирхэг хүсэл эрмэлзлийг төрүүлсэн юм. … Тэд сайн мэдээний захиасыг их зовлон зүдгүүртэй үед тийм их баяр хөөр, аз жаргалтайгаар хүлээн авсанд Паул сэтгэл хангалуун байсан. Эцэст нь тэрээр тэдний тэргүүн амжилт болох бүх хөршдөө сүнслэгээр нөлөөлөхүйц үлгэр жишээ байж, тэднээр дамжуулан Их Эзэний үг хил хязгаараас нь халин, газар сайгүй байх бусад хүнд хүрсэн болохыг онцолсон. Паулыг хаашаа ч аялсан, хүмүүс тэдний гайхалтай сайн үйлсэд болон Бурханд итгэх итгэлийнх нь талаар хэлдэг гэдгийг тэдэнд өгүүлэн, хүндэтгэл үзүүлсэн” (“There Am I in the Midst of Them,” Ensign, 1976 оны 5-р сар, 56–57).