Номын сан
149-р хичээл: 2 Иохан–3 Иохан


149-р хичээл

2 Иохан3 Иохан

Оршил

Иохан Есүс Христийг бие махбодтой ирээгүй хэмээн мэхлэн номлодог хүмүүсийн тухай гэгээнтнүүдэд сэрэмжлүүлсэн. Тэр бас Гайосыг итгэлтэй байсных нь төлөө магтсан.

Тэмдэглэл: Энэ хичээлд 3 Иоханыг заах зөвлөмжийг оруулсан бөгөөд үүнд суралцагчид эцэг эх эсвэл Сүмийн удирдагчдаасаа захидал хүлээж авах талаар бас байгаа. Хэрэв та энэ заах зөвлөмжийг ашиглахаар сонгож байгаа бол нэлээн хэдэн өдрийн өмнөөс бэлтгэх хэрэгтэй. Суралцагч бүрийн эцэг эхийг, шаардлагатай бол орон нутгийн Сүмийн удирдагчдыг сайн мэдээний дагуу амьдрахаар хичээж байгааг нь харснаар мэдэрсэн баяр баясгалангаа илэрхийлсэн бяцхан захидлыг бичихэд урь. Та энэ хичээлийг заах өдрөө суралцагч бүрд зориулж бичсэн захидлыг эцэг эх эсвэл Сүмийн удирдагчаас авсан байх ёстой.

Заах зөвлөмж

2 Иохан

Иохан хуурамч сургаал заадаг хүмүүсээс сэрэмжлүүлдэг

Ихэнх суралцагчийн мэддэг нэгэн алдартай тамирчинг нэрлэ.

  • Уг тамирчин амжилт гаргах хамгийн сайн эрүүл биетэй байхын тулд юу хийдэг байж болох вэ?

  • Хэрэв энэ тамирчин дасгал сургуулилт хийж, шаргуу хөдөлмөрлөснийхөө дараа биеийн тамирын заал руу явахаа больж, чанар муутай хоол хүнс идэж, телевиз их үзэж, видео тоглоом тоглож, биед хортой бодис хэрэглэж эхэлбэл юу болох вэ?

Амжилттай яваа тамирчдын ид оргил үеийнхээ бие бялдраа гамнахын тулд хийх ёстой хөдөлмөрийг Сүмийн гишүүдийн сайн мэдээгээр дамжуулан олж авсан адислалаа хадгалахын тулд хийх ёстой хөдөлмөртэй хэрхэн харьцуулж болохыг авч үзэхэд суралцагчдыг урь. Тэднийг 2 Иоханыг судлах үедээ Сүмийн гишүүдийн хувьд олж авах адислалаа хадгалахад тусалж болох нэгэн зарчмыг олж мэдэхэд урь.

Төлөөлөгч Иохан захидлаа “сонгогдсон эзэгтэй болоод түүний хүүхдүүдэд” гэж эхэлсэн нь Сүмийн гишүүн нэгэн эмэгтэй ба түүний хүүхдүүдэд шууд хандсан эсвэл Сүмийн чуулганыг бүхэлд нь тодорхойлсон бэлгэдлийн үг хэллэгийн аль нь ч байж болохыг тайлбарлан, 2 Иохан 1:1–4-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг 2 Иохан 1:5–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иоханы гэгээнтнүүдэд сануулж байсан нэгэн тушаалыг олж мэдэхийг хүс.

  • Иохан гэгээнтнүүдэд ямар тушаалыг сануулсан бэ?

Нэг суралцагчийг 2 Иохан 1:7-г чанга уншихад урь. Иохан Сүмийн гишүүдэд яагаад тушаалуудын “дагуу явахыг” (2 Иохан 1:6) эсвэл дуулгавартай байхыг зөвлөсөн болохыг олж мэдэхийг хүс.

  • Иохан Сүмийн гишүүдэд яагаад тушаалуудад дуулгавартай байхыг зөвлөсөн бэ?

  • “Мэхлэгч[дийн]” (7-р шүлэг) сургаал юу байсан бэ?

Төлөөлөгч Иоханыг энэ захидлыг бичиж байх үед докетизм гэгч гүн ухаан түгээмэл болж байсан гэдгийг тайлбарла. Докетист хүмүүс Бурхан дээдэд өргөмжлөгдсөн болохоор зовлон шаналал, үхэл, өөр бусад мөнх бус туршлагаас хол байдаг гэж итгэдэг байсан. Тиймээс тэд Бурханы Хүү болох Есүс Христ нь үнэндээ махан биеэр ирээгүй, харин Түүний сүнс зөвхөн мөнх бус хүмүүсийн хийдэг эсвэл үйлддэг зүйлсийг хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн гэж дүгнэсэн.

  • Сайн мэдээний үнэнтэй зөрчилддөг өнөө үеийн хуурамч сургаалуудын зарим нэг жишээ юү вэ?

  • Эдгээр сургаал яагаад сүнслэг байдалд аюултай вэ?

Нэг суралцагчийг 2 Иохан 1:8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иохан Сүмийн гишүүдийг эдгээр хуурамч сургаалтай холбогдуулан юу хий гэж зөвлөснийг олж мэдэхийг хүс. “Өөрсдийгөө хяна” гэдэг нь хуурамч сургаалуудыг хүлээж авахгүй байхад анхааралтай, хянамгай ханд гэсэн утгатай мөн гүйцэлдүүлсэн гэдэг нь гүйцэтгэсэн эсвэл олж авсан гэсэн утгатай байж болно гэдгийг тайлбарла.

  • Бид 6–8-р шүлэг дэх Иоханы сургаалаас хүлээж авсан сайн мэдээний адислалаа хэрхэн үргэлжлүүлэн эдэлж болох талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид зарлигуудыг сахиж, анхааралтай байснаар хүлээж авсан сайн мэдээний адислалаа үргэлжлүүлэн эдлэх болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ аль хэдийн хүлээн авсан эсвэл хүлээж авахаар найдаж буй сайн мэдээний адислалаа жагсаан бичихэд урь. Бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс. Тэдний хариултыг самбар дээр бич.

  • Хуурамч сургаал хүлээн авах нь хэрхэн биднийг эдгээр сайн мэдээний адислалыг олж авах эсвэл үргэлжлүүлэн эдлэхэд саад болж болох вэ?

Нэг суралцагчийг 2 Иохан 1:9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иохан Христийн сургаал дотор байж, сайн мэдээнд ойр байн, эцсээ хүртэл тэвчдэг хүмүүст юу тохионо гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Христийн сургаал дотор байдаг хүмүүст юу байдаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид Христийн сургаал дотор байвал Эцэг, Хүү хоёртой хамт байх болно гэсэн зарчмыг самбар дээр бич.)

Эцэг, Хүү хоёртой хамт байх нэг арга зам нь Ариун Сүнсний нөхөрлөл гэдгийг онцолж хэл.

Суралцагчдыг тушаалуудыг сахин, анхааралтай байж, сайн мэдээн доторх хичээл зүтгэлээ тунгаан бодоход урь. Тэднийг яагаад сайн мэдээгээр дамжуулан хүлээн авсан адислалаа хадгалж үлдэхийг хүсэж байгаагаа мөн тушаалуудыг сахихдаа илүү итгэлтэй, тууштай байхын тулд өнөөдөр хийх нэг зүйлийг бичихэд урь.

Иохан гэгээнтнүүдийг хуурамч сургаал түгээгч хүмүүсээс зайлсхийхэд зоригжуулсныг тайлбарлан, 2 Иохан 1:10–13-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр захидал бичиж буй гэгээнтнүүд дээр өөрийн биеэр айлчлан очих хүслээ бас илэрхийлсэн.

3 Иохан

Иохан Гайосыг итгэлтэй байдлынх нь төлөө магтав

Жижиг хайрга болон дүүрэн устай том шилэн сав ангид авчир. Нэг суралцагчаас ямар ч долгион үүсгэлгүйгээр хайргыг усанд хийхийг хүс.

  • Яагаад хайрганаас болж усанд долгион үүсэхгүй байх боломжгүй вэ?

  • Сайн мэдээгээр амьдрах таны сонголт танаас өөр хэнд эергээр нөлөөлж болох вэ?

3 Иоханд цэдэглэснээр, Иохан Гайос гэдэг Сүмийн итгэлтэй гишүүнд хандаж хэлсэн гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг 3 Иохан 1:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, сайн мэдээгээр амьдрах Гайосын итгэлтэй байдал Иоханд хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг хүс. 4-р шүлэгт буй хүүхдүүд гэдэг нь Иоханы сайн мэдээнд хөрвөгдөхөд нь тусалсан Сүмийн гишүүдийг хэлсэн байж болохыг тайлбарла.

  • Сайн мэдээгээр амьдрах Гайосын итгэлтэй байдал Иоханд хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Та эдгээр шүлгээс сайн мэдээгээр амьдрах нь бидэнд болон бусдад нөлөөлж болох тухай үнэнийг хэрхэн нэгтгэн дүгнэж болох вэ? (Суралцагчид янз бүрийн үнэнийг олж тодорхойлж болох ч Сайн мэдээний дагуу амьдрах нь зөвхөн бидэнд төдийгүй бас бусдад баяр баясгалан авчирдаг гэсэнтэй төстэй үнэнийг олж тодорхойлох ёстой.)

  • Та хэзээ хэн нэгнийг сайн мэдээнд итгэлтэй амьдарсанд нь баярлан, баяр баяслыг мэдэрч байсан бэ?

Та энэ үнэнийг цааш тайлбарлахын тулд эцэг эх эсвэл Сүмийн удирдагчдыг суралцагчдад хандаж захидал бичихэд урихаар шийдсэн бол захидлуудыг тарааж өг. Суралцагч бүр эцэг эх эсвэл Сүмийн удирдагчаасаа захидал авсан байх ёстой бөгөөд тэдэнд захидлаа унших цаг гаргаж өг.

Иохан аялж буй Сүмийн удирдагч, номлогчдыг хүлээн авах Гайосын хүслийг магтаж, Иохан болон түүний хамтрагчдыг хүлээн аваагүй Диотреф гэдэг орон нутгийн удирдагчийг шүүмжилсэн болохыг тайлбарлан, 3 Иохан 1:5–14-ийг нэгтгэн дүгнэ.

Энэ хичээлд тодорхойлсон үнэнийг тоймлон хар. Эдгээр үнэний тухай гэрчлээд, суралцагчдыг амьдралдаа хэрэгжүүлэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

2 Иохан 1:1–5. “Сонгогдсон эзэгтэй”

“Иохан өөрийгөө ‘ахлагч’ гэж тодорхойлсон ба түүний хандаж бичсэн ‘сонгогдсон эзэгтэй’ (2 Иохан 1:1-ийг үзнэ үү) нь зүйрлэсэн утгаараа Сүмийн салбар эсвэл шууд утгаараа эмэгтэй гишүүн, магадгүй түүний эхнэрийг ч хэлж байж болно. Манай эрин үед бошиглогч Иосеф Смитийн эхнэр Эмма Смитийг ‘сонгогдсон эзэгтэй’ хэмээн нэрлэдэг байсан (С ба Г 25:3). Иохан сонгогдсон эзэгтэй болоод түүний хүүхдүүд үнэн дотор явж, Есүс Христийн сайн мэдээг дагаж байгааг мэдээд баярласан (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 519).

3 Иохан 1:9–10. “Тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Диотреф хэн байсныг мөн юу хийснийг тайлбарлахдаа:

“Диотреф орон нутгийн сүмийн тэргүүн, нөлөө бүхий албан тушаалтан байж, (1) Сүмийн Тэргүүн Зөвлөлийн гишүүнийг сургаал, зааварчилгаагаа түүний цуглаан дээр уншихыг зөвшөөрөөгүй; (2) Сүмийн төлөөлөгчийн тэргүүний эсрэг тунхагладаг; (3) түүн рүү илгээсэн Сүмийн төлөөлөгчдийг хүлээн авахаас татгалзсан; (4) цуглаан дээрх бусад хүн Сүмийн эрх мэдэлтнүүдийг халамжилж, анхаарал тавихыг эсэргүүцсэн; (5) Сүмийн зөв зохистой гишүүдийг зайлуулсан (гишүүнээсээ хассан) байжээ” гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973 он], 3:413–414).