Номын сан
Иудагийн нийтлэг захидлын оршил


Иудагийн нийтлэг захидлын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Иудагийн нийтлэг захидал нь эртний Сүм доторх урвалтын хүчийг тодорхойлдог. Суралцагчид энэ захидлыг судлах үедээ Есүс Христийн шавь нарыг итгэлээс нь холдуулахыг эрэлхийлэгчдийг хэрхэн ялган таних талаар мэдэж авах болно. Суралцагчид түүнчлэн итгэлийнхээ төлөө чин сэтгэлээсээ тэмцэж, үүндээ үнэнч үлдэхийн ач холбогдлыг мэдэрнэ.

Хэн энэ номыг бичсэн бэ?

Энэ захидлын зохиогч нь өөрийгөө “Есүс Христийн боол, Иаковын дүү Иуда” (Иуда 1:1) гэж тодорхойлдог. Хуучны яриагаар бол зохиогч нь Есүс Христийн эх нэгтэй дүү Иуда хэмээн ойлгогдсон (Матай 13:55; Марк 6:3; Библийн толь бичиг, “Иуда”-г үзнэ үү). Иуда нь Иерусалимд өндөр үнэлэгддэг Сүмийн гишүүн байсан бололтой. Мөн тэр номлохоор аялсан байж болох юм (Үйлс 1:13–14; 1 Коринт 9:5-ыг үзнэ үү). Иуда санваарын ямар албан тушаалтай байсан нь мэдэгддэггүй ч захидал нь түүнийг зөвлөсөн захидал бичих эрх мэдэл бүхий албан тушаалтай байсныг харуулдаг.

Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?

Бид Иудагийн захидлыг хаана бичсэнийг мэдэхгүй. Хэрэв энэ захидлыг үнэхээр Есүсийн дүү Иуда бичсэн бол энэ нь МЭ 40-өөс 80 оны хооронд бичигдсэн байх магадлалтай.

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Иудагийн захидлыг “Эцэг Бурханд хайрлагдсан, Есүс Христийн төлөө хамгаалагдсан” (Иуда 1:1) итгэлтэй Христэд итгэгчдэд зориулж бичсэн. Иудагийн зорилго нь Сүмд ороод, Их Эзэн Есүс Христийг үгүйсгэсэн, ёс суртахуунгүй зан авиртай, хуурамч сургаалыг дэмждэг бурханлаг бус багш нарын эсрэг “хичээл зүтгэл гарган … итгэлийн төлөө тэмцэхэд” уншигчдаа урамшуулах явдал байсан (Иуда 1:3).

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Энэ нь хэдийгээр Шинэ Гэрээн дэх хамгийн богинохон номнуудын нэг ч Библид өөр хаана ч байдаггүй мэдээллийг агуулдаг. Иуда “эрх мэдэл бүхий байр сууриа сахи[агүй тэнгэр элч нарын” тухай (6-р шүлэг мөн Абрахам 3:26-г үзнэ үү) болон Мосегийн биений төлөө Михаел, Люсифер хоёр тэмцэлдсэн тухай (9-р шүлэг) мөн Аврагчийн Хоёр дахь ирэлтийн талаарх Енохын бошиглолын тухай бичсэн (14–15-р шүлэг мөн Мосе 7:65–66-г үзнэ үү) .

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Иудагийн захидлын хэд хэдэн өвөрмөц шинж чанарыг дараах байдлаар тэмдэглэжээ.

“Библид бүхэлд нь Иуда ганцаараа дэлхийн өмнөх оршихуй бидний анхны байдал байсан ба зарим тэнгэр элч үүний шалгуурыг давж чадаагүй гэдэг ойлголтыг хадгалж үлдээсэн.

Мосегийн биеийн талаарх Михаел, Люсифер хоёрын хоорондох маргааны тухай ховор мэдлэгийг бид түүнээс авдаг.

Тэр ганцаараа Хүний Хүүгийн Хоёр дахь ирэлтийн талаарх Енохын алдар суут бошиглолыг цэдэглэсэн юм” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:415).

Иудагийн үгс нь Бурханыг болон Түүний үйлчлэгчдийг эсэргүүцэх хүмүүс, ёс суртахуунгүй шашингүй үзлийг шүтэж, ариун явдлын хууль зэрэг Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах шаардлагаас чөлөөлөгдсөн байхаа мэдэгдсэн хүмүүсийн эсрэг хатуу хэлсэн байдаг. Иуда энэ тэрслэгч хүмүүсийн зарим шинж чанарыг тодорхойлсон.

Тойм

Иуда 1 Иуда Сүмийн гишүүдийг “хичээл зүтгэл гарган … итгэлийнхээ төлөө тэмцэхэд” ятгажээ (Иуда 1:3). Тэрээр хүмүүс гэгээнтнүүдийн дунд болгоомжтой гэтэж орж ирээд, хуурамч сургаал тарааж, хорон муу үйлдлийг дэмждэг гэж тайлбарласан. Иуда Бурханаас эргэсэн хүмүүсийн дээр ирэх шүүлтийн талаар сэрэмжлүүлсэн бөгөөд Сүмийн гишүүдэд итгэлээ босгоод, “Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь” хэмээн зөвлөжээ (Иуда 1:21).