Номын сан
55-р хичээл: Лук 17


55-р хичээл

Лук 17

Оршил

Есүс шавь нартаа бусдыг уучлах шаардлагатай гэдгийг заав. Дараа нь төлөөлөгчид Есүсээс итгэлийг нь өсгөж өгөхийг гуйжээ. Аврагч хариуд нь зохисгүй боолын сургаалт зүйрлэлийг заав. Хожим нь Есүс арван уяман өвчтэй хүнийг эдгээсэн боловч зөвхөн нэг нь л эргэж ирэн, Түүнд талархав. Фарисайчууд Аврагчийг сөрж мөн Аврагч тэдэнд Бурханы хаант улсын ирэлтийн тухай заав.

Заах зөвлөмж

Лук 17:1–10

Төлөөлөгчид Есүсээс итгэлийг нь өсгөж өгөхийг гуйв

Суралцагчдыг итгэлээ хэрэгжүүлэхийг шаардах тодорхой нөхцөл байдлуудыг бодож үзэхэд урь (санваарын адислал авах, аравны нэгээ төлөх эсвэл сүм дээр үг хэлж, хичээл заах гэх мэт). Цөөн суралцагчийг юу бодсоноо хуваалцаж, хариултуудаа самбар дээр жагсаахад урь.

Суралцагчдаас дараах асуултуудыг дотроо эргэцүүлэн бодохыг хүс. Үүнд:

  • Та нар илүү агуу итгэлтэй болохыг хүсэж байсан уу? Хэрэв хүсэж байсан бол ямар туршлага та нарыг ийм хүсэлтэй болгосон бэ?

Суралцагчдыг Лук 17-оос судалж байхдаа итгэлээ өсгөхөд туслах зарчмуудыг олж мэдэхэд урь.

Аврагч бусдыг төөрөгдөлд удирддаг эсвэл нүгэл үйлдэхэд хөтөлдөг тэдгээр хүн хариуцлага хүлээх болно хэмээн анхааруулсан гэдгийг тайлбарлан, Лук 17:1–2-ыг нэгтгэн дүгнэ.

Суралцагчдыг Лук 17:3–4-ийг дотроо уншаад, Аврагчийн шавь нартаа өгсөн, итгэл шаардаж болох зарлигийг олж мэдэхэд урь.

  • 3-р шүлэгт цэдэглэснээр, Есүс хэрэв хэн нэгэн тэдний эсрэг бурууг үйлдвэл юу хий хэмээн шавь нартаа зарлигласан бэ?

  • 4-р шүлэгт цэдэглэснээр, шавь нар хэр олон удаа уучлах ёстой вэ? (Аврагчийн хариулт нь хэн нэгэн бидэнд хэчнээн удаа гэм бурууг үйлдсэн бай, наманчилсан л бол уучлах хэрэгтэй гэдгийг хэлж буй арга зам гэдгийг тайлбарлах талаар бодож үз.)

  • Та нарын эсрэг олон удаа бурууг үйлдсэн хүнийг уучлахад яагаад хэцүү байж болох вэ?

Нэг суралцагчийг Лук 17:5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагчийг өөрсдийг нь гомдоосон хүмүүсийг уучил хэмээн шавь нартаа хэлсний дараа, төлөөлөгчид Түүнээс юу хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Төлөөлөгчид Аврагчаас юу хүссэн бэ? (Та суралцагчдыг “итгэлийг маань өсгөөч” хэмээх үгсийг судар дээрээ тэмдэглэхэд урьж болно.)

  • Их Эзэнд итгэх илүү агуу итгэлийг эрэлхийлэх нь бусдыг уучлах зарлигийг дагахад төлөөлөгчдөд хэрхэн тусалж болох вэ?

Аврагч гичийн жижиг үр шиг итгэл гайхамшгуудыг үйлдэж чадна хэмээн төлөөлөгчдөд заасан гэдгийг тайлбарлан, Лук 17:6-г нэгтгэн дүгнэ. Есүс төлөөлөгчдөд итгэлээ хэрхэн өсгөхийг мэдэхэд туслахын тулд эзэн, боол хоёрын хоорондын харилцааг харуулсан сургаалт зүйрлэл хэлжээ.

Бид … үед итгэл маань өсөх болно гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Цөөн суралцагчийг Лук 17:7–10-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, эзэн боолоосоо юу хүссэнийг олж мэдэхийг хүс.

  • Эзэн боолоосоо юу хүссэн бэ?

Библийн цаг үед боол өгөгдсөн үүрэг даалгаврыг итгэлтэй биелүүлбэл эзэн амьдралын бүхий л хэрэгцээг нь хангаж өгдөг байсан гэдгийг тайлбарла. Иймээс эзэнд боолдоо онцгой талархал хэлэх эсвэл үүрэг хариуцлагаа биелүүлсэнд нь өртэй мэт санагдах шаардлагагүй байжээ.

  • Тэнгэрлэг Эцэг маань энэ сургаалт зүйрлэл дэх эзэнтэй хэрхэн адил байна вэ? Тэрээр биднээс юу хүсдэг вэ? (Бидэнд “Тушаасан бүхнийг гүйцэтгэх”-ийг [10-р шүлэг].)

Самбар дээрх өгүүлбэр дээр нэмж бичихэд Бид Тэнгэрлэг Эцэгийн зарлигласан бүх зүйлийг хийхийг хичээх үед итгэл маань өсөх болно гэсэнтэй адил болно.

Суралцагчдад өөр юу итгэлийг нь өсгөж болохыг мэдэхэд туслахын тулд дараах асуултуудыг тавь:

  • 10-р шүлэгт өгүүлснээр, боолууд эзнийхээ тушаалуудыг биелүүлснийхээ дараа юу гэж хэлэх хэрэгтэй байсан бэ?

  • “Зохисгүй боолууд” байх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Энэ нь хүмүүс хэр сайн зарлигуудыг сахидгаас үл хамааран үргэлж Бурханд өртэй байх болно гэсэн үг юм.)

  • Бид яагаад дуулгавартай байж, зөв шударга амьдарсан ч үргэлж Тэнгэрлэг Эцэгт өртэй байдаг вэ? (Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлж адисалдаг учраас бид хэзээ ч Түүнд өрөө төлж чадахгүй [Мозая 2:20–26-г үзнэ үү].)

Самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичээд, Бид Тэнгэрлэг Эцэгийн зарлигласан бүх зүйлийг хийхийг хичээх үед мөн үргэлж Түүнд өртэйгөө санах үед итгэл маань өсөх болно гэсэн зарчмыг харуул. Та суралцагчдад энэ зарчмыг судар дээрээ бичихэд урамшуулан дэмжиж болно.

  • Тэнгэрлэг Эцэгийн зарлигласан бүх зүйлийг хийхийг хичээх нь хэрхэн итгэлийг маань өсгөдөг вэ?

Суралцагчдыг зарлигуудыг сахиж, үүргээ дуулгавартай биелүүлснээр итгэлээ өсөхийг мэдэрч байсан үеийнхээ тухай тунгаан бодоход урь. Тэднийг бодлоо хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг өөр нэг суралцагчтай бичсэн зүйлээ хуваалцахад урь. Цөөн суралцагчийг бодол санаагаа ангийнхантай хуваалцахад урь.

Лук 17:11–19

Есүс арван уяман өвчтэй хүнийг эдгээв

Библийн цаг үед … учраас уяман өвчнөөр өвдөх нь маш хэцүү сорилт бэрхшээл байсан гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.

Суралцагчдаас өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичихээ ангийнханд хэлж өгөхийг хүсэн, уяман өвчний талаар мэддэг зүйлээ давтахад тусал. Жишээлбэл, суралцагчид уяман өвчин нь эрэмдэг зэрэмдэг байдал ба үхэл рүү хөтөлдөг; уяман өвчтэй хүмүүс бусдын эрүүл мэндийг хамгаалахын тулд нийгмээс тусгаарлагдсан байсан; тэд өөрсөд рүү нь ирж байгаа хүмүүсийг сэрэмжлүүлэхийн тулд “Цэвэр бус!” гэж хашхирах шаардлагатай байсан зэргийг дурдаж болно (Bible Dictionary, “Leper”-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Лук 17:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Есүс Иерусалим руу явж байхдаа нэгэн тосгонд хүрч ирэх үед хэнтэй дайралдсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Хэрэв та тэр уяман өвчтэй хүмүүсийн нэг байсан бол Есүсийг харах үед ямар мэдрэмж төрөх байсан бэ?

Нэг суралцагчаас Лук 17:13–14-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагуулж уншаад, уяман өвчтэй хүмүүс Аврагчид юу гэж хэлснийг мөн Түүнийг тэдэнд юу гэж хариулсныг олж мэдэхэд урь.

  • Уяман өвчтэй хүмүүс Есүсээс юу хүссэн бэ?

  • Есүс тэдэнд юу хийхийг зааварласан бэ?

Мосегийн хууль нь уяман өвчтэй хүнээс эдгэрснийхээ дараа нийгэмд дахин хүлээн авагдахын тулд ахлах тахилч нарт өөрсдийгөө үзүүлэхийг шаарддаг байсан гэдгийг тайлбарла (Левит 14-ийг үзнэ үү).

  • Уяман өвчтэй хүмүүсийг явсны дараа юу тохиолдсон бэ?

  • Бид 14-р шүлгээс Их Эзэний адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бид Их Эзэний бидэнд хийхийг зааварласан зүйлийг хийснээр, Түүний адислалуудыг хүлээн авдаг гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

Цэвэршсэн уяман өвчтэй хүмүүсийн нэг байх нь ямар байх байсныг бодож үзэхийг суралцагчдаас хүс.

  • Та нар уяман өвчнөөсөө эдгэрсэн гэдгээ мэдээд юу хийх байсан гэж бодож байна вэ?

Цөөн суралцагчийг Лук 17:15–19-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагууулж уншаад, уяман өвчтэй хүмүүсийн нэг нь хэрхэн бусдаасаа өөр хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийг хүс.

  • Уяман өвчтэй самари хүн Аврагчид талархлаа харуулахын тулд юу хийсэн бэ?

  • Яагаад Лук тэрхүү талархалтай уяман өвчтөн нь иудейчүүдийн дорд үздэг байсан самари хүн байсныг онцлон хэлсэн байж болох вэ? Энэхүү тодорхой мэдээлэл хэрхэн энэ түүхийн тухай бидний ойлголтыг нэмэгдүүлж байна вэ?

  • Бид Их Эзэнд талархал өргөхөөр буцаж ирсэн уяман өвчтэй хүнээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид Хүлээн авсан адислалууддаа талархлаа илэрхийлэх нь чухал юм гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

  • Бид хүлээн авсан адислалууддаа Бурханд талархах нь яагаад чухал вэ?

  • Бид хэрхэн заримдаа есөн уяман өвчтэй хүнтэй адил байдаг вэ?

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Ах эгч нар аа, бид авсан адислалуудынхаа төлөө талархал өргөхөө санадаг бил үү? Чин сэтгэлээсээ талархал илэрхийлэх нь адислалуудаа хүлээн зөвшөөрөхөд төдийгүй тэнгэрийн үүдийг нээж, Бурханы хайрыг мэдрэхэд бидэнд тусалдаг” (“Талархал бол бурханлаг бэлэг,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96).

  • 19-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч уг уяман өвчтэй хүний үйлдлийн улмаас юу тохиолдсон гэж хэлсэн бэ? (Тэр бүрэн бүтэн болсон.)

  • Адислалуудынхаа төлөө Их Эзэнд талархал өргөх нь ямар ямар арга замаар биднийг бүрэн бүтэн болоход тусалдаг вэ?

Суралцагчдыг судрын тэмдэглэл дээрээ Тэнгэрлэг Эцэгээс өөрсдийн хүлээн авсан, талархаж явдаг тодорхой адислалуудыг бичихэд урь. Тэднийг эдгээр адислалын төлөө хэрхэн талархаж амьдрахаа бичихэд урь.

Лук 17:20–37

Есүс Бурханы хаант улсын ирэлтийн талаар заав

Есүс Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн талаар заасан гэдгийг тайлбарлан, Лук 17:20–37-г нэгтгэн дүгнэ. (Тэмдэглэл: Үүнтэй төстэй сургаалууд Матай 24-ийг болон Иосеф Смит—Матайг судлах хичээлийн материалд багтсан байгаа.)

Та энэ хичээл дээр тодорхойлогдсон үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусгаж болно. Суралцагчдыг эдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд урь.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судрын давтлага

Энэ үйл ажиллагаа нь суралцагчдад төгс эзэмших судрын хэсгийг чээжлэхэд туслах болно.

Суралцагчдыг дөрөв эсвэл таван хүнтэй бүлгүүд болгон хуваарил. Бүлэг бүрд зургаан талт шоо, харандаа өг. (Хэрэв шоо олох боломжгүй бол нэгээс зургаа хүртэлх тоог тус бүр дээр бичсэн жижиг цааснуудыг дугтуйнд эсвэл саванд хийж болно.) Суралцагч бүрд бас хуудас цагаан цаас хэрэгтэй. Суралцагчдын бүлэг тус бүрийг ойрхон, ширээ тойрч суухыг хүс. Тэднийг таны чээжлүүлэхийг хүсэж байгаа төгс эзэмших судрын хэсгийг нээхэд урь. Энэ үйл ажиллагааны зорилго нь бүлгээсээ хамгийн эхлээд төгс эзэмших судрын хэсгийг бүтнээр нь бичих явдал гэдгийг тайлбарла. Суралцагчид бүлэг бүрд өгсөн нэг харандааг ашиглах ёстой. Тухайн хүн шоон дээр нэгийг буулгасан бол харандааг ашиглах эрхтэй болно (эсвэл нэгийн тоотой цаасыг сонговол). Бүлгийн гишүүн бүрээр шоог ээлж дараалан хаяхад урь (эсвэл нэг цаас сугалаад буцааж хийж болно). Шооны нэг гэсэн тоо буувал суралцагч харандааг авч, шүлгийг өөрийнхөө цаасан дээр бичингээ бүх үгийг чанга уншина. Энэ үед бүлгийн бусад гишүүн шоог ээлж дараалан хаяна. Бүлгээс өөр нэг суралцагч нэгийг буулгавал өмнөх бичигчээс харандааг авч, шүлгийг цаасан дээр бичингээ бүх үгийг чанга уншина. Өмнөх бичигч шоог хаяхын тулд бүлгийн бусад гишүүнтэй нэгдэнэ. Суралцагчид харандаа авах эрхийг олж, өөрсдийн шүлгийн хэсгийг цаасан дээр бичсэн бол шүлгээс нэмж бичихээсээ өмнө бичсэн хэсгээ чанга унших ёстой. (Ингэж давтах нь шүлгийг чээжлэхэд суралцагчдад тусална.) Үйл ажиллагаа нь бүлэг бүрээс нэг суралцагч төгс эзэмших судрын хэсгийг бүхэлд нь бичсэнээр дуусна.

Үйл ажиллагааны дараа уг шүлгийг нийтээрээ чанга давтан хэлэхийг ангийнхнаас хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Лук 17:15–16. “Тэдний нэг нь … хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв”

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли талархалтай байхын ач холбогдлын талаар:

“Баярлалаа гэж хэлэх дадал хэвшил нь боловсролтой эрэгтэй, эмэгтэйчүүдийн бэлгэ тэмдэг юм. …

Талархлын сүнс та нарын өдөр, шөнийг удирдаж, адислахыг зөвшөөр. Ингэж хэлэхийг хичээ. Та энэ нь гайхамшигтай үр дүнг авчирч байгааг харах болно” гэж хэлжээ (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, 2001 оны 1-р сар, 4, эсвэл Лиахона, 2001 оны 4-р сар, 32).

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй биднийг хэрхэн талархлаа илэрхийлэх ёстойг:

“Талархал бол зүгээр нэг баярлахаас илүү чухал зүйл юм. Баярлах нь талархлын эхлэл мөн. Талархал бол баярласны гүйцэд хэлбэр мөн. Баярласнаа зөвхөн үгээр илэрхийлж болно. Талархлыг үйлдлээр харуулдаг” гэж заажээ (“The Meaning of Thanksgiving,” Improvement Era, Nov. 1964, 914).

Иосеф Смитийн Орчуулга, Лук 17:21. “Бурханы хаант улс та нарт аль хэдийн ирчихсэн билээ”

Бошиглогч Иосеф Смит “Бурханы хаант улсын” талаар:

“Зарим хүн Пентекостын өдөр хүртэл дэлхий дээр Бурханы хаант улс бий болоогүй байсан, Иохан [Баптист] нүглээс ангижрахын төлөө наманчлалын баптисмыг номлодоггүй байсан хэмээн хэлдэг. Гэвч дэлхий дээр Адамын үеэс өнөө үеийг хүртэл Бурханы хаант улс байсныг би Их Эзэний нэрээр хэлж байна. Бурхан Өөрийн үгийг түүнд илчилж, Өөрийнх нь нэрээр үйлчлэх хүч, эрх мэдлийг өгсөн зөв шударга эрэгтэй хүн аль ч үед бай … Бурханы хаант улс байдаг” гэж заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 95).