Номын сан
2-р хичээл: Авралын төлөвлөгөө


2-р хичээл

Авралын төлөвлөгөө

Оршил

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр жил болгон хичээлийн жилийн эхэнд авралын төлөвлөгөөний тоймыг зааж байх зааврыг семинарын багш нарт өгсөн.

“‘Аз жаргалын төлөвлөгөөний’ товч тоймыг … хамгийн эхэнд зааж мөн үе үе дахин сануулж байх юм бол энэ нь таны суралцагчдад агуу үнэ цэнтэй байх болно” (“The Great Plan of Happiness” [СБС-ийн шашны багш нарт хандан хэлсэн үг, 1993 оны 8-р сар. 10], si.lds.org; мөн Teaching Seminary: Preservice Readings [Church Educational System manual, 2004], 68–74-ийг үзнэ үү).

Энэ хичээл нь авралын төлөвлөгөөний товч тоймыг өгөх бөгөөд уг төлөвлөгөөнд гүйцэтгэсэн Есүс Христийн болон Түүний Цагаатгалын үндсэн үүрэг дээр төвлөрөх юм.

Заах зөвлөмж

Мөнх бус байдлын өмнөх амьдрал дахь Есүс Христийн үүрэг

Та сүнслэг хэсэгт “Би Христэд итгэдэг” дууллын 1 ба 4-р бадгийг (Hymns, д. 134) эсвэл Аврагчийн тухай өөр нэг дууллыг дуулахад ангийнхныг урьж болно. Дараах асуултыг тавин, хичээлийг эхэл:

  • Хэн нэгэн хүн танаас яагаад Есүс Христ танд чухал вэ гэж асуусан бол та юу гэж хариулах байсан бэ?

Суралцагчдад өнөөдрийн хичээлээр тэд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн үүргийн талаар суралцах болно гэдгийг тайлбарла. Тэднийг өнөөдрийн хичээлээр Есүс Христэд итгэх итгэлийг нь хүчирхэгжүүлэхэд туслах чухал үнэнүүдээс олж мэдэхэд урь.

Самбар дээр дараах хүснэгтийг зур. Түүнчлэн та уг хүснэгтийг суралцагчдад тараах материал болгон өгч болно. (Хэрэв та тараах материалаа өгсөн бол самбар дээрх хүснэгтийг бөглөж байхдаа тус тусын хүснэгтийг бөглөж дуусахыг суралцагчдаас хүс.)

Зураг
тараах материал, Есүс Христ хүснэгт

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний төвд байдаг

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—2-р хичээл

Мөнх бус байдлын өмнөх амьдрал

Мөнх бус амьдрал

Мөнх бус байдлын дараах амьдрал

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь (1) Бие махбод төрөхийн өмнө байсан бидний мөнх бус байдлын өмнөх амьдрал; (2) Бидний энэ дэлхий дээрх мөнх бус амьдрал; (3) Бие махбодын үхлийн дараа ирэх бидний мөнх бус байдлын дараах амьдрал гэсэн гурван үндсэн үе шаттай болохыг онцол.

Нэг суралцагчийг дараах мэдэгдлийг чанга уншихад уриад, ангийнхнаас мөнх бус амьдралд бидэнд байсан хязгаарлагдмал байдлуудыг сонсохыг хүс:

“Бид энэ дэлхий дээр төрөхөөсөө өмнө Тэнгэр дэх Эцэгийнхээ сүнсэн хүүхдүүд болон амьдарч байжээ. Гэвч бид Тэнгэрлэг Эцэг шигээ байсангүй мөн мөнх бус байдалд бие махбодтойгоо амьдарч үзэхгүйгээр Түүний таалдаг бүх адислалыг эдэлж, Түүнтэй адилхан болж хэзээ ч чадахгүй байх байсан юм.

“Бурханы бүхий л зорилго буюу Түүний ажил, алдар суу нь Түүний бүх адислалыг эдлэхийг хүн нэг бүрд боломжтой болгох явдал мөн. Тэрээр Өөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд төгс төлөвлөгөөгөөр хангасан. Бид дэлхийд ирэхээсээ өмнө энэ төлөвлөгөөг ойлгож, хүлээн авсан билээ. …

“Өсөж хөгжин, Бурхантай адил болохын тулд бидний хүн нэг бүр биетэй болж, дэлхий дээрх сорилтын үед соригдох шаардлагатай байлаа” (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж [2004], 52, 53).

  • Бид ямар ямар хязгаарлалтыг мөнх бус байдлын өмнөх амьдралдаа үзсэн бэ?

Тэнгэрлэг Эцэг бидэнд Өөрийн аз жаргалын төлөвлөгөөг танилцуулахад уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бидэнд аврагч хэрэгтэй болохыг бид олж мэдсэн гэдгийг тайлбарла. Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн нэг болох Люсифер Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эсрэг боссон. Тэрээр Сатан хэмээн нэрлэгдэх болсон бөгөөд энэ нь “дайсан” гэсэн утгатай еврей үг юм.

Нэг суралцагчийг Мосе 4:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Сатан Тэнгэрлэг Эцэгээс юуг шаардсан болохыг олж мэдэхийг хүс.

  • Сатан Тэнгэрлэг Эцэгээс юу шаардсан бэ?

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, Тэнгэрлэг Эцэг Есүс Христийн тухай юу гэж хэлсэн бэ?

  • Есүс Христ юу хийхээр сонгогдсон бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээрх Мөнх бус байдлын өмнөх амьдрал гэсний доор Есүс Христ өмнөх амьдралд хүн төрөлхтний Гэтэлгэгч байхаар сонгогдсон гэсэн үнэнийг бич.)

Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сонгогдсоны дараа бидний хүн нэг бүрд бие махбодтой болж, туршлага хуримтлуулах боломж олгох энэ дэлхийг бүтээсэн.

Нэг суралцагчаас Еврей 1:1–2-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, дэлхийг бүтээхэд гүйцэтгэсэн Есүс Христийн үүргийг олж мэдэхэд урь.

  • Есүс Христ дэлхийг бүтээхэд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? (Самбар дээрх Мөнх бус байдлын өмнөх амьдрал гэсний доор Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган дор Есүс Христ дэлхийг бүтээсэн гэсэн үнэнийг бич.)

Суралцагчдыг байгаль дэлхийн гоо үзэсгэлэнгийн тухай бодоход урь. Та дэлхийн гоё сайхныг харуулсан нэг эсвэл түүнээс олон зургийг үзүүлэхийг хүсэж болно.

  • Есүс энэ дэлхийг болон үүнтэй адил өөр олон сая дэлхийг бүтээсэн гэдгийг мэдэх нь Түүний талаарх таны бодол санаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

Мөнх бус амьдралд дахь Есүс Христийн үүрэг

Бид мөнх бус байдалд Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болж, Түүний оршихуйд эргэж очиход саад болдог нэмэлт хязгаарлалт эсвэл саад бэрхшээлтэй учирдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг дараах мэдэгдлийг чанга уншихад уриад, мөнх бус байдалд бидэнд тохиолддог хоёр саад бэрхшээлийн талаар сонсохыг ангийнхнаас хүс:

“Бид мөнх бус байдалд биеийн болон сүнсний үхлийн аль алинд өртдөг. Бурхан бол төгс төгөлдөр, алдар суут, мах яснаас бүтсэн үхэшгүй биетэй. Бид Бурхантай адил болж Түүний дэргэд эргэн очихын тулд бас төгс төгөлдөр, мах яснаас бүтсэн үхэшгүй биетэй байх ёстой. Хэдий тийм ч Адам, Ева хоёрын унаснаас болоод дэлхий дээрх хүн бүр төгс бус бөгөөд мөнх бус биетэй болж, эцэстээ зайлшгүй үхэх болно. Хэрэв Аврагч Есүс Христ байгаагүй бол үхэл нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ ирээдүйд хамт байх бүхий л найдварыг эцэс болгох байсан биз ээ.

“Нүгэл нь биеийн үхэлтэй нийлснээр Тэнгэр дэх Эцэгтэйгээ адилхан болохоос мөн Түүний оршихуйд эргэн очихоос биднийг хөндийрүүлдэг гол саад тотгор болдог. Бид мөнх бус байдалд байхдаа уруу татагдан, Бурханы зарлигуудыг зөрчиж, нүглийн эрхшээлд автагдах нь олонтоо. … Хэдийгээр энэ нь заримдаа өөр байдаг ч нүгэл нь ямагт аз жаргалгүй байдал руу хөтөлдөг. Нүгэл нь гэм буруутайн болон ичих мэдрэмжийг төрүүлдэг. Бид нүгэл үйлдсэн учраас эхлээд өршөөгдөж, цэвэршихгүй л бол Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар эргэн очих нь бидэнд боломжгүй юм.

“… Биеийн үхэл байгаа болохоор бид нүглийн үр дагавруудыг өөрсдөө даван туулж чаддаггүй” (Миний сайн мэдээг номло, 55).

Есүс Христийг энэ дэлхийд төрөхөөс өмнө тэнгэр элч Иосефын зүүдэнд үзэгдэн, Мариаг хүүхэдтэй болсныг мэдэгддэг тухай тайлбарла. Нэг суралцагчаас Матай 1:21-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, тэнгэр элч Иосефт юуг тунхагласан тухай олж мэдэхэд урь.

  • Тэнгэр элч Есүсийг юу хийнэ хэмээн хэлсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээрх Мөнх бус амьдрал гэсний доор Есүс Христ биднийг гэм нүглээс аврахаар ирсэн гэсэн сургаалыг бич.)

  • Есүс Христ бидэнд өөрсдийн нүглээс аврагдах боломжийг олгохын тулд юу хийсэн бэ?

Зураг
Гетсемани цэцэрлэгт залбирч буй Есүс
Зураг
Цовдлолт
Зураг
Мариа ба амилсан Есүс Христ

Чи юунд уйлна вэ? © 2015 by Саймон Дюви. Алтус Файн уран зургийн студийн зөвшөөрлөөр ашиглав, www.altusfineart.com

Гетсемани цэцэрлэгт залбирч буй Есүс, Цовдлолт, Мариа болон амилсан Есүс Христ зургуудыг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 56, 57, 59-ийг мөн LDS.org-оос үзнэ үү). Суралцагчдад Есүс Христийн зовлон тарчлал, үхэл, Амилалт гурав нийлээд Цагаатгал хэмээн нэрлэгддэгийг сануул.

  • Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэм нүглээсээ аврагдахын тулд юу хийх ёстой вэ? (Үйлс 2:38-ыг үзнэ үү).

Мөнх бус байдлын дараах амьдрал дахь Есүс Христийн үүрэг

Суралцагчдаас нас барсан хэн нэгний тухай бодохыг хүс. Хэдэн хором өнгөрсний дараа асуу:

  • Авралын төлөвлөгөөний талаарх та нарын ойлголтоор, нас барсан хүмүүсийг хаана байгаа гэж та нар бодож байна вэ? (Үхлийн дараа бүх хүний сүнс сүнсний дэлхийд очдог. Суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд та нэг суралцагчийг Aлма 40:11–14-ийг чанга уншихад урьж болно.)

Есүсийн оршуулга зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 58; мөн LDS.org-оос үзнэ үү). Нэг суралцагчийг 1 Петр 3:18–20; 4:6-г чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Есүс Христ нас барсныхаа дараа яг юу хийсэн бэ?

Зураг
Христийн оршуулга

Христийн оршуулга, Карл Хэйнрик Блок. Данийн Хиллерод дахь Фредериксборг шилтгээний Үндэсний түүхийн музейгээс зөвшөөрөл авч ашиглав. Хуулбарлахыг хориглоно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:18–19, 30–32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн сүнсний дэлхий дээрх хүн бүрд сайн мэдээг тунхаглах боломж олгох үүднээс Есүс Христ юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христ сүнсний дэлхий дээрх хүн бүрд сайн мэдээг тунхаглах боломж олгох үүднээс юу хийсэн бэ?

  • Эдгээр идэвх зүтгэл нь бүх хүнийг хайрлах Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн хайрыг хэрхэн харуулж байна вэ?

Мариа болон амилсан Есүс Христ хэмээх зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 59-ийг мөн LDS.org-оос үзнэ үү), ангийнхнаас асуу:

  • Аврагчийг нас барснаас хойш гурван өдрийн дараа юу болсон бэ? (Тэр амилсан.)

  • Амилах гэдэг нь ямар утгатай вэ? (Хүний сүнс хийгээд бие нь дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэнэ [С ба Г 138:17]-г үзнэ үү.)

Нэг суралцагчийг 1 Коринт 15:20–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Есүс Христийн Амилалт бидний хүн нэг бүрд хэрхэн нөлөөлдгийг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христийн Амилалт бидэнд хэрхэн нөлөөлсөн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх Мөнх бус байдлын дараах амьдрал гэсний доор Есүс Христ амилсан учраас бүх хүн амилуулагдах болно гэсэн сургаалыг бич.)

Нэг суралцагчийг Илчлэлт 20:12-ыг чанга уншихад урь. Дараа нь асуу:

  • Амилуулагдсаны дараа бидний хүн нэг бүрд юу тохиолдох вэ?

Амьдралын ном нь хувь хүний энэ амьдралдаа бодож байсан бодол, үйлдэж байсан үйлдлүүдээс гадна зөв шударга хүмүүсийн үйлсийг бичсэн цэдгийг төлөөлдөг байна (Bible Dictionary, “Book of life”-ыг үзнэ үү). Бид ажил үйлсээсээ гадна бодол санаа, үг хэл, дур хүслийнхээ дагуу шүүгддэг гэдгийг онцол (Moзая 4:30; Aлма 12:14; 41:3; С ба Г 137:9-ийг үзнэ үү).

Та суралцагчдад Иохан 5:22-ыг Илчлэлт 20:12-ын хажууд, судрынхаа захад бичихийг санал болгож болно. Суралцагчдаас Иохан 5:22-ыг дотроо уншаад, хэн биднийг шүүх вэ гэдгийг олж мэдэхийг хүс.

  • Хэн биднийг шүүх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Мөнх бус байдлын дараах амьдрал гэсний доор Есүс Христ бүх хүн төрөлхтнийг шүүх болно гэсэн сургаалыг бич.)

Суралцагчдад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний эцсийн зорилго нь бидэнд мөнх амьдрал буюу өргөмжлөл хүртэх боломжийг олгох бөгөөд энэ нь бид Тэнгэрлэг Эцэгтэй адилхан болж, Түүнтэй хамт мөнхийн гэр бүлд мөнхөд амьдрах болно гэсэн үг болохыг сануул. Та гэр бүлийнхээ зургийг үзүүлээд, яагаад таны хувьд Тэнгэрлэг Эцэгтэй болон гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрах нь чухал болохыг тайлбарлаж болно.

Нэг суралцагчийг Иохан 3:16–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн мөнх амьдралыг (эсвэл мөнхөд үргэлжлэх амьдралыг) хүлээн авахын тулд бид юу хийх ёстой болохыг олж мэдэхийг хүс.

  • Бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ? (Төрсөн Ганц Хүүд итгэх гэдэг нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, ариун сүмд ёслолуудыг хүлээн авах боломж бүхий Түүний сайн мэдээний дагуу амьдрахыг хэлдэг болохыг тайлбарла.)

  • Та Иохан 3:16-г зарчмын хувьд хэрхэн хураангуйлан дүгнэх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх Мөнх бус байдлын өмнөх амьдрал гэсний доор Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, сайн мэдээний дагуу амьдрах юм бол мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн зарчмыг бич.)

Суралцагчдад хичээлийн эхэнд тавьсан “Хэрэв хэн нэгэн хүн танаас яагаад Есүс Христ танд чухал вэ гэж асуувал та юу гэж хариулах вэ?” гэсэн асуултыг сануул. Өнөөдөр сурсан зүйл дээрээ үндэслэн дээрх асуултын хариултыг цааш хэрхэн баяжуулж болохыг тайлбарлахыг суралцагчдаас хүс. Та хэд хэдэн суралцагчийг Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцахад мөн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүргийн талаар хуваалцахад урьж болно. Та бас гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ өндөрлөж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Есүс Христ Гэтэлгэгч байхаар гэрээнд орсон.

Ахлагч Тэд Р.Каллистэр Далын ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байхдаа Есүс Христ Тэнгэрлэг Эцэгээсээ сонгогдон, Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх Цагаатгалыг хийх гэрээнд орсон гэдгийг ийнхүү заажээ:

“Мөнх бус амьдралын өмнөх зөвлөл дээр Аврагч Цагаатгалыг гүйцэтгэхээр Эцэгтэй гэрээ хийсэн. Жон Тэйлор ‘Тэрээр дэлхийн нүглийг цагаатгахыг зөвшөөрч Эцэгтэйгээ гэрээнд орсон’ хэмээн бичсэн байдаг [The Mediation and Atonement (1882), 97] бөгөөд түүнээс хойш тэрээр ‘ертөнцийн сууриас алагдсан хурга’ хэмээн нэрлэгдэх болсон юм (Илчлэлт 13:8 мөн Moсе 7:47-г үзнэ үү)” (The Infinite Atonement [2000], 74).

Бид Абрахам 3:27-оос Есүс Христ ‘Би энд байна, намайг илгээгтүн’ хэмээн хэлснээрээ Гэтэлгэгчийн үүргийг гүйцэтгэх гэсэн хүслээ илэрхийлснийг уншсан.” Есүс Христийн энэхүү мэдэгдлийн талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл дараах зүйлийг заасан юм:

“Энэ бол олныг бус цөөн үгийг илүүд үзсэн онцгой үеүдийн нэг байсан билээ. Есүсээс өөр ямар ч хүн ердөө хэдхэн үгээр ийм олон хүний өмнөөс, ийм агуу үйлийг хийхээр Өөрийн биеийг даруухнаар золиослон өгч байгаагүй юм” (Plain and Precious Things [1983], 53).

Есүс Христийн Цагаатгал нь бидэнд үхэл ба гэм нүглийг ялан дийлэхэд тусалдаг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард, Есүс Христийн Цагаатгал нь бидэнд Адам, Ева хоёрын уналтын үр дагавраас гадна өөрсдийн гэм нүглийн үр дагаврыг ялан дийлэх боломжийг олгосон хэмээн тайлбарлахдаа:

“Адамын гэм нүглийн улмаас мөнх бус биес Бурханаас тусгаарлагдсан (Ром 6:23-ыг үзнэ үү) бөгөөд үхлийн хүлээсийг тайлах арга зам олдоогүй байсан бол үүрд тусгаарлагдсан хэвээр үлдэх байсан. Үүнийг хийх нь амаргүй байв, учир нь үүнийг хийхэд ямар ч гэм нүгэлгүй атлаа бүхий л хүн төрөлхтний нүглийг Өөр дээрээ авч чадах хэн нэгний бусдыг төлөөлөн хийх золиослол шаардлагатай байсан юм.

“Бурханы авралаар, Есүс Христ энэхүү золиослолыг эртний Иерусалимд эр зориг гарган хийж гүйцэтгэсэн билээ. … Бидний хүн нэг бүрд Түүнд итгэн, нүглээ наманчилж, санваарын зохих эрх мэдлээр баптисм хүртсэнээр мөн гишүүний баталгаагаар дамжуулан Ариун Сүнсний ариусгах бэлэг хийгээд бусад чухал ёслолыг хүлээн авснаар угаагдан, цэвэршигдэх боломж олгохын тулд Есүс Өөрийн хүслээр зовлон тарчлалыг амссан юм” гэжээ (“The Atonement and the Value of One Soul,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 84–85).

Есүс Христ авралын төлөвлөгөөний төвд байдаг

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Есүс Христ авралын төлөвлөгөөний төвд байсны хувьд ямар чухал ач холбогдолтой байсан талаар гэрчлэхдээ:

“[Есүс Христийн] Цагаатгал бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу үйл явдал мөн. Үүнтэй өөр ямар ч үйл явдлыг харьцуулахын аргагүй билээ. Энэ бол бидний Тэнгэрлэг Эцэгийн үр хүүхдүүдийнхээ аз жаргалд зориулсан төлөвлөгөөний үндсэн суурь хэсэг юм. Үүнгүйгээр мөнх бус амьдрал нь ирээдүй хийгээд найдвар гэж үгүй, мухардалд орох байсан юм” гэжээ (“Inspirational Thoughts,” Ensign, 2007 оны 9-р сар, 8; мөн Иохан 3:16-г үзнэ үү).

Есүс Христ “олон дэлхийг бүтээсэн”

Бидний амьдарч буй дэлхий нь Есүс Христийн бүтээсэн цорын ганц гариг биш юм. Еврей 1:1–2 бидэнд Есүс Христ нь Эцэг Бурханы удирдлаган дор “олон ертөнцийг бүтээсэн” гэдгийг ойлгоход тусалдаг. Түүний бүтээсэн дэлхий “тоо томшгүй олон” болохыг Мосегийн ном бидэнд илчилдэг (Moсе 1:32–33-ыг үзнэ үү).