Номын сан
50-р хичээл: Лук 10:1–37


50-р хичээл

Лук 10:1–37

Оршил

Есүс Далыг дуудаж, тэдэнд заагаад, урагш илгээжээ. Тэд сайн мэдээг зааж, өвчтөнг эдгээн, бузар сүнснүүдийг зайлуулж, хөдөлмөрийнхөө үр шимийг тайлагнахаар эргэж ирэв. Есүс нэгэн хуульчид сайн самари хүний сургаалт зүйрлэлийг заав.

Заах зөвлөмж

Лук 10:1–24

Их Эзэн Далыг дуудаж, хүчирхэгжүүлэн, зааварлав

Ангид эд зүйлсээр дүүргэсэн сав авчир (янз бүрийн хэмжээтэй бөмбөг байж болно). Ангийн өмнө гарч ирэхийг нэг суралцагчаас хүс. Таны өгсөн зүйлсийг газар унагалгүй гартаа барихыг суралцагчаас хүс. Суралцагч барьж дийлэхгүй, заримыг нь унагах хүртэл эд зүйлсийг үргэлжлүүлэн өг. Дараа нь суралцагчаас асуу:

  • Та эд зүйлсийг унагахгүйн тулд юу хийж болох вэ?

Хэрэв шаардлагатай бол уг суралцагчид ангийнхнаасаа тусламж хүсэхийг зөвлө. Суралцагчид үргэлжлүүлэн эд зүйлс өгөөд, заримыг нь ангийнхандаа дамжуулан өгөхийг зөвшөөр. Дараа нь суралцагчийг суудалдаа суухад урь.

  • Та нар энэ үйл ажиллагааг хэрхэн Сүмийн удирдагчдын үүрэг хариуцлагуудаа хуваарилж, зохицуулдаг арга замтай харьцуулж болох вэ?

Аврагч арванхоёр төлөөлөгчийг дуудаж, тэднийг Өөрийнхөө ажилд туслуулахаар илгээсэн гэдгийг суралцагчдад сануул. Гэвч бүх хүнд сайн мэдээний адислал хүрч болохын тулд төлөөлөгчдөд зааж, номлоход нь бусдын тусламж хэрэгтэй байсан юм.

Нэг суралцагчийг Лук 10:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн Өөрийнхөө ажлыг хийхэд арванхоёрт туслуулахаар хэнийг томилсныг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн Өөрийнхөө ажилд туслуулахаар хэнийг томилсон бэ? Тэд ямар үүрэгтэй байсан бэ?

Лук 10:1 дэх далан хүн гэдэг нь Мелкизедек санваарын албыг хэлж байгааг тайлбарла. Энэ алба өнөөдрийн сэргээгдсэн Сүмд оршдог. (Хэрэв боломжтой бол хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы Ensign юм уу Лиахона сэтгүүлээс “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд болон ерөнхий албан тушаалтнууд” гарчигтай хуудаснуудыг үзүүл.) Одоо Далын хэд хэдэн чуулга байдаг ба зөвхөн Далын нэг, хоёрдугаар чуулгын гишүүдийг ерөнхий мэдэлтнүүд гэж нэрлэдэг. Чуулга бүр 70 хүртэл гишүүнтэй байж болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга, Далын ерөнхийлөгчийн зөвлөл сайн мэдээг номлох ба Сүмийг удирдан явуулахад тэдэнд туслах ажлыг удирддаг (С ба Г 107:25–26, 34; Судруудын удирдамж, “Дал,” scriptures.lds.org).

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн бодгалиудыг хураахад хэн хэтэрхий цөөн байна гэж хэлсэн бэ?

  • Бид эдгээр шүлгээс Их Эзэний ажлын тухай ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид Их Эзэн төлөөлөгчдөөс гадна Өөрийг нь төлөөлөх мөн Өөрийнх нь ажилд туслах бусад ажилчдыг дууддаг гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох хэрэгтэй.)

  • Төлөөлөгчид, Далынхнаас гадна өөр хэн өнөөдөр Их Эзэний ажилд туслах үүрэг хариуцлагатай байдаг вэ? (Сүмийн бүх гишүүн.)

Аврагч авралын ургац хураахын тулд илүү их ажилчид хэрэгтэй байна хэмээн тунхагласан шиг хожмын үеийн бошиглогчид илүү олон номлогчийг дуудсаар байна. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Бошиглогчдын үеийн үед заасаар ирсэн зүйлийг давтан хэлэхэд, зохистой мөн чадвартай залуу хөвгүүн бүр номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой. Номлолын үйлчлэл нь санваарын үүрэг бөгөөд бидэнд хэмжээлшгүй ихийг өгсөн Их Эзэний өмнө хүлээсэн бидний хариуцлага билээ. Залуу хөвгүүд минь, би та нарыг номлолд үйлчлэхээр бэлтгэхийг уриалж байна. …

Залуу эгч нарт хандан хэлэхэд, залуу эрэгтэйчүүдийн адил бүрэн цагийн номлолд үйлчлэх санваарын үүрэг хариуцлага та нарт байхгүй ч, та нар бүрэн цагийн номлолд үйлчлэн агуу хувь нэмэр оруулдаг бөгөөд та нарын үйлчлэлийг дуртай хүлээн авна” (“Биднийг дахин уулзтал,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3–4).

  • Бид бүрэн цагийн номлолд үйлчлэхээс гадна Их Эзэний ажилд хэрхэн тусалж болох вэ?

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Их Эзэний ажилд тусалснаар олж авсан ямар туршлагадаа баясаж байсан бэ?

Их Эзэн Далд үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх талаар заавар өгсөн гэдгийг тайлбарлан, Лук 10:3–24-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр мөн Өөрийг нь эсэргүүцсэн хэд хэдэн хотын хүмүүсийг хурцаар зэмлэв. Дал хожим нь Есүст хөдөлмөрийнхөө үр шимийн талаар тайлагнаж, Тэрээр тэдэнд нэмэлт заавар өгч, тэдэнтэй хамт баясчээ.

Лук 10:25–37

Есүс сайн самари хүний сургаалт зүйрлэлийг заав

Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бидний эргэн тойронд байгаа хүмүүс төгс биш. Хүмүүс уур уцаар хөдөлгөж, сэтгэл санаагаар унагах үйлдлийг хийсээр л байх болно. Энэ мөнх бус амьдралд энэ нь үргэлж ийм байх болно” (“Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81).

Ангийнхныг өөрсдийг нь сэтгэлээр унагадаг, уцаарлуулдаг, садаа болдог хэн нэгнийг мэддэг эсэхээ тунгаан бодоход урь.

  • Эдгээр зүйлийг хийдэг хэн нэгнийг хайрлах нь яагаад хэцүү байж болох вэ?

Суралцагчдыг Лук 10:25–37-г судалж байхдаа хайрлахад хэцүү хүмүүстэй харилцах үед өөрсдийг нь удирдан чиглүүлэх үнэнийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Лук 10:25-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хуульчийн Аврагчид тавьсан асуултыг олж мэдэхийг хүс.

  • Хуульч Аврагчид ямар асуулт тавьсан бэ?

Нэг суралцагчийг Лук 10:26–28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн өгсөн хариултыг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Бид эдгээр шүлгээс мөнх амьдрал хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар ямар зарчим мэдэж авдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид мөнх амьдралыг өвлөн авахын тулд Бурханыг болон хөршөө өөрсөдтэйгөө адил хайрлах ёстой гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • 27-р шүлэгт цэдэглэснээр, бид хэрхэн Бурханыг хайрлах ёстой вэ?

  • Бүх зүрх, сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа Бурханыг хайрлах гэдэг нь юу гэсэн үг вэ?

Самбар дээрх “хөршөө өөрийн адил хайрла” гэсэн үгсийг онцол. Хөршөө өөрийн адил хайрлах гэдэг нь юу гэсэн үг болохыг суралцагчдад ойлгоход нь туслахын тулд тэднийг өдөр бүр хийдэг зүйлсээ самбар дээр жагсааж бичихэд урь. (Тухайн өдөрт бэлтгэх, идэх, унтах, гэрийн даалгавраа хийх гэх мэт орж болно.)

Самбар дээрх жагсаалтыг эмхэлж цэгцэлсний дараа суралцагчдыг эдгээр үйл ажиллагааны хэдийг нь зөвхөн өөрсдийнхөө төлөө хийдгийг тунгаан бодоход урь.

  • Бид энэ туршлагаас ямар сургамж авч болох вэ?

  • Бусдын сайн сайханд илүү их анхаарч, өөрсдийгөө хайрладаг шиг тэднийг хайрлаж болох ямар ямар арга зам байдаг вэ?

  • Бид өөрсдийнхөө төлөө хийдэг үйл ажиллагаануудын хажуугаар үүнийг ямар ямар арга замаар хийж болох вэ? (Жишээлбэл, ганцаардсан хүнтэй хамт хооллох юм уу сургуулийн үйл ажиллагааны үеэр бусдыг магтаж болно.)

  • Бурханыг мөн хөршөө өөрийгөө хайрладаг шиг хайрлах нь хэрхэн бидэнд мөнх амьдрал өөд өсөж хөгжихөд тусална гэж та нар бодож байна вэ?

Нэг суралцагчийг Лук 10:29-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хуульчийн Есүст тавьсан хоёр дахь асуултыг олж мэдэхийг хүс.

  • Хуульчийн Аврагчаас асуусан хоёр дахь асуулт юу байсан бэ?

Цөөн суралцагчийг Лук 10:30–35 дээрх сайн самари хүний сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглоход бэлтгэ. Нэг суралцагчийг өгүүлэгч болоход урьж, бусдыг нь шархадсан иудей хүн, хоёр хулгайч, тахилч, леви ба самари хүний дүрд тоглоход урь. (Хэрэв танай анги цөөхөн суралцагчтай бол тэд хэд хэдэн дүрд тоглож болно.) Та нэрийн тэмдэг, иудей хүнээс дээрэмдэх илүү хувцас, тос, дарсыг төлөөлөх хоёр сав, ан амьтныг төлөөлөх дугуйтай сандал, хоёр денарын оронд хоёр зоос зэрэг зүйлсийг суралцагчдад өгч болно. (Тэмдэглэл: Та жүжигчилсэн тоглолтыг үр дүнтэй, зохимжтой, аюулгүй байлгахын тулд хичээл орохоос өмнө оролцогчдыг томилж, тодорхой заавар өгч болно.)

Өгүүлэгчийг Лук 10:30–35-ыг чанга уншихад уриад, оролцогчдоос сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглохыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч хэн бидний хөрш болдог тухай юу заасныг олж мэдэхийг хүс. Жүжигчилсэн тоглолтын дараа суралцагчдыг суудалдаа суухад урь.

  • Самари хүний ямар үйлдэл та нарт хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Суралцагчдад тахилч, леви, самари хүнээс юуг хүсэн хүлээж байсныг илүү сайн ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг дараах тайлбарыг чанга уншихад урь.

Тахилч, леви хүн хоёр нь Аароны санваар атгадаг байсан бөгөөд ариун сүм дотор болон багшийн хувьд мөн Бурханы хуулиудыг дуулгавартай дагадаг үлгэр жишээ хүмүүсийн хувьд Бурханд болон хөршдөө үйлчлэхээр томилогдсон байсан. Эдгээр санваартан “хөршөө өөрийн адил хайрла” (Леви 19:18) мөн харийн хүн, гадаадынхныг халамжлах (Леви 19:34; 25:35-ыг үзнэ үү) зарлигийг төгс мэддэг байсан. Тэдэнтэй харьцуулахад “Самаричуудын зарим нь израиль, зарим нь харийнхан байв. Тэд иудейчүүдийн болон үнэн Бурханы мэддэггүй холимог шашны итгэл бишрэл хийгээд зан үйлтэй байв. …Самаричууд израильчуудын шашнаас урвасан учраас самаричуудын эсрэг иудейчүүдийн хөгжүүлсэн [үзэн ядалтыг] харуулдаг” (Судруудын удирдамж, “Самаричууд,” scriptures.lds.org). Иудейчүүд болон самаричууд нэг нэгнээсээ хол байхын тулд асар их хичээл зүтгэл гаргадаг байв.

  • Сургаалт зүйрлэл дэх тахилч, леви, самари хүмүүсийн үйлдэл хэрхэн гайхширмаар байсан бэ?

  • Иудей хүнд туслахгүй байх ямар шалтгаан самари хүнд байж болох байсан бэ?

  • 33-р шүлэгт цэдэглэснээр, шархадсан хүнийг хараад туслахад самари хүнд юу нөлөөлсөн бэ?

Өрөвдөх гэдэг нь өөр бусад хүний хэрэгцээ, сорилт бэрхшээлийг анзаарч, туслахын тулд чадах бүхнээ хийхийг хүсэх гэсэн утгатай.

Нэг суралцагчийг Лук 10:36–37-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч хуульчид дараа нь юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Энэ сургаалт зүйрлэл хэрхэн 29-р шүлгэн дэх “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” хэмээх асуултад хариулж байна вэ?

Аврагч энэ сургаалт зүйрлэлд самари хүнийг ашигласнаараа хөрш гэдэг нь зүгээр л нэг бидний ойролцоо амьдардаг хэн нэгнийг биш, харин хайрлахад хамгийн хэцүү хүмүүсийг оролцуулаад Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хэлдэг гэдгийг харуулсан гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.

Нэг суралцагчаас ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

“Бид найзуудаа өөрсдөө сонгодог ч Бурхан бидний хөрш хэн байхыг сонгодог. Хөрш нь газар бүрд байдаг. Хайрлахад ямар нэгэн хил хязгаар байх ёсгүй. … Христ ‘Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу?’ хэмээн хэлсэн. (Матай 5:46)” (“The Lord’s Touchstone,” Ensign, 1986 оны 11-р сар, 35).

  • 37-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч хуульчид юу хийхийг заасан бэ?

Суралцагчдыг дахин нэг удаа хайрлахад хэцүү гэж бодсон хүнийхээ талаар бодож үзэхэд урь.

  • Бид хайрлахад хэцүү байдаг хүмүүсийг хайрлаж, өрөвдөхийн тулд юу хийж болох вэ?

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн “хөршөө өөрийн адил хайрла” (Лук 10:27) хэмээх Аврагчийн зөвлөгөөг дагаж байсан үеийн тухай тунгаан бод. Үр дүн нь ямар байсан бэ?

Өнөөдрийн хичээлээр заасан үнэний тухай гэрчлэлээ хуваалц. Би …-р сайн самари хүний үлгэр жишээг дагах болно гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бичихэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Лук 10:37. “Явж, үүний адил үйлдэгтүн”

Ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнд сайн самари хүн шиг байх Аврагчийн урилгад анхаарлаа хандуулахыг зөвлөхдөө:

“Мөнх бус аялалдаа бид бүгд Иерихо орох өөрийн замаар аялах болно. Та нарын туршлага ямар байх бол? Минийх ямар байх бол? Хулгайчдын дунд хэвтэж буй хэн нэгэнд миний тусламж хэрэгтэй байвал би анзаарахгүй байх болов уу? Та тэгэх болов уу? Гэмтсэн нэгнийг хараад, гуйлтыг нь сонссон атлаа туслахаас татгалзах нэгэн нь би байх уу? Та тэгэх болов уу? Эсвэл би хардаг, сонсдог, зогсдог, тусалдаг нэгэн байх болов уу? Та тэгэх болов уу?

Есүс биднийг ‘Явж мөн үүний нэгэн адил үйлд’ хэмээн урьсан билээ. Бид энэхүү тунхагт дуулгавартай байснаар, зарим үед тэнцүүхэн байдаг, хэзээ ч хэтэрдэггүй мөнхийн баяр баясгалангийн ойлголт нээгддэг. …

Бид тэрхүү сайн самари хүний мөрөөр явснаар төгс төгөлдөр рүү удирдах замаар алхдаг” (“Your Jericho Road,” Ensign, 1989 оны 2-р сар, 2, 4).