13-р хичээл
Maтай 8–10
Оршил
Есүс Христ Галилаар аялахдаа олон гайхамшиг үйлдсэн юм. Түүнчлэн Тэрээр Арванхоёр төлөөлөгчийг дуудан, тэднийг зааварлан, хүчирхэгжүүлж мөн хүмүүст тохинуулахаар гадагш илгээжээ.
Заах зөвлөмж
Матай 8:1–9:34
Есүс Христ олон гайхамшиг үйлдэв
Хичээлийн эхэнд суралцагчдаас дараах асуултад хариулахыг хүс.
-
Хэрвээ та нар Аврагчийг танай хотод өнөөдөр айлчилж ирэхийг мэдсэн бол Түүн дээр хэнийг эдгээлгэхээр авчрах вэ? Яагаад?
Судрын дараах эшлэлүүдийг самбар дээр хуулж бич: Maтай 8:1–4; Maтай 8:5–13; Maтай 8:14–15; Maтай 8:23–27; Maтай 8:28–32; Maтай 9:1–8; Maтай 9:18–19, 23–26; Maтай 9:20–22; Maтай 9:27–31; болон Maтай 9:32–33. Суралцагч бүрд судрын нэг эшлэл хуваарилж өг. (Хэрэв танай анги цөөн суралцагчтай бол зарим суралцагч нэгээс илүү судрын шүлгийг унших хэрэгтэй байж болно.)
Суралцагчдыг өөрсдөд нь хуваарилагдсан шүлгүүдийг уншиж, Есүсийн үйлдсэн гайхамшгийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өнгөрсний дараа тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. (Тэмдэглэл: Суралцагчид эдгээр гайхамшгийн талаар Maрк 1–5-аас илүү дэлгэрэнгүй суралцах болно.)
Нэг суралцагчийг Матай 8:16–17-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Христ эдгээр гайхамшгийг үйлдэхдээ гүйцэлдүүлсэн бошиглолыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Бид эдгээр гайхамшгийн тухай түүхүүдээс Есүс Христийн талаар ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс бидний сул дорой, зовлон зүдгүүрт байдлыг эдгээж чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Та сул дорой байдал гэдэг нь өвчин, уйтгар гуниг, зориггүй аймхай байдал гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.)
-
Хэрэв Аврагч өнөөдөр бидний дунд алхахгүй байгаа бол биднийг хэрхэн эдгээж эсвэл бидний сул дорой талыг хүчирхэгжүүлж чадах вэ? (Цагаатгалаараа дамжуулан хийж чадна. Aлмa 7:11–13-ыг үзнэ үү.)
Матай 9:35–10:8
Есүс Арванхоёр төлөөлөгчийг дуудсан нь
Сүмийн одоогийн Тэргүүн Зөвлөлийн болон Сүмийн төлөөлөгчдийн зургийг үзүүл. (Ийм зургууд LDS.org [Meet Today’s Prophets and Apostles] болон Ensign эсвэл Лиахона дээрх ерөнхий чуулганы дугаараас олдоно.)
-
Энэ хүмүүс өнөөгийн дэлхий дээрх бүх хүнээс юугаараа онцгой вэ?
Суралцагчдыг Maтай 9–10-аас суралцахдаа төлөөлөгчдийн үүргийг болон бидний амьдралд авчирч чадах тэдний адислалын талаарх үнэнийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Матай 9:35-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс бусдыг эдгээхээс гадна өөр юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Есүс тохинууллынхаа туршид бусдыг эдгээхээс гадна өөр юу хийсэн бэ?
Есүс Иуда даяар сайн мэдээг номлож, гайхамшгуудыг үйлдэхэд Түүнийг дагаж байсан болон хайсан хүмүүсийн тоо нэмэгдсэн гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Матай 9:36–38-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч Өөрийг нь дагаж байсан бүх хүнд тохинуулахад Өөрт нь хэн туслах хэрэгтэй гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
37–38-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Өөрийг нь дагаж байсан хүмүүсийг халамжлахад Өөрт нь туслах хэрэгтэй гэж хэнийг хэлсэн бэ?
Нэг суралцагчийг Матай 10:1–4-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Есүс хүмүүсийн хэрэгцээг хангахад туслахын тулд юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Есүс Өөрийг нь дагаж байсан олон хүнд туслах юуг хийсэн бэ?
-
Бид эдгээр шүлгээс Есүс Христийн дэлхий дээрх хүмүүст тохинуулдаг нэг арга замын талаар ямар сургаалыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христ төлөөлөгчдийг дуудаж, Өөрийн эрх мэдлийг тэдэнд өгдөг гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга. Та энэ сургаалыг Maтай 10:1–4-ийн дэргэд бичихийг суралцагчдад санал болгож болно.)
Нэг суралцагчийг Матай 10:5–8-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Өөрийн төлөөлөгчдөд юуг хий гэж зарлигласныг олж мэдэхийг хүс.
-
Есүс Өөрийн төлөөлөгчдөд юуг хий гэж зарлигласан бэ?
Төлөөлөгч гэдэг үг нь “илгээгдсэн нэгэн” гэсэн утгатай грек үгнээс гаралтайг тайлбарла. Эхлээд төлөөлөгчид зөвхөн Израилийн угсааныхны дунд илгээгддэг байв. Хожим нь, амилсан Аврагч сайн мэдээ Харийнхны дунд буюу Израилийн угсааных бус тэдний дунд номлогдох ёстой хэмээн зарлигласан юм.
-
Есүсийн хийсэн ажлууд ба төлөөлөгчдөдөө хий хэмээн зарлигласан ажлуудын хооронд ямар адил төстэй зүйл байгааг та нар ажигласан бэ?
-
Бид эдгээр шүлгээс Есүс Христ төлөөлөгчдөөр юу хийлгэхээр дуудсан тухай ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид Их Эзэн Өөрийнх нь сайн мэдээг номлож мөн Өөрийнх нь ажлыг хийх төлөөлөгчдийг дууддаг гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бичих талаар бодож үзээрэй.)
Өнөө үеийн төлөөлөгчдийн зурагт дахин анхаарлаа хандуул. Есүс Христ энд байсан бол бусдад хэрхэн номлож, үйлчлэх байсан мөн үүнтэй адил өнөөгийн төлөөлөгчид хэрхэн номлож, үйлчилдэг жишээнүүдийг өгөхийг суралцагчдаас хүс.
Суралцагчдад дээр тодорхойлсон үнэний ач холбогдлыг мэдрэхэд туслахын тулд орчин үеийн бошиглогчийн өсвөр үеийнхэнд хандан хэлсэн үгийг унш эсвэл хэсгээс нь үзүүл. Хэлсэн үгийг уншсаны дараа эсвэл видео бичлэгийг үзүүлсний дараа асуу.
-
Төлөөлөгчид нь Есүс Христээр Өөрийнх нь ажлыг хийхээр дуудагдсан гэдгийг ойлгох нь тэдний бидэнд зааж байгаа болон хий хэмээн зөвлөж байгаа зүйлсэд хэрхэн хандахад бидэнд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Өнөө үеийн төлөөлөгчдийн тохинуулал, захиасууд та нарын амьдралд ямар замаар нөлөөлсөн бэ?
Суралцагчдыг Их Эзэний сонгогдсон төлөөлөгчдийн үгсийг сонсож, тэдгээрээс суралцаж, хэрэгжүүлэх боломжуудыг итгэлтэй эрэлхийлэхэд урь.
Maтай 10:9–42
Есүс Арванхоёр төлөөлөгчөө номлож, тохинуулахаар явахаас нь өмнө зааварчилгаа өгөв
Maтай 10:9–16-г дүгнэн, Их Эзэн төлөөлөгчдөдөө сайн мэдээг номлохоор аялах үед нь Тэнгэрлэг Эцэг тэдний хэрэгцээг хангах болно гэдэгт найд хэмээн зааварчилсныг тайлбарлан ярьж өг. Аврагч түүнчлэн өөрсдийг нь гэртээ оруулж, хонуулсан хүмүүсийг адислахыг заав.
Суралцагчдыг өөр итгэл бишрэлтэй хэн нэгэн хүн өөрсдөөс нь сайн мэдээний талаар хэцүү зүйлс асуусан эсвэл Сүмийн талаар санал зөрөлдөөнтэй байдаг ямар нэг зүйлийг асуусан тэр үеийн талаар бодохыг хүс.
-
Та нар тэр нөхцөлд юу гэж хэлэх ёстойгоо мэдэж байсан гэдэгтээ өөртөө хэр итгэлтэй байсан бэ? Яагаад?
Суралцагчдыг Матай 10-ын үлдсэн хэсэгт Есүсийн төлөөлөгчдөдөө заасан зүйлсээс сайн мэдээг тайлбарлах эсвэл гэрчлэлээ хуваалцах хэрэгтэй үед маань бидэнд туслах нэг зарчмыг олж мэдэхэд урь.
Цөөн суралцагчийг Матай 10:16–20-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, төлөөлөгчид аялж, номлох явцад тэдэнд ямар төрлийн бэрхшээлүүд тулгарна гэж Есүс хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Төлөөлөгчид сайн мэдээг номлохоор аялах үед тэдэнд ямар ямар бэрхшээл тулгарах болно гэж Есүс хэлсэн бэ?
-
19–20-р шүлэгт цэдэглэснээр, төлөөлөгчид эдгээр бэрхшээлт нөхцөлд юу гэж хэлэхээ хэрхэн мэдэх ёстой байсан бэ? Та “бүү санаа зов” гэдэг нь “хэтэрхий их санаа зовохгүй байх” гэсэн утгатай гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно (19-р шүлэг, зүүлт тайлбар а-г үзнэ үү).
-
Бид Их Эзэний үйлчлэлд байхдаа бусадтай ярилцах талаар эдгээр шүлгээс ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Их Эзэнд үйлчилж байгаа үед Тэрээр хэрэгтэй үед юу гэж хэлэхийг маань сүнслэгээр удирдах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Их Эзэн та нарыг өөр хүнд юу гэж хэлэхээ мэдэхэд сүнсээр удирдсан гэж хэзээ та нарт санагдаж байсан бэ? (Та суралцагчдаас энэ асуултад хариулахыг хүсэхээсээ өмнө эргэцүүлэн бодох хугацааг тэдэнд өгч болно.)
Матай 10:21–42-ыг дүгнэн, Есүс Христ Өөрийн төлөөлөгчдөд тэдэнд тулгарах бэрхшээлийн талаар заавар, сэрэмжлүүлэг, тайвшралыг үргэлжлүүлэн өгсөн гэдгийг тайлбарлан ярьж өг. Суралцагчдад Матай 10:37–39 дэх Аврагчийн үгсээс суралцахад нь туслахын тулд тэднийг хос хосоор эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилан мөн бүлэг бүрд дагалдах тараах материалын хуулбарыг өг. Суралцагчдыг тараах материал дээрх зааврыг даган, оноогдсон шүлгүүдээсээ хамтдаа суралцаж мөн асуултуудын хариултыг ярилцахад урь.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—13-р хичээл
Хос хосоор юм уу жижиг бүлгээрээ оногдсон шүлгүүдээ хамтдаа yншиж, асуултуудын хариултыг ярилц.
Maтай 10:37–38-ыг уншин, бид Түүний шавь нарын хувьд хийхэд бэлэн байх ёстой золиослолууд юу болох талаар Аврагчийн хэлснийг олж мэд. Эдгээр шүлгэн дэх “миний хувьд зохистой” гэдэг нь Их Эзэний зөв зохистой төлөөлөгчид байж мөн Түүний адислалуудыг авахад тэнцэхүйц байх гэдэг утгатай юм.
-
Есүс Христийн шавь нарын хувьд Түүнийг бусдаас илүүгээр, бүр өөрийн гэр бүлийн гишүүдээс илүү хайрлах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
38-р шүлэгт дурдагдсан загалмай нь Есүс Христийн үүрсэн мөн Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр хадагдсан тэр бодит загалмайг далдуур хэлж байгаа юм. Үүнчлэн, Есүс Христ Өөрийн дагалдагчдыг үүний адил “[тэднийг] загалмайгаа үүрч, [Түүнийг] дагахад” дууджээ (Maтай 16:24).
Иосеф Смитийн Орчуулга, Maтай 16:26-г (Maтай 16:24, зүүлт тайлбар д) уншаад мөн загалмайгаа үүрч, Есүс Христийг дагана гэдэг нь бидний хувьд ямар утгатайг олж мэд.
Maтай 10:39-ийг уншаад, золиослолын талаар Есүс Христийн заасан зарчмуудыг олж мэд. Иосеф Смитийн Орчуулга нь энэ шүлгийн эхлэлийг “Өөрийн амьдралыг аврахыг эрэлхийлдэг тэр нь …” (39-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү) гэж эхлүүлснээр тодорхой болгодог. Энэ сэдэвт “өөрийн амьдралыг аврах” гэдэг нь Бурханд болон Түүний хүүхдүүдэд үйлчлэхийг эрэлхийлэхийн оронд хувиа бодон амьдрах гэсэн утгатай.
-
Өөрсдийн таалалд болон хувиа бодсон хүсэлдээ анхаарал төвлөрүүлдэг хүмүүс амьдралаа ямар ямар замаар яваандаа “алдана“ гэж та нар бодож байна вэ?
Өөрсдийн уншсан дээр үндэслэн, дараах зарчмыг гүйцээ.
Хэрэв бид өөрсдийн амьдралыг аврахаар эрэлхийлбэл .
Аврагчийн төлөө амьдралаа алддаг хүмүүст Түүний өгсөн амлалтыг 39-р шүлэг дээрээс тэмдэглэх талаар бодно уу. Түүний төлөө амьдралаа алдах гэдэг нь Түүний төлөө үхэхэд бэлэн байхаас илүү өргөн утгатай юм. Энэ нь Түүнд болон эргэн тойронд маань байгаа хүмүүст үйлчлэхээр өдөр бүр өөрсдийгөө зориулахад бэлэн байна гэсэн үг юм.
-
Бид өөрсдийгөө Түүний төлөө алдах үедээ өөрсдийн амьдралыг олох болно гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
Өөрсдийн уншсан дээр үндэслэн, дараах зарчмыг гүйцээ.
Бид Есүс Христийн төлөө өөрсдийн амьдралыг алдвал .
Ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах мэдэгдлийг уншаад, дагалдах асуултуудын хариултыг ярилц.
ЗурагЕрөнхийлөгч Томас С.Монсон“Бид бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулахгүй бол бидний амьдралын зорилго өчүүхэн юм гэдгийг Аврагч бидэнд захиж хэлсэн гэдэгт би итгэдэг. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг хүмүүс эцэстээ хатаж хорчийдог, зүйрлэвээс амиа алддаг бол бусдад үйлчлэхэд өөрсдийгөө зориулдаг хүмүүс өсөж дэвжин, амиа авардаг билээ” (“Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 96).
-
Та нар Есүс Христийн төлөө амьдралаа умартахаар сонгосон хэнийг мэддэг вэ? Энэ шийдвэр нь тэр хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Суралцагчдыг тараах материалыг бөглөсний дараа та тэдний цөөн хэдээс ангийнхандаа сурсан зүйлээ дүгнэн ярьж өгөхийг хүсэж болох юм.
Та Есүс Христийн төлөө өөрсдийн амьдралыг умартах тухай суралцагчдын тодорхойлсон зарчмын талаар гэрчлэлээ хуваалцахыг хүсэж болох юм. Есүс Христийн болон бусдын төлөө амьдралаа умартан үйлчлэхийн тулд өнөөдөр юм уу ойрын үед хийж чадах зарим зүйлээ хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд суралцагчдыг урь. Тэдэнд зорилго тавьж мөн тэрхүү зорилгоо биелүүлэхээр үйлдэхэд урь.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Матай 10:35–37. “Эцгийгээ эсвэл эхийгээ Надаас илүү хайрладаг хүн”
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Матай 10:35–37-ийн талаар ярихдаа, хүнд тулгарч болох хамгийн хэцүү сонголтуудын нэг нь Бурханыг болон гэр бүлийн гишүүний аль нэгийг сонгох явдал гэж хэлжээ. Тухайлбал:
“Бурханыг баярлуулах уу эсвэл өөрийн хайртай, хүндэлж явдаг хүнийг, ялангуяа гэр бүлийн гишүүнээ баярлуулах уу гэдгийг сонгох нь хамгийн хэцүү сорилтуудын нэг юм.
“Нифай тэр сорилттой тулгарсан бөгөөд түүний сайн эцэг Их Эзэний эсрэг түр зуур бувтнахад тэрээр үүнд зөвөөр ханджээ (1 Нифай 16:18–25-ыг үзнэ үү). Иовын эхнэр нь түүнд Бурханыг зүхэж, үх гэж хэлэхэд Иов Их Эзэнд зөвт байдлаа хадгалж чадсан юм (Иов 2:9–10-ыг үзнэ үү).
“Сударт ‘Эцэг эхээ хүндэл’ хэмээн өгүүлдэг (Eгипетээс гарсан нь 20:12; бас Moзая 13:20-ийг үзнэ үү). Заримдаа хүн Тэнгэрлэг Эцэгийг төрсөн эцгээсээ илүү хүндлэхийг сонгох ёстой болдог” (“The Great Commandment—Love the Lord,” Ensign, 1988 оны 5-р сар, 5).