Гэрээр судлах хичээл
Лук 10:38–17:37 (11-р бүлэг)
Оршил
Аврагч фарисайчууд Өөрт нь татвар хураагчид ба нүгэлтнүүдтэй хамт хооллосонд нь дургүйцэхэд, алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэлээр хариулжээ.
Заах зөвлөмж
Лук 15
Есүс алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн тухай сургаалт зүйрлэл хэлэв
Суралцагчдаас өөрсдөд нь үнэ цэнтэй санагдаж байсан ямар нэгэн зүйлээ алдаж байсан эсэхийг асуун, хичээлээ эхлүүл.
-
Та нар тэр зүйлээ олохын тулд юу хийхэд бэлэн байсан бэ? Яагаад?
-
Хүн сүнслэгээр “алдагдах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Энэ нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хараахан хүлээн аваагүй байгаа эсвэл энэ мөчид сайн мэдээний сургаалуудын дагуу амьдрахгүй байгаа хүмүүсийг хэлж болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.)
Ангийнхныг сүнслэгээр алдагдсан байж болох хэн нэгний тухай бодоход урь. Тэднээс тухайн хүний талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа тунгаан бодохыг хүс.
Лук 15 сүнслэгээр алдагдсан хүмүүсийн тухай Аврагчийн сургаалуудыг агуулдаг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг сүнслэгээр алдагдсан хүмүүсийн тухай мөн тэдний талаарх бидний үүрэг хариуцлагын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг тухай үнэнийг Лук 15-аас олж мэдэхэд урь.
Нэг суралцагчаас Лук 15:1–2-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, фарисайчууд, хуулийн багш нар юунд дургүйцсэнийг олж мэдэхэд урь.
-
Фарисайчууд, хуулийн багш нар яагаад дургүйцэн бувтналдсан бэ?
-
Энэ дургүйцэл, гомдол нь фарисайчууд, хуулийн багш нарын талаар юу харуулж байна вэ?
Аврагч алдагдсан хонь, гээгдсэн зоос, үрэлгэн хүүгийн гурван сургаалт зүйрлэлээр тэдэнд хариулсан гэдгийг тайлбарла. Сургаалт зүйрлэл бүр дэх ямар нэгэн зүйл яагаад алдагдсан мөн хэрхэн олдсонд анхаарлаа хандуулахыг суралцагчдаас хүс.
Аврагч алдагдсан хонь, гээгдсэн зоосны сургаалт зүйрлэлээр хоньчин мөн зоосоо алдсан эмэгтэй хэрхэн алдсан зүйлээ олохын тулд агуу хичээл зүтгэл гаргасныг дүрсэлсэн гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Лук 15:4–6, 8–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хонио мөн алдсан зоосоо олоод хоньчин, эмэгтэй хоёр юу мэдэрснийг олж мэдэхийг хүс.
-
Хонь, зоос хоёрын алдагдсан байдалд ямар ялгаа байгаа вэ? (Хонь өөрийнхөө амьдралын өдөр тутмын замаар явж байгаад алдагдсан бол харин зоос эзнийхээ хайхрамжгүй байдлаас болж алдагдсан [Дэвид О.Маккэй, in Conference Report, 1945 оны 4-р сар, 120–122-ыг үзнэ үү].)
-
Хоньчин, эмэгтэй хоёрын мэдэрсэн зүйлийг дүрслэхийн тулд ямар үг ашигласан бэ?
Суралцагчдыг Лук 15:7, 10-ыг дотроо уншаад, Аврагч хоньчин, эмэгтэй хоёрын мэдэрсэн баяр баяслыг юутай адилтгасныг олж мэдэхэд урь. (Наманчилсан нүгэлтнүүдийн төлөө тэнгэрт баяр хөөр болдог.)
Лук 15-д буй гурав дахь сургаалт зүйрлэл нь үрэлгэн хүү (үрэлгэн мөн тансаг хэрэглээтэй гэсэн үг), түүний ах, аавын тухай түүх гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгон хуваарилах талаар бодож үз. Бүлэг бүрд дараах тараах материалыг өг. Тэднийг бүлэг дотроо Лук 15:11–32-ыг чанга уншихад урь. Нэг дэх суралцагчид үрэлгэн хүүгийн үүднээс, хоёр дахь суралцагчид аавын үүднээс, гурав дахь суралцагчид ахын үүднээс сургаалт зүйрлэлийг бодож үзэхийг даалга.
Суралцагчдыг уншиж дууссаны дараа бүлэг дотроо тараах материал дээрх асуултуудыг ярилцахыг хүс.
Үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—Гэрээр судлах хичээл (11-р бүлэг)
Үрэлгэн хүү
-
Юу чамд өөрийгөө таньж мэдэн, өөрийнхөө байсан аймшигт нөхцөл байдлыг олж мэдэхэд тусалсан бэ?
-
Чи гэртээ эргэж ирэх үедээ аавыгаа өөртөө яаж хандана гэж бодож байсан бэ?
-
Танай аав чамтай ийн харьцах үед өөрт чинь ямар бодол, мэдрэмж төрж байж болох вэ?
Эцэг
-
Танай хүү гэрээсээ явсны дараа танд ямар бодол, мэдрэмж төрж байж болох вэ?
-
Та яагаад үрэлгэн хүүгээ тийм байдлаар хүлээн авсан бэ?
-
Танай том хүү дүүд нь хэрхэн хандаж байгаад дургүйцэх үед та түүнд өөрийн тань үйлдлийг ойлгоход яаж тусалсан бэ?
Ах
-
Дүүгээ гэрээсээ явсны дараа танд ямар бодол, мэдрэмж төрж байж болох вэ?
-
Яагаад дүүгээ ирэх үед баярлах нь танд хэцүү байсан бэ?
-
Та эцэгтээ дуулгавартай байснаар ямар ямар адислалыг хүлээн авсан бэ?
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
-
Яагаад үрэлгэн хүү алдагдсан бэ? (Алдагдсан хонь, зоос хоёртой адилгүй нь үрэлгэн хүү өөрийнхөө дуулгаваргүй байдлаас болж алдагдсан.)
-
Энэ сургаалт зүйрлэл дэх эцэг Тэнгэрлэг Эцэгийг төлөөлж байгаа гэдгийг ойлгосноор, бид наманчлан, Тэнгэрлэг Эцэгт эргэж ирж байгаа хүмүүст Тэрээр хэрхэн ханддаг талаар юу ойлгож авч чадах вэ? (Суралцагчид Хэрэв бид наманчилж, Тэнгэрлэг Эцэгийн өршөөлийг эрэлхийлэн, Түүнд эргэж очвол Тэрээр баярлан уухайлж, биднийг хайрын мутартаа хүлээн авах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)
-
Энэ зарчим сүнслэгээр алдагдсан хүмүүст хэрхэн тусалж болох вэ?
Суралцагчдад сургаалт зүйрлэл дэх ахыг сануул.
-
Яагаад ах нь уурласан гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах хэлсэн үгийг уншихад уриад, ангийнхнаас ах нь яагаад уурласан тухай ойлголтыг авахад урь.
ЗурагАхлагч Жэффри Р.Холланд“Талархал хүлээж авдаггүй гэж бодож, өөрийгөө өрөвдсөн уг ер бусын дуулгавартай хүү хэзээ ч өөрийгөө хог хаягдал мэт мэдэрч, сэтгэлээр унаж, айж, өөрийгөө үзэн ядаж байгаагүй гэдгээ түр зуур мартсан байсан. Тэр эдлэн дээрх бүх тугал аль хэдийн түүнийх байсан гэдгийг мөн түүний гэр дэх хамгийн сайхан бүх хувцас, бөгж түүнийх гэдгийг тэрхэн зуур мартсан байсан. Түүний итгэлтэй байдал үргэлж шагналаа авч байсныг мөн авах болно гэдгийг тэр түр мартсан байсан. …
Бараг бүх зүйл өөрт нь байсан мөн эдгээр зүйлийг шаргуу хичээл зүтгэл болох гайхамшигтай арга замаар олж авсан түүнд Их Эзэний бүрэн дүүрэн хүн болоход нэг л зүйл дутаж байлаа. Тэр Их Эзэний бүрэн дүүрэн хүн болоход тун ойрхон байсан юм. Тэрээр буцаж ирсэн дүү нь түүнтэй өрсөлдөөгүй гэдгийг олж харах өрөвч сэтгэл, нигүүлслийн гүн гүнзгий мэдрэмжүүдийг хангалттай олж авч чадаагүй байв. Энэ бол түүний дүү. …
Дүү нь нүгэл, мунхаглал, бохир заваан зүйлсийн хоригдол байсан нь мэдээж. Гэвч ах нь зарим нэг талаараа бас хоригдол байсан юм. Тэр өөрийнхөө шоронг нураан унагаах боломжгүй байв. Тэрээр атаархлын аймшигт хүлээсэнд баригдсан байсан. Аав нь түүнд талархахгүй мөн дүү нь түүний эрхийг хассан мэт санагдаж байв. Гэвч бодит байдал дээр аль нь ч үнэн биш байсан юм” (“The Other Prodigal,” Ensign, 2002 оны 5-р сар, 63).
-
Ахлагч Холландын хэлснээр, яагаад ах нь уурласан бэ? Ямар байдлаар ах нь мөн адил алдагдсан байсан бэ?
-
Бид Бурханыг нигүүлсэнгүй байгааг мөн нүглээ наманчилж, Өөрт нь эргэж ирж байгаа хүмүүсийг адисалж байгааг харахдаа юуг санах хэрэгтэй вэ?
-
Бид Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил болох талаар энэ сургаалт зүйрлэлээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бид бусдыг наманчлах үед өрөвч нигүүлсэнгүй байж, баяр баясгалантай хандсанаар Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил болж чадна гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)
Хичээл эхлэх үед тэд сүнслэгээр алдагдсан байж магадгүй хүний талаар бодсоныг нь суралцагчдад сануул. Тэднийг хэрхэн тухайн хүнд наманчилж, Тэнгэрлэг Эцэгт ойртоход нь тусалж болохоо залбирч, бодож үзэхэд урамшуулан дэмж. Тэднийг өөрсдөө ямар байдлаар алдагдаж, наманчлах хэрэгтэй болж, Аврагчид эргэж очих шаардлагатай байж болохоо бодож үзэхэд урь.
Дараагийн бүлэг (Лук 18–Иохан 1)
Суралцагчдыг хэн нэгэн өөрсөдтэй нь зохисгүй харьцаж байсан үеийг мөн хэрхэн санагдсаныг тунгаан бодоход урь. Тэд дараагийн хэсгийг судалж байхдаа Аврагч Өөртэй нь зохисгүй харьцсан хүмүүст хэрхэн хариулсныг мэдэх болно гэдгийг тайлбарла. Тэднээс Есүс Христийн Гетсемани дахь зовлон шаналлын тухай Лукийн түүхэнд буй нэмэлт мэдээллүүдийг болон Есүс амилсныхаа дараа юу идсэнийг олж мэдэхийг хүс.