Паулын галатчуудад бичсэн захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Паулын галатчуудад бичсэн захидал нь Мосегийн хуулийг дахин дагаж, Их Эзэнээс холдож буй Христийн шашинтай иудейчүүдэд зориулагдсан. Төлөөлөгч Паул сүнслэг боолчлолд хүргэдэг Мосегийн хуулийн дарамттай “буулга” болон сүнслэг эрх чөлөөнд хүргэдэг Есүс Христийн сайн мэдээ хоёрын ялгааг цохон тэмдэглэж, энэ асуудлыг засах гэж эрэлхийлсэн. Энэ номыг судлах нь суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээгээр дамжуулан олгогддог эрх чөлөөнд илүү их талархдаг байхад нь туслах болно.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Төлөөлөгч Паул галатчуудад хандан бичсэн (Галат 1:1-ийг үзнэ үү).
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Паул Галатын номоо ойролцоогоор МЭ 55–57 онуудад номлолын гурав дахь аяллынхаа үеэр Македон улсаар зорчихдоо бичсэн байх магадлалтай юм (Библийн толь бичиг “Паулын захидлууд”-ыг үзнэ үү).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
“Энэ номонд яг ямар сүмийн тухай ярьж байгаа нь тодорхойгүй байдаг. Тэдгээр сүм нь Анкира нийслэлтэй хойд Галат дүүрэгт эсвэл Паулын номлолынхоо анхны аяллаар очсон Фригиа болон Галатын хил дээрх дүүрэгт байсан. Аль нь ч байсан гэсэн Паул номлолынхоо хоёр (Үйлс 16:6), гурав дахь (Үйлс 18:23) аяллынхаа үеэр Галатын сүмүүдээр зочилж очсон нь тодорхой юм” (Библийн толь бичиг, “Паулын захидлууд: Галатчуудад бичсэн захидал”).
Паул Галатын гэгээнтнүүдэд зориулан бичихдээ “сайн мэдээг гуйвуулахыг” хүсэгч зарим хүний сургаалыг даган, Их Эзэнээс холдон явж буй хүмүүст ихэд санаа зовнисон байдаг (Галат 1:6–7-г үзнэ үү). Христийн шашинтай иудейчүүд Христийн шашинтай харийнханд аврагдахын тулд Мосегийн хуулийн дагуу хөвч хөндүүлж, ёс заншлыг дагах ёстой гэсэн хуурамч сургаал зааж байв (Галат 6:12-ыг үзнэ үү; мөн Үйлс 15:1-ийг үзнэ үү). Галатын зарим гэгээнтэн тэр хүмүүсийн сургаалыг хүлээн авсан (Галат 4:10-ыг үзнэ үү).
Паулын энэ номыг бичих болсон зорилго:
-
Тэрээр хуурамч багш нарын өөрийнх нь эсрэг тулгасан ял зэмлэлээс өөрийгөө хамгаалах
-
Иудей эсвэл харь үндэстэн аль нь ч бай бүх хүн Мосегийн хуульд биш, харин Есүс Христэд итгэснээр Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан аврагдана гэдгийг заах
-
Бурханы төлөвлөгөөн дэх Мосегийн хуулийн үүргийг тодруулж өгөх
-
Бурханы Мосегоор дамжуулан хийсэн хуучин гэрээ болон Христээр дамжуулан хийсэн шинэ гэрээ хоёрыг ялган таниулах
-
Сүнсний удирдамжийн дагуу амьдрахыг гэгээнтнүүдэд уриалах зэрэг юм.
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Галат ном нь Паулын хамгийн их сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн захидал бөгөөд тэрээр захидалдаа замаасаа гажсан Сүмийн гишүүдийг болон тэдний замыг алдуулагч хууран мэхлэгч багш нарыг хоёуланг ширүүн шүүмжилжээ. Галат номонд бид Мосегийн хуулиар биш, харин Есүс Христэд итгэх итгэлээрээ зөвтгөгддөг гэсэн Паулын хамгийн анх бичсэн зөвтгөлийн сургаал байдаг. Уг номонд “махан биеийн үйлс” болон “Сүнсний үр жимс”-ийг харьцуулсан (Галат 5:16–25).
Тойм
Галат 1–2 Галатын гэгээнтнүүд Их Эзэнээс холдон явж, хуурамч сургаалуудыг хүлээн авсан тул Паул тэдэнд хандан бичжээ. Тэр эхэндээ Сүмийг эсэргүүцэж байснаа, өөрийнхөө хөрвөлтийн тухай өгүүлэн, төлөөлөгч гэсэн дуудлагаа хамгаалдаг. Тэр Бурханаас илчлэлт шууд хүлээн авдгаа онцлон тэмдэглээд, харийнханд үйлчилж буй нь төлөөлөгчдөөр батлагдсан гэдгийг тайлбарладаг. Тэр нэг удаа Петртэй харь үндэстэн гэгээнтнүүдийн талаар санал зөрснөө дурддаг. Тэрээр хүмүүс Мосегийн хуулиар биш, харин Есүс Христэд итгэх итгэлээрээ зөвтгөгддөг гэж заасан.
Галат 3–4 Паул сайн мэдээний захиасыг хамгаалдаг. Абрахам бол Мосегийн хуулиар биш, харин итгэлээрээ зөвтгөгдсөн хүний жишээ болохыг тэр зааж сургасан. Есүс Христ Цагаатгалаар дамжуулан хүн төрөлхтнийг тэрхүү хуулийн хараалаас гэтэлгэсэн. Мосегийн хуулийн зорилго нь “захирал биднийг Христэд авчрах” явдал байсан билээ. Гэгээнтнүүд итгэлээр болон баптисмаар дамжуулан Цагаатгалын адислалуудыг хүлээн авч, сайн мэдээний гэрээнд орж, Христээр дамжуулан Бурханы өв залгамжлагчид болж, боолууд биш харин Бурханы хүүхдүүд байх болно.
Галат 5–6 Паул гэгээнтнүүдийг Христийн өгсөн сайн мэдээний гэрээндээ баттай үлдэхийг сануулдаг. Паул “махан биеийн үйлс”-д оролцогч хүний болон “Сүнсний үр жимс”-ийг хүртэгч нэгний амьдралыг харьцуулсан. Тэрээр гэгээнтнүүдийг бие биенийхээ ачаанаас үүрэлцэж, сайныг үйлдэхээс бүү зүрхшээ хэмээн заасан. Бид юу тарьснаа хурааж авдаг.