100-р хичээл
Ром 4–7
Оршил
Абрахам ач ивээлээр дамжуулан хэрхэн зөвтгөгдсөнийг Паул тайлбарлав. Паул зөвтгөгдсөн хүмүүст ирдэг адислалыг тайлбарлаж, баптисм нь нүглийн хувьд үхэж, Христ дотор амьд болохыг бэлгэддэг хэмээн заасан.
Заах зөвлөмж
Ром 4–5
Абрахам ач ивээлээр дамжуулан хэрхэн зөвтгөгдсөнийг Паул тайлбарлав
Дараах зургийг болон үгийг самбар дээр буулган тавь.
Суралцагчдыг цөлд ангаж үхэх гэж байгаагаар мөн ойролцоох толгодын оройд савтай ус байгаагаар төсөөлөхөд урь.
-
Аль нь та нарыг аврах вэ? (а) ус та нарыг аварна гэсэн итгэл, (б) усыг авч уух гэсэн та нарын хичээл зүтгэл эсвэл (в) ус өөрөө (Суралцагчдын хариулт зөв эсэхийг хэлэх хэрэггүй.)
Ром 4–7-д итгэл хэрхэн ажилладаг, ач ивээл зөвтгөлийн сургаалтай хэрхэн холбогддог талаар Паулын заасан зүйлсийг ойлгоход уг жишээ бидэнд тусална гэдгийг тайлбарла. (Ром 1–3-т гардаг зөвтгөлийн талаарх Паулын заасан зүйлийг суралцагчдад сануул.)
-
Ром 1–3 дээр Паулын заасны дагуу, зөвтгөгдсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? (Нүглийн шийтгэлээс өршөөгдөж, гэмгүй, зөв зохистойд тооцогдох.)
Ромын зарим иудей гэгээнтэн зөвтгөгдөхийн тулд Мосегийн хуульд болон өөрсдийн хичээл зүтгэлийн ач холбогдолд хэт анхаарч байсныг тайлбарлан, Ром 4-ийн хам сэдвийг гаргаж өг.
-
Өнөөгийн зарим хүн зөвтгөгдөх талаар үүнтэй төстэй ямар буруу ойлголттой байж болох вэ?
-
Бид үйлсээрээ аврагдана гэсэн санааг самбар дээр бичсэн сонголтуудын аль нь төлөөлж болох вэ? (Б сонголтын хажууд (Үйлс) гэж бич.)
Паул олон иудей хүн эртний патриарх Абрахамыг зөвтгөгдсөн хэмээн үздэг байсныг сануулснаар тухайн үед байсан буруу ойлголтыг уг иудейчүүдэд залруулан ойлгуулахыг хичээсэн болохыг тайлбарла.
Нэг суралцагчийг (Библийн хавсралт дахь) Иосеф Смитийн Орчуулга, Ром 4:2–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Абрахамыг яагаад зөв шударга гэж шүүснийг олж мэдэхийг хүс.
-
Абрахам юугаар зөвтгөгдөөгүй вэ? (“Ажил үйлсийн хууль.”)
-
Ром 1–3-т цэдэглэсэн Паулын сургаалаар, бид яагаад ажил үйлсийн хуулиар зөвтгөгдөж чадахгүй вэ? (“Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” [Ром 3:23] хэмээн Паул заажээ. Ажил үйлсийн хуулиар зөвтгөгдөхийн тулд бид хэзээ ч нүгэл үйлдэхгүй байх ёстой.)
Ром 4:6–8-д цэдэглэснээр, Паул бидний үйлс дангаараа биднийг зөвтгөхгүй буюу гэм буруугүй болгохгүй гэдгийг тайлбарлахын тулд Давид хааны хэлснийг эш татсан болохыг тайлбарла.
Ром 4:9–15-ыг нэгтгэн дүгнэхийн тулд нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь.
Зөвхөн хөвч хөндүүлсэн мөн Мосегийн хуулийг дагадаг хүмүүс л итгэлтэй байхаас ирдэг адислалыг хүлээн авдаг гэсэн санааг зогсоохын тулд Паул Абрахамыг итгэлтэй байдлын адислалыг хөвч хөндүүлэхээсээ өмнө хүлээн авсан бөгөөд хөвч хөндөлт түүний итгэлтэй байдлын тэмдэг байсан хэмээн заасан. Абрахам Бурхантай гэрээ хийж, хөвч хөндүүлснийхээ дараа ч итгэлтэй хэвээр байсан. Иймээс Абрахам хөвч хөндүүлсэн ч бай (иудейчууд), хөндүүлээгүй ч бай (харь үндэстнүүд) бүх итгэлтэй хүний эцэг болсон юм.
Нэг суралцагчийг Ром 4:16, зүүлт тайлбар а дээрх Иосеф Смитийн Орчуулгыг чанга уншихад урьж, ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бид хэрхэн зөвтгөгддөг талаар илүү бүрэн гүйцэд тайлбар олохыг хүс.
-
Биднийг хэрхэн зөвтгөдөг вэ? (Суралцагчид Бид ач ивээлээр дамжуулан итгэл, үйлсээрээ зөвтгөгддөг гэсэнтэй адил сургаалыг тодорхойлох ёстой.)
Суралцагчдад ач ивээл гэдэг нь Есүс Христийн Цагаатгалаар бидэнд боломжтой болсон адислал, нигүүлсэл, тусламж, хүч чадлыг хэлж байгаа гэдгийг сануул.
-
Самбар дээр бичсэн сонголтуудаас аль нь Есүс Христийн Цагаатгал, ач ивээлийг төлөөлж болох вэ? Аль сонголт нь Түүнд итгэх бидний итгэлийг төлөөлж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа В сонголтын хажууд (Есүс Христийн Цагаатгал болон ач ивээл), А сонголтын хажууд (Итгэл) гэж бич.)
-
Хэрэв бидэнд ийм нөхцөл байдал тулгарвал ус байхгүй үед бид итгэл болон хичээл зүтгэлээрээ аврагдаж чадах уу? (Үгүй.) Энэ жишээн дэх ус нь Есүс Христийн Цагаатгал, ач ивээлтэй юугаараа адил вэ?
Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг чанга уншихад урь.
“Авралыг дуулгавартай байдлаар худалдан авч болохгүй; үүнийг Бурханы Хүүгийн цусаар худалдан авдаг [Үйлс 20:28-ыг үзнэ үү]. …
Ач ивээл нь Бурханы бэлэг бөгөөд Түүний зарлиг бүрд дуулгавартай байхыг хүсэх нь Тэнгэрлэг Эцэгээсээ энэхүү ариун нандин бэлгийг хүлээн авахаар мөнх бус гараа сунгаж буй хэрэг юм” (“Ач ивээлийн бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97, 98).
Самбар дээрх жишээ нь итгэл, үйлс, ач ивээл биднийг зөвтгөгдөхөд хэрхэн тусалдгийг ойлгоход туслах хэдий ч бидний Аврагчийн ач ивээлийг хүлээн авах бүх арга замыг дүрслээгүй гэдгийг онцол. Есүс Христ биднийг зөвтгөж, нүглээс цэвэршүүлдэг Өөрийн ач ивээлийг төлөөлсөн амийн усыг бидэнд өгөөд зогсохгүй, уг усыг хүртэх буюу Түүний ач ивээлийг хүлээн авахын тулд бидэнд шаардлагатай итгэл, хүч чадалтай байх боломжийг өгдөг. Бид Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, сайн үйлс бүтээх үедээ болон өмнө нь мөн дараа нь уг ач ивээлээр адислагдаж болно.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн дараах мэдэгдлийг уншихад урь.
“Цагаатгалын хүч наманчлалыг боломжтой болгож … мөн бид өөрсдийн мөнх бус байдлын хязгаарлагдмал чадвараар хэзээ ч олж харж эсвэл хийж гүйцэтгэж чадахааргүй тийм арга замуудаар сайхан бүхнийг харж, сайн үйл хийж, сайн хүн болоход хүчирхэгжүүлэн дэмждэг” (“Тиймийн тул тэд айдсаа дарав,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31).
-
Аврагчийн ач ивээл бидэнд хэрхэн Түүнд итгэх итгэлээ хөгжүүлж, сайн үйлс хийхэд туслах вэ?
-
Бид Христэд итгэх итгэлээ харуулж, Түүний ач ивээлээр зөвтгөгдөхийн тулд ямар үйлс хийж болох вэ? (Наманчилж, зарлигуудыг дуулгавартай даган, сайн мэдээний ёслолуудыг хүлээн авах)
Суралцагчдыг хоёр юм уу гурваараа бүлэг болж, итгэл болон зөвт үйлс нь бид Аврагчийн ач ивээлийг хүлээн авснаар хэрхэн зөвтгөгдөж болох талаар бие биедээ тайлбарлахад урь. (Суралцагчид Их Эзэн Есүс Христэд болон биднийг аврах Түүний хүчинд итгэх итгэл нь Аврагчийн ач ивээлээр зөвтгөгдөж болохын тулд шаардлагатай ёслолуудыг хүлээн авч, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахад биднийг урамшуулдаг гэдгийг ойлгосон эсэхийг бататга.)
Итгэлээрээ Христийн ач ивээлийг хүртдэг хүмүүст ирдэг амар амгалангийн талаар Паулын заасныг тайлбарлан (1–2-р шүлгийг үзнэ үү), Ром 5-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр Есүс Христийн Цагаатгалаас болж бидэнд боломжтой болсон ач ивээл нь Уналтын үр дагаврыг арилгахад хангалттай хэмээн цааш тайлбарласан.
Ром 6–7
Паул хэрхэн нүглээс ангижирч, мөнх амьдралыг хүлээн авах талаар заав
Суралцагчдаас дараах жишээнд ямар хариу үйлдэл үзүүлэх байсныг асуу.
Найз чинь ирээдүйд номлолд үйлчлэхээр төлөвлөж байгаа ч одоо Их Эзэний жишгүүдийн эсрэг сонголт хийж байна. Та биеэ авч явах байдалд нь санаа зовж байгаагаа түүнд хэлэхэд тэрээр “Энэ тийм ч том асуудал биш. Цагаатгал байгаа болохоор би номлолд явахаасаа өмнө хэзээд наманчилж чадна” гэж хариулав.
Зарим хүн ариун сүмд орох, номлолд явахаасаа өмнө наманчилна гэж бодоод, Бурханы тушаалуудыг санаатай зөрчдөг болохыг тайлбарла. Суралцагчдыг Ром 6-г судалж байхдаа яагаад энэ зан авир нь ач ивээлийн талаарх сургаалын тухай үнэхээр буруу ойлголттой болохыг харуулж байгааг олоход урь.
Суралцагчдыг хосууд болгон хуваарил. Бүлэг бүрийг Ром 6:1–6, 11–12-ыг хамт чанга уншаад, Паулын заасан зүйлс тэдний найзын бодлыг хэрхэн залруулж болох талаар ярилцахад урь. Хангалттай хугацаа өгсний дараа асуу.
-
Аврагчийн ач ивээл биднийг нүглээс шууд аварна гэсэн буруу ойлголтод Паул хэрхэн хариулсан бэ?
-
“Нүгэлд үхсэн” (2-р шүлэг) болон “үхэл уруу баптисм хүртсэнээр Түүнтэй хамт оршуулагдсан” (4-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр усанд умбуулан хийх баптисм нь юуг бэлгэддэг вэ? (Суралцагчдыг хариулах үед Усанд умбуулах баптисм нь бидний нүглээ хаяж, сүнслэг амьдралаа шинээр эхэлж байгааг бэлгэддэг гэсэн сургаалыг тодорхойлоход тусал.)
Бидний баптисм хүртсэний дараа эхэлдэг шинэ сүнслэг амьдралд нүглүүдээсээ ангижирч, Бурханы зарлигуудыг дуулгавартай дагахаар амлах явдал багтдаг гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг Ром 6-аас нэмэлт зарчмуудыг олоход бэлдэхийн тулд тэдэнд мөнгөн тэмдэгт харуул.
-
Ажилчны цалин хөлсийг хэн өгдөг вэ? Яагаад ажил олгогч нь өөр хэн нэгний ажилчны хөлсийг төлдөггүй вэ?
Суралцагчдыг Ром 6:13-ыг дотроо уншаад, хэн нэгний дагаж мөн үйлчилж болох хоёр эзэн буюу “ажил олгогчийг” олоход урь. (Та энэ шүлэгт буй өргө гэсэн нь өөрийгөө өгөх, зориулах гэсэн утгатайг тайлбарлаж болно.) Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Дараах хүснэгтийг самбар дээр зур.
Нүглийн хөлс |
Бурханы хөлс |
---|---|
Суралцагчдыг Ром 6:14–23-ыг дотроо уншихад урь. Тэдний хагасыг нүглийн “хөлс” (23-р шүлэг) буюу үр дагаврыг, харин үлдсэн хагасыг Бурханы хөлсийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа олж мэдсэн зүйлээ самбар дээрх хүснэгтэнд бичихийг цөөн суралцагчаас хүс. (Суралцагчид “Нүглийн хөлс” гэсний доор Үхэл [16, 21, 23-р шүлгийг үзнэ үү], “Бурханы хөлс” гэсний доор Зөв шударга байдал [16-р шүлгийг үзнэ үү], Ариун байдал [19, 22-р шүлгийг үзнэ үү], Мөнх амь [22-р шүлгийг үзнэ үү], Мөнх амьдрал [23-р шүлгийг үзнэ үү] гэж бичих хэрэгтэй.) Нүглийн хөлсөнд үхлийг хүлээн авна гэдэг нь “Бурхан болон Түүний нөлөөнөөс тусгаарлагдах” гэсэн үг бөгөөд “зөв шударгад хамаарах зүйлсийн хувьд үхэх” гэсэн утгатай гэдгийг тайлбарла (Судруудын удирдамж, “Үхэл, сүнсний,” scriptures.lds.org).
-
Бид Ром 6:16-аас нүгэлд бууж өгөхийн үр дагаврын талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид нүгэлд бууж өгвөл нүглийн үйлчлэгчид болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Нүгэлд бууж өгөх нь биднийг хэрхэн нүглийн үйлчлэгч болгодог вэ?
Нүгэл үйлдсэнээр эрх чөлөөгөө алдахад хүрсэн хэн нэгний талаар бодоход суралцагчдыг урь.
“Бурханы хөлс” гэдгийн доорх жагсаалтыг хар.
-
Нүгэлд биш, зөв шударгад үйлчлэхийн ашиг тус юу вэ?
-
Нүглээс хэрхэн чөлөөлөгдөж, мөнх амьдралын бэлэг хүлээн авах тухай Паулын заасан зүйлсээс бид ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид өөрсдийгөө Бурханд өргөвөл, нүглээс чөлөөлөгдөж, мөнх амьдралын бэлэг хүлээн авах болно гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.)
-
Бид ямар ямар арга замаар өөрсдийгөө Бурханд өргөж чадах вэ?
-
Та нар өөрсдийгөө Бурханд өргөснөөр нүглээсээ ямар замаар чөлөөлөгдөж байсан бэ?
Өөрсдийгөө Бурханд өргөх нь чухал талаар гэрчил. Суралцагчдыг өөрсдийгөө Бурханд хэрхэн илүү сайн өргөх талаар зорилго бичихэд урь.
Паул Сүмийн гишүүд Мосегийн хуулиас чөлөөлөгдөж, Христтэй нэгдсэн тухай заахын тулд үүнийг гэрлэлттэй зүйрлэснийг тайлбарлан, Ром 7-г нэгтгэн дүгнэ. Тэрээр түүнчлэн “махан бие” (18-р шүлэг) буюу биеийн хүсэл, мөн “дотор хүн” (22-р шүлэг) буюу сүнслэг байдлын хоорондын зөрчилдөөний тухай бичсэн.
Энэ хичээлд заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ дуусга.