Паулын еврейчүүдэд бичсэн захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Еврей ном нь Есүс Христийн давуу байдлын тухай гэрчилдэг. Тэр бол тэнгэр элчүүдээс агуу бөгөөд илүү төгс нэр, илүү агуу дуудлагатай. Тэнгэр элчүүд Бурханы үйлчлэгчид, харин Есүс Христ бол Түүний Хүү билээ. Энэ ном нь түүнчлэн Есүс бол Мосегоос агуу бөгөөд Түүний тохинууллаар ирсэн шинэ гэрээ нь Мосегийн хуулийн хуучин гэрээнээс дээгүүр гэдгийг заадаг. Мелкизедек санваарын Агуу Дээд Санваартны хувьд Есүс Мосегийн хуулийн бүх дээд санваартны дээр байдаг.
Судруудад Есүс Христийн цагаатгах золиослол, Амилалт, тэнгэр өөд дээшилсэн талаарх эшлэлүүд дүүрэн байдаг бол Еврей номонд Түүнд итгэлтэй, дуулгавартай байдаг хүмүүсийн амьдралд Гэтэлгэгчийн ажил үргэлжилж байдаг талаар онцолсон байдаг. Еврей номыг судлах нь суралцагчдад Цагаатгалын сургаалыг илүү сайн ойлгож, тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд итгэх итгэлээр амьдрахад нь сүнслэгээр нөлөөлөх болно.
Хэн энэ номыг бичсэн бэ?
Ихэнх хожмын үеийн гэгээнтнүүд Еврей номын зохиогчийг Паул хэмээн хүлээн зөвшөөрдөг (Bible Dictionary, “Pauline Epistles”-ийг үзнэ үү). Гэвч зарим хүн энэ захидлыг Паул бичсэн гэдэгт эргэлздэг. Учир нь Еврей номын хэв маяг, үг хэллэг нь Паулын бусад захидлаас өөр байдаг. Энэ захидлыг Паул бичээгүй юм аа гэхэд Еврей номон дахь сургаалууд нь Паулын бусад захидлын үзэл санаатай тохирдгийг ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг. Бошиглогч Иосеф Смит Еврей номон дээр байдаг эшлэлүүдийг төлөөлөгч Паул хэлсэн гэсэн байдаг (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 120-ийг үзнэ үү). Энэ гарын авлагад бид уг номын зохиогчийг Паул гэж үзэх болно.
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Бид Паулын еврейчүүдэд бичсэн захидлыг хаана бичсэнийг мэдэхгүй. Мөн бид энэ захидлыг хэзээ бичсэнийг тодорхой мэдэхгүй. Гэвч ихэнх хүн үүнийг МЭ 60–62 онд Паулын Филиппой, Колоссай, Ефес, Филемонд бичсэн захидлуудтай ойролцоо цаг үед бичсэн байх гэж таамагладаг (Судруудын удирдамж, “Паулын захидлууд,” scriptures.lds.org-ийг үзнэ үү).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Паул еврейчүүдэд бичсэн захидлаа Сүмийн иудей гишүүдийг Есүс Христэд итгэх итгэлээ хадгалж, өмнөх амьдралдаа эргэн орохгүй байхад урамшуулан дэмжихийн тулд бичсэн (Еврей 10:32–38-ыг үзнэ үү).
Янз бүрийн дарамт шахалтын улмаас эдгээр Христэд итгэгч иудейчүүдийн олон нь Сүмийг орхиж, харьцангуй аюулгүй байдалд синагогт хийдэг иудей шүтлэгтээ эргэн орж байв (Еврей 10:25, 38–39-ийг үзнэ үү). Паул энэ Христэд итгэгч иудейчүүдэд Мосегийн хууль нь Есүс Христ рүү чиглэдэг бөгөөд Түүний Цагаатгал бол авралын жинхэнэ эх үүсвэр гэдгийг харуулахыг хүссэн.
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Еврей ном нь захидал гэхээсээ Израилийн судар, заншлуудын талаар дахин дахин дурдсан урт хэмжээний номлол юм. Энэ нь Есүс Христ яагаад мөн хэрхэн бүх зүйлээс дээгүүр байдаг тухай судар дээрх хамгийн урт номлол юм.
Еврей ном нь Есүс Христ хуулиас дээгүүр байдаг, учир нь Тэр хуулийг өгсөн гэдгийг заадаг. Еврей ном нь түүнчлэн бошиглогчид Түүнд итгэснээр хүч чадал авдаг, Тэр бол Хуучин Гэрээн дэх өргөлүүдийг гүйцэлдүүлсэн агуу Дээд санваартан, Тэр тэнгэр элч нараас агуу, Түүний цагаатгагч золиослолоор дамжуулан бид нүглүүдээсээ өршөөгдөх боломжтой болсон гэж заадаг.
Бошиглогч Мелкизедек (Еврей 7:1–4-ийг үзнэ үү) болон түүний нэрээр нэрлэгдсэн санваарын (Еврей 5:5–6, 10; 6:20; 7:11–17-г үзнэ үү) талаар уншиж болох Библийн цөөхөн хэдэн номын нэг нь Еврей ном юм. Еврей номонд Мелкизедек санваар нь Аароны санваараас илүү агуу бөгөөд Мосегийн хууль эсвэл Левийн санваартнуудын үйлддэг ёслолуудад аврал байдаггүй, харин Есүс Христэд болон Мелкизедек санваарын ёслолуудад байдаг гэж заадаг (Еврей 7:5–28-ыг үзнэ үү). Еврей 11:1–12:4 нь итгэлийн талаар онцлохуйц номлолыг агуулдаг бөгөөд хувь хүн Есүс Христэд хэрхэн найдаж болох тухай заадаг. (Bible Dictionary, “Pauline Epistles: Epistle to the Hebrews”-ийг үзнэ үү.)
Тойм
Еврей 1–6 Есүс Христ бол Эцэгийн бодит илэрхийлэл мөн. Тэр бол Мосегоос мөн өмнөх бүх бошиглогч, тэнгэр элчээс илүү агуу юм. Египетээс гаргаж авчирсан эртний израильчууд Есүс Христ, Түүний үйлчлэгч Мосегийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулсан учраас Их Эзэний амралтад орж чадаагүй. Есүс Агуу Дээд Санваартны хувьд Мосегийн хуулийн бүх дээд санваартны дээр байдаг. Христ зовлон шаналлыг туулснаар төгс болсон. Бид сайн мэдээний сургаал, ёслолуудаар дамжуулан Их Эзэний амралтад орж, “төлөвшилт уруу тэмүүлцгээ[ж]” чадна (Еврей 6:1).
Еврей 7–13 Мелкизедек санваар сайн мэдээг тохинуулан хүргэдэг бөгөөд Аароны санваараас дээгүүр юм. Табернекл болон Мосегийн ёслолууд Христийн тохинууллыг бэлгэдсэн байдаг. Есүс Христ цусаа урсгаснаар Мосегийн хуулийг гүйцэлдүүлсэн бөгөөд үүгээр бид авралыг болон нүглүүдийнхээ өршөөлийг хүлээн авч чадна. Бошиглогчид болон бусад эрэгтэй, эмэгтэй хүн итгэлээр зөв шударга үйл болон гайхамшгуудыг үйлдсэн.