Номын сан
98-р хичээл: Үйлс 27–28


98-р хичээл

Үйлс 27–28

Оршил

Паулыг хоригдол болоод, Ром руу явж байхад суусан усан онгоц нь арал дээр сүйрчээ. Арал дээр байхдаа тэрээр могойд хазуулсан ч хордоогүй бөгөөд олон өвчтэй хүнийг эдгээсэн байна. Паулыг эцэст нь Ромд хүргэж, тэндээ тэр хоёр жилийн турш гэртээ хоригдон, Есүс Христийн тухай зааж мөн гэрчилжээ.

Заах зөвлөмж

Үйлс 27

Паулыг Ром руу аялж байхад усан онгоц нь сүйрэв

Хичээл эхлэхээс өмнө дараах мэдэгдлийг самбар дээр бич. (Эдгээр мэдэгдэл нь Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011 он], 4, 11, 16 дээр байгаа.)

“Нэг хүнтэй ойр ойрхон болзоонд явахаас зайлсхий.”

“Бүдүүлэг, ёс суртахуунгүй, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан зүйлийг үзэх буюу тийм үйл ажиллагаанд оролцох ёсгүй.”

“Хэрэв найз нөхөд чинь та нараас буруу зүйл хийхийг шаардвал ганцаар байсан ч үнэний төлөө зогс.”

Нэг суралцагчийг самбар дээрх мэдэгдлүүдийг чанга уншихад урь.

  • Зарим өсвөр үеийнхэн эдгээр сэрэмжлүүлгийн мэдэгдэл, зөвлөгөөг яагаад дагахгүй байхаар сонгодог вэ?

Суралцагчдыг Үйлс 27-г судалж байхдаа Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөнд анхаарах итгэлээ хүчирхэгжүүлэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Паул эх орноосоо урвасан хэрэгт гүтгэгдэж, хоригдсон гэдгийг суралцагчдад сануул. Паул Ромд байсан Цезарьт давж заалджээ, учир нь түүнд Ромын иргэний хувьд тийм эрх байсан байна. Паул Ромын зүг бусад хоригдолтой зуутын даргын (50–100 хүн удирддаг Ромын цэргийн офицер) удирдлага дор аялсныг тайлбарлан, Үйлс 27:1–8-ыг нэгтгэн дүгнэ. Олон өдөр хөвсний дараа тэд Кретийн арал дээрх боомтод зогсов. Тэднийг боомтыг орхих үед Паул усан онгоцон дээрх хүмүүст аяллаа үргэлжлүүлэх ёсгүйг сэрэмжлүүлжээ.

Нэг суралцагчийг Үйлс 27:9–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул хэрэв тэр өөрөө болон усан онгоцон дээрх бусад хүн Ром руу аяллаа үргэлжлүүлбэл юу улиран тохиолдохыг мэдэж байсныг олж мэдэхийг хүс. Та энэ хам сэдэв дэх мацаг барих гэдэг үг нь сайн дураараа идэхийг тэвчинэ гэсэн утгатайг тайлбарлаж болно. Энэ тохиолдолд “мацаг барих” гэдэг нь хүчтэй шуургануудаас болж Газар дундын тэнгист аялах нь осолтой байдаг улирлын эхлэлийг тэмдэглэдэг Цагаатгалын өдөр гэгдэх Иудейн ариун өдрийг хэлж байж болно.

  • 10-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв тэд үргэлжлүүлэн аялбал юу тохиолдох тухай ямар сэрэмжлүүлэг, бошиглолыг Паул өгсөн бэ?

Нэг суралцагчийг Үйлс 27:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Ромын зуутын дарга болон усан онгоцон дээр байсан бусад хүн Паулын сэрэмжлүүлэгт хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Зуутын дарга Паулын сэрэмжлүүлгийг анхаарахын оронд хэнд илүү найдсан бэ?

  • Зуутын даргад Паулд итгэхээсээ илүү завины эзэнд итгэх нь яагаад хялбар байсан гэж та нар бодож байна вэ?

  • 12–р шүлэгт цэдэглэснээр, усан онгоцон дээрх ихэнх хүн яагаад Паулын сэрэмжлүүлгийг үл тоосон бэ? (Зогсоол гэдэг үг нь боомт, харин тохиромж гэдэг үг нь аятай, тухтай гэсэн үг гэдгийг тайлбарлаж болно.)

Цөөн суралцагчийг Үйлс 27:13–21-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, усан онгоц Ром руу үргэлжлүүлэн аялахад юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Усан онгоц Ромын зүг үргэлжлүүлэн аялахад юу тохиолдсон бэ?

  • “Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж” (13-р шүлэг) байгааг хараад усан онгоцон дээрх хүмүүс Паул болон түүний өгсөн сэрэмжлүүлгийн талаар юу гэж бодож байж болох вэ?

  • 20-р шүлэгт цэдэглэснээр, усан онгоцон дээрх хүмүүсийн сэтгэл санаа шуурганы үеэр ямар байсан бэ?

  • 21-р шүлэгт цэдэглэсэн Паулын мэдэгдэлд үзүүлснээр, хэрэв бид Их Эзэний үйлчлэгчийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоовол юу тохиолдох тухай ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоовол өөрсдийгөө аюулд оруулна гэсэн зарчмыг тодорхойлох ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич. Аюул гэдэгт бидний хүлээн авах байсан адислалаа алдах явдал орж байгаа гэдгийг тайлбарла.)

Суралцагчидтай хамт зуутын дарга болон усан онгоц дээр байсан бусад хүн Паулын сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоосон шалтгаануудыг давт (Үйлс 27:11–12-ыг үзнэ үү).

  • Өнөөдөр хүмүүс Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоосноо үүнтэй адил хэрхэн зөвтгөдөг вэ?

Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол юм уу саяхны чуулганы материалыг ашиглан, өөрийн суралцагчдад хамааралтай гэж бодож байгаа бошиглогчийн сэрэмжлүүлэг, зөвлөгөөний нэмэлт жишээнүүдийг өг.

  • Бошиглогчдоос ирсэн иймэрхүү сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоосноороо тэд өөрсдийгөө ямар аюулд оруулдаг вэ?

Нэг суралцагчийг Үйлс 27:22–26-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул усан онгоцон дээрх хүмүүст юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Та нар аймшигт шуурган дунд усан онгоцон дээр байсан бол Паулын хэлсэн ямар үгс та нарыг тайвшруулах вэ?

  • Паул хүмүүст болон усан онгоцонд юу тохиолдоно гэж бошиглосон бэ?

Шуурганы 14 дэх шөнө онгоцны багийнхан усан онгоцоо хад мөргүүлэн сүйрүүлэхгүйн тулд дөрвөн зангуу буулгасныг тайлбарлан, Үйлс 27:27–30-ийг нэгтгэн дүгнэ. Тэгээд онгоцны багийнхан нэмж зангуу буулгах гэж байгаа юм шиг онгоцны толгой руу явцгаажээ. Хэдий тийм ч тэд үнэн хэрэгтээ усан онгоц нь живэхээс айгаад, жижиг завин дээр сууж, усан онгоцоо орхиод зугтаах гэж төлөвлөж байв.

Нэг суралцагчийг Үйлс 27:31–32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, зуутын дарга болон цэргүүдэд өгсөн Паулын сэрэмжлүүлгийг олж мэдэхийг хүс. 31-р шүлэгт буй энэ хүмүүс гэдэг үг нь зугтаахыг оролдсон онгоцны багийнхныг хэлж байгааг тайлбарлаж болно.

  • Паул зуутын дарга, цэргүүдэд ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ?

  • Цэргүүд Паулын сэрэмжлүүлэг, зөвлөгөөнд хэрхэн хандсан бэ? (Тэд түүний сэрэмжлүүлгийг анхаарч, багийнхныг зугтахаас сэрэмжлэн жижиг завинуудын олсыг тасалж, хоосон хөвүүлсэн.)

Маргааш өглөө нь Паул мацаг барьж байсан багийнхныг юм идэхийг гуйсан гэдгийг тайлбарла (Үйлс 27:33–34-ийг үзнэ үү). Тэр тэдний нэг нь ч үхэхгүй гэдгийг дахин баталсан.

Нэг суралцагчийг Үйлс 27:35–36-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншихыг хүс.

  • Онгоцны багийнхан Паулын зөвлөгөөг хэрхэн хүлээж авсан бэ?

Усан онгоц Мальта арал руу хөвж явахдаа сүйрсэн гэдгийг тайлбарлан, Үйлс 27:37–41-ийг нэгтгэн дүгнэ. Суралцагчдыг Үйлс 27:42–44-ийг дотроо уншаад, усан онгоцон дээр байсан хүмүүст юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Усан онгоцон дээр байсан хүмүүст юу тохиолдсон бэ?

Усан онгоц сүйрсэн ч хэн ч амь үрэгдэхгүй гэж Үйлс 27:22–26 дээр цэдэглэсэн Паулын бошиглолыг суралцагчдад сануул.

  • Энэ түүхээс бид Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг анхаарч үзсэнээр тохиолдож болох зүйлсийн тухай ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид дараахтай адил зарчмуудыг тодорхойлж болно. Тухайлбал: Хэрэв бид Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг анхаарч үзвэл Их Эзэн бидэнд өгсөн амлалтаа биелүүлнэ. Хэрэв бид Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг анхаарвал биднийг айлгаж буй аюулуудыг сөрөн зогсож чадна. Эдгээр зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдад Үйлс 27-оос олж тогтоосон зарчмуудыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Би амьдралдаа сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөөнүүдийг дагахаа хойшлуулахыг сонгох юм уу надад хамаарахгүй гэж шийдэх бүрдээ өөрийгөө аюултай байдалд авчирч байснаа ухаарсан. Би бошиглогчдын зөвлөгөөг сонсох бүрдээ мөн үүний баталгааг залбирлаар олж авсны дараа зөвлөгөөг дагадаг болохоор аюулгүй явж байгаагаа мэддэг” (“Finding Safety in Counsel,” Ensign, 1997 оны 5-р сар, 25).

  • Их Эзэний үйлчлэгчдийн сэрэмжлүүлэг, сүнсээр өдөөгдсөн зөвлөгөөг анхаарах нь та нарын сүнслэг болон бие махбодын аюулгүй байдалд заналхийлж байгаа аюулыг сөрөн зогсоход хэрхэн тусалдаг вэ? (Суралцагчид Их Эзэний орчин үеийн бошиглогчдын зөвлөгөөг Сүмийн сэтгүүлүүдээс болон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос мэдэж авч болохыг сануул.)

Суралцагчдыг Их Эзэний үйлчлэгчдээс ирсэн аливаа сэрэмжлүүлэг, зөвлөгөөг үл тоож байгаа эсэхийг бодож үзэхэд эсвэл хүлээн авсан сэрэмжлүүлэг, зөвлөгөөг илүү сайн анхаарах арга замуудыг бодоход урь. Уг зөвлөгөөнд хэрхэн илүү сайн анхаарал хандуулах тухай нэг зорилго бичихэд суралцагчдыг урь.

Үйлс 28

Паулыг Ромд хүргэсэн бөгөөд тэрээр тэнд Есүс Христийн тухай зааж, гэрчлэв

Суралцагчдад хар салхи юм уу хуй салхины зургийг үзүүл (эсвэл самбар дээр зур).

Зураг
хар салхи

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн амьдралд тулгардаг зовлон бэрхшээлүүдийг “сүнслэг шуургатай” зүйрлэснийг тайлбарла (“Сүнслэг шуурганууд,” Ensign эсвэл 2014 оны 5-р сарын Ерөнхий чуулган, 32–36).

  • Шуургатай зүйрлэж болох зовлон, бэрхшээлийн зарим жишээ юу вэ?

Суралцагчдыг Үйлс 28-ыг судалж байхдаа өөрсдөд нь тулгараад байгаа “сүнслэг шуургануудыг” итгэлтэй даван туулахад туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Бид Үйлс 28-аас Паулын арал дээр олж авсан туршлага, Ром руу үргэлжилсэн аялал, Ромд шоронд хоригдож байсан зэргийн тухай уншдагийг тайлбарла.

Суралцагчдыг ангийнхаа хэмжээнээс хамааран гурав юм уу түүнээс олон бүлэгт хуваарил. Бүлэг бүрд дараах судрын хэсгүүдээс нэгийг даалга. Үүнд: Үйлс 28:1–6; Үйлс 28:7–14; мөн Үйлс 28:16–24, шаардлагатай бол ижил хэсгүүдийг хэд хэдэн бүлэгт өгч болно. Бүлэг бүрийг даалгасан судрын хэсгүүдийг судлаад, дараах зүйлийг хийхэд урь (эдгээр зааварчилгааг самбар дээр бич).

  1. Судрын хэсэг дээр дүрсэлсэн үйл явдлыг нэгтгэн дүгнэсэн зураг зурах юм уу сонины гарчиг бич.

  2. Ангийнхандаа зургаа үзүүл эсвэл гарчгаа уншиж өгөөд, судрын хэсэг дээрээ дүрсэлсэн үйл явдлыг нэгтгэн дүгнэ.

Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрийг ангийнхандаа хуваалцахыг хүс. (Хэрэв гурваас дээш бүлэг байгаа бол давтагдсан судрын хэсгийг авсан бүлгүүдийг зургуудаа эсвэл гарчиг болон дааж авсан шүлгүүдээ уншсанаас үүдсэн аливаа санал бодлоо хуваалцахад урь.)

  • Паул Ром руу аялж байхдаа болон тэнд оршин суухдаа ямар бэрхшээл туулсан бэ?

Нэг суралцагчийг Үйлс 28:30–31-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул хэдийгээр Ромд байхдаа гэртээ хоригдож байсан ч юу хийж чадаж байсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Паул өөрийн туулж байгаа сорилтуудаас үл хамааран Бурханд үнэнч хэвээр үлдсэнээ үзүүлэх юуг хийсэн бэ?

  • Паулын далай дээр байхдаа болон усан онгоц нь сүйрч байхад мөн Ромд хоригдож байхад тулгарч байсан сорилтуудаас ямар ямар сайн зүйл ирсэн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид үнэнч байвал Бурхан бидэнд зовлон зүдгүүрийг өөрсдөдөө болон бусдад адислал болгон хувиргахад тусалдаг гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Бурхан бидэнд зовлон зүдгүүрийг өөрсдөдөө болон бусдад адислал болгон хувиргахад тусалсан ямар ямар жишээ байдаг вэ?

  • Бурхан хэзээ та нарт болон та нарын мэдэх хэн нэгэнд зовлон зүдгүүрийг өөрсдөдөө болон бусдад адислал болгон хувиргахад тусалсан бэ? (Та өөрийн жишээнээс хуваалцахыг бодож үз.)

Суралцагчдыг Паулын жишээнүүдийг дагаж, Бурхан зовлон зүдгүүрийг нь өөрсдөдөө болон бусдад адислал болгон хувиргахад тусалж чадахын тулд үнэнч хэвээр үлдэхийг сонгоход урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлc 28:17–31. Паул Ромд сайн мэдээг номлов

“Бидний мэдэж байгаагаар Паул бол Ромд сайн мэдээг номлосон анхны номлогч юм. Бусад хотод хийж байсан шигээ, эхлээд Паул зарим нь л түүнд итгэж байсан иудейчүүдэд номлоод, дараа нь ихэнх нь харийнхан болох “өөр уруу нь ирсэн бүгдийг’ (Үйлс 28:30) хүлээн авч, тэдэнд анхаарлаа хандуулжээ. Паул гэртээ хоригдож байхдаа зарим талаараа ‘шоронгийн захидлууд’ гэж нэрлэгддэг захидлуудыг колоссай, ефес, филемон, филиппойчуудад бичжээ. Ромд хоёр жилийн турш гэртээ хоригдож байхдаа Паул шүүгдэж, улмаар суллагдсан бөгөөд Ромд дахин шоронд хоригдохоосоо өмнө Ази, Грек мөн магадгүй Испанид үйлчилж байсан байх гэж үздэг. Уламжлалт үзлийн дагуу тэрээр МЭ 64-өөс 68 онуудын хооронд Нерогийн удирдлаган дор хавчигдаж байх үедээ алуулжээ. Паул өөрийн үхлийг битүү утгаар 2 Тимот 4:6–8-д хэлсэн” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 330).

Үйлс 28. Хэрэв бид итгэлтэй байвал Бурхан зовлон зүдгүүрийг өөрсдөдөө болон бусдад адислал болгон хувиргахад бидэнд тусалж чадна

Ерөнхийлөгч Жон Тэйлор, бид Их Эзэнд үнэнч бас дуулгавартай үлдвэл зовлон зүдгүүр маань бидний сайн сайхан болоод адислалын төлөө байж чадахыг заасан.

“Та нар бидний заавал даван туулах ёстой эдгээр зовлон, зүдгүүр мөн тохиолдлын хэрэгцээг олж харахгүй байна гэж үү? Их Эзэн биднийг хүмүүсийнхээ хамгийн сайн ашиг сонирхолд нийцүүлэн дэвшүүлэхээр тооцсон байр суурин дээр тавигч нь юм. Миний бодлоор одоо биднийг хүрээлэн байгаа эдгээр зүйл бидэнд болон Бурханы хаант улсад хохирол учруулах бус, харин ч тэдгээр нь урьд өмнө хэзээ ч байгаагүй хамгийн агуу дэмжигч [юмуу өргөгч] байж, хэрэв бид Бурханы зарлигуудыг сахивал бүх зүйл сайн сайхан байх бөгөөд сайхан болно. Тэгвэл эрэгтэй, эмэгтэйчүүдийн болон хүүхэд бүрийн байх ёстой байр суурь юу вэ? Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, түүнийг хүндэлбэл бүх зүйл сайхан болно. Одоохондоо улиран тохиогоогүй байгаа үйл явдлуудын тухайд, бид тэдгээрийг Бурханы гарт найдан үлдээж, тэр зүйл нь юу ч бай зөв бөгөөд Бурхан бүх зүйлийг бидний сайн сайхан, дэлхий дээрх өөрийн Сүм болон хаант улсын сонирхлын төлөө удирдана гэдгийг санаж явах хэрэгтэй юм” (Teachings of Presidents of the Church: John Taylor [2011], 206–207).