146-р хичээл
2 Петр 1
Оршил
Петр гэгээнтнүүдийг Есүс Христтэй адил болоход урамшуулсан. Петр тэдэнд энэхүү сүнслэг өсөлт нь тэднийг “дуудан, сонгосныг бататгахад” (2 Петр 1:10) туслах болно гэж баталж хэлсэн байдаг. Түүнчлэн Петр Хувиралтын ууланд болсон туршлагынхаа талаар ярьсан ба судрууд нь Бурханы сүнслэг нөлөөгөөр бичигдсэн гэдгийг онцолсон.
Заах зөвлөмж
2 Петр 1:1–11
Петр хэрхэн Есүс Христийн бурханлаг чанарын хуваалцагч болох талаар заав
Хичээл эхлэхээс өмнө дараах өгүүлбэрийг самбар дээр бич (“The Will Within,” Ensign, 1987 оны 5-р сар, 68):
Суралцагчдыг хос болгон хуваарил. Суралцагчдыг самбар дээрх өгүүлбэрийг уншаад, хамтрагчтайгаа дараах асуултын талаар ярилцахад урь.
-
Ерөнхийлөгч Монсон “өөрсдийнхөө байж болох хамгийн сайн түвшинд байх” гэж хэлсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Хамгийн сайн түвшинд байх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
-
Хамгийн сайн түвшинд байхад бидэнд юу саад болдог вэ?
2 Петр 1-ийг судалж байхдаа тэднийг хамгийн сайн түвшинд хүрэхэд нь туслах үнэнийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
Петр Есүс Христэд итгэх итгэлийг олсон Сүмийн гишүүдэд хандан бичсэн гэдгийг тайлбарлан, 2 Петр 1:1–2-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг 2 Петр 1:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Петр гэгээнтнүүдэд Аврагчийн гэрчлэлдээ үнэнч байхад нь юу тусална гэж заасныг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Петр гэгээнтнүүдэд юу заасан бэ?
-
“Бурханлаг мөн чанарын хуваалцагч болох” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (4-р шүлэг).
Суралцагчдыг 2 Петр 1:5–7-г дотроо уншаад, Петр гэгээнтнүүдийг Есүс Христийн ямар мөн чанарыг өөрсдөдөө хөгжүүлэхэд урьсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн мөн чанараа самбар дээр жагсаан бичихийг хүс. Эдгээр чанараас илүү сайн ойлгохыг хүссэн заримыг нь толь бичгээс харахад суралцагчдыг урих талаар бод.
Аврагч эдгээр бурханлаг мөн чанарыг хэзээ үлгэрлэн харуулж байсныг бодохыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагчаас ангийнхантай бодлоо хуваалцахыг хүс.
Хэрэв бид бурханлаг мөн чанарыг өөрсдөдөө хөгжүүлбэл … чадна гэсэн гүйцэд бус зарчмыг самбар дээр бич.
Нэг суралцагчаас 2 Петр 1:8–9-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Аврагчийн бурханлаг мөн чанаруудыг өөрсдөдөө хөгжүүлснээр ямар адислал ирэх тухай олж мэдэхийг хүс.
-
Бид бурханлаг мөн чанарыг өөрсдөдөө хөгжүүлснээр ямар ямар адислалыг хүлээн авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх гүйцэд бус зарчмыг Хэрэв бид бурханлаг мөн чанарыг өөрсдөдөө хөгжүүлбэл Есүс Христийг таньж мэдэж чадна гэсэн байдлаар гүйцээж бич.)
-
Яагаад бид бурханлаг мөн чанарыг өөрсдөдөө хөгжүүлбэл Есүс Христийг таньж мэдэж чадна гэж та бодож байна вэ?
Нэг суралцагчаас 2 Петр 1:10–11-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, бурханлаг мөн чанарыг тууштай хөгжүүлдэг хүмүүст ирдэг өөр нэг адислалыг олж мэдэхийг хүс.
-
Есүс Христийн бурханлаг мөн чанарыг тууштай хөгжүүлдэг хүмүүст ямар адислал ирдэг вэ? (“Дуудан, сонгосныг бататгах” [10-р шүлэг] гэдэг нь мөнх амьдрал хүлээн авна гэсэн Бурханы баталгааг энэ амьдралд хүлээн авна гэсэн үг юм. Петр үүнийг мөн “илүү баттай болгогдсон эш үзүүлгийн үг” гэж хэлсэн [2 Петр 1:19. Мөн С ба Г 131:5-ыг үзнэ үү].)
-
Эдгээр шүлгээс бид бурханлаг зан чанараа хөгжүүлэхдээ тууштай байх талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Хэрэв бид бурханлаг зан чанараа энэ амьдралд тууштай хөгжүүлбэл мөнх амьдрал олж авна гэсэн Бурханы баталгааг хүлээн авч чадна гэсэн зарчмыг олж тогтоох ёстой. Энэ зарчмыг самбарт бич.)
Бурханлаг мөн чанарыг өөрсдөдөө хөгжүүлэх нь Есүс Христийг таньж мэдэн, мөнх амьдралд өөрсдийгөө бэлтгэхэд бидэнд тусалдаг гэсэн гэрчлэлээ хуваалцах тухай бодож үз.
Суралцагчдыг өөрсдөдөө хөгжүүлэхийг хамгийн их хүсэж буй нэг бурханлаг мөн чанарыг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднээс энэ мөн чанараа хөгжүүлэхийн тулд хийх тодорхой зүйлсийг бичихийг хүс.
2 Петр 1:12–21
Петр Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцаж мөн судрын талаар заав
Одоо амьдарч буй хамгийн ахмад төлөөлөгчдийн насыг самбар дээр бичих тухай бодож үз. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга унш.
“Зарим хүн биднийг дэндүү хөгшин гэж хэлдэг. Бидний ес нь 80 гаруй настай нь үнэн! Би 85 настай” (“Тэмцэлдэхээ больж, Намайг Бурхан гэдгийг мэд” [Сүмийн Боловсролын Системийн онцгой цугларалт, 2014 оны 5-р сарын 4], broadcasts.lds.org).
-
Яагаад зарим хүн бошиглогч, төлөөлөгчдийн насанд шүүмжлэлтэй ханддаг гэж та нар бодож байна вэ?
-
Өнөө үеийн бошиглогч, төлөөлөгчид үр дүнтэй ажиллахад хэт хөгшиднө гэсэн шүүмжлэлд та нар хэрхэн хариулах вэ?
2 Петр 1-ийг үргэлжлүүлэн судалж байхдаа бошиглогч, төлөөлөгчдийн талаар тэдний наснаас илүү чухал үнэнийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.
2 Петр 1:12–19 дээр Петр Есүс Христийг өөрийн нүдээр харсан гэрчлэлээ хуваалцсан байдаг.
Нэг суралцагчийг 2 Петр 1:20–21-ийг чанга уншихад уриад, суралцагчийг уншиж дууссаны дараа 2 Петр 1:20-ийн Иосеф Смитийн орчуулга нь “Судрын нэг ч эш үзүүлэл хүний өөрийн хүсэлтээр ирээгүйг би мэдэж байсан” гэж байдгийг онцол. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, “Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс” буюу бошиглогчдын үүргийн талаар Петр юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Петр бошиглогчдын үүргийн талаар юу заасан бэ? (Суралцагчид Бошиглогчид судрыг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авдаг гэсэн үнэнийг олж тогтоох ёстой. Энэ үнэнийг самбарт бич.)
Судар гэж юу болох талаар ангийнханд илүү сайн ойлгуулахын тулд нэг суралцагчаас дараах хэлсэн үгийг чанга уншихыг хүс.
“[Судрууд бол] Ариун Сүнсээр хөтлөгдсөн үедээ Бурханы ариун хүмүүсийн бичсэн буюу ярьсан үгс” (Судруудын удирдамж, “Судрууд,” scriptures.lds.org; мөн С ба Г 68:2–4-ийг үзнэ үү). Зарим судрыг ариун нандин номнуудын цуглуулгад оруулсан байдаг. Канон гэдэг нь “хүлээн зөвшөөрөгдсөн, эрх олгогдсон ариун нандин номнуудын цуглуулга. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд каноны номнуудыг жишиг бүтээлүүд хэмээн нэрлэдэг бөгөөд Хуучин ба Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сургаал ба Гэрээ мөн Агуу Үнэт Сувдыг багтаадаг” (Судруудын удирдамж, “Канон,” scriptures.lds.org).
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Тэрээр бошиглогчид өнөөдөр судрыг хүлээн авсаар байгаа гэдгийг гэрчилсэн тухай олж сонсохыг ангийнхнаас хүс.
“[Бошиглогчид] бол Бурхан өмнө нь Өөрийн хүүхдүүдтэй судруудаар дамжуулан харилцдаг байсан суваг юм. Мөн эдүгээ энэхүү шугамаар дамжуулан Тэрээр амьд бошиглогч, төлөөлөгч, бусад сүнслэг удирдагчдад сургаал, зөвлөгөө өгдөг” (“Харилцааны сувгууд,” Ensign эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 92).
-
Бурхан хүүхдүүддээ судар өгөхдөө энэ загварыг ашигладгийг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
-
Энэ загварыг ойлгох нь эртний болон орчин үеийн бошиглогчдын бичсэн, хэлсэн үгсэд илүү их итгэж найдахад хэрхэн туслах вэ?
Дараах асуултуудыг уншиж өгөөд, хариултаа хичээлийн дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ бичихийг суралцагчдаас хүс.
-
Эртний эсвэл орчин үеийн бошиглогчдын ямар судар таны амьдралд нөлөөлсөн бэ? Та эдгээр судраар дамжуулан хэрхэн адислагдаж байсан бэ?
Цөөн суралцагчаас хариултаа ангийнхантай хуваалцахыг хүс. Та мөн судраар дамжуулан хэрхэн адислагдсан тухайгаа хуваалцаж болно.
Ахлагч Өүксийн хэлсэн үгийг эргэж хараад, суралцагчдыг Ариун Сүнсээр хөтлүүлэн, бошиглогчдын болон судрын бодит байдлын талаар гэрчлэхэд урь.