Номын сан
20-р хичээл: Матай 17


20-р хичээл

Матай 17

Оршил

Хувиралтын уулан дээр Есүс Христ, Мосе, Елиа нар санваарын түлхүүрүүдийг Петр, Иаков, Иохан нарт олгов. Есүс уулнаас буусныхаа дараа нэгэн хөвгүүний чөтгөрийг зайлуулав. Капернаумд Есүс Өөртөө болон Петрт албан татварын мөнгийг ер бусын байдлаар хангаж өгөв.

Заах зөвлөмж

Maтай 17:1–13

Мосе, Елиа хоёр Петр, Иаков, Иохан нарт үзэгдэв

Жолооны үнэмлэх үзүүлж эсвэл нэг суралцагчийг жолооны үнэмлэхээ ангийнхандаа үзүүлэхэд урь.

  • Жолооны үнэмлэхийг эзэмших нь уг хүнд юу хийх эрхийг олгодог вэ?

Автомашины түлхүүрийг эсвэл үүний зургийг үзүүл.

  • Жолооны үнэмлэхтэй байхаас гадна автомашины түлхүүртэй байх нь яагаад чухал вэ?

  • Жолооны үнэмлэхтэй мөн автомашины түлхүүртэй байхыг Бурханы ажлыг удирдахад шаардлагатай санваарын эрх мэдэл ба түлхүүрүүдтэй хэрхэн харьцуулж болох вэ? (Жолооны үнэмлэхтэй хүмүүс автомашин барих эрхтэй байдгийн адил, олон эрэгтэй хүн санваарын эрхийг атгадаг. Гэхдээ автомашины түлхүүр нь жолоочид тодорхой нэг автомашиныг барих боломжийг олгодог шиг, санваарын түлхүүрүүд нь хүнд тодорхой хүрээний дотор Бурханы ажлыг удирдаж явуулах эрхийг олгодог. Сүмийн ерөнхийлөгч дэлхий дээр Их Эзэний бүх ажлыг удирдаж явуулах санваарын түлхүүрүүдийг атгаж мөн ашигладаг.)

Бид Maтай 16:19 дээр Их Эзэн Петрт хаант улсын түлхүүрүүдийг буюу дэлхий дээр Бурханы хаант улсыг удирдан, чиглүүлэх эрх мэдлийг өгнө хэмээн амладаг талаар уншсаныг суралцагчдад сануул. Тэр үед Петрт болон бусад төлөөлөгчид бүгдэд нь санваарын эрх мэдэл өгөгдсөн байсан хэдий ч хаант улсын түлхүүрүүд хараахан өгөгдөөгүй байв.

Суралцагчдыг өнөөдөр судраас суралцаж байхдаа Петр хаант улсын түлхүүрүүдийг хэрхэн хүлээн авсныг мөн хожим адил түлхүүрүүд нь Иосеф Смитэд болон манай үеийн өөр бусдад хэрхэн хүртээгдсэн талаар олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Матай 17:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Петр, Иаков, Иохан нарыг Аврагч санваарын түлхүүрүүдийг хүлээн авахад бэлтгэхээр хааш нь аваачсаныг тодорхойлохыг хүс. Аврагчийг амилан, тэнгэр өөд өргөгдсөнийх нь дараа Петр, Иаков, Иохан нар Сүмийн Тэргүүн Зөвлөлөөр үйлчлэх байсан учраас Аврагч тэднийг Өөртэйгөө хамт явахаар сонгосон байж болох юм гэдгийг та онцлон хэлэхийг хүсэж болно (Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, эмхэтгэсэн Брүс Р.Макконки, 3 боть, [1954–1956], 3:152).

  • Петр, Иаков, Иохан нарыг Аврагч хааш нь аваачсан бэ?

  • Уулан дээр Аврагчид юу тохиолдсон бэ?

  • Хувирсан байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Хувиралт гэдэг бол “гадаад төрх байдал болон мөн чанараа түр зуур өөрчилсөн хүмүүсийн нөхцөл байдал—энэ нь тэнгэрлэг хүмүүсийн оршихуй хийгээд алдар сууг олж болохын тулд тэд сүнсний илүү өндөр түвшинд өргөгдөнө гэсэн үг” (Судруудын удирдамж, “Хувиралт,” scriptures.lds.org). Петр, Иаков, Иохан нар тэр үед мөн хувиран өөрчлөгджээ (C ба Г 67:11–12-ыг үзнэ үү).

Хувиралтын уулан дээр байсан хүмүүс гэсэн гарчгийг самбар дээр бич. Энэ гарчгийн доор Есүс Христ, Петр, Иаков мөн Иохан гэж бич.

Нэг суралцагчийг Матай 17:3-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас уулан дээр Есүст болон төлөөлөгчдөд хэн үзэгдсэнийг олж мэдэхийг хүс.

  • Уулан дээр хэн үзэгдсэн бэ? (Eлиа гэж Хуучин Гэрээний бошиглогч Елиаг хэлж байгааг тайлбарла [Maтай 17:3, зүүлт тайлбар б-г үзнэ үү].)

Самбар дээрх жагсаалтад Мосе ба Eлиа гэж нэмж бич.

Яагаад уулан дээр Мосе, Елиа хоёр үзэгдсэнийг ойлгоход суралцагчдад туслахын тулд, нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Бошиглогч Иосеф Смит

“Аврагч Мосе болон Елиас [Елиа] нар түлхүүрүүдийг Петр, Иаков, Иохан нар өөрийнх нь өмнө хувирах үед уулан дээр өгсөн юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 120).

  • Иосеф Смитийн өгүүлснээр, яагаад Елиа, Мосе хоёр уулан дээр үзэгдсэн бэ? (Петр, Иаков, Иохан нарт санваарын түлхүүрүүдийг өгөх гэж үзэгдсэн. Та Мосе, Елиа хоёр 1836 оны 4-р сарын 3-нд санваарын түлхүүрүүдийг сэргээхээр Көртландын ариун сүмд үзэгдсэн бөгөөд Мосе Израилийн цугларалтын түлхүүрүүдийг [C ба Г 110:11-ийг үзнэ үү], Елиа лацдах хүчтэй холбоотой түлхүүрүүдийг сэргээсэн гэдгийг тайлбарлахыг хүсэж болох юм [C ба Г 110:13–16-г үзнэ үү]. Көртландад ийнхүү үзэгдсэн нь Хувиралтын уулан дээр юу болсныг ойлгоход туслах хэв маягийг бидэнд өгдөг.)

Библийн Иосеф Смитийн Орчуулга нь Херодод алагдсан Иохан Баптист уулан дээр үзэгдсэн болохыг мөн тодотгож өгдөг (Иосеф Смитийн Орчуулга, Maрк 9:3 [Maрк 9:4, зүүлт тайлбар a-г үзнэ үү]; бас Bible Dictionary, “Elias” гэдгийг үзнэ үү). Самбар дээрх жагсаалтад Иохан Баптист гэж нэмж бич.

Хэдэн суралцагчийг Матай 17:4–9-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Хувиралтын уулан дээр өөр хэн байсныг олж мэдэхийг хүс.

  • Хувиралтын уулан дээр өөр хэн үзэгдсэн бэ? (Самбар дээрх жагсаалтад Бурхан Эцэг гэж нэмж бич.)

Сайн мэдээний эрин үе гэдэг нь Тэнгэрлэг Эцэг санваарын эрх мэдэл, ёслолуудыг мөн Өөрийн авралын төлөвлөгөөний мэдлэгийг эрх мэдэл бүхий үйлчлэгчдээрээ дэлхий дээрх хүмүүст өгдөг хэсэг цаг хугацааг хэлдэг гэдгийг суралцагчдад товчхон сануул. Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, самбар дээр жагсаасан хүмүүсээс манай эрин үед бошиглогч Иосеф Смитэд үзэгдсэн хүн бүрийн нэрний хажууд од зурахад урь. (Суралцагч самбар дээр жагсаан бичсэн хүн бүрийн хажууд од зурах ёстой.)

Зураг
Анхны үзэгдэл

Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ Иосеф Смитэд үзэгдсэн

Зураг
Иохан Баптист Аароны санваар хүртээсэн

Иохан Баптист Аароны санваарыг сэргээсэн

Зураг
Мелкизедек санваарын сэргээлт

Петр, Иаков, Иохан нар Мелкизедек санваарыг сэргээсэн

Зураг
Елиа Көртландын ариун сүмд үзэгдсэн

Елиа Көртландын ариун сүмд лацдах түлхүүрүүдийг сэргээсэн

Ангийнхнаас эдгээр айлчлал нэг бүрчлэн хэзээ тохиосныг мөн зорилго нь юу байсныг тайлбарлахыг хүс. (Суралцагчдыг тайлбарлах үед, та дараах зургуудыг үзүүлж болох юм: Анхны үзэгдэл; Иохан Баптист Аароны санваарыг хүртээж байгаа нь; Meлкизедек санваарын сэргээлт болон Елиа Көртландын ариун сүмд үзэгдсэн [Сайн мэдээний уран зургийн цуглуулга (2009), nos. 90, 93, 94, 95; мөн LDS.org-оор орж үзнэ үү].)

  • Бид эрин үе бүрд санваарын түлхүүрүүдийг хүртээсэн тухайд эдгээр үйл явдлаас ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэдэнд Эрин үе бүрд, Бурхан Өөрийн сонгосон үйлчлэгчдэд санваарын түлхүүрүүдийг хүртээдэг ба тэгснээр тэд дэлхий дээр Түүний ажлыг удирдаж чаддаг гэсэн үнэнийг тодорхойлоход тусал.)

  • Есүс Христийн үед тохиосон санваарын түлхүүрүүдийг хүртээх хэв маяг нь манай үед бошиглогч Иосеф Смиттэй хамт дахин давтагдсан гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?

  • Одоогийн бошиглогч, төлөөлөгчид Иосеф Смитийн хүлээн авсантай адил түлхүүрүүдийг атгадаг уу? (Тийм.) Тэд эдгээр түлхүүрийг хэрхэн хүлээж авсан бэ? (Уг түлхүүрүүд Иосеф Смитээс Бригам Янгаар болон дараа дараагийн бошиглогчдоор дамжин ирсэн.)

Суралцагчдыг санваарын эрх мэдлийн талаар мөн Есүс Христийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үеийнхтэй адил түлхүүрүүд манай эрин үед хүртээгдсэнээр ирсэн адислалуудын талаар сэтгэгдлээ хуваалцахад урих тухай бодож үзээрэй.

Матай 17:14–23

Есүс нэгэн хөвгүүнээс чөтгөрийг зайлуулав

Матай 17:14–23-ыг дүгнэн, нэгэн эцэг хүүгээ эдгээлгэхээр Аврагч дээр авчирсан гэдгийг тайлбарлан, ярьж өг. Есүс уг хүүхдийг эдгээснийхээ дараа шавь нартаа зарим адислалыг зөвхөн залбирал, мацгаар дамжуулан олж авч болдог хэмээн заав. Тэр бас Өөрийн үхэл ба Амилалтын талаар бошиглов. (Тэмдэглэл: Эдгээр үйл явдлын талаар Марк 9:14–29-ийг судлах хичээлд илүү дэлгэрэнгүй ярилцах болно.)

Матай 17:24–27

Есүс Өөртөө болон Петрт албан татварын мөнгийг ер бусын байдлаар хангаж өгөв

Суралцагчдыг Матай 17:24–27-оос суралцах явцдаа бидний жишээ бусдад хэрхэн нөлөөлдгийг ойлгоход туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Суралцагчдад энэ захиасын хам сэдвийг илүү сайн ойлгоход туслахын тулд Мосегийн хуулийн дагуу 20-оос дээш насны бүх израиль эрэгтэй хүн албан татвар гэж нэрлэгдсэн жил тутмын ариун сүмийн татварыг төлөх ёстой байдаг байсан гэдгийг тайлбарла (Eгипетээс гарсан нь 30:13–16-г үзнэ үү). Энэ мөнгийг ариун сүмийн үйл ажиллагааг явуулахад хэрэгтэй зардлуудыг төлөхөд хэрэглэдэг байв. Шийдвэрлэх зөвлөлөөс хүмүүсийн дундах пристүүд болон багш нарыг энэ татварыг төлөх хэрэггүй хэмээн хассан байв.

Нэг суралцагчийг Матай 17:24–26-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, татвар хураагчдын болон Есүсийн Петрээс асуусан асуултуудыг олж мэдэхийг хүс.

  • Татвар хураагчид Петрээс юу гэж асуусан бэ? Петрийн хариулт юу байсан бэ?

  • Есүс Петрээс юу гэж асуусан бэ? Петрийн хариулт юу байсан бэ?

Энэ шүлгэн дэх гадны хүмүүс гэдэг нь хаант улс дахь хааны хүүхдүүдийн нэг нь ч биш бүх хүнийг хэлдэг гэдгийг тайлбарла. “Гадны хүмүүс” татвар төлөх ёстой байхад хааны хүүхдүүд төлөх ёсгүй байв. Есүс Өөрийгөө Бурханы Хүү мөн ариун сүм бол Түүний Эцэгийн өргөө учраас (Maтай 17:25–26; Иохан 2:16-г үзнэ үү), энэ татварыг төлөх хэрэггүй байсан бөгөөд төлөхгүй байхаар сонгож болох байсан хэмээн Петрт зааж байсан юм. Гэхдээ, татвар хураагчид Есүсийн чухам хэн гэдгийг мэдэхгүй байсан учраас Түүнээс татвар төлөхийг хүссэн.

Суралцагчдыг Maтай17:27-г дотроо уншиж, Есүс Петрт дараа нь юу хий гэж зааварласныг олж мэдэхэд урь.

  • Аврагч Петрт юу хийхийг зааварчилсан бэ?

  • Яагаад Есүс өөрийгөө татвар төлөх болно гэж хэлсэн бэ?

Самбар дээр гомдоох гэдэг үг бичээд, энэ хам сэдвийн хувьд “бид тэднийг гомдоохгүйн тулд” гэдэг нь Аврагч бусдын сүнслэг байдалд тээг болох юуг ч хийхийг хүсээгүй болохыг ярьж байх магадлалтай гэдгийг тайлбарла. (Хэрэв Тэр татвар төлөөгүй бол зарим иудей хүн Түүнд дургүйцэж мөн Түүнийг дагагчид сайн мэдээний захиасыг хүлээн авах нь багасч болох байсан.)

  • Бид Аврагчийн жишээнээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид бусдын сүнслэг байдалд тээг болох үйлдлийг хийхээс зайлсхийснээр Аврагчийн жишээг дагаж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Энэ зарчим биднийг зөв сонголтууд хийхэд хүргэж болох өөр ямар ямар нөхцөл байдаг вэ?

  • Та нар Аврагчийн жишээг дагахыг мөн бусдад сүнслэг байдлын хувьд тээг болох үйлдлээс зайлсхийхийг хичээснээр хэрхэн адислагдсан бэ?

Суралцагчдыг дээр тодорхойлсон зарчмын дагуу илүү сайн амьдрахын тулд өөрсдийн хийх нэг зүйлийг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урьснаар хичээлээ дуусга.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судрын давтлага

Суралцагчид төгс эзэмших судрыг хялбархан олж чаддаг болсон үедээ судраас бие даан судалж, сайн мэдээний зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүлэн, судруудаас заахдаа өөртөө илүү итгэлтэй байх болно.

Төгс эзэмших судрыг тогтмол давтаж байхад туслах төрөл бүрийн арга замыг танилцуулахаар энэ гарын авлага тэр чигээрээ төгс эзэмших судрыг давтах үйл ажиллагаануудыг багтаасан байгаа. Нэмэлт давтах үйл ажиллагаанууд энэхүү гарын авлагын арын хавсралт хэсэгт байгаа.

Шалгах асуултууд нь сурч мэдсэн зүйлээ санаж, хэр ихийг ойлгосноо мэдэхэд суралцагчдад тусалж болно. Суралцагчдыг энэ гарын авлагад танилцуулаад байгаа гурван төгс эзэмших судрын шүлгийг уншихад урь. Та бас цөөн шинэ шүлэг багтааж болно. (Та суралцагчдад судрын энэ хэсгийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болох юм.) Суралцагчдыг уншсаны дараа, уг шүлгээс түлхүүр үгийг унш эсвэл семинарын номын хавчуургаас нэг хэллэгийг уншиж, тэднийг шалга. Дараа нь суралцагчдаас судруудаасаа таарах зөв шүлгийг олохыг хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 17:1–5 Хувиралт ба хожмын үе дэх сайн мэдээний Сэргээлт

Хувиралтын уулан дээр байсан хүмүүс [Бурхан Эцэг, Есүс Христ, Петр, Иаков, Иохан, Иохан Баптист, Мосе болон Елиа] хожмын үе дэх сайн мэдээний Сэргээлтэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Энэ нь өмнөх эрин үеүдэд байсан санваарын эрх мэдэл ба түлхүүрүүд нь энэ эцсийн эрин үед мөн адил сэргээгдсэн гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 56).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэ үнэнийг чухалчлан хэлэхдээ:

“Олон жилийн өмнө Сүмийн гишүүдэд хандан ерөнхийлөгч Дэвид О.Маккэйн тавьсан ‘Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай хамгийн чухал онцлох зүйлийг яг одоо хэлээдэх гэвэл та нар юу гэж хариулах вэ?’ гэсэн асуултад хэрхэн хариулах байснаа бодоод үзэхийг би та нараас хүсэж байна” гэжээ (“The Mission of the Church and Its Members,” Improvement Era, 1956 оны 11-р сар, 781).

Ерөнхийлөгч Маккэй энэхүү асуултдаа санваарын “тэнгэрлэг эрх мэдэл“ гэж хариулсан байдаг. “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь түүхэн уламжлал, судрууд буюу шашны талаарх мэдлэгээс тэдний эрх мэдэл үүсэн гарсан хэмээн нотолдог бусад сүмээс ялгаатай. Тэнгэрлэг элчүүд бошиглогч Иосеф Смитийн толгой дээр гараа тавьж, санваарын эрх мэдлийг хүртээсэн гэж бид тунхагладаг” гэжээ (“Тэнгэрийн хүч,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 54).

Maтай 17:1–5. Санваарын түлхүүрүүд

Бурхан Сүмийн зохистой эрэгтэй гишүүдэд санваарын эрх мэдэл өгдөг ба тэгснээр тэд Түүний хүүхдүүдийн авралын төлөө Түүний нэрээр үйлдэж чаддаг. Санваарын түлхүүрүүд нь ерөнхийлөгчийн зөвлөлийн эрхүүд эсвэл дэлхий дээр Бурханы хаант улсыг удирдан, чиглүүлэхийн тулд Бурханаар хүмүүнд өгөгдсөн хүч юм (Maтай 16:15–19-ийг үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүс нь сайн мэдээг номлож, авралын ёслолуудыг удирдах эрх мэдлийг санваартнуудад олгодог. Сүмд үйлчилдэг бүх хүн санваарын түлхүүрүүдийг атгадаг нэгний удирдамжаар дуудагддаг. Ингэснээр тэд үйлчлэхэд шаардлагатай хүчийг хүлээн авч, дуудлагуудынхаа үүрэг хариуцлагыг биелүүлэх эрхтэй болно гэсэн үг юм. (Даллин Х.Өүкс, “Санваарын түлхүүрүүд ба эрх мэдэл,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 68–71.)

Maтай 17:1–13. Хувиралтын уул

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Хувиралтын уулан дээр юу тохиолдсон тухай бидний мэддэг зүйлсийг нэгтгэн дүгнэж,

“(1) Есүс Арванхоёроос Петр, Иаков, Иохан нарыг нэгэн нэргүй уулан дээр тусад нь аваачиж, тэдний өмнө хувирахад тэд түүний сүр жавхланг харжээ. … [Петр] өөрсдийгөө “Түүний сүр жавхланг нүдээр гэрчлэгчид байсан” гэж хэлжээ. (2 Петр 1:16.)

“(2) Петр, Иаков, Иохан нар ‘Өөрийнх нь өмнө хувирсан’ [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 120], … тэгснээр тэд тэнгэр элчүүдийг харж, үзэгдлүүдийг үзэж мөн Бурханы зүйлсийг ойлгох боломжтой байсан юм. …

“(3) Moсе, Елиа хоёр амилалтын өдрийн өмнө тохиосон энэ үйл явдалд бодит биетэй буцаж ирж болохын тулд, үхлийг амсалгүй тэнгэрт хувиргагдан аваачигдсан эртний энэ хоёр бошиглогч уулан дээр үзэгдсэн бөгөөд Есүстэй хамт хаант улсын түлхүүрүүдийг Петр, Иаков, Иохан нарт өгчээ [Сургаалаас: Иосеф Смит, 120].

“(4)Херодын цаазаар аваачсан Иoхан Баптист бас тэнд байжээ. …

“(5) Петр, Иаков, Иохан нар үзэгдэлд дэлхийн хувиралтыг, тодруулбал, энэ дэлхий шинэчлэгдэн, диваажингийн чанартаа буцаж орохыг нь харжээ. Энэ үйл явдал мянган жилийн эрин үе эхлэхэд, Хоёр дахь ирэлтийн үед тохиох юм. [C ба Г 63:20–21.]

“(6) Петр, Иаков, Иохан нар уулан дээр байх үедээ хувийн хишгээ авсан бололтой. [Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, эмхэтгэсэн Брүс Р.Макконки, 3 боть, (1954–1956), 2:165.] … Мөн тэд уулан дээр байхдаа бошиглолын талаар илүү баттай үг хүлээн авч, тэгээд энэ нь тэдэнд мөнх амьдралд лацдагдсан байсныг илчлэн харуулжээ. (2 Петр 1:16–19; C баГ 131:5.)

“(7) Есүс өөрөө ч бас мөнхийн дуусашгүй цагаатгалтай холбоотой төгсөшгүй зовлон тарчлалд бэлтгэгдэн, Мосе, Елиа нараар урамшуулагдан, хүчирхэгжүүлэгдсэн байж магад. [Жэймс И.Талмэйж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл, (1916), 373.] …

“(8) Cонгогдсон гурван төлөөлөгч ‘түүний үхэл, амилалтын тодорхой байдал заалгагдсан нь тодорхой юм’ [Иосеф Смитийн Орчуулга, Лук 9:31 (Лук 9:31, зүүлт тайлбар a)]. …

“(9) Эртний хуучин үе улиран өнгөрч, хууль (Мосе бэлгэ тэмдэг нь байсан) мөн бошиглогчид (Елиа төлөөлж байсан) Түүнд харьяалагддаг байсан бөгөөд тэд одоо Түүнийг сонсохоор зарлигдуулж байсан нь тэдэнд ойлгомжтой байсан байх.

“(10) Бас Бурхан Эцэг үүлээр халхлагдан, тэдний дунд байсан ажээ” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:399).

Иосеф Смитийн Орчуулга, Maрк 9:3 (Maрк 9:4, зүүлт тайлбар a) нь цаазлагдсан хэдий ч амилуулагдаагүй байсан Иохан Баптист бас Хувиралтын Уулан дээр үзэгдсэн гэдгийг харуулдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки, Иохан Баптист тэнд байсан шалтгааныг санал болгон хэлэхдээ:

“Тэр үед Мелкизедек санваарыг атгаж байсан хүмүүсийн дээр түлхүүрүүд болон эрх мэдлийг дамжуулахаар Мосетэй хамт ирсэн Елиаг Иохан Баптист байсан гэж ойлгох ёсгүй юм. Тэрхүү дээд санваар нь Иоханы атгаж байсан болон өөрийн тохинууллын үед хэрэгжүүлсэн бүх эрх мэдлийг багтаадаг байсан юм. Харин уг үйл явдлын талаар хагас дутуу цэдэг байдаг учраас энэ нь мэдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд Иохан алдар суут үзэгдэлд өөр үүрэг гүйцэтгээд, дараа нь мөнх бус хүмүүст хүртээжээ. Магадгүй тэрээр Хуучин Гэрээний дагуу эцсийн хуулийн удирдагчийн хувьд уг хууль гүйцэлдэж, бүх хуучин зүйл улиран одсоны бэлгэ тэмдэг болохоор тэнд байсан байж болох юм. Тэгснээр тэр Шинэ Хаант улсын “эхний” хуулийн удирдагчид болж байсан Петр, Иаков, Иохан нарын байр суурьтай өөрийн байр суурийг харьцуулан үзүүлсэн” гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:404).