Номын сан
96-р хичээл: Үйлс 20–22


96-р хичээл

Үйлс 20–22

Оршил

Паул Бага Азид (өнөөгийн Турк) сайн мэдээг номлосон бөгөөд Ефесийн ойролцоох Милетэд байхдаа ирээдүйд болох урвалтын талаар сэрэмжлүүлж, санваарын удирдагчдыг Сүмийн гишүүдийг сургахад урамшуулав. Тэгээд тэрээр Иерусалим руу яваад, тэнд хавчигдаж мөн баривчлагджээ. Паул Антониа цайзын (Ромын армийн байрлаж байсан гарнизон) шатан дээр зогсож байхдаа өөрийн хөрвөлтийн түүхийг хуваалцжээ.

Заах зөвлөмж

Үйлс 20:1–21:40

Паул Бага Азид үйлчлээд, Иерусалим руу аялсан бөгөөд тэнд түүнийг жанчиж мөн баривчлав

Суралцагчдаас гэр бүл, найз нөхөд эсвэл санаа тавьж байдаг бусад хүнээ хэдэн өдөр, долоо хоног юм уу сараар орхих хэрэгтэй болсон үеийнхээ тухай бодохыг хүс.

  • Та нар эсвэл явахаас чинь өмнө та нартай хамт байсан хүмүүс ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

  • Салж явахаасаа өмнө та нар бие биедээ юу гэж хэлсэн бэ?

Паул гурав дахь номлолынхоо аяллын турш Македони, Грек болон Бага Азид цагийг өнгөрүүлжээ. Тэр энэ аяллынхаа үеэр Иерусалим руу эргэн очихоор сүнслэгээр өдөөгдсөн. Аялж байхдаа тэрээр замын дагуу номлохоор мөн Сүмийн гишүүдэд баяртай гэж хэлэхээр саатаж байв. Паул Тройгоос явахынхаа өмнөх шинэ Хүндэтгэлийн (ням гараг) өдрийн орой шавь нартай ариун ёслолоос хүртэхээр цуглажээ (Үйлс 20:7-г үзнэ үү). Паул дараа нь гэгээнтнүүдтэй шөнө нэлээн удаан ярилцсан байна.

Нэг суралцагчийг Үйлс 20:9–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Юутух гэгч нэгэн залуу эрийг Паулын номлолын үеэр унтсаны дараа юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Юутухт юу тохиолдсон бэ?

  • Энэ залуу эрийг хайрлаж, санаа тавьж байгаагаа харуулахын тулд Паул юу хийсэн бэ?

  • Паулын үйлдлүүд Аврагчийн үйлчлэлийг хэрхэн дүрслэн үзүүлсэн бэ?

Паул гурав дахь номлолынхоо нэг хэсэг болгон Ефест гурван жил орчмыг тэндхийн хүмүүсийн дунд ажиллаж өнгөрүүлсэн гэдгийг тайлбарла. Паул Иерусалим руу явж байхдаа Ефесийн дэргэд байдаг Милетэд түр саатаж, Ефесийн Сүмийн удирдагчдыг ирж уулзахыг хүсэн, хүн явуулсан гэдгийг тайлбарлан, Үйлс 20:13–17-г нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Үйлс 20:18–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул өөрийн үйлчлэлийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул номлолынхоо үйлчлэлийг хэрхэн дүрсэлсэн бэ?

  • Өөрийн зааж байсан хүмүүсээс “тустай гэсэн болгоныг огоороогүй” (20-р шүлэг) гэсэн Паулын үгс юу гэсэн утгатай байж болох вэ?

  • 23-р шүлэгт цэдэглэснээр, Паул Их Эзэний үйлчлэгчийн хувьд юутай нүүр тулахад бэлэн байсан бэ?

Паулын хувьд Иерусалимд аюулд өртөхөд амархан байсан бөгөөд тэнд Иудейн удирдагчид түүнийг Есүс Христийн сайн мэдээг номлох гэсэн хичээл зүтгэлээс нь болж урвагч гэж үзэж байсан гэдгийг тайлбарла.

  • 22-р шүлэгт цэдэглэснээр, Паул яагаад Иерусалим руу явахад бэлэн байсан бэ?

Цөөн суралцагчийг Үйлс 20:24–27-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Их Эзэний үйлчлэгчийн хувьд юу хийхээр бэлтгэгдсэн байсныг олж мэдэхийг хүс.

  • 24-р шүлэгт цэдэглэснээр, Паул Их Эзэний үйлчлэгчийн хувьд юу хийхээр бэлтгэгдсэн байсан бэ?

  • Паул Их Эзэний зааварласан зүйлийг хийхдээ ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

  • Бид Паулын үйлчлэлийн жишээнээс юунд суралцаж чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэний үнэнч үйлчлэгчид үүрэг хариуцлагаа итгэлтэй гүйцэтгэснээрээ баяр баясал мэдэрдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Үүрэг хариуцлагаа итгэлтэй гүйцэтгэнэ гэдэг нь ямар утга учиртай вэ?

  • Бид энэ үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадах вэ?

Суралцагчид эсвэл тэдний таньдаг хэн нэгэн өөрсдийн бүхий л хүч, чадлаар Их Эзэнд үйлчлэхийг сонгосноор агуу баяр баясал мэдэрсэн үеийнхээ тухай ярихад тэднийг урь.

Паул Иерусалим руу явахаасаа өмнө Ефес дэх Сүмийн удирдагчид дээр сүүлийн удаа зочилсон гэдгийг суралцагчдад сануул.

  • Хэрэв та нар Паулын оронд байсан бол мөн Ефес дэх Сүмийн удирдагчдыг дахин харахгүй гэдгээ мэдэж байвал явахаасаа өмнө тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

Суралцагчдыг Үйлс 20:28–31-ийг дотроо уншаад, эдгээр Сүмийн удирдагчид өгсөн Паулын сэрэмжлүүлгийг олж мэдэхийг хүс.

  • Паул эдгээр удирдагчид юуны тухай сэрэмжлүүлсэн бэ?

Паул итгэлтэй Сүмийн гишүүдийг хуурдаг үл итгэгч хүмүүсийн зүйрлэл болгон чононуудыг ашигласныг тайлбарла.

  • Үнэнээс холдсон мөн үнэнээс холдоход нь бусдыг удирдахыг эрэлхийлж байгаа хэн нэгний нөхцөл байдлыг дүрслэхдээ бид ямар үг ашигладаг вэ? (Урвалт. Паул Сүмийн удирдагчдад ирээдүйд Сүм дотор гарах урвалтын тухай сэрэмжлүүлж байсан гэдгийг тайлбарла.)

Нэг суралцагчийг Үйлс 20:36–38-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Сүмийн удирдагчид Паулыг явахад хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Паул Иерусалим руу аялахаа үргэлжлүүлсэн бөгөөд замдаа Сүмийн гишүүдтэй хамт цагийг өнгөрөөхөөр өөр өөр газарт саатсан гэдгийг тайлбарлан, Үйлс 21:1–10-ыг нэгтгэн дүгнэ. Паулыг Тир гэдэг хотод түр саатахад Паулын аюулгүй байдлын төлөө илэрхий санаа зовсон зарим шавь нь түүнийг Иерусалим руу явахгүй байхыг зөвлөжээ (Үйлс 21:4-ийг үзнэ үү).

Кайсарид Агаб гэдэг нэгэн бошиглогч Паулд Иерусалимд байхад нь юу тохиолдох талаар бошиглосон байна. Нэг суралцагчийг Үйлс 21:11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Агабын юу гэж бошиглосныг олж мэдэхийг хүс. (Та бүс гэж суран бүсийг хэлж байгааг тайлбарлаж болно.) Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Нэг суралцагчийг Үйлс 21:12–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул болон түүний хамтрагчид энэ бошиглолд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Паулын хамтрагчид энэ бошиглолд хэрхэн хандсан бэ?

  • Паул энэ бошиглолд хэрхэн хандсан бэ? Паулын хариултын юу нь та нарын анхаарлыг татаж байна вэ?

  • Их Эзэний үнэнч үйлчлэгч байх талаар Паулын жишээнээс бид ямар зарчим мэдэж болох вэ? (Суралцагчид өөр өөр үгс хэлж болох ч Их Эзэний үнэнч үйлчлэгч хувийн золиослолоос үл хамааран Бурханы хүслийг дагах хүсэлтэй байдаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Суралцагчдыг Их Эзэний үйлчлэгчийн хувьд биднээс ямар золиослол гаргахыг хүсэж болох талаар эргэцүүлэн бодоход урь.

  • Та нар хэзээ өөрөөсөө ямар золиос гаргахаа үл тоон, Бурханы хүслийг гүйцэлдүүлэхэд бэлэн байсан бэ? Та нар яагаад үүнийг хийхэд бэлэн байсан бэ?

Нэг суралцагчийг Үйлс 21:17–40-ийн дараах дүгнэлтийг чанга уншихад урь.

Паул Иерусалимд ирээд, орон нутгийн Сүмийн удирдагчдад номлолынхоо ажлыг тайлагнажээ. Паулыг ариун сүмд очиход номлолын аяллаас нь түүнийг мэдэх болсон хэсэг иудейчүүд Паул бол Мосегийн хуулийн эсрэг заадаг мөн харийнхныг хууль бусаар ариун сүмд авчирсан хуурамч багш гэж тунхаглажээ. Энэ гүтгэлгээс болж цугласан олон Паулыг ариун сүмээс хөөж гаргаад, жанчиж эхлэв. Ромын цэргүүд дундуур нь орж, түүнийг шүүхээр авч явжээ. Паул Антониа цайзын шатан дээр зогсож байхдаа (Библийн газрын зураг, д. 12, “Есүсийн үеийн Иерусалим”-ыг үзнэ үү) цэргүүдээс хүмүүст хандаж ярьж болох эсэхийг асуусан байна.

Үйлс 22:1–30

Паул өөрийн хөрвөлтийн тухай ярьж, Есүс Христийн тухай гэрчлэв

Хөрвөлт гэдэг үгийг самбар дээр бичиж, хөрвөгдөх гэдэг нь өөрчлөгдөх гэсэн утгатайг тайлбарла. Суралцагчдаас усыг өөр өөр зорилгоор ашиглахын тулд хэрхэн хөрвүүлж мөн өөрчилж болохыг асуу. (Жишээ нь усыг мөс болгон хувиргаж болно.) Суралцагчдаас сайн мэдээнд хөрвөгдөхөд шаардагдах өөрчлөлтүүдийг эргэцүүлэн бодохыг хүс.

Нэг суралцагчийг Үйлс 22:1–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Иерусалим дахь Антониа цайзын шатан дээрээс иудейчүүдэд хандан ярихдаа өөрийгөө хэрхэн дүрслэн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул хөрвөгдөж, Есүс Христийн шавь болохоосоо өмнө ямар байсан бэ?

Дараах асуулт, судрын эшлэлүүдийг самбарт хуулж бичих юм уу тараах материал болгон суралцагчдад тарааж өг. Суралцагчдыг таван бүлэг болгон хувааж, бүлэг бүрд асуултуудын нэгийг оноож өг. Суралцагчдаас өөрсдөд нь даалгаж өгсөн асуултад хариулахын тулд холбогдох судрыг дотроо уншаад, хариултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс.

  1. Паул өөрийн анхны үзэгдлийг хэрхэн дүрсэлсэн бэ? (Үйлc 22:6–9)

  2. Паулд юу хийхийг зааварласан бэ? (Үйлс 22:10–11)

  3. Паул Дамаскт хэнтэй уулзаад, юуг эргүүлэн авсан бэ? (Үйлс 22:12–13)

  4. Ананиа Паулын талаар юу бошиглосон бэ? (Үйлс 22:14–15)

  5. Паул Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн үзүүлсэн бэ? (Үйлс 9:18; 22:16)

Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг хариултаа хуваалцахад урь. Паулын хөрвөлтийн үйл явцын талаар юу сурснаа нэгтгэн дүгнэж хэлэхэд цөөн суралцагчийг урь. (Та Паулын анхны үзэгдэл ба номлогчоор үйлчилсэн үе хоёрын хоорондох хугацаанд тэрээр гурван жилийг Арабт өнгөрөөсөн бөгөөд энэ нь түүний сүнслэг бэлтгэл болон өсөлтийн хугацаа байсан байж болох магадлалтай гэдгийг тайлбарлаж болох юм [Галат 1:11–18-ыг үзнэ үү].) Дараа нь дараах асуултуудыг тавь.

  • Паул хөрвөгдсөнийхөө үр дүнд ямар арга замаар өөрчлөгдсөн гэж та нар бодож байна вэ?

  • Эдгээр өөрчлөлт гарах боломжийг олгосон ямар зүйл тохиолдсон бэ?

  • Паулын хөрвөлт бидэнд хэрхэн хөрвөгдөх талаар юу зааж байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христийн үгсийг дагаснаар бүрэн дүүрэн хөрвөгдөж чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Энэ зарчим хөрвөгдөхийг хүсэж байгаа хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?

Нэг суралцагчийг сайн мэдээний тухай гэрчлэлтэй байх болон үүнд үнэнээсээ хөрвөгдөх хоёрын хоорондох ялгааг тайлбарласан Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Л.Оскарсон эгчийн хэлсэн дараах мэдэгдлийг уншихад урь.

Зураг
Бонни Л.Оскарсон

“Жинхэнэ хөрвөлт гэдэг нь сайн мэдээний зарчмуудын талаар зөвхөн мэдлэг, гэрчлэлтэй байхаас ч илүү чухал юм. Сайн мэдээний дагуу амьдраагүй мөртлөө энэ талаар гэрчлэлтэй байж болдог. Үнэхээр хөрвөгдөнө гэдэг нь бид итгэдэг зүйлийнхээ дагуу үйлдэж байна гэсэн үг. … 

… Хөрвөлт нь биднийг гэр орон болон ангидаа сурсан зөв шударга зарчмуудынхаа дагуу үйлдэх үед ирдэг. Бид цэвэр байж, ариун журамтай амьдран, Ариун Сүнстэй нөхөрлөхдөө баясах үед хөрвөлт тохиодог (“Хөрвөгдөцгөө, та нар минь,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 86, 87).

Би сайн мэдээнд хэрхэн үнэнээсээ хөрвөгдөж чадах вэ? гэсэн асуултыг чанга унш эсвэл самбар дээр бич. Суралцагчдыг хариултаа хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Паулыг хөрвөгдсөний дараа Их Эзэн түүнийг Иерусалимаас холдуулж, харийнхны дунд номлогч байхаар явуулсан гэдгийг сонсогчдодоо хэлсэн болохыг тайлбарлан, Үйлс 22:17–30-ийг нэгтгэн дүгнэ. Тэгэхэд сонсогчид Паулыг алах ёстой гэж тунхагласан байна. Паулыг гэмт хэрэгтнийг шившиглэж, түүнээс мэдээлэл олж авахын тулд ерөнхийдөө ашигладаг шийтгэл болох ташуурдах эсвэл ороолгохыг шийддэг Иерусалим дахь Ромын армийн захирагчийн өмнө аваачжээ. Хэдий тийм ч Ромын захирагч Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд, Ромын иргэнийг “шүүхгүйгээр” (25-р шүлэг) хүлж эсвэл ташуурдах нь Ромын хуулийн эсрэг байсан тул түүнийг ташуурдахгүй байхаар шийдсэн. Тэд оронд нь түүнийг Иудейн засаг захиргааны зөвлөл болох Санхедрины ахлах тахилчдын өмнө авчирсан байна.

Үйлс 20–22 дээр заасан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлc 22:1–24. Паул сайн мэдээг хуваалцах зоригтой байв

Төлөөлөгч Паул үр дагавар нь ноцтой байх байсан ч Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцах зоригтой байв (Үйлс 22:1–24-ийг үзнэ үү). Ерөнхийлөгч Томас С.Монсон, хэдийгээр түгээмэл биш ч зөв зүйлийг хийх зоригтой байх нь Есүс Христийн шавь нараас одоо ч шаардагдсаар байгаа гэж заахдаа:

“Зориг нь олон янзаар илэрдэг. Христийн шашинтан зохиолч Чарлес Свиндоллын бичсэнээр ‘Зориг нь дайны талбараар … эсвэл гэртээ орсон хулгайчийг барьсан төдийгөөр хязгаарлагддаггүй. Зоригийн жинхэнэ шалгуур илүү чимээгүй байдаг. Тэдгээр нь та нарыг хэн ч хараагүй байхад итгэлтэй байх, … хүмүүст үл ойлгогдсон үедээ ч ганцаараа бат зогсох гэх мэт дотоод шалгууруудтай байдаг.’ Үүнээс гадна дотоод зориг гэдэг нь шоолуулах байсан ч итгэлээ хамгаалж, найз нөхдийнхөө дунд ч юм уу нийгэмд эзэлдэг байр сууриа алдахаар байсан үедээ ч итгэлдээ үнэнч байж, зөв зүйл хийхийг хэлдэг. Зөв зүйлийн төлөө тууштай зогсдог хүн үл хүндлэгдэх юм уу нэр хүндгүй болох золиослолыг зарим үед хийдэг байх ёстой” гэжээ (“Хүчтэй бөгөөд зоригтой бай,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87).