150-р хичээл
Иуда
Оршил
Иуда Сүмийн гишүүдийг хуурамч багш нарын эсрэг, итгэлийнхээ төлөө хичээл зүтгэл гарган тэмцэхэд ятгасан. Тэрээр хуурамч багш нарыг дүрслэн хэлээд, гэгээнтнүүдэд Есүс Христийн сайн мэдээн дээр амьдралаа барьж босгохыг зөвлөсөн. Иудаг Есүс Христийн эх нэгтэй дүү хэмээн үе дамжин ойлгодог (Матай 13:55-ыг үзнэ үү). Иуда нь Иерусалимд өндрөөр үнэлэгддэг Сүмийн идэвхтэй гишүүн байсан.
Заах зөвлөмж
Иуда 1:1–19
Иуда Сүмийн гишүүдийг хуурамч багш нарын эсрэг, итгэлийнхээ төлөө хичээл зүтгэл гарган тэмцэхийг ятгасан.
Дараах зохиолуудыг чанга уншаад, суралцагчдыг юу гэж хариулахаа тунгаан бодоход урь.
-
Нэгэн найз чинь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сайт дээр ижил хүйстний гэрлэлтийн талаарх Сүмийн байр суурийг шүүмжилсэн мэдэгдэл бичсэн байв.
-
Таныг Сүмийн гишүүн гэдгийг нэг хөрш чинь мэджээ. Тэр Мормоны Номыг уншсан бөгөөд уг ном нь урам өгсөн уран зохиол байсан ч Бурханы үг биш гэж мэдэрсэн гэдгээ танд хэлэв.
-
Сургуулийн хичээл дээр болсон ярилцлагын үеэр нэг хүүхэд порнограф нь аюулгүй бөгөөд хориглох шаардлагагүй гэж мэтгэлцэв.
-
Хүн иймэрхүү нөхцөл байдалд ямар ямар арга замаар хариулж болох вэ?
Нэг суралцагчийг Иуда 1:3–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иуда Сүмийн гишүүдэд юуны тухай сэрэмжлүүлснийг олж мэдэхийг хүс.
-
4-р шүлэгт цэдэглэснээр, Иуда Сүмийн гишүүдэд юуны тухай сэрэмжлүүлсэн бэ?
Суралцагчдад хорон санаатай “бурхангүй тэд” Сүмийн эгнээнд аажмаар орж ирсэн гэдгийг ойлгоход нь тусал. Тэдгээр Сүмийн гишүүн Бурхан нигүүлсэнгүйгээр уучилдаг учир ач ивээлийн сургаалаар нүгэл үйлдэх бүрэн зөвшөөрлийг олгосон гэж заан, ялзрал, ёс суртахуунгүй үйл ажиллагаануудыг дэмждэг байсан. Тэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх зарим үнэнийг бас үгүйсгэсэн. “Урьдаас ял шийтгэлийнх нь тухай бичигдсэн” (4-р шүлэг) гэдэг хэллэг нь ийм хүмүүсийн ял шийтгэлийн талаар эрт дээр үед бичсэн байсан гэсэн утгатай юм.
-
Иуда тэр хүмүүсийн дэлгэрүүлж байсан хуурамч сургаал, ялзарсан үйлдлүүдийг хараад, итгэлтэй Сүмийн гишүүдийг юу хийхэд ятгасан бэ? (“Итгэлийн төлөө тэмцэх” [3-р шүлэг].)
“Ариун хүмүүст нэгэнт бүрмөсөн тушаагдсан итгэл” (3-р шүлэг) гэдэг нь Аврагчийн болон Түүний төлөөлөгчдийн заасан үнэн, хууль, ёслолууд болох Есүс Христийн сайн мэдээг хэлж байгаа гэдгийг тайлбарла.
-
Бид хуурамч сургаал, ялзарсан үйлдлүүдийг даван гарах Есүс Христийн дагалдагчдын үүрэг хариуцлагын талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрсдийн үгээр Есүс Христийн дагалдагчид нь хуурамч сургаал, ялзарсан үйлдлүүдийн эсрэг, Есүс Христийн сайн мэдээний төлөө хичээл зүтгэл гарган тэмцэх ёстой гэсэн үнэнийг олж тогтоож болно.)
-
Та нар сайн мэдээний төлөө хичээл зүтгэл гарган тэмцэх гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (Бид сайн мэдээг зоригтой зааж, гэрчлэх хэрэгтэй. Гэхдээ бид ийнхүү үйлдэхдээ эелдэг бус, дээрэлхүү эсвэл зөрчилдөх хүсэлтэй байх ёсгүй [Алма 38:12; 3 Нифай 11:29-ийг үзнэ үү].)
-
Бид зөрчилдөхгүйгээр сайн мэдээний төлөө хэрхэн тэмцэх вэ?
Суралцагчдад энэ хичээлийн эхэнд танилцуулсан нөхцөл байдлуудын талаар сануул.
-
Бидэнд эдгээр болон үүнтэй адил нөхцөл байдалд хуурамч сургаал, ялзарсан үйлдлүүдийн эсрэг тэмцэх ямар ямар арга байдаг вэ?
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах үгийг уншихад урь. Суралцагчдаас нэг залуу эмэгтэй сайн мэдээний төлөө хэрхэн тэмцсэнийг сонсохыг хүс.
“Би Нэгдсэн Улсад амьдардаг, Лоорэлын насны нэг охинтой саяхан ярилцсан юм. Би түүний э-мэйлээс эш татан уншъя.
“‘Өнгөрсөн жил манай зарим найз фэйсбүк дээр гэрлэлтийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Олон нь ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж, хэд хэдэн ХҮГ өсвөр үеийнхэн үүн дээр “Like” дарсан байв. Би ямар нэгэн сэтгэгдэл үлдээсэнгүй.
Би сайтар бодсоны эцэст уламжлалт гэрлэлтийн талаарх өөрийн итгэл үнэмшлийг хуваалцахаар шийдлээ.
‘Би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтэд итгэдэг’ гэж өөрийн зурган дээр гарчиг нэмэв. Тэгтэл тэр даруй би мессежүүд хүлээн авч эхэлсэн юм. “Чи бол хувиа бодогч.” “Чи бол шүүмжлэгч.” Нэг нь намайг боолчлогчтой адилтгаж байв. Сүмийн сайн гишүүн, дотны найз маань хүртэл “Чи цаг үетэйгээ хөл нийлүүлэх хэрэгтэй. Юм өөрчлөгдөж байна. Чи ч гэсэн өөрчлөгдөх хэрэгтэй” гэж бичсэн байв.
Би тэдэнтэй дахин тэмцэлдээгүй ч бичсэн үгсээ арилгаагүй’ гэж тэр хэлсэн.
Тэрээр ерөнхийлөгч Монсоны хэлснээр заримдаа “та нар ганцаар зогсох ёстой” хэмээн төгсгөсөн байв. Өсвөр үеийнхний хувьд бид Бурханы болон Түүний амьд бошиглогчдын сургаалуудад үнэнч байж, хамтдаа зогсоно гэдэгт найдаж байна’” (“Сүнслэг шуурганууд,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33–34).
-
Энэ залуу эмэгтэй сайн мэдээний төлөө хэрхэн тэмцсэн бэ?
-
Та болон таны мэддэг хэн нэгэн хүн хэзээ Есүс Христийн сайн мэдээний төлөө тэмцэх хэрэгтэй болсон бэ? Та тэр явдлаас ямар сургамж авсан бэ?
Тэднээс Есүс Христийн сайн мэдээний төлөө тэмцэхийн тулд юу хийж болох тухай тунгаан бодохыг хүс. Тэднийг хүлээн авдаг өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
Иуда тэдгээр тэрслэгч Сүмийн гишүүнийг Бурханы эсрэг тэрсэлж, шүүлтэд нь зовж шаналсан Хуучин Гэрээний үеийн хүмүүстэй харьцуулсан гэдгийг тайлбарлан, Иуда 1:5–7-г нэгтгэн дүгнэ. Тэр хүмүүс дотор цөлд устгагдсан Израилийн хүүхдүүдийн олон нь мөн галд устгагдсан Содом, Гоморрагийн хүмүүс багтсан. Иуда тэрслэгч Сүмийн гишүүдийг “байр сууриа сахилгүй” эсвэл мөнх бус байдлын өмнөх оршихуйд Бурханы эсрэг тэрслээд, Түүний дэргэдээс хөөгдсөн хүмүүстэй бас харьцуулсан (Иуда 1:6; мөн Абрахам 3:22–26-г үзнэ үү).
Хуурамч багш нарын шинж чанарууд гэсэн гарчгийг самбар дээр бич.
Бид Иуда 1:8–16-аас Сүм дотор ялзарсан гүн ухаан, үйлдэл зэргийг тараагч хүмүүсийг танихад Сүмийн гишүүдэд туслах олон шинж чанарыг дүрсэлсэн байдгийг уншдаг гэдгийг тайлбарла. Энэ санааг тайлбарлахын тулд Иуда 1:12 дээрх “салхинд туугдах хургүй үүл” мөн “үр жимсгүй намрын мод” зэрэг хэллэгүүдийг онцолж хэл.
-
Хуурамч багш нар хэрхэн хургүй үүл, жимсгүй мод шиг байж болох вэ?
Суралцагчдыг гурав эсвэл дөрвөөр нь бүлэг болгон хуваарил. Суралцагчдад бүлгийн гишүүдтэйгээ хамт Иуда 1:8, 10, 14–19-ийг уншаад, хуурамч багш нарын өөр бусад шинж чанарыг олж мэдэхийг зааварла. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тэмдэглэхийг хүс. Та “эцсийн үед” (18-р шүлэг) гэдэг нь Иудагийн амьдарч байсан цаг үеэс гадна бидний амьдрах сүүлчийн өдрүүдийг хэлсэн гэдгийг тайлбарлах хэрэгтэй болж мэднэ.
Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг самбарын өмнө гараад, олж мэдсэн хуурамч багш нарын нэг шинж чанарыг бичихэд урь. Суралцагчид дараах шинж чанаруудыг багтаан бичиж болно (та суралцагчдад уншсанаа ойлгоход нь туслахын тулд эдгээр тодорхойлолтын заримыг ашиглах хэрэгтэй болж мэднэ.)
-
Сүнсгүй байх нь самбарт жагсаасан шинж чанарууд руу хэрхэн хөтөлдөг вэ?
-
Яагаад хуурамч багш нарын шинж чанаруудыг таньж мэдэх нь чухал вэ?
Эдгээрээс нэг юм уу түүнээс олон шинж чанарыг агуулсан мөн ямар нэг зүйлийг буруу заадаг хүн бүр Иудагийн дүрсэлсэн хуурамч багш биш гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Ийм хүн гэмгүй мөн тэр сэдвийн талаар буруу ойлгосон байж болно. Гэсэн хэдий ч, эдгээр шинж чанар нь хууран мэхэлж, хилэнцийг дэмжих замаар бусдын итгэл, дуулгавартай байдлыг сулруулахыг хичээдэг хуурамч багш нарыг танихад бидэнд тусалж чадна.
Суралцагчдыг Иуда 1:17–18-ыг чимээгүй давтахад урь.
-
Хэн Сүмийн гишүүдэд хуурамч багш нарын тухай өмнө нь сэрэмжлүүлсэн бэ?
-
Бид эдгээр шүлгээс хуурамч багш нарын эсрэг тэмцэх бидний хичээл зүтгэлд төлөөлөгч, бошиглогчид хэрхэн тусалж чадах талаар ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Төлөөлөгч, бошиглогчид нь бидний итгэл, дуулгавартай байдлыг сулруулахыг эрэлхийлдэг хүмүүсийг таньж мэдэхэд бидэнд тусалдаг бөгөөд биднийг сэрэмжлүүлдэг гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас түүний хэлсэн үг хэрхэн энэ үнэнийг тусгаж байгааг олж сонсохыг хүс.
“Өнөөдөр бид та нарт хуурамч бошиглогч, багш нар ихсэж байгааг анхааруулж байна. Хэдийгээр бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн итгэлтэй гишүүдийн дунд байдаг ч гэсэн болгоомжтой байхгүй бол тэдэнд мэхлэгдэж, хохирогч болох болно гэдгийг сэрэмжлүүлж байна” (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 62).
-
Энэ үнэнээс үзэхэд бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судлах нь яагаад чухал вэ?
-
Орчин үеийн бошиглогч, төлөөлөгчид ямар хуурамч сургаалын талаар сэрэмжлүүлсэн бэ?
Иуда 1:20–25
Иуда гэгээнтнүүдэд Есүс Христийн сайн мэдээн дээр амьдралаа байгуулахыг мөн бусдыг аврахад туслахыг зөвлөдөг
Бид … итгэлдээ үнэнч үлдэж чадна гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич.
Нэг суралцагчаас Иуда 1:20–21-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иуда гэгээнтнүүдэд итгэлдээ үнэнч үлдэхийн тулд юу хийхийг зааварласныг олж мэдэхийг хүс. Та “Ариун Сүнсээр залбирах” гэдэг нь Ариун Сүнсний удирдамжийн тусламжтай залбирах гэсэн утгатай гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.
-
Та 20–21-р шүлэгт цэдэглэсэн зүйл дээр үндэслээд самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчид Бид Есүс Христийн сайн мэдээн дээр амьдралаа босгосноор итгэлдээ үнэнч үлдэж чадна гэсэн байдлаар өгүүлбэрийг гүйцээж болно.)
-
20–21-р шүлэг дээрх Иудагийн нэмэлт зааварчилгааг дагах нь бидэнд итгэлдээ үнэнч үлдэхэд хэрхэн туслах вэ?
-
Итгэлдээ үнэнч байх нь яагаад хичээл зүтгэл гаргах ач холбогдолтой зүйл вэ?
-
Иудагийн зөвлөснөөр амьдрах нь хэрхэн танд болон таны мэддэг бусад хүнд итгэлдээ үнэнч үлдэхэд тусалсан бэ?
Судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ Иудагийн зөвлөгөөг илүү сайн дагаж болох нэг арга замыг бичихийг суралцагчдаас хүс. Тэднийг бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.
Иуда хуурамч багш нарын нөлөөллөөс болж сүнслэг байдлаараа тэмцэлддэг байж магадгүй хүмүүст туслахыг Сүмийн итгэлтэй гишүүдэд зөвлөөд, Бурханд магтаал өргөсөн гэдгийг тайлбарлан, Иуда 1:22–25-ыг нэгтгэн дүгнэ.
Хичээл дээр ярилцсан үнэний тухай гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.
Төгс эзэмших судрын дүгнэлт
Суралцагч бүрд өөр өөр төгс эзэмших судар оноож өг. Суралцагчдад оноосон төгс эзэмших судрын сургаал, зарчмыг хэрэгжүүлж болох бодит амьдралаас сэдэвлэсэн хувилбарыг нэг цаасан дээр бичихийг зааварла. Суралцагчдыг бичиж дууссаны дараа тэдний хувилбарыг цуглуулж ав. Цөөн хувилбарыг уншаад, суралцагчдыг төгс эзэмших судар дахь сургаал, зарчмыг хувилбар бүрд хэрхэн хэрэглэж болохыг хуваалцахад урь. Та зарим хувилбарыг ирэх долоо хоногийн хичээлийн эхэнд эсвэл төгсгөлд танилцуулж болно.