97-р хичээл
Үйлс 23–26
Оршил
Иудейн удирдагчид Паулыг байцаасан бөгөөд бүлэг иудейчүүд түүнийг алахаар хуйвалдав. Паулыг Кайсарид аваачсан бөгөөд тэрээр тэнд худал мэдүүлгийн эсрэг хэд хэдэн Ромын удирдагчийн өмнө өөрийгөө хамгаалав. Тэр хөрвөлтийнхөө түүхийг өгүүлээд, Есүс Христийн тухай гэрчилсэн.
Заах зөвлөмж
Үйлс 23–25
Паул хавчигдаж, шүүгдэж мөн шоронд хоригдов
Хичээлийн өмнө хуудас цаасан дээр Бурханы зарлигууд ба адислал гэж бич. Наадаг тууз юм уу уяа ашиглан, ангийн нэг хэсгийг тусгаарлаад, уг тусгаарласан газар хуудас цаасаа шалан дээр тавь. Хичээл эхлэхэд нэг суралцагчийг Бурханы зарлигууд ба адислалыг төлөөлсөн хэсэгт зогсоход урь.
-
Бид Бурханы зарлиг, сургаалуудыг дагаж, Түүнд илүү ойртсоноор хүлээн авч чадах адислалын зарим нь юу вэ?
Нөгөө суралцагчийг Бурханы зарлигууд болон адислалыг төлөөлсөн хэсгээс гарч явахад урь.
-
Хэн нэгнийг Бурханы зарлиг, сургаалуудын дагуу амьдрахаас холдуулах юм уу болиулах дэлхийн ямар зарим нөлөөлөл байж болох вэ?
-
Хүмүүс өөрсдийгөө Бурханаас холдуулбал юу тохиолдож болох вэ?
Уг суралцагчид талархаад, түүнийг суудалдаа суухад урь. Суралцагчдыг тэд одоо аль зүгт харж байгааг болон Тэнгэрлэг Эцэгт хэр ойр эсвэл хол байгаа гэж мэдэрч байгаагаа эргэцүүлэн бодохыг хүс. Суралцагчдыг Үйлс 23–26-г судалж байхдаа өөрсдийгөө Бурханаас мөн Түүний адислалаас холдож байгаагаа мэдрэх үед өөрсдөдөө туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Паул Иерусалим дахь ариун сүмийн гаднаас баривчлагдаж, Иудейн удирдагчдын өмнө авчрагдсан гэдгийг суралцагчдад сануул (Үйлс 21:30–33; 22:23–30-ийг үзнэ үү). Паулыг эдгээр Иудейн удирдагч байцааж мөн шоронд хорьсон гэдгийг тайлбарлан, Үйлс 23:1–10-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Үйлс 23:11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулыг шоронд байхад юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Их Эзэн Паулыг шоронд байхад түүнд юу гэж хэлсэн бэ?
Суралцагчдад Үйлс 23:9–10 дээр цэдэглэсэн, Паулыг Их Эзэний ажлыг хийж байхад Тэрээр түүнтэй хамт байж, хамгаалах болно гэсэн амлалтыг сануул. Суралцагчдыг “Эзэн Паулын дэргэд зогсон” гэсэн үгсийг тэмдэглээд, 11-р шүлгийн дэргэд холбогдох эшлэл болгон Үйлс 18:9–10-ыг бичихийг бодож үзэхэд урь.
Нэг суралцагчийг дараах товч дүгнэлтийг чанга уншихад урь.
Үйлс 23:12–25:27 дээрээс бид Паулыг баривчилсан Ромын захирагч бүлэг иудей хүнд түүнийг алуулахаас болгоомжлон Кайсари руу явуулсан тухай суралцдаг. Паул Ромын захирагч Феликийн өмнө өөрийн гэм зэмгүйг тунхаглажээ. Хэдийгээр Фелик Паулын гэм зэмгүйд итгэсэн ч түүнийг хоёр жилийн турш гэрт нь хорьсон юм. Феликийн оронд Фест Иудейн Ромын захирагч болж ирэв. Галилын тэнгисийн зүүн хойд хэсэгт орших бүс нутгийг захирдаг Херод Агрийп хаан Фест дээр айлчлан ирээд, Паулын хэргийг сонсохыг хүссэн. Паул Агрийп хааны өмнө авчрагдав.
Үйлс 26
Паул хөрвөлтийнхөө түүхийг өгүүлээд, Агрийп хааны өмнө Есүс Христийн тухай гэрчлэв
Цөөн суралцагчийг Үйлс 26:4–11-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Агрийп хаанд өнгөрсөн амьдралаа хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.
-
Паул Агрийп хаанд өнгөрсөн амьдралаа хэрхэн дүрсэлсэн бэ?
Дараа нь Паул Аврагчийн тухай үзэгдлээ өгүүлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Үйлс 26:16–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэний Дамаск орох зам дээр Паулд өгсөн номлолыг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Паулд ямар номлол өгсөн бэ? (Та суралцагчдад Их Эзэний Паулд өгсөн номлолыг дүрсэлсэн хэллэгийг тодотгон тэмдэглэхийг санал болгож болно.)
Энэ хам сэдэвт өв (18-р шүлэг) гэдэг үг нь Бурханы селестиел хаант улсад орохыг хэлж байгааг тайлбарла.
-
Хэн нэгнийг харанхуй болон Сатаны нөлөөллөөс холдож, гэрэл болон Бурханы зарлиг, адислал руу эргэхэд юу тусалж чадах вэ?
Нэг суралцагчийг Үйлс 26:19–23-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул иудейчүүд болон харийнханд хоёуланд нь 18-р шүлэгт дурдсан адислалыг хүлээн авахын тулд юу хий гэж заасныг олж мэдэхийг хүс. 20-р шүлэгт буй “гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн“ гэдэг үгс нь үнэнээсээ гэм нүглээ наманчилснаа үзүүлэхийн тулд зөв шударга амьдарна гэсэн үг байж болно гэдгийг та тайлбарлаж болно.
-
20-р шүлэгт цэдэглэснээр, Паул иудейчүүдэд болон харийнханд хоёуланд нь юу хийхийг заасан бэ?
Хэрэв бид наманчилж, Бурхан руу эргэвэл … гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич.
-
Та нар 18-р шүлгээс ойлгож мэдсэн зүйл дээрээ үндэслээд самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээх вэ? (Самбар дээрх мэдэгдлийг дараахтай адил уншихаар гүйцээж бичээд, суралцагчдын хариултыг нэгтгэн дүгнэ. Хэрэв бид наманчилж, Бурхан руу эргэвэл өөрсдийн амьдрал дахь Сатаны хүчийг ялан дийлж, нүглүүдээсээ өршөөгдөж, селестиел хаант улсад орох эрхтэй болно.)
Суралцагчдад энэхүү зарчмыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлсэн дараах мэдэгдлийг (суралцагчид мэдэгдлийн нэг хувийг өгөхийг бодож үз) чанга уншихад урь.
“Бид нүгэл үйлдсэн үедээ Бурханаас нүүр буруулдаг. Харин нүглээ наманчилсан үед Бурхан руу эргэдэг.
Наманчлалын урилга шүүмжлэх дуу хоолой байх нь ховор, харин нүгэлт замаасаа буцаж, Бурхан руу ‘дахин эргэх’ хайрын уриалга байдаг [Хиламан 7:17-г үзнэ үү]. Энэхүү урилга нь төгс хүмүүс болох хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг болон Түүний Төрсөн Ганц Хүүгээс ирдэг бөгөөд амьдралаа улам дээшлүүлж, өөрчлөхөд, зарлигуудыг сахиснаас ирдэг аз жаргалыг мэдрэхэд уриалан дууддаг билээ” (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46).
-
Ахлагч Андэрсэны хэлснээр бид наманчилж, Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ рүү эргэснээр юунд хүрэх вэ?
Суралцагчдыг Үйлс 26-г үргэлжлүүлэн судалж байхдаа Фест, Агрийп хаан хоёрыг наманчилж, Бурхан руу эргэн, Есүс Христэд хөрвөгдөхөд юу саад болсныг олж мэдэхэд урь. Есүс Христэд хөрвөгдөхийн тулд … гэсэн бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич.
Суралцагчдыг хос болгон хуваарил. Суралцагчдыг Үйлс 26:24–28-ыг хамтрагчтайгаа уншихад урь. Фест, Агрийп хаан хоёр Паулын сургаал болон Аврагчийн тухай гэрчлэлд тус бүрдээ хэрхэн хандсаныг тодорхойлон, харьцуулахыг тэднээс хүс. Суралцагчдыг хамтрагчидтайгаа уншиж, ярилцаж байхад дараах хүснэгтийг (гарчгийн доорх мэдэгдлүүдийг багтаасны хэрэггүй) самбар дээр хуулж бич.
Паулын сургаалд үзүүлсэн хариу үйлдэл | |
---|---|
Фест |
Агрийп хаан |
Чанга дуугаар ярьсан Паулыг солиорчээ гэж хэлсэн Паулыг галзуурсан хэмээн буруутгасан |
Христийн шашинтан болох ятгалганд орохоо шахсан |
Хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчийг самбарын өмнө гараад, олж мэдсэн зүйлээ бичихэд урь (хариултууд нь дээрх хүснэгтэн дээрх үгстэй төстэй байх ёстой).
-
Паулын айлдсан сургаалын талаарх Фестийн санаа бодлыг илтгэсэн хариу үйлдэл нь юуг илчилсэн бэ? (Үл итгэх гэдэг үгийг “Фест” гарчгийн доор буй суралцагчдын хариултанд нэмж бич.)
-
27-р шүлэгт цэдэглэснээр, Паул Агрийп хааны тухай юу мэднэ гэж хэлсэн бэ? (Бошиглогчдод итгэсэн гэсэн үгийг “Агрийп хаан” гарчгийн доор нэмж бич.)
-
Агрийпийн Христийн шашинтан болох шийдвэрийн тухай Паулд хэлсэн тайлбараас бид юу мэдэж болох вэ (28-р шүлгийг үзнэ үү)? (“Агрийп хаан” гарчгийн доор Шийдвэр төгс байх хүсэлгүй байсан хэмээн нэмж бич.)
Нэг суралцагчийг Үйлс 26:29-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Агрийп хааны богинохон хугацаанд Христийнх болгох нь ээ гэсэн үгсэд юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Хаанд болон өөрийнх нь сургаалыг сонссон тэдгээр бүх хүнд Паул юу хүсэж байсан бэ?
-
Фестийг Есүс Христэд хөрвөгдөхөд юу саад болж байсан гэж та нар бодож байна вэ?
-
Агрийп хааныг хөрвөгдөхөд юу саад болсон гэж та нар бодож байна вэ?
-
Есүс Христэд хөрвөгдсөн байхын тулд юу хийх ёстой талаар Фест болон Агрийп хаанаас бид юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христэд хөрвөгдсөн байхын тулд бид итгэхээр сонгож, сайн мэдээний дагуу амьдрах шийдвэр төгс байх ёстой гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах түүхийг чанга уншихад урь.
“Ах дүү хоёр хөвгүүн цэнхэр нуурын толигор ус руу өнгийсөн багахан цохионы орой дээр зогсож байлаа. Энэ бол олны мэддэг усанд шумбах газар байв. Хүмүүсийг ус руу үсэрч орохыг харсан ах дүү хоёр үсрээд үзвэл яасан юм гэж олон удаа ярилцсан аж.
Тэд хоёул үсрэхийг хүссэн ч хэн нь ч эхэлж үсрэхийг зүрхэлдэггүй байв. Цохио нэг их өндөр байгаагүй ч хоёр хөвгүүнийг өнгийж харах болгонд цохио улам ч өндөр болсон мэт санагдаж, хулчийн зүрх алдаж байв.
Эцэстээ ах нь ирмэг дээр нэг хөлөө тавиад шийдэмгий урагшлав. Тэр агшинд дүү нь ‘Ирэх зун хүртэл хүлээвэл яасан юм бэ’ гэж шивнэв.
Гэвч ахынх нь эрч хүч түүнийг урагш хөдөлгөж байлаа. ‘Дүү минь, ах нь шийдвэр төгс байна!’ гэж тэр хариулав.
Тэр ус руу цүлхийтэл үсрэн орсноо, усны мандалд гарч ирэн, ялалтын дуу хадаах нь тэр. Дүү нь тэр даруй ус руу үсэрлээ. Дараа нь тэд ус руу орохдоо эхний хөвгүүний хэлсэн ‘Дүү минь, ах нь шийдвэр төгс байна’ гэж хэлснийг санаад инээлджээ.
“Шийдвэр төгс байх нь усанд шумбахтай бага зэрэг төстэй юм. Чи шийдвэр төгс эсвэл шийдвэр төгс биш байгаа. Чи урагшилж байгаа эсвэл байрандаа зогсож байгаа. Үүнд дундаж зам гэж байхгүй. …
Хагас дутуу шийдвэр гаргах хүмүүс дутуу дулимаг гэрчлэл, баяр баясгалан, амар амгаланг хүлээж болно. Тэнгэрийн цонхнууд тэдэнд мөн л хагас дутуу нээгдэх болно. …
Зарим талаараа, бид бүгдээрээ цохион дээрээс ус руу харан, шийдвэр гаргах гэж байгаа мэт байдаг. Бид итгэлтэй байж, урагш давшин, айдас, эргэлзээгээ зоригтой ялж, ‘Би шийдвэр төгс байна!’ гэж өөрсдөдөө хэлдэг байхын төлөө би залбирч байна.” (“Brother, I’m Committed,” Ensign, 2011 оны 7-р сар, 4, 5).
-
Сайн мэдээний дагуу амьдрах шийдвэр гаргах нь усанд шумбахтай хэр төстэй вэ?
-
Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр сайн мэдээний дагуу амьдрах шийдвэр төгс байх нь “хагас дутуу шийдэхээс“ яагаад илүү чухал вэ?
-
Зарлигууд болон сайн мэдээний зарчмын дагуу амьдрах та нарын шийдвэр Есүс Христэд хөрвөгдөхийг тань хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалсан бэ? (Та өөрийн хувийн жишээнээс хуваалцаж болно.)
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ дагаж амьдрахад шийдвэр төгс байгаа зарлиг, сайн мэдээний зарчмуудын жагсаалтыг бичихэд урь. Тэднийг сайн мэдээний аль зарчмуудыг “байнга” биш харин “бараг байнга” дагаж амьдрах шийдвэр (Үйлс 26:29) гаргадаг талаараа бодож үзэхийг хүс. Эдгээр зарчмын аль нэгийнх нь ойлголт болон дагах шийдвэрээ нэмэгдүүлэхэд тэдэнд туслах нэг зорилгыг бичихэд суралцагчдыг урь. Суралцагчдыг сайн мэдээний дагуу илүү бүрэн дүүрэн амьдарснаар Есүс Христэд хөрвөгдөхийг хичээж байхдаа тусламж гуйн залбирахад урамшуул.
Фест болон Агрийп хаан Паулыг гэм зэмгүйг мэдээд түүнийг чөлөөлж болох байсан ч Паул хэргээ Цезарьт давж заалдсан байсан учраас тэд түүнийг Ром руу хүргэх ёстой болсон гэдгийг тайлбарлан, Үйлс 26:30–32-ыг нэгтгэн дүгнэ.
Үйлс 23–26 дээр заагдсан зарчмуудыг давтаж мөн гэрчилснээр хичээлээ дуусга.