Номын сан
27-р хичээл: Иосеф Смит—Mатай; Maтай 24


27-р хичээл

Иосеф Смит—Maтай; Maтай 24

Оршил

Есүс Христ Иерусалимын болон ариун сүмийн устгалын талаар бошиглов. Тэрээр Өөрийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг илчилж мөн үнэнч итгэлтнүүдийг уг өдрийг харж, тэр өдрийн төлөө бэлтгэхийг зааварчлав.

Заах зөвлөмж

Иосеф Смит—Матай 1:1–20

Есүс Иерусалимын болон ариун сүмийн устгалын талаар бошиглосон

Зураг
Хоёр дахь ирэлт

Хоёр дахь ирэлт зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 66; мөн LDS.org-оос үзнэ үү). Хоёр дахь ирэлтийн талаар өөрсдөдөө байгаа асуултуудын талаар тунгаан бодоод, тэдгээр асуултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг суралцагчдаас хүс. Эдгээр асуултад энэ мөчид хариулахаар хичээх хэрэггүй. Суралцагчдыг Иосеф Смит—Maтай-аас суралцаж байхдаа хариултуудыг олж мэдэхэд урь.

Иосеф Смит—Maтай бол Maтай 23:39 ба Maтай 24-ийн Иосеф Смитийн Орчуулга гэдгийг онцлон хэл. Иосеф Смит—Maтай 1:1–3-ыг дүгнэн, Есүс Христийг Иерусалим дахь ариун сүмд зааж байх үед шавь нар нь Түүнийг дэлхий дээр буцаж ирнэ гэдгийг ойлгосон гэдгийг тайлбарлан ярьж өг. Тэгээд Есүс ариун сүмээс гарч, шавь нар нь Түүн дээр ирж, хэзээ ариун сүм устгагдах талаар илүү ихийг мэдэхийг хүссэн.

Нэг суралцагчийг Иосеф Смит—Матай 1:4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Чидуны уулан дээр шавь нарын Есүсээс асуусан хоёр асуултыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцан, самбар дээр дараах асуултуудыг бичихэд урь. Үүнд:

  1. Иерусалим болон ариун сүм хэзээ устгагдах вэ?

  2. Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн болон ёс бусчуудын устгалын тэмдэг юу вэ?

Есүс Христ эхний асуултад 5–21-р шүлэгт хариулсан мөн хоёр дахь асуулт нь 21–55-р шүлэгт хариулагдсан болохыг тайлбарла. Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднийг хамтрагчтайгаа Иосеф Смит—Maтай 1:5–12-ыг чанга уншин, Иерусалим болон ариун сүмийн устгалтай хамаатай тэмдгүүдийг олж мэдэхийг зааварла. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Хэдийгээр Есүс энэ цагт Түүний шавь нар зүдрэх болно хэмээн хэлсэн ч “гуйвшгүй хэвээр үлдэх [мөн] дийлэгдэх нь үгүй” тэдгээрийн талаар Тэр юу гэж хэлсэн бэ? (11-р шүлэг).

  • Бид 11-р шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид тууштай байж, дийлэгдэхгүй байх аваас аврагдах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдын үгсийг ашиглаад, энэ зарчмыг самбар дээр бич.)

  • Гуйвшгүй, дийлэгдэхгүй байна гэдэг нь юу гэсэн үг вэ? (Гуйвшгүй гэдэг нь хөдөлшгүй, бат бэх, ялагдахгүй байхыг хэлдэг.)

Суралцагчдад 11-р шүлгэн дэх аврагдах гэдэг үгийн утгыг ойлгоход туслахын тулд бид гуйвшгүй байх үедээ өөрсдөд маань тохиолдсон бэрхшээлээс аврагдахгүй байж болох хэдий ч эцэст нь Бурханы хаант улсад аврагдах болно гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад урь. Аврагчийн зөвлөгөөг сахихдаа гуйвшгүй үлдсэн хүмүүс устгалаас хэрхэн аврагдсан болохыг сонсохыг ангийнхнаас хүс.

Бид Иосеф Смит—Maтай 1:13–18-аас Есүс шавь нартаа уул руу зугтахад бэлэн байж, Иерусалим довтлогдож, устгагдах учраас гэр орондоо буцаж ирэхгүй байхыг сэрэмжлүүлсэн гэдгийг сурдаг. Тэдгээр өдрийн гай зовлон Израильд тохиож байсан хамгийн хэцүү бэрхшээлт үе байх болно хэмээн Тэрээр бошиглосон. МЭ 70 онд, Есүсийг эдгээр үгийг ярьснаас хойш 40 орчим жилийн дараа Ромын цэргүүд Иерусалимыг бүсэлж, нэг сая гаруй иудейг хөнөөжээ. Ариун сүм устгагдаж, яг Аврагчийн бошиглосончлон нэг ч чулуу нөгөө чулуун дээрээ үлдээгүй байв (Maтай 24:2-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч, Есүсийн сэрэмжлүүлгийг анхаарсан хүмүүс Иерусалимаас баруун хойш 80 км-ийн зайд байдаг Пелла хот руу аюулгүй дүрвэсэн (Bible Dictionary, “Pella”-г үзнэ үү).

  • Иудейчүүдийн туршлага нь Аврагчийн үгсийг дагахдаа тууштай үлдэхийн ач холбогдлыг хэрхэн харуулж байна вэ?

  • Та нар хэзээ зарлигуудыг дагахдаа тууштай үлдсэнээрээ адислагдаж байсан бэ?

Иосеф Смит—Maтай 1:19–20-ийг дүгнэн, Есүс иудейчүүдийг хэдий агуу бэрхшээлийг туулах боловч тэд өөрсдийн Бурхантай хийсэн гэрээний улмаас хадгалагдан хамгаалагдах болно гэж бошиглосныг тайлбарлан, ярьж өг.

Иосеф Смит—Maтай 1:21–37

Есүс Христ Өөрийн Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар бошиглосон

Аврагч Иерусалимын устгалын талаар сэрэмжлүүлэх тэмдгүүдийг тайлбарласнаас гадна Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаарх тэмдгүүдийн талаар бошиглосноор шавь нарынхаа асуултад хариулжээ.

Нэг суралцагчаас Иосеф Смит—Матай 1:21–23-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаарх тэмдгүүдийг яагаад илчилснийг олж мэдэхийг хүс.

  • Есүс Христийн шавь нарын хувьд Хоёр дахь ирэлтийг харуулах тэмдгүүдийг мэдэх нь яагаад тустай вэ?

Нэг суралцагчийг Иосеф Смит—Матай 1:24–26-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч Хоёр дахь ирэлтээрээ хэрхэн үзэгдэхийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч Өөрийн Хоёр дахь ирэлтээр хэрхэн үзэгдэх вэ?

  • Үүнийг мэдэх нь сонгогдсон хүмүүсийн хувьд мэхлэгдэхгүй байхад хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг Иосеф Смит—Maтай 1:27–31-ийг дотроо уншиж, Хоёр дахь ирэлтийн өмнө тохиох тэмдгүүдийг олж мэдэхэд урь.

  • Хоёр дахь ирэлтийн өмнө хүмүүст ямар ямар бэрхшээл тохиолдох вэ?

  • 27 ба 31-р шүлэг дээр үндэслэхэд, Хоёр дахь ирэлтийн өмнө ямар ямар итгэл найдварын тэмдэг тохиох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Их Эзэний сонгомол хүмүүс цуглуулагдаж, сайн мэдээ бүх дэлхий даяар номлогдсон байх болно гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Бид ямар арга замуудаар энэ бошиглол гүйцэлдэж байгааг хардаг вэ?

Иосеф Смит—Maтай 1:32–36 нь Хоёр дахь ирэлттэй хамаатай нэмэлт тэмдгүүдийг дүрсэлдэг гэдгийг тайлбарла.

Хожмын өдрүүдэд хуурамч Христ болон хуурамч бошиглогчид “сонгогдсон хүмүүсийг мэхлэхээр” эрэлхийлнэ хэмээсэн Аврагчийн сэрэмжлүүлгийг суралцагчдад сануул (22-р шүлэг). Нэг суралцагчийг Иосеф Смит—Матай 1:37-г чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, сонгогдсон хүмүүс мэхлэгдэхээс хэрхэн зайлсхийж чадахыг олж мэдэхийг хүс.

  • Сонгогдсон хүмүүс мэхлэгдэхээс хэрхэн зайлсхийж чадах вэ?

  • Бид энэ шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Их Эзэний үгийг нөөцлөх аваас хууртагдахгүй гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)

Энэхүү зарчмыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах түүхийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Намайг Торонтод номлолын ерөнхийлөгч байх үед надтай хамт үйлчилсэн гайхалтай номлогчдын маань нэг нь хэдэн жилийн дараа надтай уулзахаар ирсэн юм. ‘Ахлагч аа, би чамд яаж туслах вэ?’ гэж би түүнээс асуув.

Тэрээр ‘Ерөнхийлөгч өө, би гэрчлэлээ алдаж байх шиг байна’ гэлээ.

Би түүний хэлсэнд итгэж чадахгүй байлаа. Би түүнээс яаж тийм юм байж болдгийг асуув.

‘Би анх удаагаа Мормоны эсрэг нийтлэл уншиж үзлээ’ гэж тэр хэлдэг юм байна. ‘Надад олон асуулт байна, гэвч хэн ч хариулж өгөхгүй юм. Би төөрч будилаад, тэгээд бас гэрчлэлээ алдаж байх шиг байна’” (“When Shall These Things Be?” Ensign, 1996 оны 12-р сар, 60).

Суралцагчдыг өөрсдөө болон тэдний мэддэг хэн нэгэн, номлогч байсан энэ хүний адил туршлагыг туулж байсан эсэх талаар тунгаан бодохыг хүс.

  • Та нар ийм байдалд байгаа хүнд ямар зөвлөгөө өгөх вэ? Яагаад?

Нэг суралцагчийг ахлагч Баллардын түүхийг үргэлжлүүлэн чанга уншихад урь.

“Түүнд ямар асуулт байгааг асуусанд тэр надад хэлэв. Тэдгээр нь Сүмийн эсрэг байдаг л асуудлууд байсан боловч би илүү утга учиртай хариу өгөхийн тулд материал цуглуулахад бага зэрэг цаг хугацаа хэрэгтэй байгааг хэллээ. Тэгээд бид 10 хоногийн дараа уулзахаар цаг тохирч, би бүх асуултад хариулах болно гэж хэлсэн юм. Би түүнийг явах гэхэд нь зогсоогоод,

“‘Ахлагч аа, чи надаас өнөөдөр хэд хэдэн зүйл асуулаа. Одоо надад чамаас асуух нэг зүйл байна’ гэлээ.

“‘За, ерөнхийлөгч өө?’

“‘Чи Мормоны Номоос хамгийн сүүлд уншсанаас хойш хэр удаж байна вэ?’ гэж би асуулаа.

“Тэр доош харав. Тэр хэсэг зуур шал ширтэн зогссон юм. Тэгээд над руу харав. ‘Их удсан байна, ерөнхийлөгч өө’ хэмээн тэр үнэнээ хэлэв.

“‘За яахав’ гэж би хэлээд, ‘Чи надад даалгавар өгсөн. Одоо би чамд даалгавар өгвөл шударга байх болно. Би чамаас одооноос эхлээд бид хоёрыг дахиж уулзтал Мормоны Номыг өдөр бүр доод тал нь нэг цаг уншина гэж надад амлахыг хүсэж байна’ гэлээ. Тэр зөвшөөрөв.

“Арав хоногийн дараа түүнийг ажил дээр маань эргэж ирэхэд би бэлэн болсон байлаа. Би түүний асуултуудад хариулж эхлэхийн тулд цаасаа гаргаж ирэхэд, тэр намайг зогсоов.

“‘Ерөнхийлөгч өө, энэ одоо хэрэг болохгүй’ гэж тэр хэлэв. ‘Би Мормоны Ном үнэн гэдгийг мэднэ. Би Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэдгийг мэднэ’ гэлээ.

“‘За, маш сайн байна’ гэж би хэлэв. ‘Гэсэн ч чи асуултуудынхаа хариултыг ямар ч байсан авах болно. Би үүн дээр маш удаан ажилласан, тиймээс чи тэнд суугаад намайг сонс.’

“Тэгээд би түүний бүх асуултад хариулаад, түүнээс ‘Ахлагч аа, чи эндээс юу олж мэдэв?’ гэж асуулаа.

“Тэрээр ‘Их Эзэнд бусдад зориулдагтай адил цаг хугацааг өг’” гэж хэлсэн юм (“When Shall These Things Be?” 60).

  • 37-р шүлэгт бидний тодорхойлсон зарчмыг энэ туршлага хэрхэн үзүүлж байна вэ?

  • Та нар Их Эзэний үгийг нандигнан хадгалснаараа хэрхэн адислагдаж байсан бэ?

Иосеф Смит—Maтай 1:38–55

Есүс шавь нартаа Өөрийнх нь Хоёр дахь ирэлтэд бэлтгэлтэй байхыг зааварчлав

Есүс Өөрийнх нь үгийг хэрхэн нандигнан нөөцлөх мөн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэлтэй байх талаар сургаалт зүйрлэлүүдийг ашиглан шавь нартаа зааварлав.

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийн нэгийг Иосеф Смит—Maтай 1:38–46-г судалж, нөгөөг Иосеф Смит—Maтай 1:47–54-ийг судлахыг даалга. Суралцагчдыг өөрсдөд нь хуваарилагдсан шүлгүүдээс сургаал, зарчмуудыг олж мэдэхэд мөн тэдгээрийг бичихэд урь.

Хангалттай хугацаа өнгөрсний дараа уншсан сургаалт зүйрлэлүүдээ хамтрагчдаа дүгнэн ярьж өгөөд, дараах асуултуудыг ярилцахыг суралцагчдаас хүс.

  • Та нар ямар ямар үнэнийг тодорхойлсон бэ?

  • Та нарын судалсан шүлгүүдэд эдгээр үнэнийг Аврагч хэрхэн үзүүлсэн бэ?

Хэдэн суралцагчийг өөрсдийн тодорхойлсон үнэнүүдийг хуваалцахад урь, үүнд дараах зүйлс багтаж болно. Тухайлбал: Аврагчийн Хоёр дахь ирэлт хэзээ тохиохыг зөвхөн Тэнгэрлэг Эцэг мэддэг. Хэрвээ бид тэмдгүүдийг ажиглаж, Их Эзэний зарлигуудыг дагах аваас Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэлтэй байх болно.

Иосеф Смит—Maтай-аас тодорхойлсон үнэнүүдийг давтан, тэдний хичээлийн эхэнд бичсэн асуултуудад хариулахад эдгээр үнэн хэрхэн туслах талаар бодохыг суралцагчдаас хүс. Тэднийг мэдэж авсан үнэнүүдийнхээ талаар гэрчлэхэд урь.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах үгсийг чанга уншихыг хүс (боломжтой бол суралцагчдад тараах хуулбар хувийг бэлд).

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Түүний ирэх өдөр маргааш байвал яах вэ? Хэрэв бид маргааш зуурдын үхлээр үхвэл эсвэл Түүнийг гэнэт ирэхэд Их Эзэнтэй уулзана гэдгээ мэдэж байгаа бол өнөөдөр юу хийх вэ? Бид ямар нүглээ наманчлах вэ? Бид ямар зуршлаа хаях вэ? Бид ямар асуудлаа шийдэх вэ? Бид ямар уучлалыг үзүүлэх вэ? Бид ямар гэрчлэл хуваалцах вэ?

“Хэрэв бид эдгээр зүйлийг тэр үед хийнэ гэснээс яагаад одоо хийж болохгүй гэж? (“Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 9).

Хэрвээ би маргааш Их Эзэнтэй уулзахаа мэдэж байсан бол өнөөдөр юуг өөрчлөх вэ? гэсэн асуултад хариулж бичихэд суралцагчдыг урь. Тэднийг бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иосеф Смит—Maтай 1:11. “Гэвч гуйвшгүй хэвээр үлдэх тэрбээр дийлэгдэх нь үгүй”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар гуйвшгүй байх гэдэг нь юу гэсэн үг болохыг тайлбарлахдаа:

“Гуйвшгүй гэдэг үг нь тогтвортой, байр сууриндаа хатуу чанга байна гэсэн утгыг харуулдаг” гэжээ (Oxford English Dictionary Online, 2 дахь хэвлэл [1989], “Steadfast”). … Тууштай бөгөөд гуйвшгүй хүн бол хатуу чанга, шийдвэр төгс, өөрийн зорилго ба үүргээс хэзээ ч хазайдаггүй хүн юм” (“Steadfast and Immovable: Always Abounding in Good Works,” New Era, 2008 оны 1-р сар, 2).

Аврагч: “Гэвч гуйвшгүй хэвээр үлдэх тэрбээр дийлэгдэх нь үгүй, мөнхүү тэр нь аврагдах болно” (Иосеф Смит—Maтай 1:11) хэмээн заажээ. Аврагдана гэдэг нь бүх бэрхшээлээс ангижруулагдана гэсэн үг биш юм. Бошиглогч Иосеф Смит:

“Гэгээнтнүүд бүх шүүлтээс мултрах болно, харин ёс бус хүмүүс зовох болно гэсэн санаа хуурмаг юм. Учир нь бүх махан бие зовлонгийн эрхшээлд байдаг, ‘зөв шударга хүмүүст ч зайлах нь хэцүү байх болно,’ зөв шударга хүмүүсээс олон нь махан биеийн сул доройн улмаас өвчин, тахал зэргийн хохирогч болох хэдий ч Бурханы хаант улсад аврагдах болно” гэж тайлбарласан (History of the Church, 4:11; мөн Journals, Боть 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers ed. Dean C. Jessee, Ronald K. Esplin, and Richard Lyman Bushman [2008 он], 352–353-ыг үзнэ үү).

Иосеф Смит—Maтай 1:22. “Хуурамч Христүүд мөн хуурамч бошиглогчид гарч ирэх болно”

“Хуурамч Христүүд” болон “хуурамч бошиглогчид” гэдэг үг нь эрх мэдэлгүйгээр Их Эзэний өмнөөс ярьж байна гэж зүтгэдэг эсвэл амьд бошиглогчдын үгсээс сөрөг сургамжуудыг дэмжин сурталчилдаг түүнийг, Сүмд байдаг мөн Сүмийн бус хэнийг ч хэлж болно. Буруу сүсэг бишрэл нь буруу Христ байж болдог (Брүс Р.Макконки, The Millennial Messiah [1982], 48). 22-р шүлэгт “гэрээний дагуу сонгогдсон” гэдэг нь Есүс Христийн Сүмийн гишүүдийг хэлж байгаа юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард “хуурамч Христүүд” болон “хуурамч бошиглогчид” гэдэг үгсийг тайлбарлан:

“Бид хуурамч бошиглогч, хуурамч багш нарын талаар бодох үедээ илэрхий худал сургаал заах эсвэл Христийн үнэн сайн мэдээг өөрсдийн хөрвүүлснээр заах эрх дархтай дүр үзүүлдэг хүмүүсийг боддог. Тиймэрхүү хүмүүс нийгмийн захад ямар нэг жижигхэн хэт үзэлтнүүдийн бүлэгт хамаардаг гэж бид олонтоо боддог. Гэхдээ би дахин чухалчилж хэлье. Сүмд гишүүнчлэлтэй байгаа эсвэл гишүүнчлэлтэй гэж зүтгэдэг хуурамч бошиглогчид мөн хуурамч багш нар байдаг юм шүү. Өөрсдийн бараа мөн зан заншлыг Сүмээс зөвшөөрсөн гэж эрх мэдэлгүйгээр зүтгэдэг хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс болгоомжил” гэжээ (“Beware of False Prophets and False Teachers,” Ensign, 1999 оны 11-р сар, 62).

Иосеф Смит—Maтай 1:22. “Боломж гарвал, тэд сонгогдсон хүмүүсийг мэхлэх болно”

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит Сүмийн гишүүдэд анхааруулахдаа:

“Бурхан өөрийн бодол, тааллыг дэлхийнхэнд мэдүүлэхээр томилсон суваг болох санваарын тогтоосон зохион байгуулалт болох томилогдсон сувгаар шууд дамжин ирээгүй л бол бид юуг ч эрх мэдэлтэйгээр өгөгдсөн гэж хүлээж авах ёсгүй.

… Хүмүүс өөр бусад эх суваг руу хандах мөчдөө өөрсдийгөө чухам тэр мөчид Сатаны хүсэл татам нөлөөнүүдэд нээж мөн чөтгөрийн үйлчлэгчид болох боломжийг өөрсдөдөө гаргадаг; тэд Санваарын адислалуудыг эдэлж болох үнэн жаягийг мартдаг; тэд Бурханы хаант улсад тохирох зан чанарын хүрээнээс гарч мөн аюултай газарт зогсдог. Та нар санваарын жаяг болон сувгаас гадуур, Сүмд зориулан Их Эзэнээс шууд илчлэлт авлаа гэж зүтгэх хүнийг харах болгондоо түүнийг хуурамч хүн гэдгийг мэдэж болно” гэжээ (Gospel Doctrine, 5 дахь хэвлэл, [1939], 42).