99-р хичээл
Ром 1–3
Оршил
Паул Есүс Христийн сайн мэдээ бол авралд хүргэх Бурханы хүч гэдгийг тунхаглан, Ромын гэгээнтнүүдэд захидал бичсэн. Тэрээр хэн ч өөрийн үйлсээр аврагдаж чадахгүй бөгөөд гагцхүү Есүс Христийн Цагаатгалаар боломжтой болсон ач ивээлээр аврагдах ёстой гэдгийг тайлбарласан.
Заах зөвлөмж
Ром 1:1–17
Паул Есүс Христийн сайн мэдээ бол авралд хүргэх Бурханы хүч гэдгийг тунхаглав
Далын ахлагч Ларри Эко Хокийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга унш. Ахлагч Эко Хок залуудаа Нэгдсэн Улсын тэнгисийн цэргийн албанд элссэн гэдгийг тайлбарла.
“Жагсаалын дарга маань олон тулаанд орж хатуужсан ахмад дайчин байсан бөгөөд бидэнтэй анх танилцахдаа хуарангийн хаалгыг зад өшиглөн, хараалын үгс хашхичсаар орж ирж билээ.
Өөрийгөө ийм ширүүн байдалтай танилцуулсны дараа тэрээр цэрэг болгоноос асууж эхэлсэн юм. Тэр шинэ цэрэг болгоныг гоочлох зүйл олж, бүдүүлгээр шоолон тохуурхаж байв. Түүнийг жагсаалын дундуур асуултаа тавьж явахад тушаасных нь дагуу цэрэг болгон асуултад нь ‘Тийм’ эсвэл ‘Үгүй, сургагч түрүүч ээ’ хэмээн чанга дуугаар хариулж байлаа. … Миний ээлж ирэхэд, тэр миний цүнхийг аван, доторх зүйлсийг орон дээр асгахыг би мэдсэн. Эд зүйлсийг минь онгичиж байснаа миний өмнө ирж зогсоход, би түүний дайралтад бэлтгэн хамаг биеэ чангалж билээ. Тэр миний Мормоны Номыг барьсан байв” (“Надад ирэгтүн, Ай Израилийн угсаа Та нар!,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 39).
-
Хэрэв та нар ахлагч Эко Хокийн оронд байсан бол та нарт ямар санагдах байсан бэ?
-
Та нар жагсаалын даргыг яах гэж байсан гэж бодож байна вэ?
-
Та нар итгэдэг зүйлийг чинь шоолж, доромжлохоос санаа зовж байсан нөхцөл байдалд орж байсан уу? (Цөөн суралцагчийг ангийнхантайгаа туршлагаа хуваалцахад урих талаар бодож үз.)
Суралцагчдыг Ром 1-ийг судалж байхдаа итгэдэг зүйлс, дагаж мөрддөг жишгүүдийнхээ төлөө доромжлогдон, хавчигдах үед өөрсдөд нь туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг дараах догол мөрийг чанга уншихад уриад, Ром номыг товч танилцуул.
Ром ном нь Паулын Ром дахь гэгээнтнүүдэд хандан, номлолын аяллуудынхаа төгсгөл үед бичсэн захидал юм. Тэрээр Ромын гэгээнтнүүдийг өөрийн айлчлалд бэлтгэхийн тулд болон өөрийн заасан зүйлсийг тодотгож, хамгаалахын тулд мөн иудей ба харь үндэстэн Сүмийн гишүүдийн хоорондох нэгдмэл байдлыг бэхжүүлэхийн тулд үүнийг бичжээ. Ромын эзэнт гүрний нийслэл болох Ром нь дэлхийн гүн ухаан нэвтэрсэн хот байсан бөгөөд Есүс Христийн сайн мэдээг тунхаглахад бэрх газар байв.
Паул Есүс Христийн тухай гэрчилж, Ромын гэгээнтнүүдэд айлчлах хүслээ илэрхийлснээр захидлаа эхэлснийг тайлбарлан, Ром 1:1–14-ийг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Ром 1:15–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Ромын гэгээнтнүүдэд Есүс Христийн сайн мэдээний талаар юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Паул Есүс Христийн сайн мэдээг юу гэж хэлсэн бэ? (Суралцагчид Есүс Христийн сайн мэдээ бол Түүнд итгэх итгэлээ хөгжүүлдэг хүн бүхэнд аврал авчрах Бурханы хүч юм гэсэнтэй төстэй үнэнийг тодорхойлох ёстой. Энэ үнэнийг самбар дээр бич. Та суралцагчдад энэ үнэнийг зааж буй үг, хэллэгүүдийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.)
-
Есүс Христийн сайн мэдээ бидэнд юунаас аврагдах боломжийг олгодог вэ? (Биеийн болон сүнсний үхлээс.)
-
Бид сайн мэдээгээр дамжуулан авралын адислалыг хүлээн авахын тулд яагаад Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх ёстой байдаг вэ? (Есүс Христ Цагаатгалыг гүйцэлдүүлсэн бөгөөд энэ нь бидний авралыг боломжтой болгодог.)
Нэг суралцагчийг Есүс Христэд итгэх ба итгэлээ хөгжүүлэх гэдэг нь юу болохыг тайлбарласан дараах тайлбарыг чанга уншихад урь.
Паулын ашигласан итгэл үнэмшил, итгэл гэдэг үгс нь Есүс Христ бол Бурханы хүү гэдгийг оюун санаандаа хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, Өөрийгөө бидний нүглийн төлөө Цагаатгалд өргөсөн Нэгэн хэмээн Түүнд найдаж, бүх сэтгэл зүрхээрээ хүлээн зөвшөөрөх гэсэн утгатай. Уг гүн итгэл найдвар нь нүглээ наманчилж, баптисм хүртэж, Есүс Христийн зааснаар амьдрахыг хичээснээр илрэн гарах итгэл дүүрэн амьдрал руу хөтөлдөг (Үйлс 16:30–33; Ром 6:1–11; 1 Коринт 6:9–11-ийг үзнэ үү). “Есүс Христэд итгэх итгэл … нь сайн мэдээний хууль, ёслолуудад дуулгавартай байснаар мөн Христэд үйлчилснээр илэрдэг” (Судруудын удирдамж, “Аврал,” scriptures.lds.org).
-
Есүс Христийн сайн мэдээ нь итгэдэг хүн бүхнийг авралд хүргэдэг Бурханы хүч гэдгийг Паул мэдэж байсан тул үүнийг тунхаглах талаар ямар бодолтой байсан бэ? (Тэр ичээгүй [Ром 1:16-г үзнэ үү].)
-
Сайн мэдээ ямар хүчтэй талаар гэрчлэлтэй байх нь бусадтай сайн мэдээг хуваалцах та нарын хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христийн сайн мэдээнд биднийг аврах хүч бий гэсэн гэрчлэлтэй болсон үедээ бид үүнийг бусадтай хуваалцахаас ичихгүй гэсэн зарчмыг самбар дээр бич.)
-
Энэ зарчим нь итгэл үнэмшлийнхээ төлөө хавчлага, доромжлолтой тулгарах үед та нарт хэрхэн туслах вэ?
Нэг суралцагчийг ахлагч Эко Хокийн түүхийг үргэлжлүүлэн чанга уншихад урьж, тэр жагсаалын даргад хэрхэн хариулсныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
“Хашхичиж эхлэхийг нь хүлээж байтал тэр над руу ойртоод, ‘Чи Мормон уу?’ гэж асуув.
Тушаасных нь дагуу би ‘Тийм ээ, сургагч түрүүч ээ’ гэж хамаг чадлаараа хашхиран хариулав.
За одоо л болохоо болино доо гэж бодож байтал тэрээр хэсэг чимээгүй байснаа, Мормоны Ном барьсан гараа өргөн, маш намуухнаар ‘Чи энэ номд итгэдэг үү?’ гэж асуулаа.
Би дахиад л хамаг чадлаараа ‘Тийм ээ, сургагч түрүүч ээ’ хэмээн хариулав” (“Надад ирэгтүн, Ай Израилийн угсаа Та нар!,” 39).
-
Ахлагч Эко Хокийн хариулт хэрхэн Ром 1:16-д заагддаг зарчмын сайн жишээ болох вэ?
Жагсаалын дарга ахлагч Эко Хокийг доромжлохын оронд Мормоны Номыг болгоомжтой буцааж тавиад, жагссан цэргүүдийг үргэлжлүүлэн доромжилсоор цааш одсон гэдгийг тайлбарла. Ахлагч Эко Хокийн мэдэгдлийн үлдсэн хэсгийг чанга унш.
“Яагаад тэр айхтар усан цэрэг намайг доромжлолгүй зүгээр орхисон юм бол хэмээн би олон удаа гайхширан бодож байлаа. Гэхдээ би ямар ч эргэлзээгүйгээр ‘Тийм ээ, би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн,’ ‘Тийм ээ, би Мормоны Номыг үнэн гэдгийг мэднэ’ гэж хэлж чадсандаа баяртай байдаг. Энэ гэрчлэл бол Ариун Сүнсээр дамжин … надад ирсэн үнэт бэлэг юм” (“Надад ирэгтүн, Ай Израилын угсаа Та нар!,” 39).
-
Та нар (эсвэл та нарын таньдаг хүн) хэзээ Есүс Христийн сайн мэдээг хуваалцахаас ичдэггүй гэдгээ харуулж байсан бэ?
Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээний талаарх өөрсдийнх нь гэрчлэл хэр хүчтэй байгаа болон тэр гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох талаар бодоход урь. Тэднийг үүнийг хийх зорилго тавихад урамшуул.
Ром 1:18–3:23
Паул бүх хүн төрөлхтөн нүгэл үйлддэг бөгөөд Бурханы алдар сууг олж авахад тэнцдэггүй болохыг заав
Паулын үед зарим харь үндэстэн Христийн шашинтнууд Бурханы төгс шүүлтийг үл анхааран, Түүний нигүүлсэлд онцгойлон анхаарч, ёс суртахуунгүй, нүгэлт үйлээ зөвтгөхийг эрэлхийлдэг байв. Түүнчлэн зарим Иудейн Христийн шашинтан Мосегийн хуулийг мөрдөх нь тэдний авралд шаардлагатай зүйл гэдэгт итгэдэг байв. Паул эдгээр буруу ойлголтыг залруулахыг хичээсэн.
Хэд хэдэн суралцагчийг Ром 1:18–32-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэр үед дэлгэрсэн байсан гэж Паулын хэлсэн нүглүүдийг олж мэдэхийг хүс. Та Паулын Ромын гэгээнтнүүдэд өгсөн сэрэмжлүүлгүүдийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд 18–32-р шүлэгт буй үгсийг тодорхойлоход тусалж болно. Жишээ нь дараах асуултыг тавьж болно.
-
25-р шүлэгт “Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ” гэсэн байдаг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
Бид Ром 1:18–32-оос бошиглогч, төлөөлөгчид бидэнд Бурханыг гомдоох зан авир, хандлагын тухай заадаг гэдгийг мэдэж авдаг болохыг онцол.
26-р шүлэгт “төрөлх харьцааг төрөлх бусаар сольцгоожээ,” 27-р шүлэгт “эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харьцаатай байхаа орхиод” гэсэн нь ижил хүйстэндээ татагдахыг хэлж байгааг тайлбарла. Их Эзэн ариун явдлын хуулийг зөрчихийг, тэр дотроо ижил хүйстэндээ татагдах явдлыг эхлэлээс хойш болон судруудаар удаа дараа зэмлэсээр ирсэн гэдгийг та тайлбарлаж болох юм.
Тэмдэглэл: Ижил хүйстэндээ татагдах байдлын тухай сэдэв бол их эмзэг сэдэв юм. Ангийнхныг энэ асуудлыг хэлэлцэхдээ сайхан сэтгэл, хайр энэрэл, эелдэг зөөлөн байдлаар авч үзэхэд анхаар.
Суралцагчдад ижил хүйстний талаарх Сүмийн байр суурийг ойлгоход нь туслахын тулд дараах мэдэгдлийг чанга унш.
“Ижил хүйстэнтэйгээ нөхцөх нь маш ноцтой нүгэл юм. Хэрвээ ижил хүйстэндээ татагдах явдалд шаналж байгаа юм уу зүй бус зүйлд уруу татагдаж байгаа бол эцэг эхээсээ болон бишопоосоо зөвлөгөө хүс. Тэд чамд туслах болно” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 36).
“Бэлгийн харьцаа нь гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүний хооронд л болох ёстой гэсэн Сүмийн сургаалын байр суурь тун тодорхой. Гэсэн хэдий ч үүнийг эелдэг бус үйлдлийн шалтаг болгох ёсгүй. Бидний үлгэрлэн дуурайдаг Есүс Христ бэлгийн харьцааны ёс суртахуунгүй байдлын талаар илт зэмлэн, буруушаасан боловч хэзээ ч хахир хатуу хандаж байгаагүй юм. Тэрээр хүмүүсийг үргэлж өргөхийг хүсдэг байсан бөгөөд хэзээ ч доош тавьж, унагахыг хүсдэггүй байсан. …
Сүм ижил хүйстэндээ татагдах мэдрэмж, зан үйл хоёрыг хооронд нь ялгаж салгадаг. Ижил хүйстэндээ татагдах мэдрэмж, дур хүслээ хазаарладаг байх нь нүгэлтэй зүйл биш, харин ижил хүйстний үйлдэлд татагдан орох нь ‘эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг…’ гэсэн ариун судар дээр үндэслэсэн сургаалын зарчимтай зөрчилддөг [“Тэргүүн Зөвлөлийн ижил хүйстний гэрлэлтийн талаарх мэдэгдэл,” mormonnewsroom.org]” (“Same-Sex Attraction,” Gospel Topics, lds.org/topics).
-
Ижил хүйстэндээ татагдах талаар Их Эзэний бошиглогч, төлөөлөгчдийн заасан зүйлсийг ойлгох нь яагаад бидэнд чухал вэ?
-
Ижил хүйстний талаарх Сүмийн байр суурийг дэмждэг ч ижил хүйстэндээ татагддаг хүмүүст бид хэрхэн найрсаг сэтгэлээр хандаж, хайрлаж чадах вэ?
Паул бүх хүн хийсэн үйлийнхээ дагуу шүүгдэх болно гэдгийг зааж, иудейчүүдийн зөвт бус байдал нь Мосегийн хуулийг дотоод сэтгэлдээ бус гадна байдлаараа дагадаг байснаас үүдэлтэй гэдгийг харуулсан тухай тайлбарлан, Ром 2:1–3:8-ыг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Ром 3:9–12, 23-ыг уншихад урьж, Паул хэнийг нүгэлд өртсөн гэж хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Паул хэнийг нүгэлд өртсөн гэж хэлсэн бэ? Бидний үйлдсэн нүгэл бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хариуцлага даах чадвартай бүх хүн нүгэл үйлддэг бөгөөд тэдэнд Бурханы өршөөл хэрэгтэй гэсэн үнэнийг самбар дээр бич.)
-
Яагаад Есүс Христ бидэнд хэрэгтэйг ойлгоход энэ үнэн хэрхэн тусалдаг вэ?
Ром 3:24–31
Есүс Христийн Цагаатгалыг итгэлтэйгээр хүлээн зөвшөөрснөөр бүх хүн төрөлхтөн зөвтгөгдөх боломжтой
Ром 3-ын үлдсэн шүлгүүдэд Бурхан нүглийг хүлээн зөвшөөрдөггүй мөн хариуцлага хүлээх чадвартай хүн бүр нүгэл үйлддэг гэх мэт бидэнд тулгардаг асуудлыг Есүс Христ хэрхэн даван туулсан талаар Паул заасан гэдгийг тайлбарла. Эдгээр шүлгийг ойлгохын тулд суралцагчид эхлээд дараах үгсийн утгыг ойлгох хэрэгтэй. Тухайлбал: зөвтгөл (“нүглийн төлөөх шийтгэлээс уучлагдаж мөн гэмгүй хэмээн мэдэгдэх” [Судруудын удирдамж, “зөвтгөл, зөвтгөх” scriptures.lds.org]), эвлэрүүлэл (цагаатгагч золиослол болон нигүүлслийн эх сурвалж) ба ач ивээл (“Есүс Христийн өгөөмөр нигүүлсэл, хайраар дамжин ирэх бурханлаг тусламж болон хүч” [Библийн толь бичиг, “Ач ивээл”]). Хичээл эхлэхээс өмнө эдгээр үгсийн тодорхойлолтыг самбарт бичих юм уу эдгээр нэр томьёог суралцагч бүрд хэвлэн тарааж өгөх талаар бодож үзнэ үү.
Нэг суралцагчаас Ром 3:24–26-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, бид хэрхэн Бурханы дэргэд байхуйц зохистой болох тухай олж мэдэхийг хүс.
-
Ром 3:24-т цэдэглэснээр, биднийг хэрхэн зөвтгөдөг эсвэл Бурханы дэргэд байхуйц зохистойд тооцдог вэ?
Ром 3:24-ийн Иосеф Смитийн Орчуулгад үнэгүй гэсэн үгийг зөвхөн гэсэн үгээр сольсон болохыг онцол (зүүлт тайлбар a-г үзнэ үү). Бид энэ амьдралд хэчнээн сайныг үйлдсэн ч өөрсдөө аврал олж авч чадахгүй, учир нь Паулын зааснаар бид бүгдээрээ нүгэл үйлддэг бөгөөд авралд тэнцдэггүй болохыг тайлбарла (Ром 3:23-ыг үзнэ үү). Бид зөвхөн Бурханы ач ивээл буюу Түүний бурханлаг хүч чадал ба боломж олгогч хүчээр дамжуулан аврагддаг (Moронай 10:32–33-ыг мөн үзнэ үү).
-
26-р шүлэгт цэдэглэснээр, Бурхан хэнийг ач ивээлээр зөвтгөдөг вэ? (Есүст итгэдэг хүмүүсийг.)
Хичээлийн эхэнд ярилцсанчлан, Паул итгэл үнэмшил ба итгэл гэсэн үг хэллэгийг хэрхэн ашигласныг суралцагчдад сануул.
-
Эдгээр шүлэг нь Есүс Христийн Цагаатгалыг итгэлтэйгээр хүлээн зөвшөөрөхийн үр дагаврын талаар ямар зарчмыг заадаг вэ? (Суралцагчид Есүс Христийн Цагаатгалыг итгэлтэй хүлээн зөвшөөрснөөр бүх хүн төрөлхтөн зөвтгөгдөж, аврал хүртэх боломжтой гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлж болно.)
-
Бид Аврагчийн Цагаатгалыг итгэлтэй хүлээн зөвшөөрснөө хэрхэн харуулах вэ?
Суралцагчдыг Аврагч Есүс Христ бидэнд хэр их хэрэгтэй талаар болон Түүний Цагаатгалыг илүү итгэлтэйгээр хүлээн зөвшөөрөхийн тулд юу хийж болох талаар бодоход урь. Тэднийг бодол сэтгэгдлээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Цөөн суралцагчаас Аврагчийн талаарх гэрчлэл, сэтгэгдлээ хуваалцахыг хүс.
Хувь хүнийг Мосегийн хуулийг дагаснаар нь бус, харин Есүс Христэд итгэх итгэлээр нь зөвтгөдөг гэдгийг Паул дахин онцолсон болохыг тайлбарлан, Ром 3:27–30-ийг нэгтгэн дүгнэ.