89-р хичээл
Үйлс 10–11
Оршил
Бурхан сайн мэдээг харь үндэстнүүдэд номлох ёстой хэмээн Петрт үзэгдлээр илчилжээ. Петр Корнелд болон түүний гэрийнхэнд сайн мэдээ заагаад, хожим нь сайн мэдээг харь үндэстнүүдэд номлох тухай Иудейн гэгээнтнүүдийн дунд гарсан маргааныг зохицуулсан. Их Эзэний ажил хавчлагаас үл хамааран үргэлжлэн урагшлав.
Заах зөвлөмж
Үйлс 10
Бурхан сайн мэдээг харь үндэстнүүдэд номлох ёстойг үзүүлсэн үзэгдлийг Петрт илчлэв
Суралцагчдыг найз нь “Би танай сүмийг 1978 онд бүх эрэгтэй хүнд арьсны өнгөнөөс үл хамааран санваар хүлээн авахыг зөвшөөрч, байр сууриа өөрчилсөн гэж сонссон. Хэрэв чи сүмээ Бурханаар удирдуулдаг мөн Бурханыг хувиршгүй нэгэн гэж итгэдэг бол энэ нь хэрхэн боломжтой байх вэ?” гэж асууж байгаагаар төсөөлөхөд урь.
Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ энэ найздаа хэрхэн хариулахаа бичихэд урь. (Тэмдэглэл: Суралцагчид санваарын хоригийн талаарх боломжит шалтгаануудыг эргэцүүлэхээсээ илүү Сүмийн тогтсон журмыг өөрчлөх тухай асуултад хариулж байгааг бататга. Түүнчлэн эдгээр шалтгаан илчлэгдэж байгаагүй учраас санваарын хориг яагаад тавигдсаныг таамаглах хэрэггүй юм [Албан тунхаг 2-ыг үзнэ үү].)
Суралцагчдыг Үйлс 10–11-ийг судалж байхдаа Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн удирдаж, хөтөлж, өөрчилж, захирдаг талаарх асуултуудад хариулахад нь туслах сургаал, зарчмуудыг олж мэдэхэд урь.
Шинэ Гэрээний энэ цаг үе хүртэлх цөөн хэдэн онцгой тохиолдлоос гадна сайн мэдээ нь Аврагчийн зааварласнаар зөвхөн иудейчүүдэд номлогдож байсныг тайлбарла (Mатай 10:5–6-г үзнэ үү). Хэдий тийм ч Аврагч шавь нартаа Ариун Сүнс тэдэн дээр ирсний дараа тэд сайн мэдээг “дэлхийн хязгаар хүртэл” (Үйлс 1:8) номлох болно гэдгийг мөн хэлсэн байв. Бид Үйлс 10-аас үүнийг хэрэгжүүлэхэд туслах том өөрчлөлт Сүмийн үйл ажиллагаагаа явуулах арга барилд гарсан талаар уншдаг.
Нэг суралцагчийг Үйлс 10:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Корнел гэгч харь үндэстний тухай дэлгэрэнгүй мэдээлэл олж үзэхийг хүс. (Та Корнел “Бурханаас эмээдэг” (2-р шүлэг) байсныг онцлохыг хүсэж болно.) Бурханаас эмээгчид нь Их Эзэнийг бишрэн шүтдэг ч өөр шашинд ордоггүй эсвэл Иудейн итгэлд хөрвөгчид биш бөгөөд тиймээс Мосегийн бүхий л хуулийн дагуу амьдардаггүй харийнхан байсан.)
-
Корнел ямар ажил мэргэжилтэй байсан бэ? (Тэр Ромын армийн зуун цэргийн төлөө хариуцлага хүлээсэн зуутын дарга байв.)
Энэ цаг үеэс өмнө сайн мэдээ зөвхөн иудейчүүдэд хүргэгдэж байсан учраас харь үндэстнүүд эхлээд Иудейн шашинд хөрвөгдөлгүйгээр Христийн Сүмд нэгдэж чаддаггүй байсныг суралцагчдад сануул.
-
Хэдийгээр Корнел харь үндэстний хувьд Сүмд нэгдэж чаддаггүй байсан ч Бурханд итгэлээ хэрхэн үзүүлсэн бэ?
Хоёр суралцагчийг Үйлс 10:3–6-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Корнелд юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс. (“Өдрийн есдүгээр цагийн орчим” [3-р шүлэг] гэдэг нь ойролцоогоор өдрийн 3:00 цаг байсан гэдгийг тайлбарла.)
-
4-р шүлэгт цэдэглэснээр, тэнгэр элч Корнелд түүний залбирал, өглөгийн тухай юу гэж хэлсэн бэ?
-
Тэнгэр элч Корнелд юу хийхийг зааварчилсан бэ?
Корнел Петрийг олохоор гурван хүнийг Иоппа руу явуулсан гэдгийг тайлбарлан, Үйлс 10:7–8-ыг нэгтгэн дүгнэ. (Кайсарийг Иоппатай харьцуулан, хаана байдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та суралцагчдыг “Шинэ Гэрээний үеийн ариун газар” [Библийн газрын зураг, д. 11] газрын зурагт анхаарлаа хандуулахыг хүсэж болно.)
Энэ эрчүүдийг Иоппа руу аялж байхад Петр Симон гэгч хүний гэрт хоноглож байхдаа нэгэн гайхалтай үзэгдэл харсан гэдгийг тайлбарла. Суралцагч бүрд хуудас цаас өг. Суралцагчдыг Үйлс 10:9–16-г дотроо чимээгүй уншаад, Петрийн үзэгдлийг эдгээр шүлэгт дүрслэн хэлсний дагуу зурахад урь. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг зургуудаа ашиглан ангийнхандаа Петрийн үзэгдэлд юу болсныг тайлбарлахыг хүс. Энэ үйл ажиллагааны дараа асуу.
-
Уг үзэгдэлд Петрийг юу ид хэмээн тушаасан бэ?
-
14-р шүлэгт цэдэглэснээр, энэ тушаалд Петр эхлээд хэрхэн хандсан бэ? (Мосегийн хуулийн дагуу иудейчүүдэд түгээмэл юм уу цэвэр бус гэж тооцогддог амьтныг идэхийг хориглосон байсныг тайлбарла [Левит 11-ийг үзнэ үү].)
-
15-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн Петрт ид хэмээн тушаасан цэвэр бус амьтны тухай юу гэж хэлсэн бэ?
Нэг суралцагчийг Үйлс 10:17–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийг үзэгдлийнхээ утгын талаар эргэцүүлэн бодож байхад юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
17-р шүлэгт буй ямар үгс Петрийг үзэгдлийнхээ утгыг эхлээд ойлгоогүй гэдгийг илэрхийлж байна вэ?
-
Петрийг үзэгдлээ тунгаан бодох үед хэн ирсэн бэ?
-
Сүнс Петрт юу хий гэж хэлсэн бэ?
Гурван хүн Петрт Корнелийн үзэгдлийн тухай хэлснийг тайлбарлан, 10:21–24-ийг нэгтгэн дүгнэ. Дараа өдөр нь Петр болон бусад шавь нь Корнелтэй уулзахаар тэднийг дагалдан явсан.
Цөөн суралцагчийг Үйлс 10:25–28-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петр Корнелийн гэрт ирээд, юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
28-р шүлэгт цэдэглэснээр, Петр иудейчүүд болон харь үндэстний хоорондох харилцааны талаар юу гэж хэлсэн бэ?
-
Петр одоо юуг ойлгосон бэ?
Корнел Петрт үзэгдлийнхээ тухай юу хэлснийг тайлбарлан, Үйлс 10:29–33-ыг нэгтгэн дүгнэ. Түүнчлэн Корнел Петрт болон түүний гэр бүл, найз нөхдөд зааж болохын тулд тэднийг цуглуулсан байв.
Нэг суралцагчийг Үйлс 10:34–35-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийн суралцсан зүйлийг олж мэдэхийг хүс.
-
Петрийн сурсан зүйлийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэж хэлэх вэ?
Петр Корнелд болон түүний гэр бүлийнхэнд Есүс Христийн тухай мөн Түүний сайн үйлс, цовдлуулалт, Амилалт зэргийн тухай заасан гэдгийг тайлбарлан, Үйлс 10:36–43-ыг нэгтгэн дүгнэ. Петр Есүс Христэд итгэдэг хүмүүс нүглийнхээ өршөөлийг хүлээн авах болно гэдгийг гэрчилсэн.
Нэг суралцагчийг Үйлс 10:44–48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийн заасан сургаал тэдгээр харь үндэстэнд хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийг хүс. “Хөвч хөндүүлсэн итгэгчид” (45-р шүлэг) гэдэг үгс нь Петртэй хамт Иоппагаас ирсэн Иудейн шавь нарыг хэлж байгааг тайлбарла.
-
44–46-р шүлэгт цэдэглэснээр, Петрийн заасан сургаал Корнелийн гэр бүлийнхэнд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Энэ үйл явдлын үеэр тэнд байсан иудейчүүд яагаад гайхацгаасан бэ?
-
Үйлс 10 дээр цэдэглэсэн Петрийн туршлагын туршид Их Эзэн түүнд харь үндэстнүүдийн тухай юу илчилсэн бэ? (Харь үндэстнүүдэд сайн мэдээг номлох ёстой бөгөөд тэд Есүс Христийн Сүмд баптисм хүртэж чадна.)
Үйлс 10 дээрээс бидний мэдэж болох сургаалуудыг тодорхойлоход суралцагчдад туслахын тулд тэднийг хоёр, гурваар нь бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрд дараах тараах материалын нэг хувийг өгөх юм уу эсвэл үүнийг самбар дээр бич. Суралцагчдыг асуултуудад хариулахын тулд бүлэгтэйгээ ажиллахад урь.
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—89-р хичээл
-
Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн удирддаг тухай Петр, Корнел хоёрын түүхээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
-
Их Эзэн Петрт үнэн бүгдийг нэг дор илчлэхийн оронд цагаас цагт илчилж байсан гэдгээс бид ямар үнэнд суралцаж болох вэ?
-
Бурхан өмнө өгч байсан заавруудаараа юу хийж болох талаар энэ түүхээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Хангалттай хугацаа өгсний дараа хэд хэдэн суралцагчийг самбарт гарч ирээд, бүлгээрээ олж тогтоосон үнэнээ бичихэд урь. Тэдний бичсэн зүйлсэд дараах үнэн тусгагдсан эсэхийг бататга.
Бурхан Сүмээ ахлах төлөөлөгч болох Өөрийн бошиглогчид өгсөн илчлэлтээр дамжуулан удирддаг.
Бид Их Эзэнд дуулгавартай байснаар илчлэлт, ойлголтыг аажим хүлээн авч болно.
Бурхан өнгөрсөн үед өгч байсан заавруудаа Өөрийн мэргэн ухаанд төдийгүй хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тохируулан өөрчлөх юм уу нэмж болно.
Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Тодруулсан жагсаалтын гуравт байгаа үнэн ахлагч Кристоффэрсоны мэдэгдэлд хэрхэн тусгагдсаныг сонсохыг ангийнхнаас хүс.
ЗурагАхлагч Д.Тодд Кристоффэрсон“Петрийн хүлээн авсан энэхүү илчлэлтээр Их Эзэн Сүмийн дадлыг өөрчилж, Өөрийн дагалдагчдад сургаалыг илүү бүрэн дүүрэн ойлгуулсан. Мөн сайн мэдээг тунхаглан заах явдал бүх хүмүүн төрөлхтөнд хамааран тэлсэн” (“Христийн сургаал,” Ensign, эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95).
Суралцагчдад найзынхаа асуултад хэрхэн хариулах талаар бичсэн зүйлээ эргэн харах цаг гаргаж өг. Тэднийг Үйлс 10-ыг судалж байхдаа олж авсан нэмэлт санаагаа бичихэд урамшуулж, тэдгээр санаагаа ангийнхантайгаа хуваалцах боломжийг олго.
Хэдийгээр Бурхан Сүмийн тогтсон горимыг өөрчилж, сургаалын ойлголтууд дээр маань үргэлжилсээр буй илчлэлтээрээ дамжуулан нэмж болох ч (Итгэлийн Тунхаг 1:9-ийг үзнэ үү) Түүний бурханлаг байдал, зан чанар, гэрээ, сургаал, төлөвлөгөө хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдгийг та онцлон хэлж болох юм. Үүнийг мэдэх нь Бурханд итгэлтэй байж, Тэрээр Сүмээ Өөрийн хүсэл хийгээд хүүхдүүдийнхээ хэрэгцээнд тохируулан удирддаг гэдэгт итгэлтэй байхад бидэнд тусалдаг.
Үйлс 11:1–18
Петр сайн мэдээг харийнханд номлох талаар Иудейн гэгээнтнүүдийн дунд гарсан маргааныг зохицуулав
-
Сүмийн зарим иудей гишүүн Петрийг харь үндэстэнтэй харьцсаныг сонсоод, ямар сэтгэгдэлтэй байсан гэж та нар бодож байна вэ? (Петрийн харь үндэстэнтэй харьцсан харьцаа өмнөх тогтсон горимуудаас их өөр байсан бөгөөд зарим гишүүнд энэ өөрчлөлтийг хүлээж авахад хэцүү байсан.)
Нэг суралцагчийг Үйлс 11:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Петрийн хийсэн зүйлд шавь нар нь хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.
-
Петрийн хийсэн зүйлд шавь нар нь хэрхэн хандсан бэ?
Петр шавь нарт өөрийн болон Корнелийн хүлээн авсан үзэгдлийг дүрслэн өгүүлсэн гэдгийг тайлбарлан, Үйлс 11:4–15-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр тэдэнд Корнел болон түүний гэр бүлийнхэн Есүс Христийн сургаалыг хүлээн авсны дараа Петр ба бусад шавь нарынхтай адил арга замаар Ариун Сүнсний хүчийг мэдэрсэн гэж хэлсэн.
Нэг суралцагчийг Үйлс 11:16–17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Петрийн шавь нартаа хандаж хэлсэн төгсгөлийн үгсийг олж мэдэхийг хүс.
-
Петр “Бурханд саад болж чадах би гэгч хэн билээ?” гэж хэлсэн нь ямар утга учиртай байсан гэж та нар бодож байна вэ? (17-р шүлэг) (Петр харийнханд сайн мэдээг хүлээн авч, наманчилж, баптисм хүртэх боломжийг олгох гэсэн Бурханы хүслийг эсэргүүцэхгүй.)
Суралцагчдыг Үйлс 11:18-ыг дотроо уншаад, Петрийн тайлбарт шавь нар хэрхэн хандсаныг олж мэдэхэд урь.
-
Петрийг Бурханаар удирдуулж байгаагаа мэдсэний дараа шавь нар хэрхэн хандсан бэ?
-
Энэ түүх бидэнд Сүмийг тэргүүлэн удирдаж байгаа хүмүүсийг дэмжиж, дагах тухай ямар зарчмыг зааж байна вэ? (Суралцагчид өөр өөр зарчмыг тодорхойлж болох ч Бид Сүмийг тэргүүлж байгаа хүмүүс Бурханаар удирдуулж байгаа гэдгийг мэдвэл тэднийг дэмжиж, дагахдаа итгэлтэй байж чадна гэдгийг ойлгосон эсэхийг бататга. Энэ зарчим нь Бурхан тэргүүлэх санваарын түлхүүрүүдийг атгадаг хүмүүст Өөрийн хүслийг илчилдэг хэмээн цэдэглэсэн орчин үеийн судруудаар ч батлагдсан [C ба Г 28:2, 7; 42:11; 107:65–66-г үзнэ үү].)
-
Та нар Сүмийг тэргүүлж байгаа хүмүүс Бурханаар удирдагддаг гэдгийг хэрхэн мэдэж авсан бэ?
-
Та нар бошиглогчид Бурханаар удирдуулдаг гэдгийг мэддэг учраас бошиглогчийн өгсөн ямар ямар зөвлөмжийг дагахаар сонгосон бэ?
Суралцагчдыг Сүмийг тэргүүлж байгаа хүмүүс Бурханаар удирдуулдаг гэсэн илүү хүчтэй гэрчлэлтэй болох зорилго тавихад урь.
Үйлс 11:19–30
Их Эзэний ажил хавчлагаас үл хамааран урагшилдаг
Хавчлагын улмаас шавь нарын хэд хэд нь бүс нутаг даяар тарсан ч явсан газар бүрдээ Есүс Христийн сайн мэдээг үнэнчээр номлож байсныг тайлбарлан, Үйлс 11:19–30-ийг нэгтгэн дүгнэ.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Үйлс 10:21–24. Корнел сайн мэдээний ёслолуудыг хүлээн авахын тулд Петр рүү хүн явуулах хэрэгтэй байв
“Тэнгэр элчийг харах юм уу тэнгэрээс ирсэн айлчлалыг хүлээж авах нь аврал авчрахгүй, харин зарлигуудыг дагах нь аврал авчирна. Корнел аврал хүссэн бөгөөд үүний тулд дэг жаягийг нь дагах ёстой байсан. Корнел дээр ирж анхны заавруудыг өгсөн тэнгэр элч юу хийх ёстойг нь хэлж өгч болох байсан ч түүнийг дэлхий дээрх эрх мэдлийг атгадаг Петр рүү явуулсан. Энэ бол Бурханы хаант улсын загвар юм. Тэгээд энэ нь Иосеф Смитийн ажигласнаар: … ‘Тэнгэр элч, хэрхэн аврагдахыг мэдэхийн тулд тэрээр хүн явуулж Петрийг авчруулах хэрэгтэй хэмээн Корнелд хэлэхдээ: … Петр баптисм хүртээж чадна, харин тэнгэр элчүүд баптисм хүртээж чадахгүй байв. Тиймээс хаант улсын түлхүүрүүд буюу санваарын эрх мэдлийг эзэмшигч, хууль ёсны ёслол гүйцэтгэгчид махан биеэр урт удаан хугацаанд байсан гэжээ” [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 110; налуу бичилт нэмэгдсэн]” (The Life and Teachings of Jesus and His Apostles [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 1979], 252).
Үйлс 10:45. Ариун Сүнсний бэлэг
Үйлс 10:45 дээрх “Ариун Сүнсний бэлэг” гэдэг нь эдгээр харь үндэстний дээр буусан Ариун Сүнсний хүчийг хэлж байгаа болно. Энэ нь баптисмын дараах баталгааны ёслолоор дамжуулан бидний хүлээн авдаг Ариун Сүнсний бэлгээс өөр юм (Үйлс 8:14–17; Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 97-г үзнэ үү).
Үйлс 11. Бурхан Сүмээ ахлах төлөөлөгч болох Өөрийн бошиглогчид өгсөн илчлэлтээрээ дамжуулан удирддаг
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л.Том Пэрри Сүмд илчлэлтийг хэрхэн хүлээн авдаг дэг журмын тухай ярьсан билээ.
“Их Эзэний Өөрийн хүслийг хүн төрөлхтөнд илчилдэг арга замд дэг журам гэж байдаг. Бид бүгд Их Эзэнд залбирч, өөрсдийнхөө үүрэг хариуцлагын хүрээнд Түүний Сүнсээр дамжуулан сүнслэг өдөөлт хүлээн авах эрхтэй байдаг. Эцэг, эхчүүд гэр бүлийнхээ төлөө, бишоп томилогдсон цуглааныхаа хүмүүсийн төлөө гэх мэт цаашилсаар Тэргүүн Зөвлөл Сүмд зориулан илчлэлт хүлээн авч болно. Гэхдээ бид өөр нэгний үүрэг хариуцлагын төлөө илчлэлт хүлээн авч чадахгүй. Бошиглогч Иосеф Смит:
“‘Сүмийн аль нэг гишүүн эсвэл хэн нэгэн хүн өөрсдөөсөө дээгүүр, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнөөс заавар хүлээж авах нь Бурханы жаягт харш юм’ [Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 223] гэж тунхаглажээ (“We Believe All That God Has Revealed,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 85–86).
Үйлс 11. Илчлэлт нь биднийг мэддэг зүйлийнхээ дагуу үйлдэхэд өсөн нэмэгдэх арга замаар байнга ирдэг
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар өсөн нэмэгдэх илчлэлтийг мандаж буй нартай зүйрлүүлжээ.
Мандах нарны алгуур нэмэгдэх туяа нь Бурханаас “шат шатаар, дүрэм дүрмээр” (2 Нифай 28:30) өгөгдөх захиастай адил юм. Ихэнх тохиолдолд илчлэлт нь бага багаар бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг. Тэнгэрлэг Эцэгээс ирэх ийм харилцаа нь эцэстээ “тэнгэрээс буух шүүдэр лугаа адил [бидний сүнсэнд] намуухан буух болно” (С ба Г 121:45). Илчлэлтийн энэ хэв маяг ховор байхаасаа илүү нийтлэг тохиолддог” (“Илчлэлтийн сүнс,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 92).