15-р хичээл
Maтай 13:1–23
Оршил
Аврагчийг Галилд байхад нь маш олон хүн Түүн дээр иржээ. Есүс тариачны тухай сургаалт зүйрлэлээр эхлэн, эдгээр хүнд сургаалт зүйрлэлээр заасан юм.
Заах зөвлөмж
Maтай 13:1–17
Аврагч сургаалт зүйрлэлээр зааж эхэлсэн
Суралцагчдад шороогоор дүүргэсэн нэг савыг үзүүл.
-
Үржил шимтэй хөрс ямар байдаг вэ? Үржил шимгүй хөрс ямар байдаг вэ?
Бид Матай 13:1–23-аас Есүс хүмүүсийн зүрх сэтгэлийн нээлттэй байдлыг эсвэл сүнслэгээр хүлээн авах хэмжээг янз бүрийн хөрстэй харьцуулсан талаар уншдаг хэмээн тайлбарла. Суралцагчдыг эдгээр шүлгээс суралцахдаа тэдний зүрх сэтгэлийн нөхцөл байдал ямар төрлийн хөрстэй илүү адилхан байгаа талаар бодоход урь.
Нэг суралцагчийг Матай 13:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Галил дахь цугларсан олонд хэрхэн заасныг олж мэдэхийг хүс.
-
Есүс цугларсан олонд хэрхэн заасан бэ? (Сургаалт зүйрлэлээр)
Суралцагчдыг Bible Dictionary дээрээс “Parables” хэсгийн эхний хоёр догол мөрийг дотроо уншихад урь.
-
Сургаалт зүйрлэл гэж юу вэ?
Сургаалт зүйрлэл нь “сүнсний үнэнийг эсвэл зарчмыг дүрслэн харуулах юм уу заахад ашигладаг энгийн түүх болохыг тайлбарла. Сургаалт зүйрлэл нь ердийн зүйл эсвэл үйл явдлыг үнэнтэй жишиж харьцуулах явдал дээр үндэслэгдсэн байдаг (Судруудын удирдамж, “Сургаалт зүйрлэл,” scriptures.lds.org).
-
Матай 13:3-т цэдэглэснээр, Аврагчийн сургаалт зүйрлэл юуны тухай байсан бэ? (Тарих гэдэг нь үр цацаж, суулгахыг хэлдэг гэдгийг тайлбарла.)
Цөөн суралцагчийг Матай 13:4–9-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, тариачны үр ямар дөрвөн төрлийн хөрсөн дээр унасныг олж мэдэхийг хүс.
-
Тариачны үр ямар төрлийн хөрсөн дээр унасан бэ?
Самбар дээр дөрвөн төрлийн хөрсийг харуулсан зургийг зурж мөн суралцагчдыг хичээлийн дэвтэр дээр юм уу өөрийн тарааж өгсөн цаасан дээр үүнтэй ойролцоо зураг зурахад урь.
Зам хавиарх жим гэдэг нь хүмүүс явах тусам нягтарч хатуурдаг, талбайн ойролцоох зам гэдгийг тайлбарла. Жимийн нягт хатуу байдал нь хөрсөнд үр үндэслэхэд саад болдог. Чулуурхаг газрууд нь нимгэн хөрсөөр хучигдсан чулуутай гадаргуу юм. Хэдийгээр үр нь гүнзгий биш үндсийг ургуулж болох ч хөрсний гадаргуу доор байгаа чулуу нь үндсийг илүү гүн ургахад саад болдог. Хогийн ургамалтай газар нь үржил шимт хөрс боловч хогийн ургамал нь ургамлуудыг ороож, гэрэл, ус болон хэрэгцээтэй илчлэгээр дутаадаг. Сайн хөрс нь үржил шимтэй хөрс бөгөөд сайн үндэс ургахад хангалттай гүнзгий байдаг.
Матай 13:10–13-ыг дүгнэн, Аврагчийн шавь нар Түүнээс яагаад сургаалт зүйрлэлээр заасныг нь асуусан гэдгийг тайлбарлан ярьж өг. Аврагч сургаалт зүйрлэлүүд нь тэнгэрийн хаант улсын үнэнүүдийг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүст илчлэгддэг бөгөөд сүнслэг байдлаараа бэлэн бус хүмүүсээс тэдгээрийг нууцалдаг хэмээн тайлбарласан (New Testament Student Manual [Church Educational System manual, 2014], 45-ыг үзнэ үү).
Нэг суралцагчийг Матай 13:14–15-ыг чанга уншихад уриад, Аврагчийн зааж байсан үнэнүүдийг ойлгоход хүмүүст юу саад болж байсныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Аврагч Өөрийнх нь заасан үнэнүүдийг харж, сонсож, ойлгоход нь хүмүүст юу саад болж байсан гэж хэлсэн бэ? (“Энэ ард түмний зүрх нь хатуурч” гэдэг нь хүмүүсийн зүрх сэтгэл хатуу, мэдрэмжгүй болсон гэсэн үг гэдгийг тайлбарла.)
Самбар дээр замын хажуугийн жимийн хөрсний зургийн дэргэд Хэрвээ бид зүрх сэтгэлээ хатууруулбал … гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг бич.
-
15-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид зүрх сэтгэлээ хатууруулбал ямар ямар адислал алдаж болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Хэрэв бид зүрх сэтгэлээ хатууруулбал Бурханы үгийг ойлгохгүй ба Аврагчид хөрвүүлэгдэхгүй мөн Түүгээр эдгээгдэхгүй гэсэн зарчмыг харуулан, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ.)
-
Аврагчид хөрвүүлэгдэх, эдгээгдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? (Түүний Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөж, цэвэршүүлэгдсэнээр бидний итгэл бишрэл, зүрх сэтгэл мөн амьдрал Тэнгэрлэг Эцэгийн хүсэлтэй нийцэж, бид нүглийн ачаанаас хөнгөлөгдөхийг хэлдэг.)
Maтай 13:16–17-г дүгнэн, Есүс шавь нартаа тэд харах нүдтэй, сонсох чихтэй байсан учраас адислагдсан хэмээн хэлсэн гэдгийг тайлбарлан ярьж өг.
Матай 13:18–23
Аврагч тариачин хүний тухай сургаалт зүйрлэлийг хөрвүүлэв
Самбар дээрх зам хавиарх жимийн хөрсний зурганд тэдний анхаарлыг дахин хандуул. Нэг суралцагчийг Матай 13:18–19-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч Maтай 13:4-т дурдагдсан үр, жим, шувуудыг юутай харьцуулсныг олж мэдэхийг хүс.
-
Үр юуг төлөөлдөг вэ? (Үрийг Бурханы үг гэж нэрлэ.)
-
Зам хавиарх жим нь ямар төрлийн зүрх сэтгэлийг төлөөлдөг вэ? (Жимийн зургийг Үнэнийг ойлгодоггүй [хатуурсан зүрх] гэж нэрлэ.)
-
Шувууд хэнийг төлөөлдөг вэ? “Ёсон бус нэгэн” гэж хэн бэ? (Шувуудын зургийг Сатан болон түүний зарц нар гэж нэрлэ.)
-
Зам хавиарх жимийн тухай Аврагчийн сургамж нь хэрвээ бид зүрх сэтгэлээ хатууруулбал Бурханы үгийг ойлгохгүй ба Аврагчид хөрвүүлэгдэхгүй мөн Түүгээр эдгээгдэхгүй гэдэг зарчмыг илүү гүнзгий ойлгоход бидэнд хэрхэн тусалж болох вэ?
Самбар дээрх чулуурхаг газрын зурганд анхаарлаа хандуул.
Цөөн суралцагчийг Maтай 13:20–21 болон Лук 8:13-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, чулуурхаг газрын талаарх Аврагчийн хөрвүүлгийг олж мэдэхийг хүс.
-
Чулуурхаг газарт ургасан ургамал юуг төлөөлдөг вэ? (Чулуурхаг газар дахь ургамлуудыг Гүн үндэслээгүй гэрчлэл гэж нэрлэ.)
-
Нарны халуун илч юуг төлөөлдөг вэ? (Богино үндэстэй ургамлуудын дээр Зовлон бэрхшээл, хавчлага, уруу таталт гэж бич.)
Самбар дээр чулуурхаг газрын зургийн дэргэд Бид гэрчлэлээ гүнзгийрүүлэхээр хичээхгүй бол … гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг бич.
-
Та нар Maтай 13:20–21 ба Лук 8:13 дээрээс сурсан зүйлс дээрээ үндэслэн энэ өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичих вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Бид гэрчлэлээ гүнзгийрүүлэхээр хичээхгүй бол бидэнд зовлон бэрхшээл, хавчлага, уруу таталт ба тэвчихэд шаардлагатай хүч чадал дутагдаж болох юм гэсэн зарчмыг харуулан, уг өгүүлбэрийг гүйцээж бич.)
Самбар дээрх хогийн ургамалтай газрын зурганд анхаарлаа хандуул. Суралцагчдыг Maтай 13:22-ыг дотроо уншиж, хогийн ургамлууд юуг төлөөлдгийг олж мэдэхийг хүс.
-
Хогийн ургамал юуг төлөөлдөг вэ? (Хогийн ургамлын зургийг Дэлхийн зовнил гэж нэрлэ.)
-
“Дэлхийн зовнилын” зарим жишээ юу вэ? (Биднийг Бурханаас холдуулдаг дэлхийн зүйлсэд дурлах байдал, шунал эсвэл материаллаг зугаацал)
-
Дэлхийн зүйлс бидний итгэл, гэрчлэлд хэрхэн нөлөөлдөг талаарх ямар зарчмыг бид энэ шүлгээс мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээрх хогийн ургамалтай газрын зургийн дэргэд Дэлхийн зүйлс биднийг сатааруулж, анхаарлыг маань Их Эзэнээс холдуулж мөн Бурханы үгийн талаарх итгэл, гэрчлэлийг маань бөхөөж болно гэсэн зарчмыг бич.)
Самбар дээрх сайн хөрсний зурганд анхаарлаа хандуул. Нэг суралцагчийг Maтай 13:23-ыг болон Maтай 13:23, зүүлт тайлбар б дэх Иосеф Смитийн Орчуулга, Матай 13:21-ийн хэсгийг уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, сайн хөрс юуг төлөөлдгийг олж мэдэхэд урь.
Суралцагчдад Иосеф Смитийн Орчуулга, Матай 13:21 дэх тэвчих гэдэг үгийн ач холбогдлыг ойлгоход нь туслахын тулд сайн хөрсөн дэх ургамлууд нь, чулуурхаг газарт ургаж байгаа гандсан ургамлуудтай адилхан нарны халуун илчинд (зовлон бэрхшээл, хавчлага, уруу таталтыг төлөөлөх) байсан гэдгийг онцолж хэл.
-
Та нар сайн хөрс юуг төлөөлдгийг хэрхэн дүгнэж хэлэх вэ? (Сайн хөрсийг Бурханы үгийг сонсож ойлгодог ба зовлон бэрхшээл, хавчлага, уруу таталтыг тэвчдэг хүн гэж нэрлэ.)
-
Бидний Maтай 13:15 дээрээс мэдэж авсан зүйл дээр үндэслэвэл, 23-р шүлэг дэх жимс юуг төлөөлж болох вэ? (Есүс Христэд хөрвүүлэгдэхийг)
-
Бид сайн хөрсний талаарх Аврагчийн сургамжаас ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр сайн хөрсний зургийн дэргэд Бид Бурханы үгийг хүлээн авч, үүнийг ойлгож мөн зовлон бэрхшээл, хавчлага, уруу таталтыг тэвчих үед Аврагчид хөрвөгдөх болно гэсэн зарчмыг бич.)
Суралцагчдад тэдний тодорхойлсон зарчмуудыг гүнзгий ойлгоход туслахын тулд дөрвөн суралцагчийг дараах жишээнүүдийг нэг нэгээр уншихад урь. Нэгийг уншсаны дараа ангийнхныг дараах жишээнүүд ямар зарчмыг үзүүлж байгааг тайлбарлахад урь. Үүнд:
-
Нэгэн залуу нэртэй их сургуульд элсэхийн тулд өөрийн ихэнх цагийг суралцаж өнгөөрөөдөг. Тэр суралцаагүй үедээ завгүй ажиллаж байдаг. Тэр өөртөө “надад судар унших, залбирах, сүмд явах цаг байхгүй” гэж хэлдэг.
-
Залуу эмэгтэй Ням гараг бүр сүмд явахдаа маш дуртай байдаг байв. Гэтэл, түүнийг өсөж том болоход зарим найз нь түүний жишгээс болж түүнийг шоолж эхэлжээ. Тэр зарим зарлигийг зөрчиж эхлэв. Тэр сүмд дуртай байхаа больж, оролцох хүсэлгүй болов.
-
Залуу эрэгтэй сүмд тогтмол ирдэг ч хичээлд бараг оролцдоггүй мөн зүрх сэтгэлээ Ариун Сүнсний нөлөөнд нээдэггүй байв. Тэр интернэтээс Сүмийн чухал сургаалуудад эргэлзсэн мэдээллийг уншиж байсан бөгөөд сайн мэдээний үнэн байдалд итгэдэг эсэхдээ эргэлзэж эхлэв.
-
Залуу эмэгтэй сүмд явдаг бөгөөд өөрийгөө Ариун Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авахуйц байгаасай гэж чимээгүйхэн залбирдаг. Тэр өдөөлтүүдийг хүлээн аваад, тэдгээрийн дагуу үйлддэг. Тэр мөн Их Эзэнд ойр байгаагаа мэдэрдэг бөгөөд уруу таталтыг ялан дийлэх сүнслэгээр өдөөгдсөн арга замуудад талархдаг.
Суралцагчдад зүрх сэтгэл нь хөрстэй адил өөрчлөгдөж, сайжирч чаддаг гэдгийг тайлбарла. Самбар дээр дараах асуултуудыг бич эсвэл тэдгээрийг суралцагчдад тараах материал болгон өг. Суралцагчдыг уг асуултуудыг хамтрагчтайгаа уншиж, ярилцахад урь.
Төрөл бүрийн хөрсийг эрүүл, үр өгөөжтэй ургамал ургуулдаг сайн газар болгохын тулд юуг өөрчилж эсвэл хэрхэн арчлах хэрэгтэй вэ?
Хөрс бүрийг сайжруулахыг бид Бурханы үгийг илүү их хүлээн авдаг болохын тулд юу хийж чадахтай хэрхэн харьцуулж болох вэ?
Хангалттай хугацаа өнгөрсний дараа цөөн суралцагчийг хариултаа хуваалцахад урь.
-
Та нарын Бурханы үгийг хүлээн авч, ойлгохыг эрэлхийлэх байдал Аврагчид илүү гүн хөрвөгдөхөд чинь хэрхэн тусалсан бэ?
Суралцагчдыг тэдний зүрх сэтгэлийн байдлыг аль төрлийн хөрс төлөөлж байгаа талаар тунгаан бодоход урь. Суралцагчдыг Бурханы үгийг илүү их хүлээн авч, ойлгон, зовлон бэрхшээл, хавчлага, уруу таталтыг илүү сайн тэвчихийн тулд юу хийх талаараа зорилго тавихад урь. Хэрэв цаг байвал суралцагчдыг зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Maтай 13:3–8, 18–23. Тариачны сургаалт зүйрлэл
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст бид Бурханы үгийг илүү хүлээн авдаг болгон зүрх сэтгэлээ бэлтгэхийн тулд юу хийж чадахыг заахдаа:
“Бид итгэлийн үрийг амьдралдаа нахиалуулахын тулд Сатаны атганаас зайлсхийх ёстой.
Бид бас өөрсдийн итгэлийн үрийн талбайг бэлтгэх ёстой. Үүнийг хийхийн тулд бид өдөр тутам залбирч, хүч чадал, өршөөл гуйснаар хөрсийг хагалах хэрэгтэй болдог. Бид бардамнах сэтгэлээ ялж дийлснээр хөрсийг хагалж эвдлэх хэрэгтэй. Бид чадлынхаа хэрээр зарлигуудыг дагаснаар өөрсдийн үрийн талбайг бэлтгэх хэрэгтэй” гэжээ (“Of Seeds and Soils,” Ensign, 1999 оны 11-р сар, 48).
Maтай 13:6, 21. “Өөрт нь бат үндэс байхгүй тул … тэр дороо л унадаг”
Ургамал ургахад нарны илч шаардлагатай байдаг ч хэрвээ уг ургамлын үндэс нь гүнзгий биш бол нарны гэрэл уг ургамлыг хатааж, гандаадаг. Үүнтэй адилаар, хэрвээ бид Бурханы үгийг зүрх сэтгэлдээ гүн үндэслүүлэх юм бол бэрхшээл, хавчлага, эсэргүүцэл нь үнэндээ бидэнд өсөж ургахад тусалж чаддаг. Гэхдээ үндэслүүлэхгүй бол тиймэрхүү туршлагууд нь бидний эмзэг гэрчлэлүүдийг гандахад хүргэдэг.
Maтай 13:21, 23. Сайн мэдээнд бат үндэслэгдсэн
Ерөнхийлөгч Томас С.Монсон сайн мэдээнд бат үндэслэгдсэн байхын адислалуудын талаар заахдаа:
Та нарын гэрчлэлийн үндэс бат бөх суулгагдаагүй л бол итгэлийг тань сорих хүмүүсийн доог тохууг сөрөн зогсоход та нарт хэцүү байх болно. Энэ нь бат бөх суулгагдсан үед Тэнгэрлэг Эцэг, Аврагч нарын талаарх болон сайн мэдээний талаарх та нарын гэрчлэл амьдралынхаа турш хийх бүх зүйлд тань нөлөөлнө” гэжээ (“May You Have Courage,” Ensign эсвэл Liahona, 2009 оны 5-р сар, 126).