Номын сан
72-р хичээл: Иохан 12


72-р хичээл

Иохан 12

Оршил

Марта, Лазар хоёрын дүү Бетаны Мариа нь Есүсийн оршуулгын өдөр ойртож байгаагийн тэмдэг болгож, хөлийг нь тосолжээ. Дараагийн өдөр нь Есүс Иерусалимд ялгуусан байдалтай орж ирсэн бөгөөд үхлийнхээ талаар зөгнөн хэлсэн. Есүс гайхамшгуудыг үзүүлсэн боловч зарим хүн Түүнд итгээгүй. Тэрээр Түүнд итгэх, итгэхгүй байхын үр дагаврын талаар заав.

Заах зөвлөмж

Иохан 12:1–19

Мариа Есүсийн хөлийг тосолж мөн Есүс Иерусалимд ялгуусан байдалтай орж ирэв

Цөөн суралцагчийг Шинэ Гэрээнд цэдэглэгдсэн Аврагчийн гайхамшгуудын нэгийг самбар дээр дүрслэн зурахад урь. Суралцагч бүрийг зурж дууссаны дараа ангийнхныг ямар гайхамшгийг зурсныг таахад урь. Тэр зургийг зурсан суралцагчаас яагаад энэ гайхамшгийг зурсан болохоо тайлбарлахыг хүс.

Суралцагчдаас эдгээр гайхамшгийн нэгийг нүдээр үзсэн бол тэдний Аврагчид итгэх итгэлд хэрхэн нөлөөлөх байсныг тунгаан бодохыг хүс. Тэднийг Иохан 12-оос судалж байхдаа Аврагчийн үзүүлсэн гайхамшгуудад хүмүүсийн хандаж болох өөр өөр арга замыг, мөн түүнчлэн эдгээр хариу хандлагыг ойлгоход бидэнд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Дээгүүр өнгөрөх баяр эхлэхээс зургаан өдрийн өмнө Есүс зарим анд нөхрийнхөө хамт Бетанд оройн зоог идсэн гэдгийг тайлбарлан, Иохан 12:1–9-ийг нэгтгэн дүгнэ. Марта, Лазар хоёрын дүү Мариа Есүсийн хөлийг үнэтэй тосоор тосолсон. Олон хүн Есүсийг Бетанд байгааг сонсоод, Түүнтэй болон өмнө нь Есүсийн амилуулсан Лазартай уулзахаар иржээ.

Нэг суралцагчийг Иохан 12:10–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, ахлах тахилчид Лазарыг яах санаатай байсныг олж мэдэхийг хүс. Лазарыг үхлээс амилуулсан нь Есүс Христ үхлийг дийлэх чадалтай гэдгийг маргашгүй нотолсон явдал байсан гэдгийг та онцлон хэлж болно.

  • Ахлах тахилчид Лазарыг яах санаатай байсан бэ? Яагаад?

  • Эдгээр шүлэг ахлах тахилчдын болон фарисайчуудын ёсон бус байдлыг ойлгоход бидэнд хэрхэн туслах вэ? (Та суралцагчдад иудейчүүдийн удирдагчид ч бас Есүсийг алах хүсэлтэй байсан гэдгийг сануулахыг хүсэж болох юм [Иохан 11:47–48, 53-ыг үзнэ үү].)

Мариа Есүсийн хөлийг тосолсны дараагийн өдөр Тэр ялгуусан байдалтайгаар Иерусалимд орж ирсэн гэдгийг тайлбарлан, Иохан 12:12–16-г нэгтгэн дүгнэ. (Ялгуусан байдалтай орж ирсэн тухай Матай 21:1–11-д илүү дэлгэрэнгүй заасан.)

Нэг суралцагчийг Иохан 12:17–19-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Лазарыг үхлээс амилуулсан гэдгийг сонссон хүмүүс Түүнийг Иерусалимд ялгуусан байдалтай орж ирэхэд юу хийсэн тухай олж мэдэхийг хүс.

  • Аврагчийг Иерусалимд ялгуусан байдалтай орж ирэхэд энэ хүмүүс юу хийсэн бэ?

  • 19-р шүлэгт цэдэглэснээр, фарисайчууд болж байгаа үйл явдалд хэрхэн хандсан бэ?

Иохан 12:20–36

Есүс Өөрийн үхлийн талаар зөгнөн хэлэв

Иудеизмын хөрвөгчид байж болох “хэдэн Грек хүн” (20-р шүлэг) Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэхээр Иерусалимд ирсэн байсан бөгөөд тэд Есүстэй уулзахыг хүссэн гэдгийг тайлбарлан, Иохан 12:20–22-ыг нгэтгэн дүгнэ. Есүс тэдний хүсэлтийг дуулаад, Өөрийнх нь зовлон зүдгүүр, үхэл, Амилалт ойртож байгаа тухай заасан. Суралцагчдаас Иохан 12:27–33-ыг дотроо уншаад, Есүс Цагаатгалынхаа талаар юу заасан тухай олж мэдэхийг хүс. Та суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тэмдэглэхэд урьж болно.

  • 27-р шүлэгт цэдэглэснээр, Есүсийн “сэтгэл [нь] шаналж” байсан боловч Тэр юуг хийхэд бэлэн байсан бэ? (Хэдийгээр Тэр ойртож буй зовлонгийнхоо хүнд хэцүүг мэдэрч байсан боловч Өөрийнхөө зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд урагшлах шийдвэр гаргасан юм.)

  • 28-р шүлэгт цэдэглэснээр, Есүс юуны төлөө залбирсан бэ? Тэнгэрлэг Эцэг Түүнд хэрхэн хариулсан бэ? (“Би … дахин алдаршуулна” гэсэн нь Тэнгэрлэг Эцэг Өөрийнхөө Хүүг Цагаатгалыг гүйцэлдүүлж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байсныг илтгэж байна гэдгийг тайлбарла.)

  • 32-р шүлэгт цэдэглэгдсэн Есүсийн үгс Түүний Цагаатгалын талаар юу өгүүлж байна вэ?

Есүсийн сургаалыг сонссоны дараа хүмүүс судраас Мессиа хэзээ ч үхэхгүй гэдгийг сурсан байсан ба “өргөгдөх ёстой” “Хүний Хүү” хэн бэ хэмээн асуусныг тайлбарла (Иохан 12:34).

Нэг суралцагчаас Иохан 12:35–36-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс тэдний асуултад яаж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Есүс хүмүүсийн асуултуудад хариулахдаа юу гэж хэлсэн бэ? (Аврагч Өөрийгөө “гэрэл” гэсэн байна.)

Иохан 12:37–50

Есүс Өөрт нь итгэх, итгэхгүй байхын үр дагаврын талаар заав

Суралцагчдын анхаарлыг Есүсийн зарим гайхамшгийг дүрслэн зурсан самбар руу хандуул. Нэг суралцагчийг Иохан 12:11-ийг, өөр нэг суралцагчийг Иохан 12:37-г тус тус чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийн үзүүлсэн гайхамшигт хандсан хүмүүсийн олон арга замыг олж мэдэхийг хүс.

  • Хүмүүс Есүсийн үйлдсэн гайхамшигт хэрхэн хандсан бэ?

  • Бид ийнхүү олон янз хандсан явдлаас нь гайхамшгууд ба Есүс Христэд итгэхийн хоорондох холбоо харилцааны талаар ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч гайхамшгууд дангаараа бидний Есүс Христэд итгэх итгэлийн шалтгаан болдоггүй гэсэн санааг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Хэдийгээр гайхамшгууд дангаараа бидний Есүс Христэд итгэх итгэлийн шалтгаан болдоггүй боловч Түүнд итгэх бидний итгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

  • Яагаад зарим хүн Есүс Христийн үйлдсэн гайхамшгийг харж эсвэл сонсож байж л итгэдэг байхад зарим нь тэмдэг шаардалгүй итгэдэг гэж та нар бодож байна вэ?

Зарим хүн бошиглогч Исаиагийн хэлсэн бошиглолууд Есүсээр гүйцэлдсэн гэдэгт итгэхгүй байхаар сонгосон гэдгийг тайлбарлан (Исаиа 6:9–10; 53:1–3-ыг үзнэ үү), Иохан 12:38–41-ийг нэгтгэн дүгнэ. Аврагч агуу ажлыг гүйцэлдүүлсэн атал зарим хүн нүдээ харалган болгож, Түүний эсрэг зүрх сэтгэлээ хатууруулахаар сонгосон.

Нэг суралцагчийг Иохан 12:42–43-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүст итгэсэн иудейчүүдийн зарим удирдагч өөрсдийн итгэлийг яагаад “илээр хүлээн зөвшөөрсөнгүй” (42-р шүлэг), өөрөөр хэлбэл, илэн далангүй мэдэгдээгүй болохыг олж мэдэхийг хүс.

  • Яагаад зарим захирагч Есүст итгэх итгэлээ илэн далангүй хүлээн зөвшөөрөөгүй вэ?

  • “Хүний алдрыг Бурханы алдраас илүү” таалсан гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (43-р шүлэг).

  • Бид эдгээр шүлгээс ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Бурханд таалагдахаасаа хүмүүст таалагдахад илүү анхаарах нь бидэнд Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлээ нээлттэй хүлээн зөвшөөрөхөд саад болдог гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал.

Энэ зарчмыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд ийн асуу:

  • Өнөө үед энэ зарчмыг харуулсан ямар ямар жишээ байдаг вэ?

  • Бидэнд Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэдэг итгэлээ харуулж болох ямар зохимжтой арга зам байдаг вэ?

  • Бид Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэдэг гэдгээ харуулснаас ямар эерэг үр дагавар ирж болох вэ?

Суралцагчдыг Иохан 12:44–46-д заасан зарчмыг тодорхойлоход бэлтгэхийн тулд тэднээс бодит харанхуйгаас болж харж чадахгүй байсан (жишээлбэл, тэд харанхуй өрөөнд байсан эсвэл гадаа харанхуйд байсан) үеийг санахыг хүс. Цөөн суралцагчаас тэдний юу мэдэрч байсан болон тулгарч болзошгүй аюул байсан эсэх, гэрэлтэй болох нь тэдэнд ямар байсан талаар туршлагаасаа хуваалцахыг хүс.

Хэрвээ зохимжтой бол өрөөний гэрлийг унтраа, гэхдээ бага зэрэг гэрэл өг. Бодит харанхуй нь бидэнд сүнслэг харанхуй ямар байж болох талаар ойлгоход тусалж чадна гэдгийг онцлон хэл.

  • Бодит харанхуйд байх нь сүнслэг харанхуйд байхтай юугаараа төстэй вэ?

  • Сүнслэг харанхуйд амьдрах юм бол ямар аюул занал тулгарч болох вэ?

Нэг суралцагчийг Иохан 12:44–46-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Христэд итгэгчид хэрхэн адислагдаж болох талаар олж мэдэхийг хүс.

  • Иохан 12:46-д цэдэглэснээр, Есүс Христэд итгэгч хүмүүс хэрхэн адислагдаж чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа гэрлийг унтраасан байсан бол одоо асаа. Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан, Хэрэв бид Есүс Христэд итгэдэг бол сүнслэг харанхуйд амьдрах шаардлагагүй гэсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Есүс Христ хэрхэн гэрэл байдаг вэ? Түүнд итгэх итгэл хүмүүний амьдралаас сүнслэг харанхуйг хэрхэн зайлуулж чадах вэ? (Мөн С ба Г 50:23–25; 93:36–39-ийг үзнэ үү.)

Есүс Христ гэрлээр (эсвэл зүг чиг, тодорхой байдлаар) хангаснаар бидний амьдрал дахь сүнслэг харанхуйг хэрхэн арилгадгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд тэднийг хоёр, гурваар нь бүлэг болгон хуваа. Бүлэг болгонд дараах тараах материалын хуулбарыг өг.

Зураг
тараах материал, Есүс Христ сүнслэг харанхуйг арилгасан

Есүс Христ гэрэл өгснөөр сүнслэг харанхуйг арилгасан

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—72-р хичээл

Дараах сэдэв тус бүрээр дараах асуултуудыг хэлэлц. Үүнд:

  • Сүнслэг харанхуйд байгаа хүмүүс энэ сэдвийн тухайд юунд нь итгэж болох вэ?

  • Есүс Христ болон Түүний сайн мэдээ энэ сэдвийн тухай ямар гэрлийг өгдөг вэ?

Сэдвүүд

  • Бидний бие махбодын зорилго

  • Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл

  • Амар тайван, аз жаргалыг олж авах

  • Гэрлэлт ба гэр бүл

  • Үхлийн дараах амьдрал

Ангиараа дагалдах асуултуудыг нь ашиглан, тараах материалд жагсаан бичсэн сэдвүүдийн нэгээр ярилц. Дараа нь суралцагчдыг үлдсэн сэдвүүдийг эдгээр гурван асуултыг ашиглан ярилцахад урь. (Та өөрийн суралцагчдад илүү ойр сэдвээр эдгээр сэдвийн заримыг сольж болно.)

Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг тус бүрээс нэг суралцагчийг тараах материалын жагсаалтад орсон сэдвүүдээс нэгийг сонгож, тус сэдвийн талаар бүлгээрээ ярилцсанаа хуваалцахад урь. Дараа нь ангийнхнаас асуу:

  • 46-р шүлэгт бидний тодорхойлсон зарчим нь бидэнд зарим тодорхой сэдэв, асуудлыг бусад хүнээс өөрөөр хардаг гэдгийг ойлгоход хэрхэн тусалж чадах вэ?

  • Ямар нөхцөл байдалд Есүс Христ ба Түүний сайн мэдээ болох гэрэл та нарт тусалж байсан бэ?

Нэг суралцагчийг Далын ахлагч Гэррит В.Гонгийн Есүс Христэд итгэж, дагахыг сонгосноор ирдэг адислалуудыг гэрчилсэн дараах үгсийг чанга уншихад урь:

Зураг
Ахлагч Гэррит В.Гонг

“Итгэл бол сонголт юм [Мозая 4:9-ийг үзнэ үү]. …

Бид итгэх сонголтыг хийснээр аливааг өөр талаас нь харж, ойлгодог. Бид тийм байдлаар харж, амьдрах үедээ зөвхөн сайн мэдээнээс авч болох тэрхүү аз жаргал, баяр баясгаланг мэдэрч чаддаг” (“Choose Goodness and Joy,” New Era, 2011 оны 8-р сар, 44).

Есүс Өөрийнх нь үгсэд итгэдэггүй мөн Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүс Тэнгэрлэг Эцэгийн яриулахаар өгсөн, хэлсэн үгээр нь шүүгдэх болно гэж заасан гэдгийг тайлбарлан, Иохан 12:47–50-ийг нэгтгэн дүгнэ.

Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэх итгэлийг сонгосноор хүлээн авсан адислалынхаа талаар гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг сурч мэдсэн зарчмуудын нэгийг хэрхэн хэрэгжүүлнэ гэдгээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Суралцагчдыг Есүс Христэд итгэхийг сонгоход урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иохан 12:11, 37. Гайхамшгууд нь Есүс Христэд итгэх бидний итгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ерөнхийлөгч Бригам Янг гайхамшгууд нь Есүс Христэд итгэх итгэлд маань хэрхэн нөлөөлж чадах талаар:

“Гайхамшгууд буюу Бурханы хүч чадлын ер бусын илрэл нь үл итгэдэг нэгэнд зориулагдсан зүйл биш юм; тэдгээр нь гадныханд биш харин гэгээнтнүүдийг тайвшруулахын тулд, Бурханыг хайрлаж, Түүнээс айж эмээдэг, үйлчилдэг бүхэнд итгэлийг нь хүчирхэгжүүлж, бататгахын тулд өгөгдсөн юм” гэж заажээ (Teachings of Presidents of the Church: Brigham Young [1997 он], 254).

Иохан 12:27–34. “Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвелл Иохан 12:27-д цэдэглэгдсэн Аврагчийн үгс Цагаатгал ойртох үед Түүний дуулгавартай байсныг харуулдаг гэж заасан юм.

“Бүр төсөөлөхийн аргагүй хүнд ачаа Христ дээр бууж ирэхэд энэ нь Түүний удаан хугацаанд ухамсартайгаар юу хийх ёстойгоо ойлгож байсныг бататгаж өгсөн. Түүний дуулгавартайгаар гүйцэлдүүлэх ёстой ажил нь эхэлсэн бөгөөд ‘Одоо сэтгэл минь шаналж байна. Би юу гэж хэлэх юм бэ? Аав аа, энэ цагаас Намайг авраач.’ Дараа нь сүнслэгээр өөртэйгөө ярьсан уу эсвэл Өөрийн талаар тэдэнд заахын тулд хэлсэн үү, тэрээр ‘Гэвч Би энэ зорилгын төлөө энэ цагт л ирсэн’ хэмээн Есүс тунхаглав. (Иохан 12:27.)” (“Willing to Submit,” Ensign, 1985 оны 5-р сар, 72–73).

Иохан 12:46. Есүс Христийн өгсөн гэрлээр хамгаалагдах

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс Есүс Христийн гэрлээр боломжтой болдог хамгаалалтын тухай заахдаа:

“Бид гэрлийн болон харанхуйн хүчнүүдийн хоорондох тэмцэлд оролцдог. …

Эзэн бол миний гэрэл болон миний аврал юм (Дуулал 27:1-ийг үзнэ үү). Түүнчлэн 3-р Нифайд багачуудын эргэн тойронд ариун гал хүрээлдэг шиг (3 Нифай 17:24-ийг үзнэ үү), та нар зохистой амьдрах үед, Түүний гэрэл та нар болон дайсны харанхуйн хооронд хамгаалалтын бамбай болж өгдөг юм. Танд тэр гэрэл хэрэгтэй. Бидэнд тэр гэрэл хэрэгтэй. Судруудаас болон Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг анхааралтай судалж, эцэг эхийнхээ болон удирдагчдынхаа сургамжийг сонс. Тэгээд, мэргэн зөвлөгөөнд дуулгавартай байснаар сайн мэдээний хамгаалалт бүхий гэрлийг өөрийн болгож эзэмдэж аваарай” гэжээ (“Out of Darkness into His Marvelous Light,” Ensign, 2002 оны 5-р сар, 70).

“Христийн гэрлийн талаар” илүү ихийг олж мэдэхийг хүсвэл, С ба Г 88:7–13-ыг үзнэ үү. “Христийн гэрэл” сэдэвтэй хэлсэн үгэндээ (Ensign эсвэл Лиахона, 2005 оны 4-р сар), Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр Ариун Сүнс ба “Христийн гэрэл”-ийн хоорондын ялгааг зааж өгсөн (С ба Г 88:7). Христийн гэрэл нь хүн бүрд байдаг сүнслэг өдөөлтийн өөр нэг эх үүсвэр юм. Үүнийг заримдаа доторх гэрэл буюу зөв, буруугийн мэдлэг [эсвэл] ёс суртахууны мэдрэмж эсвэл ухамсар гэж нэрлэдэг.