124-р хичээл
Филиппой 1–3
Оршил
Паул Филиппойн гэгээнтнүүдийг сайн мэдээний дагуу амьдрахын төлөө хамтдаа хичээхийг уриалсан. Тэр тэднийг Аврагчийн даруу бөгөөд амь биеэ үл хайрлах байдлын үлгэр жишээг дагахыг зөвлөж, Бурхан тэдний авралын төлөө тэдэнтэй хамт хөдөлмөрлөж байгаа хэмээн заав. Тэр Есүс Христийг дагахын тулд хийсэн золиослолуудынхаа тухай өгүүлсэн.
Заах зөвлөмж
Филиппой 1
Паул эсэргүүцлээс ирдэг адислалыг дүрслэн хэлсэн.
Хичээл эхлэхээс өмнө ерөнхийлөгч Бригам Янгийн хэлсэн дараах өгүүлбэрийг самбарт бич. (Энэ өгүүлбэрийг Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 351 номоос авав.) Доогуур нь зурсан үгсийн оронд хоосон зай үлдээ.
Дараах асуултыг тавиад, хичээлээ эхэл.
-
Аврагчийн Сүмийг болон Түүний дагалдагчдыг эсэргүүцдэг хүмүүсийн тухай түүх юм уу өнөө үеийн өөр ямар жишээ байна вэ?
Суралцагчдыг Филиппой 1-ийг судлан, Их Эзэний ажилд эсэргүүцэл хэрхэн нөлөөлдгийг ойлгоход туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Суралцагчдыг Библийн хавсралтад байгаа Библийн газрын зургуудын 13-р зураг болох “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд”-аас Филиппойг олоход урьж болно. Паул номлолын хоёр дахь аяллынхаа үеэр Филиппойд Сүмийн салбарыг үндэслэн байгуулсныг тайлбарла (Үйлс 16-г үзнэ үү). Дараа нь тэрээр Ромд шоронд хоригдож байхдаа Филиппой номыг бичжээ. Паул Филиппойн гэгээнтнүүдэд талархал, хайраа илэрхийлсэн болохыг тайлбарлан, Филиппой 1:1–11-ийг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчаас Филиппой 1:12–14-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паулын номлолын ажлын үед тулгарсан эсэргүүцлээс үүдэн юу бий болсныг олж мэдэхийг хүс.
-
12-р шүлэгт цэдэглэснээр, Паулд тулгарсан эсэргүүцлийн үр дүн юу байсан бэ? (“Сайн мэдээний ахиц дэвшил.”)
-
13–14-р шүлэгт цэдэглэснээр, энэхүү эсэргүүцэл нь сайн мэдээг урагшлуулахад хэрхэн тусалсан бэ? (“Ордон” [13-р шүлэг] эсвэл цэргийн төв штабын байранд байсан хүмүүс Паулыг Есүс Христийн тухай номлосныхоо улмаас хоригдсон гэдгийг мэддэг байв. Мөн Паулын шоронд хоригдсон явдал Сүмийн бусад гишүүнийг сайн мэдээг номлохдоо илүү зоригтой болох урмыг өгсөн.)
-
Eсүс Христийг дагахад бидэнд тулгардаг эсэргүүцлээс үүдэн юу гарч болох талаар ямар ямар үнэнийг эдгээр шүлгээс мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Eсүс Христийг дагахад бидэнд тулгардаг эсэргүүцэл Түүний ажлыг урагшлуулахад туслах болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Самбар дээрх Бригам Янгийн хэлсэн үгэнд суралцагчдын анхаарлыг хандуул. Хоосон зайг бөглөхийн тулд ямар ямар үг хэрэглэж болохыг суралцагчдаас асуу. Хоосон зайг зөв үгсээр бөглөн бич. Хам сэдэвт байгаа өсөж бэхэждэг гэдэг үг нь урагшилна гэсэн утгатайг та тайлбарлах хэрэгтэй байж болно.
-
Аврагчийн ажлыг урагшлуулахад эсэргүүцэл хэрхэн тусалсан талаар ямар ямар жишээ байдаг вэ?
Паул өөрт нь тохиолдсон зүйлсээр дамжуулан Аврагч алдарших болно гэдгийг тайлбарлан, Филиппой 1:15–26-г нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчаас Филиппой 1:27–30-ийг чанга уншихыг хүс. Уг суралцагчаас мөн Иосеф Смитийн Орчуулга, Филиппой 1:28-ыг (Филиппой 1:28, зүүлт тайлбар a-д байгаа) уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдийг юу хийхэд уриалсныг олж мэдэхийг хүс. Өөрсдийгөө зохистойгоор авч явах (27-р шүлэг) гэдэг нь биеэ авч явах байдлыг хэлж байгааг тайлбарла.
-
Паул гэгээнтнүүдэд юу хийхийг зөвлөсөн бэ?
-
29–30-р шүлэгт цэдэглэснээр, Аврагчийн өмнөөс Сүмийн гишүүдэд юу тохиолдож болох вэ?
Суралцагчдад энэ хичээлийн эхэнд тодорхойлсон үнэнийг сануулж хэл.
-
Филиппойн гэгээнтнүүд Eсүс Христийг дагахад өөрсдөд нь тулгардаг эсэргүүцэл Түүний ажлыг урагшлуулахад тусалж болохыг санаснаар хэрхэн адислагдах байсан гэж та бодож байна вэ?
Филиппой 2
Паул Аврагчийн нигүүлслийн тухай зааж, гэгээнтнүүдэд авралынх нь талаар заавар өгдөг.
Ангийнхнаас Филиппой 2:2-ыг дотроо уншаад, Филиппойн гэгээнтнүүдэд өгсөн Паулын зөвлөгөөг хайхыг хүс.
-
Та Паулын зөвлөгөөг хэрхэн товчлон хэлэх вэ?
Суралцагчдыг хос болгон хуваарил. Хос бүрийг Филиппой 2:3–8-ыг хамтдаа чанга уншаад, Паул гэгээнтнүүдийг нэгдмэл болохын тулд юу хийгээсэй гэж заасныг олж мэдэхийг зааварчил. Хос бүрийн нэг суралцагчийг өөрсдийн олсон нэг зөвлөгөөг самбарт бичихийг хүс.
-
Паулын зааснаар Аврагч хэрхэн даруу бөгөөд амь биеэ үл хайрлах байдлын үлгэр жишээ байсан бэ?
-
Илүү нэгдмэл болоход маань туслах ямар зарчмыг бид Паулын заасан зүйлсээс мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христийн даруу бөгөөд бусдын төлөө амь биеэ үл хайрлах байдлын үлгэр жишээг дагах юм бол илүү нэгдмэл болж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Бид Аврагчийн даруу бөгөөд амь биеэ үл хайрладаг үлгэр жишээг гэр, сургууль эсвэл тойрог, салбартаа дагах ямар ямар арга зам байдаг вэ?
-
Та хэзээ хүмүүс өөрсдийнхөөсөө өмнө бусдын хэрэгцээг бодолцож байгааг харсан бэ? Эдгээр хичээл зүтгэл эв нэгдлийг хэрхэн нэмэгдүүлсэн бэ?
Филиппой 2:9–11-д Паул эцсийн эцэст хүн бүр өвдөг сөгдөж, “Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрнө” (11-р шүлэг) хэмээн заасан. Суралцагчдаас энэ явдал тэдний хувьд ямар байгаасай гэж найдаж байгаа талаар эргэцүүлэн бодохыг хүс.
Нэг суралцагчийг Филиппой 2:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул филиппойчуудад Их Эзэний өмнө өвдөг сөгдөх нь тэдний хувьд баяр хөөртэй зүйл байхын тулд юу хийхийг зөвлөснийг олж мэдэхийг хүс. Та “айдас ба чичрэл” (12-р шүлэг) нь хүндэтгэлтэйгээр эмээн, баясах гэсэн утгатай болохыг тайлбарлах хэрэгтэй байж магадгүй юм (Дуулал 2:11; Судруудын удирдамж “Айдас,” scriptures.lds.org-оос үзнэ үү).
Зарим хүн Филиппой 2:12 дахь Паулын үгсийг бид өөрсдийн үйлсээр аврагдана хэмээн буруу ойлгодог болохыг цохон тэмдэглэ.
-
Хэн бидэнд аврагдах боломжийг өгсөн бэ? Хэрхэн өгсөн бэ?
-
Филиппой 2:13-д цэдэглэгдсэнээр, авралд шаардлагатай зүйлсийг хийхийг хичээгчдэд Бурхан ямар хоёр аргаар тусалдаг вэ? (Бурхан тэднийг “хүсүүлэх” буюу хүсэл мөн “түүний сайн тааллын дагуу” буюу Түүний зарлигуудыг дагахад тусалдаг. Суралцагчдыг хариулсны дараа Бурхан Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өгөгдсөн авралд шаардлагатай зүйлсийг хүсэж мөн хийхэд бидэнд тусалдаг гэсэн үнэнийг самбарт бич.)
-
Авралыг хүртэхэд Бурханы өгсөн, биднийг гүйцэтгэхэд тусалдаг ямар ямар шаардлага байдаг вэ? (Та суралцагчдыг Итгэлийн гурав, дөрөвдүгээр тунхгийг уншихад урьж болно.)
Бурхан бидэнд өөрсдийн хүсэл эрмэлзлийг өөрчилж, ариусган, Өөрийг нь дагахыг хүсдэг болоход Ариун Сүнсний нөлөөллөөр дамжуулан тусалдгийг цохон тэмдэглэ (Мозая 5:2-ыг үзнэ үү). Суралцагчдыг Бурхан тэдний зүрх сэтгэлийг өөрчлөн, Өөрийг нь дагахыг хүсэж, зарлигуудыг илүү итгэлтэй сахихад хэрхэн тусалсныг тунгаан бодоход урь.
Паул гэгээнтнүүдэд тэд “дэлхийн гэрэл мэт үзэгдэн” (15-р шүлэг) байгааг сануулсан бөгөөд тэр тэдний сайн сайхны төлөө элчүүд илгээхээ хэлснийг тайлбарлан, Филиппой 2:14–30-ийг нэгтгэн дүгнэ.
Филиппой 3
Паул Есүс Христийг дагахын тулд хийсэн золиослолуудаа дүрслэн хэлсэн.
Суралцагчдыг өөрсдийн болон дэлхийн эрхэмлэдэг ямар нэг зүйлийг (гэр бүл, найз нөхөд, боловсрол, хоол хүнс, технологи эсвэл мөнгө гэх мэт) бодож, хэрэв боломжтой бол тэрхүү бодсон зүйлээ төлөөлөх зүйлийг харуулахад урь. Суралцагчдаас эдгээр эрхэм зүйлээ юугаар солиход бэлэн байгаагаа бодож үзэхийг хүс.
Суралцагчдыг Филиппой 3-ыг судалж байхдаа бидэнд буй тэрхүү шагналыг авахын тулд Паул юунаас татгалзсаныг олж мэдэхэд урь.
Паул филиппойчуудыг хөвч хөндөх зэрэг иудейчуудын зарим зан заншлыг Сүмийн хөрвөгчид дагах ёстой хэмээн үздэг цэвэр ариун бус багш нараас болгоомжлохыг сануулсныг тайлбарлан, Филиппой 3:1–3-ыг нэгтгэн дүгнэ (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага 2014], 436-г үзнэ үү).
Филиппой 3:4–6-г чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул өөрийн иудей гарлынхаа талаар юу хэлснийг олж мэд.
-
Паулд иудейн нийгэмд нэгэн цагт нийгэм, шашны ямар ямар давуу тал байсан бэ? (Тэр израиль угсааны, фарисай гаралтай, еврейн шашны төлөө хүчин зүтгэдэг, хуулийг яг таг дагадаг.)
Филиппой 3:7–11-ийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Иудейн нийгэмд өөрийнхөө эзэмшдэг байсан давуу талуудыг хэрхэн үздэгийг олж мэд.
-
Паул Есүс Христийг дагахын тулд орхисон зүйлсийнхээ талаар юу гэж үзсэн бэ?
-
Паул яагаад “бүх юмсыг гарз хохирол [болгох]” хүсэлтэй байсан бэ? (8-р шүлэг). (Тэгснээр тэр Есүс Христийг таньж мэдэх; “Түүний дотор олдохын тулд” [9-р шүлэг] эсвэл Түүнтэй итгэлт гэрээний харилцаанд байх; Түүнд итгэх итгэлээрээ зөвтгөгддөг байх; Түүний төлөө зовох; “зөв шударга” буюу үнэнч шударга хүмүүсийн амилуултын нэг хэсэг болох болно [Иосеф Смитийн Орчуулга, Филиппой 3:11 (Филиппой 3:11, зүүлт тайлбар a)].)
Нэг суралцагчаас Филиппой 3:12–14-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул өөрийн сүнслэг хөгжлийн талаар юу анзаарсныг олж мэдэхийг хүс. Барьж авах гэдэг нь олж авах гэсэн утгатайг тайлбарла.
-
Паулын өнгөрсөнд орхисон зүйлдээ төвлөрөхийн оронд олж авахаар урагш тэмүүлж байсан зүйл нь юу байсан бэ? (“Бурханы дээш чиглэсэн дуудлагын шагнал” [14-р шүлэг] бол мөнх амьдрал гэдгийг тайлбарла.)
-
Бид Есүс Христийг танин мэдэж, мөнх амьдралтай болохын тулд юу хийх ёстой талаар Паулын жишээнээс ямар зарчим мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч хариултууд нь Хэрэв бид Есүс Христийг дагахын тулд бүх л шаардлагатай зүйлсээс татгалзаж, итгэлтэйгээр урагшлах аваас Түүнийг танин мэдэж, мөнх амьдралтай болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн Нэгдсэн Улсад өөр улсаас мэргэжил дээшлүүлэх сургалтад ирээд, Сүмд орсон тэнгисийн цэргийн офицертой уулзсан тухай дараах түүхийг чанга уншихад урь. Ангийнхнаас тэр залуухан эрэгтэй Есүс Христийг дагахын тулд юунаас татгалзахад бэлэн байсныг олж сонсохыг хүс.
“Тэр надтай төрөлх нутаг руугаа буцахаасаа өмнө танилцсан юм. … Би: ‘Танай хүмүүс Христийн шашинтан биш шүү дээ. Чи Христийн шашинтай, тэр дундаа Христийн Мормоны шашинтай болоод харихад чамд юу тохиолдох бол?’ гэж асуулаа.
Түүний царай барайж, ‘Гэр бүлийнхний маань сэтгэл гонсойх байх. Тэд намайг гэр бүлээсээ хөөж, үхсэн мэт үзэж ч магадгүй. Миний ирээдүй, ажил мэргэжил, бүх боломж завшаан миний өмнө хаагдаж магадгүй ээ’ гэж хариулав.
Намайг ‘Чи сайн мэдээний төлөө ийм агуу үнэ төлөх хүсэлтэй байна гэж үү?’ гэж асуухад
‘Энэ үнэн биз дээ?’ хэмээн хариулахдаа түүний хар нүдэнд нулимс цийлэгнэн, царайлаг бор нүүр нь гэрэлтсэн юм.
Ийм зүйл асуусандаа санаа зовон, ‘Тийм ээ, энэ үнэн’ гэж хариулахад
тэрээр ‘Тэгвэл бусад зүйл тийм хамаатай гэж үү?’ хэмээн хариулж билээ” (“Энэ үнэн биз дээ?” Ensign, 1993 оны 7-р сар, 2).
-
Энэ залуухан эрэгтэй Аврагчийг дагахын тулд юу юунаас татгалзсан бэ?
-
Та (эсвэл таны мэддэг хүн) Аврагчийг дагахын тулд юунаас татгалзсан бэ?
-
Яагаад Есүс Христийг таньж мэдэн, мөнх амьдралын төлөө урагшлахын шагнал нь таны хийсэн золиослолын үнэ цэнтэй байдаг вэ?
Суралцагчдаас Есүс Христийг илүү сайн дагахын тулд татгалзах хэрэгтэй зүйл байгаа эсэхийг эргэцүүлэн бодохыг хүс. Тэднийг мэдэж авсан зүйлээ хэрэгжүүлэх зорилгоо бичиж авахад урь.
Паул зөвхөн дэлхийн жаргалд анхаардаг хүмүүсийг сүйрэл хүлээж байгаа гэж сануулсныг тайлбарлан, Филиппой 3:15–21-ийг нэгтгэн дүгнэ. Паул түүнчлэн Есүс Христ бидний мөнх бус бие махбодыг Өөрийнх шигээ гайхамшигт бие махбод болгон өөрчлөх болно гэж заасан.
Та энэ хичээлд ярилцсан үнэнүүдийн талаар гэрчилж, хичээлээ төгсгөж болно.