Номын сан
86-р хичээл: Үйлс 6–7


86-р хичээл

Үйлс 6–7

Оршил

Төлөөлөгчид Их Эзэний ажилд туслуулахаар долоон шавь томилжээ. Тэдгээр сонгогдсон хүний нэг болох Стефан олон гайхамшиг үзүүлэв. Зарим иудей хүн түүнийг бурханыг хараасан хэрэгт буруутгаж, Санхедрины ахлах тахилчдын өмнө авчрахад тэнд тэрээр хувирчээ. Стефан иудейчүүдийг Аврагчийг эсэргүүцсэнийх нь төлөө хурцаар шүүмжилснийхээ дараа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харав. Тэгээд тэрээр хотоос хөөгдөж, үхтэл чулуугаар шидүүлэв.

Заах зөвлөмж

Үйлс 6:1–8

Төлөөлөгчдөд ажлаа хийхэд нь туслах долоон шавь сонгогдов

Суралцагчдыг хэсэг хугацааны тодорхой сорилт, гачигдалтай байгаа гэр бүл, тойргийнхоо эсвэл орон нутгийнхаа хэн нэгний тухай бодоход урь.

  • Та нарт энэ хүний тухай болон нөхцөл байдлынх нь тухай бодоход ямар санагддаг вэ?

  • Тэнгэрлэг Эцэг энэ хувь хүмүүсийн тухай бодохдоо ямар сэтгэгдэлтэй байна гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Үйлс 6:1–8-ыг судалж байхдаа Их Эзэн ямар арга замаар хүүхдүүдийнхээ хэрэгцээг хангадгийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Үйлс 6:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, грек хэлтэй иудейчүүд төлөөлөгчдийн анхаарлыг юунд хандуулсныг олж мэдэхийг хүс. Грек хэлтэй иудейчүүд гэдэг нь “грекээр ярьдаг Христийн шашинтай иудейчүүд” байсан бөгөөд еврейчүүд гэдэг нь “Палестины Христийн шашинтай иудейчүүд” байв (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 288).

  • Грек хэлтэй гэгээнтнүүд юунд санаа зовж байна гэж хэлсэн бэ?

Энэ үед Сүм маш хурдацтай өргөжин тэлж байсан бөгөөд бэлэвсэн хүмүүс зэрэг олон хүний түр зуурын хэрэгцээ ихсэж байсныг тайлбарла. Төлөөлөгчид “бүх үндэстэнд” (Mатай 28:19-ийг үзнэ үү) сайн мэдээг номлох үүрэгтэй байсан учраас Сүмийн гишүүдийн хувийн хэрэгцээ тус бүрд анхаарал тавих боломжгүй байв.

Цөөн суралцагчийг Үйлс 6:3–6-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, төлөөлөгчид энэ асуудлыг хэрхэн шийдсэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Сүмийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд туслахаар сонгогдсон хүмүүст энэ дуудлагадаа зохистой байхад нь ямар чанар хэрэгтэй байсан бэ? (Та суралцагчдад эдгээр чанарыг дүрсэлсэн 3 ба 5-р шүлгүүд дэх үгсийг судартаа тэмдэглэхийг санал болгож болно.)

  • Энэ үйл явц өнөөдөр Их Эзэн Өөрийн Сүмийн гишүүдийн хэрэгцээ хангагдаж буйг батлахын тулд хийдэг зүйлтэй юугаараа төстэй байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Зохистой Сүмийн гишүүд бусдын хэрэгцээнд үйлчлэхэд туслахаар дуудагддаг гэсэн үнэнийг самбар дээр бич.)

Хэд хэдэн суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, Сүмд байдаг дуудлагуудыг бичихэд урь. Тэдний жагсаан бичсэн дуудлагуудаас асуу.

  • Энэ дуудлагад итгэлтэйгээр үйлчилдэг хүмүүс хэний хэрэгцээнд тусалдаг вэ?

  • Бусдын хэрэгцээнд үйлчлэхэд туслахаар дуудагдсан хүмүүс 3 ба 5-р шүлгүүдэд дурдсан чанаруудтай байх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдыг Үйлс 6:7–8-ыг дотроо чимээгүй уншихад урь. Та тэдэнд эдгээр долоон шавийн бусдад үйлчлэх дуудлагаас үүдсэн эерэг үр дүнг тэмдэглэхийг санал болгож болно. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Үйлс 6:9–7:53

Стефан Санхедрины ахлах тахилчдын өмнө авчрагдаад, тэднийг Мессиаг үгүйсгэсэн хэмээн гэрчлэв

Цөөн суралцагчийг босож зогсоод, хэдийгээр тэдэнд гэрийн даалгавраа хийх, хоол хийх, амьдралдаа маш том асуудал шийдэх зэрэгт тусламж хэрэгтэй байсан ч дараах нөхцөл байдалд өөр хүний тусламжаас татгалзахыг оролдвол ямар харагдахыг дүрслэн үзүүлэхэд урь.

  • Бид яагаад заримдаа бусдын тусламжаас татгалздаг вэ?

  • Бусдын тусламжийг эсэргүүцэхэд ямар үр дагавар гардаг вэ?

Тэнгэрлэг Эцэгийн бидэнд тусалдаг нэг арга зам бол Ариун Сүнсээр дамжуулах явдал гэдгийг онцол. Суралцагчдыг Үйлс 6:9–7:53-ыг суралцаж байхдаа Ариун Сүнсийг эсэргүүцэхийн үр дагаврыг олж мэдэхэд урь.

Үйлс 6:9 дээр цэдэглэснээр, Есүс Христэд итгэдэггүй олон хүн Стефаныг сайн мэдээ зааж байхад түүнтэй маргасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Үйлс 6:10–11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэр яагаад Стефантай маргасан хүмүүст нөлөөлснийг олж мэдэхийг хүс. Та 11-р шүлэгт буй нууцаар ятгах гэдэг үг нь хахуульдах гэсэн утгатайг тайлбарлах хэрэгтэй байж болно.

  • Стефантай маргалдсан хүмүүст түүний сургамж хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Стефаныг юунд буруутгасан бэ?

Стефан Санхедрин гэх нэртэй Иудейн удирдах зөвлөлийн өмнө аваачигдсан гэдгийг тайлбарлан, Үйлс 6:12–14-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Үйлс 6:15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Стефаныг зөвлөлийн өмнө зогсож байхад төрхөнд нь ямар ер бусын зүйл байсныг олж мэдэхийг хүс.

  • Стефан “тэнгэр элчийн царайтай” байсан гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (15-р шүлэг). (Стефан хувиргагдсан байсан. Энэ ариун хувиргалт бол Стефаныг болон түүний захиасыг зөвшөөрч байгаагаа хүмүүст үзүүлсэн Бурханы нэг арга зам юм. [Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3-р боть. [1965–1973], 2:67-г үзнэ үү.])

Стефан өөрийг нь буруушаасны хариуд Израилийн зарим түүхийг өгүүлсэн гэдгийг тайлбарлан, Үйлс 7:1–50-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Үйлс 7:35–39-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Стефан эртний израильчууд бошиглогч Мосед хэрхэн хандсан тухай юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 35-р шүлэгт цэдэглэснээр, Мосег Израилийн хүүхдүүдийг Египетээс чөлөөлөхөөр ирэхэд тэд түүнд хэрхэн хандсан бэ?

  • Мосе тэднийг чөлөөлсний дараа ч гэсэн тэд түүнд хэрхэн хандсан бэ (39-р шүлгийг үзнэ үү)?

Есүс Христ бол Мосегийн бошиглож байсан бошиглогч гэдгийг суралцагчдад сануул (37-р шүлгийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Үйлс 7:51–53-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Стефан өөрийн өдрүүд дэх Иудейн удирдагчдыг түүний дүрслэн хэлсэн эртний израильчуудтай хэрхэн харьцуулсныг олж мэдэхийг хүс.

  • 51-р шүлэгт цэдэглэснээр, Стефаны өдрүүд дэх Иудейн удирдагчид түүний дүрслэн өгүүлсэн эртний израильчуудтай хэрхэн адил байна вэ? (Аль аль нь Ариун Сүнсийг эсэргүүцсэн. “Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй” гэдэг нь иудейчүүдийн нүгэлт бардамнал болон ёс бус зүрх сэтгэлийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.)

  • 52-р шүлэгт цэдэглэснээр, эртний иудейчүүд Ариун Сүнсийг эсэргүүцсэнээр хэнээс татгалзаж мөн хэнийг хавчсан бэ? (Мосе зэрэг бошиглогчдыг)

  • Стефан Иудейн зөвлөлийг хэнээс татгалзсан гэж хэлсэн бэ? (“Зөвт Нэгэн” [52-р шүлэг], Аврагч гэсэн үг.)

Эртний Израилийн бошиглогч Мосегоос татгалзсан шиг Стефаны өдрүүд дэх Иудейн удирдагчид Аврагчийг эсэргүүцсэнийг Стефан харуулж байсан гэдгийг тайлбарла.

  • Бид Ариун Сүнсийг эсэргүүцэх тухай ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Ариун Сүнсийг эсэргүүцэх нь Аврагч болон Түүний бошиглогчдоос татгалзахад хүргэнэ гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Ариун Сүнсийг эсэргүүцэх нь Аврагчийн болон Түүний бошиглогчдын сургаалаас татгалзахад биднийг хэрхэн хөтөлж чадах вэ? (Ариун Сүнс Есүс Христийн тухай гэрчилдэг бөгөөд Түүний болон бошиглогчдынх нь үгсийн үнэнийг нотолдог. Тиймээс Ариун Сүнсийг эсэргүүцэх нь хэн нэгний гэрчлэлийг мөн Аврагч ба Түүний бошиглогчдыг дагах шийдвэрийг сулруулдаг.)

Суралцагчдыг дараах нөхцөлүүдэд хэн нэгэн хэрхэн Ариун Сүнсийг эсэргүүцэхэд уруу татагдаж болохыг тайлбарлахад урь. Үүнд: (1) үзвэр үйлчилгээ болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийг сонгох, (2) болзох талаарх бошиглогчдын зөвлөгөөг дагах эсэхээ сонгох, мөн (3) Есүс Христ болон Түүний бошиглогчдын заасан наманчлалын зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэх эсэхээ шийдэх зэрэг болно.

  • Бид Ариун Сүнсний нөлөөг эсэргүүцэхийн оронд хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?

Суралцагчдыг Ариун Сүнсний нөлөөг хүлээн авсан нь Аврагч болон Түүний бошиглогчдыг хүлээн авч, тэдний сургаалыг амьдралд хэрэгжүүлэхэд хэрхэн хөтөлснийг бодож үзэхэд урь.

Суралцагчдыг ирэх долоо хоногт Ариун Сүнсний нөлөөг амьдралдаа идэвхтэй урихын тулд хийж чадах нэг зүйлийг эргэцүүлэн бодоход урамшуул. Тэднийг энэ зорилгоо хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд мөн уг зорилгоо биелүүлэхэд урамшуул.

Үйлс 7:54–60

Стефаныг чулуугаар цохиж алсан

Зовлон бэрхшээл гэдэг үгийг самбар дээр бичээд, суралцагчдаас энэ үг ямар утгатай гэж бодож байгааг асуу. (Суралцагчдыг хариулсны дараа агуу бэрхшээл, зовлонгийн шалтгаан гэсэн тодорхойлолтыг үгийн хажууд бич.)

  • Бид яагаад Есүс Христийн дагалдагчдын хувьд гамшгийг хүлээж байх хэрэгтэй вэ?

Суралцагчдыг Үйлс 7:54–60-ыг судалж байхдаа гай гамшиг тохиолдоход бидэнд туслах зарчмыг олж мэдэхийг урамшуул.

Стефаныг Иудейн ёс бус удирдагчдыг буруушаасны дараа тэдний “хорсол буцалж” (54-р шүлэг), уурласан гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Үйлс 7:55–56-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Стефаны хясаж хавчигдаж байсан энэ үедээ юу мэдэрч байсныг олж мэдэхийг хүс.

  • Стефан ямар нөлөөгөөр дүүргэгдсэн бэ?

  • Стефан хэнийг харсан бэ?

Зураг
Стефан Бурханы баруун талд зогсож буй Есүсийг харсан

Стефан Бурханы баруун талд зогсож буй Есүсийг харсан нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], дугаар 63; мөн LDS.org-оос үзнэ үү).

  • Бид Стефаны үзсэн үзэгдлээс Бурхан Тэргүүтэний тухай ямар үндсэн сургаалыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав бол гурван тусгай мөн ялгаатай бие юм гэсэн сургаалыг олж тогтоосон эсэхийг бататга.) Та энэ сургаалыг судрынхаа Үйлс 7:55–56-ийн хажуу талын зайд бичихийг суралцагчдадаа санал болгож болно.

Цөөн суралцагчийг Үйлс 7:57–60-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хүмүүс Стефанд юу хийснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Стефаны залбирлын юу нь та нарын анхаарлыг татсан бэ?

  • Та нар Лук яагаад Стефаны эмгэнэлт үхлийг “тэр нойрсов” гэдэг үгсээр дүрсэлсэн гэж бодож байна вэ? (60-р шүлэг). (Энэ хэллэг нь зөв шударга сүнсний мөнх бус байдлын бэрхшээлээс амрах амралтыг мөн ийм хүмүүсийн энэ амьдралаас ирэх амьдралд шилжин орохын амар амгаланг хэлж байж болно гэдгийг онцол [C ба Г 42:46-г үзнэ үү].)

Суралцагчдыг Стефаныг авч яваад, алахаас өмнө юу мэдэрч байсныг нь эргэцүүлэхэд урь (Үйлс 7:55–56-г үзнэ үү).

  • Бурхан Стефаныг Санхедрины ахлах тахилчидтай уулзаж байх үеийн турш хэрхэн хүчирхэгжүүлж байсан бэ? (Стефан Ариун Сүнсээр дүүрч, Аврагчийг Бурханы баруун талд зогсож байгааг харжээ.)

  • Стефанд тохиолдсон явдлаас бид гай зовлон учирсан үед ч Есүс Христэд итгэлтэй хэвээр үлдэхэд туслах ямар зарчмыг суралцаж болох вэ? (Суралцагчид хэд хэдэн зарчмыг тодорхойлж болох ч Хэрэв бид гай зовлон учирсан үед ч Есүс Христэд итгэлтэй үлдвэл Тэр бидэнтэй хамт байх болно гэсэн зарчмыг ойлгосон эсэхийг бататга.)

  • Бидэнд гай зовлон нүүрлэж байхад Их Эзэн ямар ямар арга замаар бидэнтэй хамт байдаг вэ?

  • Хэдийгээр Стефан амиа алдсан ч юу олж авсан бэ?

Стефаныг ерөнхийдөө хамгийн анхны амиа золигч Христийн шашинтан гэж үздэгийг тайлбарла. Үүнээс гадна түүнийг Христийн хэв маяг гэж харж болно, учир нь Аврагч тэр хоёр хоёулаа зөвлөлийн өмнө шүүгдэж, дайснуудынхаа нүүрэн дээр үнэнийг тунхаглаж, зөв шударга шалтгаанаар өөрсдийн амийг өгч мөн бүр үхлээр зовж байхдаа ч төстэй зүйлийг илэрхийлж байжээ (Лук 23:33–34, 46-г үзнэ үү). Та хожим нь төлөөлөгч Паул гэгдэх болсон Саул хэмээх залуу Стефаны тарчлан зовж байхад тэнд байж, гэрчилсэн гэдгийг онцолж болно (58-р шүлэг-ийг үзнэ үү).

Энэ хичээлийн турш заагдсан үнэний тухай гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Үйлc 6:1–6. Арванхоёрын цаг зуурын асуудалд туслахаар дуудагдсан эрс

Их Эзэн Сүмийн материаллаг хэрэгцээг хангахад арванхоёрт туслуулахаар долоон зохистой хүнийг дуудсан шиг Их Эзэн өнөөдөр ч гэсэн Сүмийн материаллаг хэрэгцээг хангахад арванхоёрт туслуулахаар Тэргүүлэх бишопын зөвлөлийг дуудсан. Тэргүүлэх бишоп болон түүний хоёр зөвлөх Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор Сүмийн цаг зуурын ажил хэргийг гүйцэтгэхээр үйлчилдэг. Мацаг барих нь энэ хөтөлбөрийн нэгэн чухал хэсэг бөгөөд цаг зуурын болон амьдрал тэтгэх тусламжийг дэлхий даяарх ядуучуудад үзүүлдэг. (Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл mormonnewsroom.org-оос “Тэргүүлэх бишопын зөвлөл”-ийг үзнэ үү.)

Үйлс 6:15. Стефаны хувиралт

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Стефаны царай яагаад “тэнгэр элчийн царай” (Үйлс 6:15) мэт харагдсаныг тайлбарлажээ.

“Стефан Бурхан түүнтэй байгаагийн илэрхий гэрчийг үзүүлэн, тэдний өмнө хувирсан. Багаар бодоход, Их Эзэнтэй уулан дээр дөчин хоног ярилцсаны дараа царай нь мэдэгдэм гэрэлтэх болсон Мосегийн адил Стефанд мөн тийм байжээ. (Eгипетээс гарсан нь 34:29–35.)” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 2:67).

“Иудейн удирдагчид Стефаныг болон түүний гэрчлэлийг эсэргүүцсэнээрээ Стефанд зөвшөөрөл олгосноо илэрхий тэмдгээр үзүүлсэн Бурханыг үгүйсгэжээ” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 289).

Үйлс 7:56. “Хүний Хүү”

“Дөрвөн сайн мэдээнд ная гаруй ‘Хүний Хүү’ гэдэг заалт бий. Бараг бүхий л тохиолдолд Есүс Өөрийгөө энэ нэрээр дуудсан байдаг. Магадгүй Стефан сонсогчид нь Есүс Христийн хэн болохыг үнэхээр мэдээсэй гэж хүссэн тийм байдлаараа Аврагчийг нэрлэсэн байж болно. ‘Хүний Хүү’ нэрний талаар илүү их мэдээллийг Mосе 6:57-оос мөн тайлбарыг Mатай 8:20; 9:6; 10:23; 11:19; 12:8, 32, 40 болон Mарк 14:53–65-аас үзнэ үү” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 291).