Номын сан
Гэгээн Маркийн цэдэглэсэн сайн мэдээний оршил


Гэгээн Маркийн цэдэглэсэн сайн мэдээний оршил

Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?

Маркийн ном Аврагчийн хүчирхэг үйлс дээр ихэнхдээ төвлөрсөн хурдан өрнөл бүхий түүхээр Есүс Христийн тохинуулал, үхэл, Амилалтыг өгүүлжээ. Гол үйл явдал нь Цагаатгал байсан ба энэ нь удаан хугацаанд амлагдаж ирсэн Мессиагийн хувьд Есүсийн номлол дахь гол төв нь гэдгийг Марк онцолсон. Суралцагчид Аврагчийн цагаатгах номлолоо хэрхэн гүйцэлдүүлсэн тухай Маркийн түүх, гэрчлэлийг судалснаар сайн мэдээнд илүү сайн хөрвөгдөж, Аврагчийг дагах зоригийг олох болно.

Хэн энэ номыг бичсэн бэ?

Марк бол (мөн Иохан Марк гэж нэрлэдэг) энэ номыг бичигч юм. Марк Есүс Христийн анхны шавь нарын дунд байгаагүй ч хожим хөрвөгдөж, төлөөлөгч Петрийн туслах болсон ба Петрээс сурсан зүйлс дээрээ үндэслэн сайн мэдээгээ бичсэн байх магадлалтай (Судруудын удирдамж, “Марк”-ийг үзнэ үү).

Марк ээж Мариагийнхаа хамт Иерусалимд амьдардаг байсан ба тэдний гэр эртний Христэд итгэгчдийн зарим нь цуглардаг байсан цуглааны газар байв (Үйлс 12:12-ыг үзнэ үү). Барнаб, Саул (Паул) хоёрын анхны номлолын аялалд туслахын тулд Марк Иерусалимыг орхижээ (Үйлс 12:25; 13:4–6, 42–48-ыг үзнэ үү). Паул хожим нь Маркийг Ромд өөртэй нь хамт байсан гэж бичсэн (Колоссай 4:10; Филемон 1:24) ба Маркийг “үйлчлэлд [өөрт нь] хэрэгтэй” (2 Tимот 4:11) хамтрагч байсан гэж магтжээ. Петр түүнийг “миний хүү Марк” (1 Петр 5:13) гэж дурдан, ойр дотно харилцаатайгаа илэрхийлсэн байдаг.

Энэ ном хэзээ, хаана бичигдсэн бэ?

Бид Маркийн сайн мэдээг яг хэзээ бичигдсэнийг мэдэхгүй. Марк сайн мэдээгээ МЭ 64 онд төлөөлөгч Петрийг бусдын гарт амиа алдсаны дараахан МЭ 64 ба МЭ 70 оны хооронд бичсэн байх магадлалтай.

Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?

Маркийн сайн мэдээ нь орчуулагдсан арамай эшлэл, латин үг хэллэг, иудей ёс заншлын тайлбарууд зэрэг нарийвчилсан мэдээллүүдийг агуулдаг. Эдгээр нь голчлон ромчууд ба бусад үндэстний харийнхан, Ром хот болон Ромын хаант улс даяар Христийн шашинд хөрвөсөн хүмүүст зориулагдсан байх магадлалтай. Ромын хаант улс даяар Сүмийн олон гишүүний итгэл хүчтэй соригдож байсан үед Маркийг Ромд Петртэй хамт байсан гэдэгт олон хүн итгэдэг.

Маркийн сайн мэдээний гуравны нэг нь Аврагчийн сургаалуудыг болон Түүний амьдралын сүүлчийн долоо хоногийн үйл явдлуудыг өгүүлдэг. Марк зовж шаналсан Бурханы Хүү эцэст нь хилэнц, нүгэл, үхлийг ялгуусан байдлаар ялсан гэдгийг гэрчилдэг. Энэ гэрчлэл нь Аврагчийн дагалдагчид Эзэнийг дагаж байгаа учраас хавчлага дарамт, сорилт бэрхшээл, бүр үхэлтэй хүртэл тулгарахдаа айх хэрэггүй гэсэн утгатай юм. Тэд Их Эзэн өөрсдөд нь тусална гэдгийг мөн Түүний бүх амлалт эцэстээ биелэгдэнэ гэдгийг мэдэж байгаа учраас итгэлтэй тэвчиж чадна.

Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?

Маркийн сайн мэдээ гэнэт, хурц тод эхэлдэг ба хурдан өрнөлтэй, үйл явдлуудыг дэс дарааллаар нь товчхон өгүүлдэг. Марк тэр даруй, даруй гэдэг үгийг хэрэглэснээр хурдан өрнөл, үйл явдлын үр нөлөөг харуулдаг.

Маркийн номын материалын 90 хувь нь Матай, Лук дээр байдаг боловч Маркийн түүх Аврагчийн эргэн тойрондоо байсан хүмүүст үзүүлсэн нинжин сэтгэл, хандлагад илүү бүрэн дүүрэн талархалтай байхад бидэнд туслах нэмэлт мэдээллүүдийг агуулдаг (Марк 9:14–27Матай 17:14–18-тай харьцуул). Жишээлбэл, Марк Аврагчийг Галилд мөн тохинууллынх нь эхэн үед өөр бусад газарт хүмүүс өргөн дэлгэр баярлан хүлээн авсныг өгүүлдэг (Марк 1:32–33, 45; 2:2; 3:7–9; 4:1-ийг үзнэ үү). Марк мөн шүүмжлэлтэй бодол санаанаас (Марк 2:6–7-г үзнэ үү) Есүсийг хуйвалдаж алах хүртэл (Марк 3:6-г үзнэ үү) эсэргүүцэл нь маш хурдан өсөн нэмэгдсэн хуулийн багш нар, фарисайчуудын сөрөг хандлагыг анхааралтай өгүүлсэн байдаг.

Маркийн чухал сэдвүүд дунд Есүс хэн болох ба Түүний мөн чанарыг хэн ойлгосон мөн “загалмайгаа барьж, [Есүсийг] дагах” ёстой шавь нарын үүрэг хариуцлагын талаарх асуултууд байв (Марк 8:34). Нэмж хэлэхэд, Марк бол өөрөө ургадаг үрийн сургаалт зүйрлэлийг (Марк 4:26–27-г үзнэ үү) болон Декапол дүүрэг дэх дүлий хүнийг эдгээснийг (Марк 7:31–37-г үзнэ үү) мөн Бетсайд дахь сохор хүнийг шат шатаар эдгээснийг (Марк 8:22–26-г үзнэ үү) өгүүлдэг цорын ганц сайн мэдээ юм.

Тойм

Марк 1–4-т Есүс Иохан Баптистаар баптисм хүртэж, номлож, шавь нарыг дуудан, гайхамшгуудыг үйлдэж эхлэв. Өөрийг нь эсэргүүцэх эсэргүүцэл нэмэгдэхэд, Тэрээр сургаалт зүйрлэлээр заасан.

Марк 5–7-д Аврагч олон гайхамшиг үргэлжлүүлэн үйлдэж, бусдыг өрөвдөх өрөвч нинжин сэтгэлээ харуулав. Иохан Баптистыг алагдсаны дараа, Есүс таван мянгаас илүү хүнийг хооллож, усан дээгүүр алхжээ. Есүс буруу уламжлал заншлуудын эсрэг заав.

Марк 8–10-т Есүс Христ гайхамшгуудыг үргэлжлүүлэн үйлджээ. Петр Есүсийг Христ гэж гэрчлэв. Аврагч Өөрийнхөө зовлон шаналал, үхэл, Амилалтын талаар гурван удаа бошиглосон боловч шавь нар нь Түүний үгсийн утга учрыг бүрэн дүүрэн ойлгосонгүй. Тэрээр шавь нараас нь шаардагдах даруу байдал, үйлчлэлийн тухай тэдэнд заажээ.

Марк 11–16-д Аврагч амьдралынхаа сүүлчийн долоо хоногт Иерусалимд ирж, шавь нартаа заасан бөгөөд Гетсеманид зовж шаналан, цовдлогдсон. Есүс Христ амилав.