Номын сан
42-р хичээл: Марк 11–16


42-р хичээл

Марк 11–16

Оршил

Есүс мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа төгсгөл үед, хоёр жижиг зэс зоос ариун сүмийн эрдэнэсийн санд хийж байсан нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэйг ажиглажээ. Хожим нь Бетан дахь оройн зоогийн үеэр Мариа Есүсийн оршуулгын тэмдэг болгон биеийг нь тосолжээ. Аврагч Гетсеманид зовж шаналав. Аврагч баривчлагдаж, үхэх ял хүлээн авчээ. Их Эзэн загалмай дээр нас барж, амилсныхаа дараа төлөөлөгчдөдөө үзэгдэж, тэдэнд сайн мэдээг бүх дэлхийд түгээх эрх мэдлийг олгожээ.

Заах зөвлөмж

Марк 11–13

Аврагч ариун сүм дотор зааж байхдаа ариун сүмийн эрдэнэсийн сан руу хоёр жижиг зэс зоос хийж байгаа нэгэн бэлэвсэн эмэгтэйг ажиглажээ.

Дараах жишээнүүдийг чанга уншаад, суралцагчдаас жишээ бүрээс Их Эзэнд өргөж буй өргөлүүдийн хоорондох ялгааг олж сонсохыг хүс.

  1. Нэгэн эмэгтэй бишоптоо мацгийн өргөл болгон маш их хэмжээний мөнгө өгчээ. Уг эмэгтэйн тойрогт байдаг өөр нэгэн эмэгтэй бишоптоо мацгийн өргөл болгон маш бага хэмжээний мөнгө өгчээ.

  2. Нэгэн эрэгтэй гадасны ерөнхийлөгчөөр үйлчилдэг байв. Уг эрэгтэйн гадсанд байдаг өөр нэгэн эрэгтэй Хүүхдийн хэсгийн багшаар үйлчилдэг байв.

  • Та нар жишээ бүр дэх өргөлүүдээс ямар ялгааг ажиглаж байна вэ?

  • Хэрэв Их Эзэнд өргөсөн өргөл нь бусдынхтай харьцуулахад бага харагдаж байвал хүнд ямар санагдаж болох вэ?

Суралцагчдыг Марк 11–14-өөс суралцах үедээ, Их Эзэн Өөрт нь өргөдөг тэдний өргөлийг хэрхэн үздэгийг мэдэхэд туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Зураг
Ялгуусан байдалтай орсон нь

Ялгуусан байдалтай орсон нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 50; мөн LDS.org-ийг үзнэ үү). Аврагч мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа төгсгөл үед Иерусалим руу ялгуусан байдалтай орсон ба ариун сүмийг цэвэршүүлж, дотор нь байгаа хүмүүст заасан гэдгийг тайлбарлан, Марк 11:1–12:40-ийг нэгтгэн дүгнэ. Фарисайчууд, хуулийн багш нар Аврагчийн нэр хүндийг гутаахын тулд Түүнийг ариун сүмд зааж байхад нь хэцүү асуултуудыг тавьсан гэдгийг суралцагчдад сануул. Аврагч тэдний асуултуудад хариулсныхаа дараа фарисайчууд, хуулийн багш нарыг хоёр нүүр гаргасных нь учир зэмлэжээ (Матай 23-ыг үзнэ үү).

Есүс ариун сүмд байхдаа ариун сүмийн эрдэнэсийн санд Бурханд өргөл болгон мөнгө өгч байгаа хүмүүсийг харж байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Марк 12:41–44-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч эрдэнэсийн санд юу харсныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч эрдэнэсийн санд юу харсан бэ?

Өөрсдийнхөө орон нутагт байдаг мөнгөний хамгийн бага нэгжтэй зоосыг үзүүлээд, жижиг зэс зоос нь “иудейчүүдийн хэрэглэдэг байсан хамгийн бага хүрэл зоос” (Bible Dictionary, “Money”) байсан гэдгийг тайлбарла.

  • Хэрэв хэн нэгэн хоёрхон жижиг зэс зоосыг Бурханд өргөл болгон өгөх боломжтой бол ямар сэтгэгдэлтэй байж болох вэ?

  • Аврагч уг бэлэвсэн эмэгтэйн өргөлийг бусдынхтай харьцуулан юу гэж хэлсэн бэ?

  • Аврагч яагаад түүний өргөлийг бусад хүний өргөлөөс “илүү” их хэмээн үзсэн гэж та нар бодож байна вэ?

  • Их Эзэний бэлэвсэн эмэгтэйн талаар хэлсэн зүйл дээр тулгуурлан, бид Их Эзэнд өргөл өргөх талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид байгаа бүхнээ Их Эзэнд өргөх хүсэлтэй байх юм бол хэдийгээр бидний өргөл бусдынхтай харьцуулахад бага харагдаж болох ч Тэрээр бидний өргөлийг хүлээн авах болно гэсэнтэй адил зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

Аврагч төлөөлөгчдөдөө Хоёр дахь ирэлтийн талаар заасан гэдгийг тайлбарлан, Марк 13-ыг нэгтгэн дүгнэ. Суралцагчдад Иосеф Смит—Матайгаас тэд эдгээр сургаалыг мэдэж авсан гэдгийг сануул.

Марк 14:1–9

Мариа Аврагчийг тослов

Аврагч шавь нартаа Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийн талаар заасныхаа дараа Иерусалимыг орхиод, урьд нь уяман өвчнөөр өвдөж байсан Симон гэгч хүний гэрт очихоор Бетан руу явсан болохыг тайлбарла.

Нэг суралцагчийг Марк 14:3-ыг мөн өөр нэг суралцагчийг Иохан 12:3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Аврагчийг оройн зоог идэхээр тухлах үед юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Аврагчийг Симоны гэрт оройн зоог идэхээр тухлах үед юу тохиолдсон бэ? (Аврагчийг тосолсон эмэгтэй бол Марта, Лазар хоёрын дүү Мариа байсан гэдгийг тайлбарла [Иохан 12:1–3]-ыг үзнэ үү.)

  • Мариа Аврагчид хэрхэн хайр, сүсэг бишрэлээ харуулсан бэ?

Аврагчийн толгойг болон хөлийг цэвэр нардын тосоор (их үнэтэй үнэрт тос) тосолсон Мариагийн үйлдэл нь бүр хаадын ховорхон хүлээж авдаг хүндэтгэлийн үйлдэл байсан юм гэдгийг тайлбарла (Жэймс Э.Талмэйж, Jesus the Christ, 3 дахь хэвлэл [1916], 512-ыг үзнэ үү).

Цөөн суралцагчийг Марк 14:4–9-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, оройн зоогон дээр байсан зарим хүн Мариагийн үйлдэлд хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. Бид Иохан 12:4–5-аас Искариотын Иудас Мариагийн үйлдэлд дургүйцсэн хүн байсан гэдгийг мэдэж авдаг болохыг тайлбарла.

  • Искариотын Иудас Аврагчийг үнэтэй тосоор тосолсон Мариагийн үйлдэлд хэрхэн хандсан бэ?

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, уг тос хэр үнэтэй байсан бэ? (Гурван зуу гаруй денар гэдэг нь энгийн ажилчны нэг жил хөдөлмөрлөж олох мөнгөтэй тэнцдэг байсан гэдгийг тайлбарла.)

  • Иудасын Мариагийн тухай шүүмжлэлд Аврагч хэрхэн хариулсан бэ?

6-р шүлгэн дээрх “энэ эмэгтэй Надад сайныг үйлдсэн” гэх үгсийг онцлоод, энэ нь Мариагийн хийсэн зүйл Аврагчийн таалалд нийцсэн гэдгийг харуулдаг хэмээн тайлбарла. Мөн 8-р шүлгэн дээрх “Тэр хийж чадахаа л хийсэн” гэх үгсийг онцлоод, энэ нь Мариа Их Эзэнд өгч чадах бүхнээ өгсөн гэдгийг илэрхийлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Биднийг Аврагчид өгч чадах бүхнээ өгөх үед Тэрээр ямар мэдрэмжтэй байдаг тухай бид эдгээр шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид өгч чадах бүхнээ өгөх үед Аврагчийн таалалд нийцдэг гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

Хичээлийн эхэнд танилцуулсан хоёр жишээг дурд. Суралцагчдаас жишээ бүр дэх хүмүүс хэрхэн Их Эзэнд таалагдсан байж болохыг тайлбарлахын тулд Марк 12 болон Марк 14 дээрээс тодорхойлсон үнэнийг ашиглахыг хүс.

  • Эдгээр үнэнд итгэх нь Их Эзэнд өргөх зүйл тийм ч их байхгүй гэж бодож байгаа хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

  • Та нар хэзээ хэн нэгний Их Эзэнд өгч чадах бүхнээ өгч байгааг харсан бэ?

Суралцагчдыг одоо Их Эзэнд өгч чадах бүхнээ өгч байгаа эсэхээ бодож үзэхэд урь. Тэднийг сайжруулж болох амьдралынхаа аль нэг талыг сонгоод, Их Эзэнд өгч чадах бүхнээ өгөхөд туслах зорилго тавихад урамшуулан дэмж.

Марк 14:10–16:20

Есүс Гетсеманид бидний нүглийн төлөө зовж шаналснаар Цагаатгалаа эхлүүлжээ; мөн Искариотын Иудас Түүнээс урваж, Түүнийг иудейчүүдийн удирдагчдын өмнө авчирчээ.

Суралцагчдаас дараах асуултуудыг дотроо эргэцүүлэн бодохыг хүс:

  • Та нарыг эсвэл та нарын туулж байгаа зүйлсийг хэн ч ойлгохгүй байна гэж хэзээ нэгэн цагт та нарт бодогдож байсан уу?

  • Үйлдсэн нүглүүдээсээ өршөөгдөж чадахгүй гэж хэзээ нэгэн цагт та нарт бодогдож байсан уу?

Суралцагчдыг Марк 14-өөс судалж байхдаа эдгээр мэдрэмжийг мэдэрч байж болзошгүй хэн нэгэнд туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Мариаг Есүсийг тосолсноос хойш хэдэн өдрийн дараа, Есүс төлөөлөгчидтэйгөө Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэсэн гэдгийг тайлбарлан, Марк 14:10–31-ийг нэгтгэн дүгнэ. Дараа нь Аврагч Гетсеманий цэцэрлэг рүү явжээ.

Нэг суралцагчийг Марк 14:32–34-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч Гетсеманий цэцэрлэгт юу мэдэрснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч Гетсеманий цэцэрлэгт байхдаа юу мэдэрсэн бэ?

Суралцагчдыг хариулсны дараа ихэд зовж, шаналж, үхтлээ шаналж зэрэг үгсийг самбар дээр бич.

Эдгээр үг нь Есүс Христ Өөрийн Цагаатгалын нэг хэсэг болгон туулсан зовлон шаналлыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Эдгээр үг нь бидэнд Есүс Христийн Цагаатгалын тухай юу зааж байна вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христ Өөрийн Цагаатгалын нэг хэсэг болгон Гетсеманий цэцэрлэгт зовж, шаналсан юм гэсэн үнэнийг самбар дээр бич.)

Цөөн суралцагчийг Марк 14:35–42-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч үлэмж их зовж шаналснаасаа болж юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч үлэмж их зовж шаналснаасаа болж юу хийсэн бэ? (Есүсийн зовлон шаналал маш хүнд хэцүү байсан учраас Тэр үүнийг амсахгүй байж болох арга байгаа эсэхийг асуусан гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.)

Есүс Христ … болохын тулд … туулсан юм гэж самбар дээр бич.

Бусад судрын хэсэг бидэнд Есүс Христийн зовлон шаналлыг болон Түүнийг яагаад бидний төлөө зовоход бэлэн байсныг ойлгоход тусалдаг гэдгийг тайлбарла.

Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Исаиа 53:3–5 мөн Алма 7:11–13. Суралцагчдыг хос болгон хуваарилаад, шүлгүүдийг хамтдаа уншин, Аврагч хэрхэн зовсон мөн яагаад зовсныг олж мэдэхэд урь. Суралцагчдаас Исаиа 53:3–5 мөн Алма 7:11–13-аас мэдсэн зүйлс дээрээ үндэслээд, самбар дээрх өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичихээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэхийг хүс. (Та Алма 7:12 дээрх халамжлах гэдэг үг нь хэн нэгнийг тайвшруулж, туслахаар яаравчлах гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно.)

Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагчийг уг өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичсэнээ хуваалцахад урь. Тэдний хариулт дараахтай төстэй байх ёстой. Тухайлбал: Есүс Христ биднийг хэрхэн халамжлахаа мэдэж болохын тулд бидний шаналал, өвчин, уруу таталт, зовлон зүдгүүр, уй гашууг туулсан. Тэрээр бидний зөрчлүүдийг арилгаж болохын тулд бидний нүглийн төлөө зовж шаналсан. Аврагчийн хүн төрөлхтний нүглийн төлөөх зовлон шаналал Гетсеманид эхэлсэн ба загалмай дээрх Түүний цовдлуулалтаар төгсгөл болсон гэдгийг суралцагчдад сануул.

  • Аврагчийн хэрхэн зовж шаналсан мөн яагаад зовж шаналсныг мэдэх нь та нарт сорилт, бэрхшээл, өвчин, зовлонг даван туулахад хэрхэн тусалж болох вэ?

  • Хэзээ та нар өвчин, зовлон, гунигтай үедээ Аврагчийн та нарыг халамжилж байгааг мэдэрсэн бэ?

  • Та нар Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан наманчилж, нүгэл тань арилж байгааг мэдрэх үедээ ямар мэдрэмжийг авч байсан бэ?

Есүс Санхедриний өмнө хууль бусаар шүүгдэж, үхэх ял авсан гэдгийг тайлбарлан, Марк 14:43–16:20-ийг нэгтгэн дүгнэ. Аврагч загалмай дээр нас барж, амилсныхаа дараа төлөөлөгчдөдөө үзэгдэж, тэдэнд сайн мэдээг бүх дэлхийд түгээх эрх мэдэл олгожээ.

Та өнөөдөр ярилцсан үнэнийнхээ талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлээ дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Марк 12:41–44. Бэлэвсэн эмэгтэйн зооснууд

“Бэлэвсэн эмэгтэйн ариун сүмийн эрдэнэсийн санд хандивласан зооснууд нь лепта (грекээр жижиг) хэмээх нэртэй иудейн жижиг зоос байсан гэдгийг тайлбарла. Тэдгээр нь 0.5 грамм жинтэй мөн Ромын хамгийн бага мөнгөний хэмжигдэхүүн болох ‘farthing’ эсвэл кодрантаас бага үнэ цэнтэй байсан (Марк 12:42-ыг үзнэ үү).

“Бэлэвсэн эмэгтэй ‘өөрт байсан бүгдийгээ’ өгсөн нь хуулийн багш нарын хуурмаг зангаас ялгаатай болохыг мөн Бурханд хандсан чин сэтгэлийн сүсэг бишрэлийг нь харуулсан юм (Марк 12:38–40-ийг үзнэ үү). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэйж (1862–1933) бэлэвсэн эмэгтэйн өргөл өчүүхэн бага байхад Аврагч яагаад түүнийг магтсаныг тайлбарлахдаа: ‘Баян хүмүүс ихийг өгсөн ч тэд илүү ихийг өөрсдөдөө авч үлдсэн. Харин энэ эмэгтэй байгаа бүхнээ өгсөн. Бэлэвсэн эмэгтэйн өргөл өчүүхэн бага байсан нь биш, харин байгаа бүхнээ золиослох түүний сүнс, нэгэн үзүүрт сэтгэл уг өргөлийг онцгой болгосон юм’ гэжээ (Jesus the Christ, 3 дахь хэвлэл [1916], 561–562). Ахлагч Талмэйж түүнчлэн: ‘Хувь хүнийх эсвэл улс үндэстнийх байна уу хамаагүй, хэрэв чин сэтгэлээсээ, үнэн хүсэлтэйгээр байгаа бүхнээ өгсөн бол хэдийгээр энэ нь бусадтай харьцуулахад өчүүхэн бага байсан ч гэсэн Бурханы мэлмийд үргэлж гайхамшигтай байдаг’ гэж хэлжээ (The House of the Lord, rev. ed. [1968], 3)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 128–129).

Maрк 14:3–9. Мариа Есүсийг тослов

Ахлагч Жэймс Э.Талмэйж, Мариагийн үйлдэл Есүсийг хайрлах агуу хайрыг нь харуулсан хэмээн тайлбарлахдаа

“Зочны тэргүүнийг ердийн тосоор тослох нь түүнд хүндэтгэл үзүүлсний илэрхийлэл байв. Мөн түүний хөлийг тослох нь ер бусын ямар нэг үйл явдлын дохио болдог байв. Гэвч тэргүүн болон хөлийг цэвэр нардын тосоор ийм их хэмжээгээр тослох нь бүр хаадад ч гэсэн ховор үзүүлдэг хүндэтгэлийн зан үйл байжээ. Мариагийн үйлдэл бол гүн хүндэтгэлийн илэрхийлэл, жинхэнэ зүрх сэтгэлийн шүтлэг бишрэл, хайрын илрэл байлаа” гэжээ (Jesus the Christ, 3 дахь хэвлэл, [1916], 512).

Марк 14:32–36. Аврагчийн Гетсемани дахь зовлон шаналал

Маркийн хэрэглэсэн үг хэллэг Аврагчийн зовлон шаналлын бодит байдал, хүнд хэцүүг гэрчилдэг (Марк 14:23–36-г үзнэ үү). Эх бичмэл дэх ‘ихэд зовж’ хэмээн орчуулагдсан грек үг нь айх, цочирдох, гүн цочролд орсны дараа мэл гайхах, гайхширах зэрэг янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. ‘Шаналж’ гэдэг грек үйл үг нь сэтгэлээр унах, урам хугарах, зовж шаналах, гашуудах гэсэн утгатай. Эдгээр үг нь нийлээд, туйлын их зовж тарчилсныг дүрслэн харуулдаг. Аврагч ‘сэтгэл минь үхтлээ шаналж байна’ (Марк 14:34) хэмээн хэлсэн байдаг. Энэ нь Түүний зовлон тарчлал аймшигтай байсан ба Тэр Өөрийгөө үхлийн ирмэг дээр байгаа хэмээн мэдэрсэн гэсэн утгатай. …

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл (1926–2004) … Цагаатгалын зовлон шаналлын тухай:

“‘Есүс Гетсеманид байхдаа “ихэд зовж” (Марк 14:33), өөрөөр хэлбэл грекээр “гайхаж”, “цочирдсон” юм.

Энэ дэлхийн мөн бусад дэлхийн Бүтээгч Иехова “цочирдсон” гээд төсөөл дөө! … Тэрээр өмнө нь цагаатгалын гашуун мөн хүнд хэцүү үйл явцыг хэзээ ч туулж байгаагүй. Тиймээс тарчлал нь бүрэн дүүрнээрээ ирэх үед, энэ нь ер бусын оюун ухаантай Түүний төсөөлж байснаас ч илүү хүнд хэцүү байсан! …

Өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхий л мөнх бусчуудын гэм нүглийн нэгдмэл ачаалал нь тэрхүү төгс, нүгэлгүй, эмзэг Бодгаль дээр буусан! Бидний бүх өвчин зовлон ямар нэг байдлаар Цагаатгалын аймшигт тооцооллын нэг хэсэг байсан билээ. (Алма 7:11–12; Иса. 53:3–5; Мат. 8:17-г үзнэ үү.)’ (‘Willing to Submit,’ Ensign, 1985 оны 5-р сар, 72–73)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 130).