Номын сан
129-р хичээл: 2 Тесалоник


129-р хичээл

2 Тесалоник

Оршил

Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд хандан, анхны захидлаа бичсэнийхээ дараа тун удалгүй Хоёр дахь ирэлтийн тухай үнэнийг тайлбарласан хоёр дахь захидлаа бичжээ. Тэрээр Аврагч урвалт болж өнгөрөхөөс нааш дахин ирэхгүй хэмээн заасан. Паул мөн залхуурахгүй байхыг номлож, гэгээнтнүүдийг “сайныг үйлдэхээс бүү зүрхшээ” гэж зөвлөсөн (2 Тесалоник 3:13).

Заах зөвлөмж

2 Тесалоник 1–2

Паул Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар бошиглож, гэгээнтнүүдийг зоригжуулсан.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Би … бүх хүнд, тэр тусмаа Сүмийн өсвөр үеийнхэнд хандан, өмнө нь та нарт тохиолдож байгаагүй байж болох ч гагцхүү Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас та нарт өөрсдийн итгэлийг хамгаалахаар дуудагдах, магадгүй бүр хувь хүний хувьд гутаан доромжлуулах өдөр ирэх болно гэдгийг хэлье” (“Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19).

Суралцагчдаас тэд хэзээ нэгэн цагт итгэлээ хамгаалсан эсвэл Сүмийн гишүүнчлэлийнхээ улмаас эсэргүүцлийг даван туулсан бол гараа өргөхийг хүс. Хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь.

Паул Тесалоникийн гэгээнтнүүдэд бичсэн хоёр дахь захидалдаа гэгээнтнүүдэд тулгарч байсан эсэргүүцэл зэрэг хэд хэдэн сэдвийг хөндсөн болохыг тайлбарла. Суралцагчдыг 2 Тесалоник 1 номыг судалж байхдаа тэднийг Сүмийн гишүүдийнх нь хувьд тулгарах эсэргүүцэл, зовлон шаналлыг тэсэн гарахад нь туслах зарчмыг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг 2 Тесалоник 1:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Тесалоникийн гэгээнтнүүдийг яагаад магтан сайшаасныг олж мэдэхийг хүс.

  • Паул яагаад Тесалоникийн гэгээнтнүүдийг магтсан бэ?

  • 5-р шүлэгт цэдэглэснээр, гэгээнтнүүд эсэргүүцэл, зовлон шаналлыг “тэвчээр болон итгэл”-тэйгээр даван туулбал ямар шагнал хүлээн авах вэ?

  • Бид эдгээр шүлгээс эсэргүүцэл, зовлон шаналлыг тэвчээртэй, итгэлтэй даван туулбал хэрхэн адислагдах тухай ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч Хэрэв бид эсэргүүцэл, зовлон шаналлыг тэвчээртэй, итгэлтэй байж даван туулбал Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдох болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас тэвчээртэй даван туулах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг олж сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Тэвчээртэй байх гэдэг нь идэвхгүй, хүлцэнгүй байна гэсэн үг биш, бас айдсаасаа болж юу ч хийхгүй байна гэсэн үг биш. Тэвчээр гэдэг нь тэвчин хүлээж байхдаа үргэлж юм хийж байхыг хэлдэг. Энэ нь үр дүнг нь хүлээж байгаа тэр зүйлээ орхилгүй, чадах бүхнээ хийж, ажиллаж, итгэж найдан, итгэлээ хэрэгжүүлэх явдал мөн. Энэ бол зүрх сэтгэлийн хүсэл минь биелэгдэх нь хойшилсон ч гэсэн бэрхшээлийг зоригтой даван туулах явдал мөн. Тэвчээр гэдэг бол зүгээр нэг тэсвэрлэхийг биш; харин онцгой сайнаар тэсвэрлэхийг хэлдэг юм!” гэжээ. (“Тэвчээрээр үргэлжлүүл,” Ensign эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 67).

  • Ерөнхийлөгч Угдорфын хэлснээр тэвчээртэй байж даван туулах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

  • Бидэнд эсэргүүцэл, зовлон шаналлыг тэвчээртэй даван туулахын тулд яагаад итгэл хэрэгтэй вэ?

Суралцагчдыг эсэргүүцэл, зовлон шаналлыг тэвчээртэй, итгэлтэй даван туулсан хэн нэгэн таньдаг эсвэл судар дээр гардаг хүний тухай бодоход урь.

  • Та хэний тухай бодсон бэ? Тэр хүн эсэргүүцэл эсвэл зовлон шаналлыг тэвчээртэй, итгэлтэй даван туулж байгаагаа хэрхэн харуулсан бэ?

Суралцагчдыг өөрт нь тохиолдож буй эсэргүүцэл эсвэл зовлон шаналлын тухай бодоод, тэдгээр түвэгтэй асуудлыг хэрхэн тэвчээртэй, итгэлтэй даван гарахаа шийдэхэд урь. Тэднийг тусламж эрэн залбирахад урамшуулан дэмж.

2 Тесалоник 1:6–10-р шүлэгт Паул Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг бошиглосон гэдгийг тайлбарла. Суралцагчдыг хоёр юм уу гурван бүлэг болгон хуваарил. Бүлэг бүрийг 2 Тесалоник 1:6–10-ыг хамтдаа уншаад, дараах асуултуудыг ярилцахад урь. (Та эдгээр асуултыг самбарт бичиж эсвэл тараах материал болгон өгч болно.) Суралцагчдаас хариултуудаа хичээлийн дэвтэр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүс.

  • Паул Хоёр дахь ирэлтийг дүрслэн хэлэхдээ ямар үг хэллэг ашигласан бэ?

  • Хоёр дахь ирэлт болоход зөв шударга хүмүүст юу тохиолдох вэ?

  • Хоёр дахь ирэлт болоход ёс бусчуудад юу тохиолдох вэ?

Хангалттай цаг гаргаж өгсний дараа цөөн суралцагчаас бүлгээрээ олж мэдсэн хариултаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Есүс Христийн Хоёр дахь ирэлт болоход зөв шударга хүмүүс амарч, ёс бусчууд сүйтгэгдэх болно гэсэн үнэнийг самбарт бич.

  • Зөв шударга хүмүүс юунаас амарна гэж та нар бодож байна вэ?

  • Энэ сургаал Есүс Христэд өгсөн амлалтаасаа болж одоо зовлон бэрхшээл туулж буй хүмүүсийг хэрхэн тайвшруулдаг вэ?

Суралцагчдаас Есүс Христийн Хоёр дахь ирэлт хэзээ болох талаар бодож байсан бол гараа өргөхийг хүс. Тесалоникийн гэгээнтнүүд ч бас энэ талаар гайхширч байсан бөгөөд Паул тэднийг төөрөлдөх вий хэмээн зовниж байв.

Нэг суралцагчийг 2 Тесалоник 2:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Тесалоникийн гэгээнтнүүдийг Хоёр дахь ирэлтийн цаг хугацааны талаар юу гэж дүгнэсэн хэмээн бодсоныг олж мэдэхийг хүс.

  • Паул тесалоникчуудыг Хоёр дахь ирэлтийн цаг хугацааны талаар юунд битгий итгээсэй гэж хүссэн бэ? (Энэ нь удахгүй болно.)

Суралцагчдаас 2 Тесалоник 2:3-ыг дотроо уншаад, Паул Хоёр дахь ирэлтийн өмнө юу тохионо гэснийг олж мэдэхийг хүс. “Тэр өдөр” гэсэн хэллэг нь Хоёр дахь ирэлтийг хэлж байгаа бөгөөд “итгэлээс салах” гэдэг нь урвалтыг илэрхийлж байгааг тайлбарла.

  • Та Хоёр дахь ирэлтийн өмнө юу болох талаар эдгээр шүлгээс ямар үнэнийг олж мэдэх боломжтой вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө урвалт болно гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоох ёстой.)

Эдгээр шүлэгт Паул тухайн үеийн Сүмийн гишүүдийг Их Эзэний Хоёр дахь ирэлтээс илүү өөрсдийнх нь дунд аль хэдийн эхэлсэн урвалтын тухайд санаа зовних хэрэгтэй гэж зөвлөсөн болохыг цохон тэмдэглэ.

Суралцагчдад Урвалт гэж юу болохыг ойлгоход нь туслахын тулд та нэг суралцагчаас дараах тайлбарыг чанга уншихыг хүс.

“Есүс Христийг үхсэний дараа ёс бус хүмүүс төлөөлөгчид, Сүмийн гишүүдийг мөшгөн хавчиж, тэднээс олныг нь хөнөөжээ. Төлөөлөгчдийг нас барахад санваарын түлхүүрүүд хийгээд тэргүүлэх санваарын эрх мэдэл дэлхийгээс авагдав. Төлөөлөгчид сайн мэдээний сургаалуудыг цэврээр нь хадгалж, жаяг, Сүмийн гишүүдийн зохистой байдлын жишгийг хадгалан үлдээсэн байна. Төлөөлөгчидгүйгээр цаг хугацаа өнгөрөх тусам сургаалууд гуйвуулагдаж, Сүмийн зохион байгуулалт болон баптисм, Ариун Сүнсний бэлэг хүртээх зэрэг санваарын ёслолуудад эрх мэдэл олгогдоогүй өөрчлөлтүүд хийгдсэн байна” (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж [2004], 37).

  • Урвалтын тухай энэ ойлголтод түшиглэн ойлгоход яагаад Есүс Христийн сайн мэдээ болон Түүний Сүм сэргээгдэх хэрэгтэй байсан бэ?

2 Тесалоник 2:3-т гарч буй “ёс бусын хүн” гэдэг нь Сатаныг хэлж байна. Сайн мэдээний Сэргээлт болон Мормоны Ном ирсэн нь (3-р шүлэг) Сатаны болон түүний дагалдагчдын хууран мэхлэлтийг “илчилсэн.”

Паул Хоёр дахь ирэлтийг хүртэл дэлхийн оршин суугчдыг хууран мэхлэхийг Сатанд Их Эзэн зөвшөөрөх болно хэмээн бошиглосныг тайлбарлан, 2 Тесалоник 2:4–17-г нэгтгэн дүгнэ. Паул гэгээнтнүүдийг түүний заасан зүйлд “бат зогсох”-д урамшуулсан (15-р шүлэг).

2 Тесалоник 3

Паул сахилга батгүй хүмүүст анхааруулж, бие даах чадварыг номлов

Паулыг тесалоникчуудад хандан хоёр дахь захидлаа бичих үед Сүмийн гишүүд ариун ёслолоос хүртэхийн зэрэгцээ найр наадам тогтмол хийдэг байсныг тайлбарла. Хэдий тийм боловч Тесалоникийн зарим гишүүн идэхийн тулд л найранд оролцохоос биш хоол хүнс авчирч туслахаас татгалздаг байв.

  • Энэ нөхцөл байдлаас ямар асуудал үүсэж болох байсан бэ?

Паул итгэлтэй гэгээнтнүүдийг сайшаан магтаж, тэднийг “эмх журамгүй,” (6-р шүлэг) буюу сахилга батгүй хүмүүстэй хэрхэн харилцаж, нөхөрлөх талаар анхааруулсан гэдгийг тайлбарлан, 2 Тесалоник 3:1–9-ийг нэгтгэн дүгнэ. Паул мөн өөрөө болон хамтрагчид нь өөрсдийгөө тэтгэхийн тулд ажил хийж, материаллаг бие даасан байдлын үлгэр жишээ болсон тухай бичсэн.

Нэг суралцагчийг 2 Тесалоник 3:10–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул ажил хийхээс татгалзсан хүмүүсийн талаар гэгээнтнүүдийг юу хийх ёстой гэж зааварласныг олж мэдэхийг хүс.

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, Паул ажил хийхээс татгалзсан хүмүүст ямар заавар өгсөн бэ? (“Хөдөлмөрлөж, өөрсдийн талхаа идэх” буюу өөрсдийн хэрэгцээг ханган бие даах)

  • 13-р шүлэгт цэдэглэснээр, Паул итгэлтэй гэгээнтнүүдэд өөр ямар нэмэлт заавар өгсөн бэ?

  • “Сайныг үйлдэхээс бүү зүрхшээ” гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Бид эдгээр шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөр үг ашиглаж болох ч Бид бие даахыг хичээн, бусдад туслахаар зарлиглуулсан гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

Нэг суралцагчийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас бид хэрхэн бие даахыг хичээх талаар олж сонсохыг хүс.

“Ажил хөдөлмөрөөс ирдэг адислалуудын нэг нь бие даах чадвараа хөгжүүлэх явдал болно. Та нар бие даах чадвартай байхад өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэх Бурханы өгсөн адислал, чадваруудаа ашиглаж, тулгарсан асуудлуудынхаа шийдвэрлэх гарцыг олдог. Бие даах чадвартай байна гэдэг нь бүх зүйлийг ганцаараа хийх чадвартай байна гэсэн үг биш ээ. Жинхэнэ ёсоор бие даах чадвартай болохын тулд бусадтай хамтарч ажиллахыг сурч, Их Эзэнд хандан, Түүний тусламж болон хүч чадлыг эрэлхийлэхийг хэлнэ.

“Та нарт зориулсан агуу ажил Бурханд байдаг гэдгийг санаарай. Тэрхүү ажлыг гүйцэлдүүлэхээр хичээн чармайхад Тэрээр та нарыг адислах болно” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 41).

  • Бид хэрхэн бие даахыг хичээх вэ?

  • Бие даасан байдлаас ирэх ямар ямар адислал байна вэ?

Биднийг бие даахаар хичээхэд Их Эзэн хэрэгцээг маань хангаж, асуудлууддаа хариулт олоход тусалдаг.

Суралцагчдыг яг одоо болон ирээдүйд илүү их бие даахын тулд юу хийж чадах талаар бодож үзэхэд урь. Тэднийг илүү их бие даахад туслах зорилго тавихад урьж, тэрхүү зорилгодоо хүрэхэд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд нь урамшуул.

Паул захидлаа гэгээнтнүүдийг залхуу хойрго байхаас зайлсхийж, залхуу, сүйтгэгч хүмүүсээс холдохыг зөвлөсөн зөвлөгөөгөөр төгсгөсөн гэдгийг тайлбарлан, 2 Тесалоник 3:14–18-ыг нэгтгэн дүгнэ. Гэхдээ гэгээнтнүүд тэднийг дайсан мэт үзэхгүй, харин сайн мэдээн дэх ах эгчийн хувьд зэмлэх хэрэгтэй байсан.

Өнөөдрийн хичээл дээр заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцаж хичээлээ төгсгө.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—2 Тесалоник 2:1–3

Суралцагч бүрийг судар судлах тусламжийг (зүүлт тайлбар, Судруудын удирдамж эсвэл Сэдэвчилсэн удирдамж гэх мэт) ашиглан Урвалтын тухай заадаг 2 Тесалоник 2:1–3-аас өөр судар олоход урь. Хангалттай цаг өгсний дараа хэдэн суралцагчаас хайж олсон судраа хуваалцаж, эдгээр судар урвалтын талаар юу зааж байгааг тайлбарлахыг хүс. Тэдний олсон эшлэлүүдийг самбарт жагсаан бич. Суралцагчдыг нэг судрын хэсгийг 2 Тесалоник 2:1–3-тай холбогдох эшлэл болгон сонгоход урь. Та энэ эшлэлээ судрынхаа 2 Тесалоник 2:1–3-ын хажуу талын зайд бичихийг суралцагчдадаа санал болгож болно. Та суралцагчдад энэхүү төгс эзэмших судар нь Урвалт болон Сэргээлт шаардлагатай болсон талаар заахад хамгийн их хэрэглэгддэг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг 2 Тесалоник 2:1–3-ыг болон самбарт бичсэн судрын эшлэлүүдийн нэгийг ашиглан, хамтрагчдаа урвалтын талаар заахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

2 Тесалоник 2:3. Урвалт

“‘Итгэлээс салах’ гэдэг нь apostasia хэмээх ‘эсэргүүцэл’ буюу ‘үймээн самуун’ гэсэн утгатай грек үгийн орчуулга юм. Паул тэгэхээр Есүс Христийн сайн мэдээнээс аажмаар холдон явах хөдөлгөөний тухай бус, харин зориуд үүний эсрэг тэмцэх тухай ярьж байсан хэрэг. Мормоны Номонд Нифайн ирээдүйн үзэгдэл түүнд ‘Израилын угсаа’, ‘Хурганы арванхоёр төлөөлөгчийн эсрэг тэмцэхээр’ том бөгөөд нүсэр байшинд буй тэдгээртэй нэгдсэн болохыг заадаг (1 Нифай 11:35). Урвалт бол зүгээр л итгэлээ хүлцэнгүйгээр орхино гэсэн үг биш, харин гэрээт нийгэм дотор үүсдэг идэвхтэй бослого юм” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага 2014], 453).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард хүмүүс Христийг болон Түүний төлөөлөгчдийг үл тоомсорлосон учраас урвалт гарсан хэмээн тайлбарлажээ.

“Шинэ Гэрээний үеийн харьцангуй богинохон хугацаанд … хүмүүс Христ болон Түүний төлөөлөгчдийн эсрэг эргэсэн билээ. Эл сүйрэл Харанхуй зуун хэмээн нэрлэгддэг зуу зуун жилийн сүнсний харанхуй, зогсонги байдалд буюу Их урвалтад хүргэснийг бид мэддэг шүү дээ.

Энэхүү урвалтын болон сүнсний харанхуй үеийн түүхэн давталт нэн тодорхой байгаа юм. Бидний Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ адил тэгш хайрладаг. Тэрээр бүх хүүхэд нь сайн мэдээний адислалуудыг амьдралдаа аваасай гэж хүсдэг. Бурхан хүүхдүүдээ орхиогүй учраас сүнсний гэрэл байхгүй болоогүй. Харин хүүхдүүд нь бүгдээрээ Түүнээс нүүр буруулсан үед сүнслэг харанхуй бий болдог” (“Өнгөрсөн үеийн сургамжаас суралцахуй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33).

2 Тесалоник 2:3. Шинэчлэл ба сэргээлт

Төлөөлөгчдийг нас барсны дараа амьдарч байсан олон хүн Их Эзэнийг үргэлжлүүлэн дагасан. Их Эзэндээ өгсөн тэдний амлалт үнэхээр хүчтэй байсан бөгөөд тэд итгэлийнхээ улмаас эсэргүүцэгдсэнээс өөрийн эрхгүй зовж, тэр бүү хэл амь насаа алджээ. Шинэчлэлийн үед олон хүн Христийн шашны зарим сургаал өөрчлөгдөж, Библид буй сургаалуудтай таарахгүй байгааг анзаарч мэдсэн. Эдгээр шинэчлэгч Христийн шашинг судруудтай тааруулахыг хичээсэн. Ерөнхийлөгч Жон Тэйлор Харанхуй зууны үед үнэнийг илэрхийлэгч хүмүүсийн тухай:

“Харанхуй зуунд Бурхантай харилцдаг эрчүүд байсан бөгөөд тэд итгэлийнхээ хүчээр мөнх байдлын хөшгийг татаж, үл үзэгдэгч дэлхийг ширтэн[,] … тэнгэр элчийн үйлчлэлийг хүлээн авч, дэлхийн ирээдүйн хувь заяаг илчилсэн. Хэрэв энэ бүхэн харанхуй зуун юм бол надад багахан харанхуйг өгөөч, бидний үед дэлгэрэх гэрэл, оюун ухаанаас намайг авраач хэмээн би Бурханд залбирна” гэжээ (in Journal of Discourses, 16:197). (Эдгээр шинэчлэгчийн итгэлтэй хүчин зүтгэлийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл Томас С.Монсоны бичсэн “The Way Home,” Ensign, 1975 оны 5-р сар, 15–16; мөн Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж [2004], 33–36-г тус тус үзнэ үү.)

Эдгээр шинэчлэгчийн болон Бурханы итгэлтэй дагалдагчдын хичээл зүтгэлийн ачаар Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөөний талаарх үнэн нь Урвалтыг даван туулж, дэлхийн бүхий л шашинд агуулагддаг болжээ. Хэдий тийм боловч бидний авралын талаарх зайлшгүй үнэн болон ажлыг чиглүүлэх, авралын ёслолуудыг гүйцэтгэх санваарын эрх мэдэл алдагдсан. Их Эзэн бусад шашныханд Сүмийн Сэргээлт болон Мормоны Ном нь тэдний заасан бүх зүйл хуурамч хэмээн тунхагладаггүй болохыг баталж, “Болгоогтун, тэдний хүлээн авсан тэрнийг би устгахаар бус, харин үүнийг өсгөн бэхжүүлэхээр авчирдаг” гэсэн байдаг (С Ба Г 10:52). Ийм учраас ерөнхийлөгч Гордон Б.Хинкли дэлхийн бүх хүмүүнийг “ямар ч эх сурвалжаас хүлээн авсан сайн мөн үнэн болох бүхнээ авчир, тэгээд бид үүн дээр чинь нэмж өгье гэж хайрын сүнсээр хэлдэг” хэмээн урьсан (“The Marvelous Foundation of Our Faith,” Ensign эсвэл Liahona, 2002 оны 11-р сар, 81).