28-р хичээл
Матай 25:1–13
Оршил
Есүс Христ Чидуны уулан дээр шавь нартаа Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаар мөн арван онгон охины сургаалт зүйрлэлийг аминчлан заасан юм.
Заах зөвлөмж
Матай 25:1–13
Есүс Христ арван онгон охины сургаалт зүйрлэлийг заасан
Гэрчлэлийн цуглаан дээр хувийн туршлагаа хуваалцсан, буцаж ирсэн нэгэн залуу номлогчийн талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн түүхийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Хэрэв тэд энэ түүх дээр гарч буй залуугийн оронд байсан бол ямар санагдах байсныг төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.
“Тэр 18 нас хүрээд ахлагчаар томилогдсоныхоо дараахан удалгүй болзоонд яваад ирсэн тухайгаа ярьсан юм. Энэ болзоогоор түүнд өөрөөрөө бахархмааргүй зүйл тохиолдсон байна. Олон хүний дунд байсан болохоор тэр нарийн тодорхой яриагүй, тэгэх ч хэрэггүй байсан юм. Өнөөдрийг хүртэл би яг юу тохиолдсоныг мэдээгүй, гэхдээ энэ нь түүний сүнсэнд болон өөрийгөө үнэлэх байдалд нөлөөлөхүйц том асуудал байсан.
“Түүнийг гэрийнхээ гадаа машиндаа хэсэг зуур суугаад, тохиолдсон зүйлийн талаар тунгаан бодож, гэмшин сууж байхад Сүмийн гишүүн бус ээж нь гэрээсээ гарч ирээд, машин руу нь яаран гүйн иржээ. Тэгээд ээж нь уг залуугийн дүү нь гэртээ байхдаа унаад, толгойгоо хурц үзүүртэй юманд цохиж, ухаан алдсан гэж хэлжээ. Сүмийн гишүүн биш аав нь тэр даруй түргэн дуудсан боловч тусламж иртэл нэлээн хугацаа өнгөрөхөөр байв.
Ээж нь “Орж ирээд, ямар нэгэн юм хийгээд өгөөч дээ. Танай Сүмд иймэрхүү үед хийдэг ямар нэг зүйл байхгүй гэж үү? Чамд тэдний санваар байгаа биз дээ. Орж ирээд, ямар нэгэн юм хийгээд өг л дөө” гээд уйлжээ. …
“… Тэр орой хамгийн их хайрладаг хүнд нь өөрийнх нь итгэл, хүч чадал хэрэгтэй болоод байхад уг залуу тусалж чадсангүй. Өөрт нь дөнгөж түрүүхэн төрж байсан мэдрэмжүүд мөн дөнгөж гаргаад байсан шийдвэрийнхээ улмаас тэр өөрийгөө Их Эзэний өмнө авчирч, хэрэгтэй байсан адислалыг гуйж чадсангүй” (“The Confidence of Worthiness,” Liahona, 2014 оны 4-р сар, 58–59).
-
Хэрэв та нар энэ залуу шиг ийм байдалд орсон байсан бол юу бодогдох байсан бэ? Үргэлж бэлтгэлтэй байх нь яагаад маш чухал вэ?
Арван онгон охины сургаалт зүйрлэл зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], д. 53; мөн LDS.org-оос үзнэ үү). Есүс Христ Чидуны уулан дээр шавь нартайгаа хамт байхдаа, тэдэнд Өөрийн Хоёр дахь ирэлтийн талаар заасан гэдгийг суралцагчдад сануул (Maтай 24-ийг үзнэ үү). Тэгээд Тэр энэ Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэхийг харуулахаар арван онгон охины сургаалт зүйрлэлийг өгчээ.
Нэг суралцагчийг Матай 25:1–4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, уг сургаалт зүйрлэлийн гол хэсгүүдийг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Самбар дээр дараах үгсийг бич:
Иудейчүүдийн хуримын заншлын дагуу, хүргэн нь дотныхоо найзуудыг дагуулан, үдэш нь бэрийн гэр рүү хуримын ёслол хийхээр явдаг байжээ. Уг ёслолын дараа хуримын бүлгийнхэн найрлахаар хүргэний гэр рүү явдаг байв. Уг үйл явдалд нэгдэж байгаа хуримын зочид өөрсдийгөө хуримын бүлгийн нэг хэсэг гэдгээ мэдүүлэхээр мөн энэ үйл явдалд гэрэл гэгээ, гоё сайхныг нэмэхээр өөрсдийн дэнлүүг юм уу бамбарыг барьж явах ёстой байлаа.
Хэдэн суралцагчийг Матай 25:5–13-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, таван ухаалаг охин юу хийснийг мөн таван мунхаг охин юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Таван ухаалаг охин юу хийсэн бэ? Таван мунхаг охин юу хийсэн бэ?
Самбар дээр бичсэн сургаалт зүйрлэлийн гол хэсгүүдийг давтан хар. Ангийнхныг эдгээр хэсэг бүр юуг төлөөлж болох талаар санаагаа хэлэхийг хүс.
Самбар дээр Хүргэн гэдгийн хажууд Есүс Христ гэж бич. “Хүргэн ирэхгүй удсан” (5-р шүлэг) мөн “шөнө дөлөөр хашхирах дуун гарч” (6-р шүлэг) гэдэг нь Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.
-
Бид эдгээр үгээс Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар юу мэдэж авч чадах вэ?
Найранд уригдсан ухаалаг болон мунхаг охидын аль аль нь Сүмийн гишүүдийг төлөөлдөг гэдгийг тайлбарла (Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 8). Ухаалаг болон мунхаг охид гэдгийн хажууд Сүмийн гишүүд гэж бич.
Суралцагчдыг Maтай 25:8–9-ийг давтаж үзээд, ухаалаг охид мунхаг охидод тосноосоо яагаад өгөөгүй талаар тунгаан бодоход урь. Нэг суралцагчаас Спэнсэр В.Кимбаллын өгсөн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс. Ангийнхныг тос нь юуг төлөөлж болохыг мөн үүнийг яагаад хуваалцаж болохгүй талаар сонсоход урь.
“Энэ нь хувиа бодсон байдал биш эсвэл найрсаг бус байдал ч биш байв. Замыг гэрэлтүүлж, харанхуйг гэгээрүүлэхэд хэрэгтэй тос нь хуваалцаж болохгүй зүйл байлаа. Хүн аравны нэгийн зарчмыг дуулгавартай дагадгаа, шударга амьдарснаар ирэх амар амгалан оюун, нөөцөлсөн мэдлэгээ хэрхэн хуваалцаж чадах билээ? Хүн гэрчлэл эсвэл итгэлээ хэрхэн хуваалцах билээ дээ? Хүн хандлага, ариун явдлаа эсвэл номлолын туршлагаа хэрхэн хуваалцаж чадах билээ? Хүн ариун сүмийн эрхээ хэрхэн хуваалцах вэ дээ? Хүн бүр өөртөө зориулж тийм тосыг олж авах ёстой. …
Сургаалт зүйрлэл дээр тосыг захаас худалдаж авч болдог. Харин бидний амьдралд бэлтгэлийн тос нь шударга ёсны амьдралд дусал дуслаар нэмэгддэг. … Зөв шударга, дуулгавартай байдлын үйлдэл бүр нь агуулахад маань нэг дусал нэмж байдаг юм” (Faith Precedes the Miracle [1972], 255–256).
-
Сургаалт зүйрлэлд тос нь юуг төлөөлдөг вэ? (Самбар дээр дэнлүү ба тос гэдгийн хажууд сүнслэг бэлтгэл, гэрчлэл, итгэл, хөрвүүлэлт болон туршлага гэх мэт бич. (Та тосны бэлгэдлийн талаар нэмэлт мэдээлэл өгөхийн тулд суралцагчдад Cургаал ба Гэрээ 45:56–57 мөн Матай 25:8-ыг уншихыг санал болгож болно.)
-
Бид энэ сургаалт зүйрлэлээс мөн сүнслэг бэлтгэлийг зээлж авах талаарх ерөнхийлөгч Кимбаллын үгсээс ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Бид сүнслэг бэлтгэлийг бусдаас зээлж авч чадахгүй гэсэн үнэнийг самбар дээр бич.)
-
Бид энэ сургаалт зүйрлэлээс Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх талаар ямар үнэнийг мэдэж авдаг вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид гэрчлэлээ нэмэгдүүлснээр мөн өдөр тутмын шударга байдлаараа дамжуулан хөрвүүлэгдсэнээр Хоёр дахь ирэлтэд бэлтгэж чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Суралцагч бүрд дараах тараах материалын хуулбарыг өг. Тэднийг тараах материал дээрээ сүнслэг бэлтгэлийн “тосыг” олж авч болох арга замуудыг жагсаан бичихэд урь.
Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх
Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—28-р хичээл
“Би Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд ……………… (хийснээр), “дэнлүүндээ” “тос” нэмэх болно.
© 2015 by Intellectual Reserve, Inc. Бүх эрх хамгаалагдсан.
Хангалттай хугацаа өнгөрсний дараа хэдэн суралцагчаас ангийнхантайгаа санаагаа хуваалцахыг хүс.
Нэг суралцагчаас Матай 25:10–12-ыг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, хүргэн мунхаг охидод юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Иосеф Смитийн Орчуулга, Maтай 25:11 нь хүргэн “Би та нарыг танихгүй” (Maтай 25:12, зүүлт тайлбар a) гэж хэлснийг тодорхой болгож өгдөг гэдгийг тайлбарла.
-
“Би та нарыг танихгүй” гэдэг үгс нь таван мунхаг охины талаар юу харуулж байна вэ? Их Эзэнийг мэдэх нь Түүний тухай зүгээр нэг сонссон байхаас ямар ялгаатай вэ?
-
Энэ шүлгээс бид Их Эзэнийг ирэхэд бэлэн байхын тулд яах ёстой талаар юу сурч болох вэ? (Суралцагчдад Бид Их Эзэнийг ирэхэд бэлэн байж, Түүний дэргэд зохистой үлдэхийн тулд Түүнийг мэддэг болох хэрэгтэй гэсэн зарчмыг тодорхойлоход тусал.)
-
Та нар сүүлийн үед ямар арга замаар Аврагчийг илүү сайн мэддэг болсон бэ?
Хичээлийн эхэнд өгүүлсэн, хэрэгцээтэй үед бэлтгэлгүй байсан залуу санваартны тухай түүхийг суралцагчдад сануул. Уг залуу гудамжинд амьдардаг байсан тойргийнхоо нэг настай хүний гэрт яаран очсон гэдгийг тайлбарла. Уг настай хүн дүүд нь адислал өгснөөр түргэн тусламжийн машин иртэл дүүгийнх нь бие тогтвортой байсан байна. Уг залуу эрэгтэйн гэрчлэлийг ахлагч Холландын ярьснаар чанга уншихад урь:
ЗурагАхлагч Жэффри Р.Холланд“‘Надад тэр орой тулгарсантай адил зүйлийг туулаагүй ямар ч хүн өөрийгөө санваарыг ашиглах зохисгүй гэж бодож байсны улмаас мэдэрсэн ичгүүрт байдал, харамслыг мэдэхгүй. Энэ нь би өөрийнхөө төрсөн дүүд тун их хэрэгтэй байсан болохоор мөн Сүмийн гишүүн биш хайртай аав ээж хоёр минь маш их айж сандраад, надаас илүү ихийг хүсэн хүлээж байсан болохоор энэ явдал надад нэн сэтгэл шархлам дурсамж байсан. Гэхдээ би өнөөдөр та нарын өмнө зогсохдоо би үүнийг амалж чадна’ гэж тэр хэлсэн. ‘Би төгс төгөлдөр биш, гэхдээ би тэр оройноос эхлээд Их Эзэний өмнө өөртөө бат итгэлтэй зогсон, хэрэгтэй үед Түүний тусламжийг гуйхад саад болох юуг ч ахиж хэзээ ч хийгээгүй. Хувийн зохистой байдал бол бидний амьдардаг дэлхий дээрх тэмцэл юм, гэхдээ би энэ тэмцэлд ялж байгаа’ гэж тэр хэлээд, ‘Би буруушаалтын хуруу над руу чичлэхийг нэг удаа мэдэрсэн, тиймээс болж өгвөл дахин хэзээ ч үүнийг мэдэрмээргүй байна. Тийм ээ, би энэ талаар бүхнийг хийж чадна’ гэж тэр төгсгөжээ” (“The Confidence of Worthiness,” 59).
Суралцагчдаас Их Эзэнийг ирэхэд сүнслэгээр бэлтгэгдсэн байхын тулд мөн Түүний дэргэд үлдэж чадах зохистой байхын тулд тэд юу хийх хэрэгтэй байгаа талаар бодохыг хүс. Та тэднийг тараах материал дээр жагсаан бичсэн үйлдлүүдээс нэг, хоёрыг дугуйлж, сүнслэг байдлынх нь бэлтгэлийг нэмэгдүүлэх арга замуудаар үйлдэх зорилго тавихад нь урамшуулан дэмжиж болох юм. Тэднийг тавьсан зорилгоо санахад туслах тараах материалуудыг гэр рүүгээ авч явахад урь.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Maтай 25:1–4. Ухаалаг ба мунхаг охид
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс арван охин хэнийг төлөөлдөг талаар заахдаа:
“Арван онгон охин Сүмийн гишүүдийг төлөөлж байгаа нь тодорхой юм. Учир нь тэд бүгд хуримын найранд уригдсан байсан ба бүгд сүйт залууг ирэхэд өөрсдийг нь оруулах шаардлагуудыг мэдэж байсан. Гэвч түүнийг ирэхэд зөвхөн хагас нь л бэлэн байв“ гэжээ (“Хоёр дахь ирэлтэд бэлтгэх нь,“ Ensign эсвэл Liahona, 2004 оны 5-р сар, 8).
Матай 25:1–13. Арван онгон охины сургаалт зүйрлэл ба бидний гэрчлэл
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар:
“Одоо би гэрчлэл ба хөрвүүлэлтийн хоорондын уялдаа холбоог тод томруун харуулахаар арван охины сургаалт зүйрлэлийг хэрэглэж болох олон хэлбэрийн нэгийг нь ашигламаар байна. Тав нь ухаалаг, тав нь мунхаг байсан арван охин дэнлүүгээ аван, хүргэнийг угтахаар явсан. Охидын хэрэглэж байгаа дэнлүүнүүдийг нь гэрчлэлийн дэнлүүнүүд гэж бодоорой. Мунхаг охид нь гэрчлэлийн дэнлүүгээ авахдаа тосыг нь хамт авсангүй. Энэ тосыг хөрвүүлэлтийн тос гэж бодоорой. …
Таван ухаалаг охин хувиа хичээн, хуваалцахыг хүсэхгүй байсан уу эсвэл хөрвөлтийн тосыг зээлүүлж болдоггүй гэж зөв зүйлийг хэлсэн үү? Зарлигуудыг байнга дагаснаар ирдэг сүнслэг хүч чадлыг өөр хүнд өгч болох уу? Хичээнгүйлэн сурч, судруудын талаар тунгаан бодсоноор ирэх мэдлэгийг хэрэгцээтэй нэгэнд дамжуулан өгч болох уу? Итгэлтэй хожмын үеийн гэгээнтэнд сайн мэдээний авчрах амар амгаланг хэцүү бэрхшээл зовлонтой тулгараад байгаа хүнд шилжүүлэн өгч болох уу? Эдгээр асуултад өгөх тодорхой хариулт бол: Үгүй, болохгүй.
Ухаалаг охидын хэлснээр, бид нэг бүрчлэн ‘өөрсдөө үүнийг худалдаж’ авах ёстой. Эдгээр сүнсээр өдөөгдсөн охид мөнгө төлөн худалдаж авахыг яриагүй; харин гэрчлэлийн дэнлүүгээ асаалттай байлгаж чадах хувийн хариуцлага болох хөрвүүлэлтийн тосыг хангалттай байлгахыг хэлж байсан юм. Энэхүү эрхэм үнэт тос нь нэг удаад нэг дуслаар буюу ‘шат шатаар, дүрэм дүрмээр’ (2 Нифай 28:30), тэвчээртэйгээр, шаргуу дагаснаар олддог. Түүнийг олох амархан товч зам гэж байхгүй; хамгийн сүүлийн мөчид гэнэт хичээн бэлдэх нь ч боломжгүй юм.
‘Иймийн тул, та нар Хүргэн Хүүгийн ирэлтэд бэлэн байж болохын тулд, ямагт залбиран, дэнлүүгээ бэлтгэж мөн асаан бас тосоо авч яван итгэлтэй байгтун’ (С ба Г 33:17)” гэж тайлбарлажээ (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки арван охиныг дүрслэхдээ:
“Тав нь зорилготой байж, бүхнээ зориулдаг байхад нөгөө тав нь идэвхгүй, залхуу байв; арвуулаа Есүсийн талаар гэрчлэлтэй байсан, гэхдээ тав нь л үүндээ үнэнч байв” гэжээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:685).
Maтай 25:6. Хүргэн шөнө дунд ирсний ач холбогдол
Есүс Христ биднийг бодоогүй байхад гэнэт ирэх болно. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл:
“Мунхаг охид тос худалдаж авах дургүй биш байсан. Тэд тостой байх ёстой гэдгээ мэдэж байсан. Тэд хүргэнийг хэзээ ирэхийг мэдэхгүй байсан болохоор бага зэрэг л хойшлуулсан байв. …
Хойшлуулсан хүмүүсийн хувьд шөнийн 12 цаг нь дэндүү орой байв” (Faith Precedes the Miracle [1972], 256).
Maтай 25:7. Нөгөө охид “босож, дэнлүүгээ бэлдэв“
“Дэнлүүгээ бэлдэв” (Maтай 25:7) гэдэг нь охид илүү их гэрэлтүүлэх дөлтэй байхын тулд дэнлүүнийхээ голыг хайчилсан гэсэн утгатай.