38-р хичээл
Марк 7–8
Оршил
Есүс фарисайчуудыг буруу ёс заншлынх нь учир зэмлэжээ. Тэрээр чөтгөр шүглэсэн хүүхдийг болон дүлий, хэлний согогтой хүнийг өрөвч сэтгэлээр эдгээв. Тэрээр Галил тэнгисийн ойролцоо дөрвөн мянган хүнийг хооллон, Бетсайд руу аялж, тэнд сохор хүнийг эдгээжээ.
Заах зөвлөмж
Марк 7
Есүс фарисайчуудыг зэмлэж, чөтгөр шүглэсэн нэгэн хүүхдийг болон дүлий эрэгтэйг эдгээв.
Хичээл эхлэхээс өмнө гурван суралцагчид дараах заавруудыг өг. 1-р суралцагч: “Заавар өгсний дараа, гадуур хувцасгүй мөн чичирч байгаа дүр эсгэн анги дотуур алх.” 2-р суралцагч: “Заавар өгсний дараа, ангиар алхан, хэн нэгнээс гэр бүлийнхээ төөрсөн тэжээвэр амьтныг харсан эсэхийг асуу.” 3-р суралцагч: “Заавар өгсний дараа, цүнхээ онгорхой чигээр алхах үед ямар нэгэн зүйлээ доош унагаа.” (Та тусламж хэрэгтэй байгаа суралцагчийг дүрслэн харуулахын тулд өөр өөр нөхцөл байдлыг ашиглаж, энэ үйл ажиллагааг явуулж болох ч хэт их цаг зарцуулахаас зайлсхий.)
Хичээл эхлэх үед суралцагчдыг ээлж дараагаар эдгээр зааврыг дагахад чиглүүл. Ангийнхнаас эдгээр гурван нөхцөл байдалд ямар нийтлэг зүйл байгааг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр нөхцөл байдалд ямар нийтлэг зүйл байна вэ? (Эдгээр нөхцөл байдал бүр тусламж хэрэгтэй хэн нэгнийг дүрслэн харуулна.)
-
Бидэнд тусламж хэрэгтэй хүмүүст туслах боломж хэр олон удаа олддог вэ? Та нар сүүлийн үед ямар ямар боломж харсан бэ?
Суралцагчдыг Марк 7–8-ыг судалж байхдаа тусламж хэрэгтэй хүнийг харвал юу хий хэмээн Аврагч бидэнд заасныг олж мэдэхэд урамшуулан дэмж.
Аврагч фарисайчуудыг зөв бус ёс заншлуудыг дагасных нь учир зэмлэсэн гэдгийг тайлбарлан, Марк 7:1–30-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр мөн нэгэн грек эмэгтэйн чөтгөр шүгэлсэн охиныг эдгээжээ. Тэр үед Аврагчийн номлол харийнханд биш, израилчуудад хийгдэх ёстой байсан ч Тэрээр тусламж гуйсан харь эмэгтэйг өрөвдөн, тусалсан гэдгийг суралцагчдад сануул.
Суралцагчдыг Тир, Сидон хотуудыг мөн Галил тэнгисийг “Шинэ Гэрээний үеийн ариун газар” Библийн газрын зураг 11-ээс олоход урь. Аврагч Тир, Сидон хотуудыг орхисныхоо дараа Галил тэнгисийн зүүн хэсэг буюу Декапол дүүрэг рүү аялсан гэдгийг тайлбарла.
Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднийг Марк 7:31–37-г хамтдаа чанга уншаад, Аврагч Декаполд байсан эрэгтэйд хэрхэн нинжин сэтгэлээ үзүүлснийг олж мэдэхэд урь. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдаас хамтрагчтайгаа дараах асуултуудыг ярилцахыг хүс.
-
Энэ эрэгтэй ямар өвчнөөсөө эдгэрэхийг хүссэн бэ?
-
Аврагч уг эрэгтэйг эдгээхээсээ өмнө юу хийсэн бэ?
Суралцагчдад Аврагчийн хийсэн үйлдлүүдийн тухай ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Их Эзэн Өөрийнх нь үгийг сонсож чадахгүй мөн тэдэнд үг хэлээрээ хариулж чадахгүй итгэлтэй бодгальтай харьцаж байсан юм. Эзэн юу хийж чадах мөн юу хийж болохоо харуулахын тулд хэлгүй, сонсголгүй хүнд мэдэгдэж, ойлгогдох дохио зангааг ашиглахаас илүү бодит энгийн зүйл хаана байна вэ … ?” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:373).
-
Энэ нөхцөлд Аврагчийн үйлдэл Өөрийнх нь зан чанарын талаар бидэнд юу зааж байна вэ?
Аврагч Өөрийнхөө үйлдсэн гайхамшгуудыг бусдад зарлахгүй байхыг эдгээсэн хүмүүстээ сэрэмжлүүлсэн боловч Декапол дахь хүмүүс Аврагчийн үйлдсэн гайхамшгуудын талаар сонссон байсан бөгөөд маш олон хүн Түүн дээр ирж, цугларсаар байлаа (Марк 7:36–37-г үзнэ үү).
Марк 8:1–21
Есүс дөрвөн мянгаас илүү хүнийг хооллов
Суралцагчдыг дараах асуултад хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хариулж бичихэд урь:
-
Хэзээ хэн нэгэн танд тусламж хэрэгтэй байгааг анзаараад, танд туслахын тулд ямар нэгэн зүйл хийж байсан бэ?
Туршлагаа хуваалцах хүсэлтэй байгаа суралцагчдад хичээлийн төгсгөлд хуваалцах боломж өгөх болно гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Марк 8:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүсийг дагаж байсан хурсан олон түмнээс болж үүссэн асуудлыг олж мэдэхийг хүс.
-
Хурсан олны дунд ямар асуудал үүссэн бэ? Хэн хурсан олны хэрэгцээг мэдэрсэн бэ?
-
Хэрэв хүмүүс юм идэлгүй гэртээ буцвал тэдэнд юу тохиолдож магадгүй гэж Аврагчийн санаа зовсон бэ?
-
2-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч хурсан олны талаар юу мэдэрч байсан бэ? (Та суралцагчдад Аврагчийн хүмүүсийг өрөвдөж, тэдэнд санаа зовсныг илэрхийлэх “Би хурсан олныг өрөвдөх юм” хэмээх үгсийг тэмдэглэж авахыг зөвлөж болно.)
Хоёр суралцагчийг Марк 8:4–9-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн өрөвч нигүүлсэнгүй сэтгэлийн үр дүнд юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.
-
Аврагч хурсан олны төлөө юу хийсэн бэ?
-
Хэдэн хүнийг хооллосон бэ?
-
Бид энэ түүхэн дэх Аврагчийн үлгэр жишээнээс ямар сургамж авч болох вэ? (Суралцагчдад Бид бусдын хэрэгцээг мэдэрч, тэдгээр хэрэгцээг хангахад тусалснаар Аврагчийн үлгэр жишээг дагаж чадна гэсэн зарчмыг тодорхойлоход тусал. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон эгч Бурханы хүүхдүүдэд үйлчлэхдээ Аврагчийн үлгэр жишээг дагахын тулд “эхлээд ажигла, тэгээд үйлчил” хэмээн заасан гэдгийг тайлбарла (“Эхлээд ажигла, тэгээд үйлчил” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 93). Уг хэллэгийг самбар дээрх зарчмын доор бич.
-
Би бусдын хэрэгцээг хэрхэн илүү сайн ажиглаж сурах вэ? (Зарим хэрэгцээг тэр даруй мэдэх боломжгүй байдаг гэдгийг онцлох талаар бодож үз. Гэсэн хэдий ч бусдын хэрэгцээг таньж мэдэхийн төлөө залбирч, тусламж хүсэж болох ба өөрсдөөсөө илүү бусдад анхаарлаа хандуулж болно.)
-
Бусдын хэрэгцээг анзаарч, тэдгээрийг хангахад туслах бидний чадварт юу саад болж болох вэ?
Хэн нэгэн хүн суралцагчдад тусламж хэрэгтэй байгааг мэдэж, тусалж байсан үеийн тухай бичиж тэмдэглэсэн туршлагуудаа хуваалцахад цөөн суралцагчийг урь.
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Өөр хэн нэгний хэрэгцээг мэдсэн үед хэдэн удаа санаа чинь зовж байсан бэ? Хэн нэгэнд туслах бодол танд хэр зэрэг олон удаа төрж байсан бэ? Гэвч туслах хэрэгтэй хэн нэгэн байсан ч өдөр тутмын амьдралдаа түүртсээр өөрөө юу ч хийлгүй ‘за яахав, өөр хэн нэгэн нь түүнд туслах л байлгүй’ гэж бодоод өнгөрсөн удаа танд хэр олон тохиолдсон бэ?
Бид зав чөлөөгүй байдгаа гайхдаг. Гэвч бид хийдэг зүйлсээ эргэцүүлэн бодоод үзвэл, ач холбогдолгүй юмстай хэтэрхий их зууралдаж байна. Өөрөөр хэлбэл, бид амьдралыг илүү өргөн цар хүрээгээр харж, илүү чухал зорилго тавин, түүндээ хүрэхийг хичээхийн оронд аар саархан зүйлсэд хамаг цаг заваа зориулах нь олонтоо тохиолдож байна” (“Өнөөдөр би хэн нэгний төлөө юу хийв?” Ensign эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 97).
Суралцагчдаас өдөр тутмын амьдралынхаа үйл явдлуудыг оюун санаандаа төсөөлөхийг хүс. Тусламж хэрэгтэй байж болох эцэг эх, ах дүү, үе тэнгийнхнийхээ талаар бодоход тэднийг урь. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгааг мэдээд, тусламж үзүүлснээр Аврагчийн үлгэр жишээг дагах шийдвэр гаргахад суралцагчдыг урамшуулан дэмж.
Есүс 4000 хүнийг хооллон, гайхамшиг үзүүлсний дараа, шавь нартайгаа Далманут хэмээх газар руу завиар явсан гэдгийг тайлбарлаж, Марк 8:10–21-ийг нэгтгэн дүгнэ. Тэнд фарисайчууд Түүнээс тэмдэг үзүүлэхийг шаарджээ. Есүс татгалзаж, сүнслэг байдлын хувьд сохроход хүргэсэн сургаал болох фарисайчуудын сургаалаас болгоомжлохыг шавь нартаа заажээ.
Марк 8:22–26
Есүс сохор хүнийг алгуурхан эдгээв
Есүс болон Түүний шавь нар Декапол гэдэг газрыг орхиод, Бетсайд руу явсан гэдгийг тайлбарла. Тэднийг тэнд очсоны дараа нэгэн сохор хүнийг эдгээлгэхээр Аврагчийн өмнө авчирчээ.
Цөөн суралцагчийг Марк 8:22–26-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Их Эзэн уг сохор хүнийг хэрхэн эдгээснийг олж мэдэхийг хүс.
-
Аврагчийг сохор хүний нүдэн дээр эхний удаа гараа тавих үед юу болсон бэ? (“Би хүмүүсийг харж байна. Тэд явж буй мод мэт харагдаж байна” [24-р шүлэг] хэмээх үгс нь сохор хүн сайн харж чадахгүй байсныг илэрхийлдэг гэдгийг та тайлбарлаж болно.
-
Аврагчийг сохор хүний нүдэн дээр хоёр дахь удаа гараа тавих үед юу болсон бэ?
Суралцагчдад Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийн хуулбарыг өгч, нэг суралцагчаас чанга уншихыг хүс: Суралцагчдыг дагаж уншаад, Есүс яагаад энэ эрэгтэйг алгуурхан буюу үе шаттай эдгээснийг олж мэдэхэд урамшуулан дэмж.
“Энэ гайхамшиг ер бусын өвөрмөц юм. Энэ бол Есүс хүнийг үе шаттай эдгээсэн тухай цорын ганц цэдэглэгдсэн жишээ мөн. Бидний Их Эзэн уг сохор хүний сул дорой хэдий ч өсөн нэмэгдэж буй итгэлийг хүчирхэгжүүлэх зорилгоор энэ аргыг хэрэглэсэн байж болох юм. Есүс хараагүй хүнд гараараа удаа дараа хүрсэн нь түүний бат найдвар, итгэл бишрэлийг нэмэгдүүлсэн байж болох юм. Есүс (1) сохор хүний гараас хөтлөн хотоос гаргаж, (2) сохор хүний нүдэнд шүлсээ түрхэж, (3) гар тавих ёслолыг гүйцэтгэж, (4) эрэгтэйн нүдэн дээр хоёр дахь удаагаа гараа тавьсан юм.
Энэхүү эдгэрэлтийн онцгой хэв маяг нь хүмүүс бүх хүч чадал, итгэлээрээ Их Эзэний эдгээх ач ивээлийг эрэлхийлэх ёстой хэдий ч, ингэх нь хагас дутуу эдгэрэхэд л хангалттай байдаг. Гэхдээ тэд үүнийг хүлээн авсныхаа дараа бүх талаараа эрүүл саруул, бүрэн бүтэн болоход туслах нэмэлт итгэл, баталгааг хүлээн авч болно гэдгийг заадаг. Хүмүүс амьдралаа Бурханы төлөвлөгөө, зорилгуудад нийцүүлснээр сүнсний өвчлөлөөсөө бага багаар, алхам алхмаар эдгэрэх нь олонтоо тохиолддог” (Doctrinal New Testament Commentary, 1:379–380).
-
Алгуурхан эдгэрэх нь хэн нэгний Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлж болох вэ?
-
Сайн мэдээний талаар гэрчлэлтэй болох эсвэл сүнслэг ба бие махбодын эдгэрлийг хүлээн авах зэрэг зарим адислал тэр даруй эсвэл нэг дор ирэхийн оронд алгуурхан эсвэл алхам алхмаар, аажим ирдгийг ойлгох нь яагаад чухал вэ?
Марк 8:27–38
Петр Есүс бол Христ хэмээн гэрчлэв
Нэг суралцагчийг Марк 8:27-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн шавь нартаа тавьсан асуултыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Матай 16:16-д цэдэглэгдсэнээр (энэ шүлэг төгс эзэмших судрын хэсэг юм), Петр уг асуултад хэрхэн хариулсныг санахыг ангийнхнаас хүс. Хэрэв тэд санахгүй бол нэг суралцагчийг Марк 8:29-ийг чанга уншихад урь (энэ шүлэгт Петрийн хариулт бий).
Аврагч шавь нартаа Өөрийг нь Христ буюу Мессиа гэдгийг бусдад ярьж болохгүй хэмээн хэлсэн гэдгийг тайлбарлан, Марк 8:30–38-ыг нэгтгэн дүгнэ. Мөн Тэрээр удахгүй тохиох Өөрийнхөө зовлон ба үхлийн талаар тэдэнд зааж эхлэв.
Суралцагчдыг хичээлийн үеэр судруудаас суралцсан үнэнийн талаар гэрчлэлээ хуваалцахад урин, хичээлээ дуусга.