157-р хичээл
Илчлэлт 14–16
Оршил
Төлөөлөгч Иохан үзэгдлээрээ тэнгэр элч хожмын өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээг сэргээхийг харсан. Тэр Их Эзэнд итгэлтэй байсаар үхэх хүмүүст ирэх адислалыг тодорхойлсон дуу тэнгэрээс гарахыг бас сонссон. Иохан хожмын өдрүүд дэх зөв шударга болон ёс бус хүмүүсийн цугларалтыг мөн Бурханы шүүлтүүд ёс бусчуудын дээр буусан байхыг харсан.
Заах зөвлөмж
Илчлэлт 14
Иохан сайн мэдээний Сэргээлтийг болон зөв шударга ба ёс бус хүмүүсийн цугларахыг харав
Энэ ертөнц ёс бус зүйлс, гай гамшиг, хүчирхийллээр дүүрэн байхад ч гэсэн амар амгаланг эдлэх боломжтой юу? гэсэн асуултыг самбар дээр бич.
Цөөн суралцагчийг энэ асуултад хариулаад, өөрсдийн хариултыг тайлбарлахад урь.
Суралцагчдыг Илчлэлт 14–16-г судалж байхдаа Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнөх ёс бус, үймээнтэй дэлхийд амьдрах үед тэднийг амар амгалан байлгаж болох үнэнийг олж мэдэхэд урь.
Илчлэлт 14:1–13 дээр төлөөлөгч Иохан хожмын өдрүүдийн талаар үзэгдэл харсан гэж цэдэглэсэн байдгийг тайлбарла. Тэрээр үзэгдэлдээ ёс бусчуудад учрах гай гамшгийг харсан. Тэрээр бас зөв шударга хүмүүсийг юу амар амгалан болгохыг харсан.
Нэг суралцагчийг Илчлэлт 14:1–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан хожмын өдрүүдэд юу тохиолдоно гэж харсан болохыг олж мэдэхийг хүс.
-
Иохан хожмын өдрүүдэд юу тохиолдоно гэж харсан бэ?
Суралцагчдад сайн мэдээг зааж, Сүмд хүмүүсийг авчрахаар Израилийн арван хоёр овгийн 144000 дээд санваартан үндэстэн бүрээс томилогдохыг сануул (Илчлэлт 7:4–8; С ба Г 77:11-ийг үзнэ үү).
-
4–5-р шүлэг-т цэдэглэснээр, Иохан дэлхий даяар сайн мэдээг заах 144000 дээд санваартанг хэрхэн тодорхойлсон бэ? (“Эмсээр бузарлаагүй” [4-р шүлэг] гэдэг нь тэдний ариун явдалтай байсныг, “тэдний амнаас ямар ч худал олдсонгүй” [5-р шүлэг] гэдэг нь шударга, чин үнэнч байсныг, “гэм зэмгүй” [5-р шүлэг] гэдэг нь нүгэлгүй цэвэр байсныг харуулдаг гэдгийг тайлбарла.)
-
Та нар яагаад ариун явдалтай, шударга, нүгэлгүй цэвэр байх нь сайн мэдээг бусдад авчрахад нь 144000 дээд санваартанд тусална гэж бодож байна вэ?
Иохан хожмын өдрүүдийн үзэгдлийн үеэр гурван тэнгэр элчийг харсан гэдгийг тайлбарла. Гурван суралцагчийг гурван тэнгэр элчийг төлөөлөхөд урь (гурван суралцагч суудалдаа үлдэж болно). Эхний тэнгэр элчийг төлөөлөх суралцагчийг Илчлэлт 14:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэнгэр элчид юу байсныг олж мэдэхийг хүс.
-
Тэнгэр элчид юу байсан бэ?
Эхний тэнгэр элчийг төлөөлж буй суралцагчийг Сургаал ба Гэрээ 133:36–37-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, тэнгэр элч үүрдийн сайн мэдээгээр юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Тэнгэр элч үүрдийн сайн мэдээгээр юу хийсэн бэ?
Моронай Иосеф Смитийн өрөөнд үзэгдсэн нь зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 91; мөн LDS.org-ийг үзнэ үү). Нэг суралцагчаас Иосеф Смит дээр айлчилсан Моронайн анхны айлчлалын үеэр юу тохиолдсоныг хэлэхийг хүс. (Хэрэв суралцагчдад эдгээр үйл явдлын талаар сануулах хэрэгтэй бол та нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:29–35-ыг чанга уншихад урьж болно).
-
Моронай Бурханы удирдлагаар дэлхийд сайн мэдээг сэргээхэд туслах юуг Иосеф Смитэд өгсөн бэ? (Мормоны Номыг агуулсан цэдэг.)
Сайн мэдээний уран зургийн цуглуулга дотроос Солт Лэйкийн ариун сүм-ийн зураг гэх мэт орой дээрээ тэнгэр элч Моронайн хөшөөтэй ариун сүмийн зургийг үзүүл (д. 119; мөн LDS.org-ийг үзнэ үү).
-
Яагаад олон олон ариун сүмийн орой дээр тэнгэр элч Моронайг байрлуулсан байдаг гэж та нар боддог вэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Ерөнхий чуулганаар хэлсэн үгэндээ Илчлэлт 14:6-г эш татаад, дараа нь “Тэр тэнгэр элч ирсэн. Түүний нэр нь Моронай байв” гэж тунхагласан (“Stay the Course—Keep the Faith,” Ensign, 1995 оны 11-р сар, 70). Тэнгэр элч нь Есүс Христийн сайн мэдээг хожмын үед сэргээхэд тусалсан Моронай зэрэг олон тэнгэрлэг элчийг бас төлөөлж болно (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 3:529–531; мөн С ба Г 13; 110:11–16; 128:20–21-ийг үзнэ үү).
Эхний тэнгэр элчийг төлөөлөх суралцагчийг Илчлэлт 14:7-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, тэр тэнгэр элч юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Тэнгэр элч юу гэж хэлсэн бэ?
-
“Түүний шүүх цаг ирчихээд байна” гэдэг хэллэг нь ямар утгатай вэ? (Есүс Христ дэлхийн бүх хүнийг шүүх цаг ирэх болно. Түүний шүүлт нь Хоёр дахь ирэлт, [Малахи 3:1–5-ыг үзнэ үү] Эцсийн шүүлтийн [2 Нифай 9:15-ыг үзнэ үү] аль алинд нь тохиох болно.)
-
Бидний өнөөдөр мэдэж авсан зүйлээс үзвэл Бурханы Есүс Христийн сайн мэдээг сэргээх болсон нэг шалтгаан нь юу байсан бэ? (Суралцагчид Бурхан дэлхийн оршин суугчдыг Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхээр Есүс Христийн сайн мэдээг сэргээсэн гэсэн үнэнийг олж тогтоох ёстой.)
-
Есүс Христийн сайн мэдээ ямар ямар арга замаар хүмүүсийг Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэдэг вэ?
Суралцагчдыг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ тэднийг ёс бус, үймээнтэй дэлхийд амьдрах үед хэрхэн амар амгаланг авчрахад тусалсан талаар тунгаан бодоход урь. Цөөн суралцагчаас бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахыг хүс.
Хоёр дахь тэнгэр элчийг төлөөлж буй суралцагчийг Илчлэлт 14:8 мөн гурав дахь тэнгэр элчийг төлөөлж буй суралцагчийг Илчлэлт 14:9–11-ийг тус тус чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, тэнгэр элчүүд юу хэлснийг олж мэдэхийг хүс.
-
8-р шүлэгт цэдэглэснээр, хоёр дахь тэнгэр элч юу хэлсэн бэ? (“Вавилон нурлаа” гэдэг хэллэгийн нэг утга нь дэлхийн ёс бус зүйлс эцэс болох өдөр ирэх болно гэсэн утгатай гэдгийг тайлбарла.)
-
Дэлхийн ёс бус зүйлс эцэс болох болно гэдгийг мэдэх нь бидэнд хэрхэн амар амгаланг авчирч болох вэ?
-
9–11-р шүлэгт цэдэглэснээр, “араатанг” (9-р шүлэг) буюу Сатаныг дагахаар сонгосон хүмүүст юу тохиолдоно гэж гурав дахь тэнгэр элч хэлсэн бэ?
Нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас бошиглогч ёс бусчуудын нас барсныхаа дараа эдлэх тарчлалыг хэрхэн тайлбарласныг олж сонсохыг хүс.
“Сүнсний дэлхийд очсон сүнснүүдийн агуу гаслан зовлон нь бусдын эдэлж буй тэрхүү алдар сууг тэд өөрсдөө хүлээн авч болох байснаа мэдсэнийх бөгөөд энэ нь өөрсдийнх нь яллагч болдог” (Сүмийн ерөнхийлөгчийн сургаалаас: Иосеф Смит [2007 он], 253).
“Хүн бол өөрийгөө тарчилгагч, өөртөө ял хураагч мөн. Үүнээс үндэслэн тэд хүхэр, галаар шатаж буй нуур руу очно хэмээн хэлдэг билээ [Илчлэлт 21:8-ыг үзнэ үү]. Хүний оюун ухаан дахь гансралын тарчлал нь хүхэр, галаар шатаж буй нуур лугаа адил юм” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 253).
-
Бошиглогч Иосеф Смитийн өгүүлснээр, ёс бусчуудын нас барсны дараа эдлэх тарчлалын нэг хэсэг нь юу байх вэ?
Иохан ёс бусчууд үхсэнийхээ дараа юу эдлэхийг олж мэдсэний дараа, зөв шударга хүмүүс нас барсны дараа юу эдлэхийг тодорхойлсон дуу хоолойг тэнгэрээс сонссон гэдгийг онцолж хэл.
Нэг суралцагчийг Илчлэлт 14:12–13-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, зөв шударга хүмүүс нас барсны дараа юу эдлэхийг олж мэдэхийг хүс.
-
Зөв шударга хүмүүс нас барсныхаа дараа юу эдлэх вэ?
-
Та нар тэд “ажлаасаа салж амраг” гэдэг нь юу гэсэн утгатай гэж бодож байна вэ? (13-р шүлэг).
-
Та 12–13-р шүлэгт Иоханы заасан зүйлийг хэрхэн нэг зарчим болгон нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид зөв шударга амьдарвал нас барсныхаа дараа, ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр дүнд адислагдаж, ажил хийхгүй амрах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)
-
Бид ёс бусаар хүрээлэгдсэн байсан ч энэ зарчим биднийг хэрхэн амар амгалан болгох вэ?
Ёс бус дэлхийд зөв шударга амьдрахыг сонгохын ач холбогдлын талаар гэрчлэлээ хуваалцахыг бодож үз. Суралцагчдыг ёс бусчуудын тарчлалд зовохын оронд харин зөв шударгын амар амгаланг эдлэхийн төлөө амьдралдаа юу хийж болох талаар тунгаан бодоход урь. Тэднийг хүлээн авсан сүнслэг өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урь.
Иохан хоёр ургац хураалтыг тодорхойлсон гэдгийг тайлбарлан, Илчлэлт 14:14–20-ийг нэгтгэн дүгнэ. Иохан эхний ургац хураалтаар зөв шударга хүмүүс ёс бусчуудаас тусгаарлагдан цуглуулагдахыг (14–16-р шүлгийг үзнэ үү) мөн хоёр дахь ургац хураалтаар ёс бусчууд цуглуулагдаад, эцэст нь устгагдахыг (17–20-р шүлгийг үзнэ үү) үзэгдэлд харсан.
Илчлэлт 15–16
Иохан селестиел хаант улс дахь зөв шударга бүхнийг мөн хожмын өдрүүдийн долоон гамшгийг харав
Нэг суралцагчийг Илчлэлт 15:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иохан эцсийн өдрүүдэд юу тохиолдохыг харсан болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Илчлэлт 15–16-д цэдэглэснээр, Иохан эцсийн өдрүүдэд ёс бусчуудыг тарчлаах долоон гамшгийг тодорхойлсон гэдгийг тайлбарла. Гэсэн хэдий ч тэрээр эдгээр гамшгийг тодорхойлохоосоо өмнө зөв шударга хүмүүсийн хүлээн авах адислалыг дахин давтаж хэлэхээр түр завсарласан. Иохан Сатаныг ялж, селестиел хаант улсад Бурханыг магтах хүмүүсийн талаар үзэгдэл харсныг тайлбарлан, Илчлэлт 15:2–4-ийг нэгтгэн дүгнэ.
Самбар дээр долоон шилэн сав эсвэл аяга зурж, аягануудыг 1–7 хүртэл дугаарла (эсвэл 1–7 хүртэлх тоог самбар дээр бич). Иохан үзэгдэлдээ долоон гамшиг агуулсан долоон шилэн сав эсвэл аягыг харсан гэдгийг тайлбарла.
Цөөн суралцагчийг ээлжлэн Илчлэлт 16:2–4, 8–12, 16–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан долоон гамшгийг хэрхэн тодорхойлсныг олж мэдэхийг хүс. Гамшиг бүрийг тодорхойлсны дараа түр завсарлаад, нэг суралцагчийг самбар дээрх холбогдох шилэн аяганы доор (эсвэл тооны доор) тэр гамшгийг бичихэд урь.
Суралцагчийг гурав дахь гамшгийн тухай Иоханы тодорхойлолтыг уншсаны дараа өөр нэг суралцагчийг Илчлэлт 16:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас эцсийн өдрүүдэд хүмүүс энэ гамшгийг амсах нэг шалтгааныг олж мэдэхийг хүс.
-
Хүмүүс энэ гамшгийг амсах нэг шалтгаан нь юу вэ?
Суралцагчдыг зургаа дахь гамшгийн тайлбарыг уншсаныхаа дараа энэ гамшгийн үеэр Армагеддон дахь тулаанд дэлхийн хаадыг цуглуулахад бэлтгэн, Евфрат мөрөн ширгэж хатах болно гэдгийг тайлбарла (Илчлэлт 16:12–16; мөн Зехариа 12:11-ийг үзнэ үү). Энэ тулааны төгсгөлд Аврагч Иерусалим дахь хүмүүст (С ба Г 45:47–53-ыг үзнэ үү) болон дэлхийн бүх хүнд үзэгдэх болно (Матай 24:30; С ба Г 101:23-ыг үзнэ үү).
Нэг суралцагчийг Илчлэлт 16:15-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн тулд юу хийж болохыг олж мэдэхийг хүс. “Хувцсаа сахидаг хүн … нүцгэн яв[ахгүйн] тулд” гэдэг нь сүнслэг байдлаараа бэлэн байхыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.
-
15-р шүлэгт цэдэглэснээр, бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэлтэй байхын тулд юу хийж чадах вэ? (Суралцагчид Хэрэв бид сэрэмжтэй, сүнслэг байдлын хувьд бэлэн байвал Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлэн байх болно гэсэн зарчмыг олж тогтоох ёстой.)
-
Сүнслэгээр бэлэн байж болох өөр ямар ямар арга зам байдаг вэ?
Их Эзэн Өөрийн хүмүүст хайртай бөгөөд биднийг Өөрийнхөө Хоёр дахь ирэлтэд бэлтгээсэй хэмээн хүсдэг гэдгийг гэрчил. Суралцагчдыг Их Эзэний адислалыг хүлээн авч болохын тулд сэрэмжтэй байж, сүнслэг байдлаараа бэлэн байхад урамшуулан дэмж.