Номын сан
45-р хичээл: Лук 3–4


45-р хичээл

Лук 3–4

Оршил

Иохан Баптист наманчлалыг тунхаглаж, ирж буй Мессиагийн талаар гэрчлэв. Есүс Христ Иоханаас баптисм хүртсэнийхээ дараа цөлд 40 өдөр мацаг барьжээ. Есүс Галил руу явсныхаа дараа Назарт Өөрийгөө Мессиа гэдгийг тунхаглав. Назарын хүмүүс Түүнийг эсэргүүцсэн ба Тэрээр Капернаум руу явж, тэнд өвчтөнийг эдгээж, бузар сүнснүүдийг зайлуулав.

Заах зөвлөмж

Лук 3:1–22

Иохан Баптист Есүс Христийн талаар бошиглов

Хичээл орохоос өмнө нэг суралцагчаас Хаадын дээд 17:1–16 дахь Елиагийн болон Зарефатын бэлэвсэн эмэгтэйн түүхийг судлахыг мөн өөр нэг суралцагчаас Хаадын дэд 5:1–15 дахь Нааман, Элиша нарын түүхийг судлахыг хүс. Тэд хожим нь хичээлийн явцад эдгээр түүхийг товч ярьж өгөх болно гэдгийг тайлбарла. Нааман, Зарефатын бэлэвсэн эмэгтэй хоёр итгэлээ нотлон харуулахын тулд юу хийснийг мөн тэд хоёулаа харийнхан (Израилийн угсааных биш) байсан гэдгийг онцолж хэлэхийг тэднээс хүс.

Суралцагчдаас Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний дагуу амьдарснаар эргэн тойрондоо байгаа хүмүүсээс тусгаарлагдсан эсвэл ганцаардсан санагдаж байсан үеийнхээ тухай цаасан дээр бичихийг хүсэн, хичээлээ эхлүүл (суралцагчдыг цаасан дээр нэрээ бичихгүй байхыг сануул). Хангалттай хугацаа өгсний дараа, суралцагчдаас цаасаа хураалгахыг хүс. Цөөн туршлагыг ангийнханд уншиж өг.

Суралцагчдыг Лук 3:1–22-оос судалж байхдаа сайн мэдээний дагуу амьдардаг хүмүүс яагаад заримдаа бусдаас тусгаарлагдсан мэт санагдаж болохыг тайлбарлах үнэнийг олж мэдэхэд урь.

Мосегийн хуулиар тэргүүн тахилч Аароны санваарын тэргүүлэх албан тушаалтны болон Израилийн улс төрийн тэргүүний үүргийг давхар хашдаг байсан гэдгийг тайлбарла. Гэсэн хэдий ч Аврагчийн тохинууллын үед тэргүүн тахилчийн алба ялзарч, хээл хахуульд идэгдсэн байв. Тэргүүн тахилчид Бурханаар сонгогдохын оронд Херод ба Ромын бусад албан тушаалтан гэх мэт хүмүүнээр сонгогдож байв (Bible Dictionary, “High priest”-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Лук 3:2–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Бурхан тэргүүн тахилчдын оронд хэнтэй ярьсан болохыг олж мэдэхийг хүс.

  • Бурхан тэргүүн тахилчдын оронд хэнтэй ярьсан бэ? (“Захариагийн хүү Иохан” буюу Иохан Баптист.)

  • Иохан Баптист юу зааж байсан бэ?

Иоханы үед зарим хүн Абрахамын үр удам учраас өөрсдийгөө израиль биш хүмүүсээс илүү дээр эсвэл Бурханаас илүү их хайр хишиг хүртдэг гэдэгт итгэдэг байсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Лук 3:7–9-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас иудейчүүд Бурханы таалалд нийцэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж Иохан Баптист заасныг олж мэдэхийг хүс.

  • Иудейчүүд Бурханы таалалд нийцэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж Иохан заасан бэ? (“Үр жимс” гэдэг нь бидний хийж буй сонголтын үр дагаврын бэлгэдэл гэдгийг тайлбарла.)

  • 9-р шүлэгт цэдэглэснээр, “сайн үр жимс” авчирдаггүй эсвэл зөв шударга амьдардаггүй хүмүүст юу тохиолдох вэ?

Иохан тодорхой хэсэг бүлэг иудей хүнд сайн үр жимс хэрхэн авчрахыг заасан гэдгийг тайлбарлан, Лук 3:10–15-ыг нэгтгэн дүгнэ. Иоханы тохинуулал гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн ба зарим нь түүнийг Мессиа байж магадгүй гэж бодсон байдаг.

Нэг суралцагчийг Лук 3:16–17-г чанга уншихад уриад, Мессиа ирэхдээ юу хийнэ гэж Иохан хэлснийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.

  • Иохан ирж буй Мессиаг юу хийнэ гэж хэлсэн бэ?

“Та нарт Ариун Сүнс хийгээд галаар баптисм хүртээнэ” (16-р шүлэг) хэмээх үгс нь Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаар ирэх цэвэршүүлэх мөн ариусгах үр нөлөөг хэлж байгааг тайлбарла.

Суралцагчдад 17-р шүлгийг илүү сайн ойлгоход туслахын тулд атга үр эсвэл жижиг хайрга чулуунууд мөн модны үртэс эсвэл сонингийн жижиг хэсгүүдийг үзүүл. Үр, үртэс хоёрыг холиод, холимгийг намхан хавтгай тосгуурт хий.

  • Хүн модны үртсээс үрийг хэрхэн салгаж болох вэ?

Буудайг хурааж аваад, цайруулсны дараа (буудайг хольцноос нь цэвэрлэсний дараа) шигшдэг гэдгийг тайлбарла. Шигших нь буудайн үрийг хог хаягдлаас нь (гаднах хальснаас) цэвэрлэхэд ашигладаг эртний арга юм. Шигшигч нь цайруулсан буудайг агаарт цацах маш том малтагч эсвэл модон шигшигч сэрээг ашигладаг. Салхи хөнгөхөн, шаардлагагүй хальсыг хийсгэж, хүндхэн буудайн үрнүүд нь зориулалтын урьдчилан бэлтгэсэн газарт асгардаг.

Энэ ойлголтыг харуулахын тулд жижиг сэнс харуул (хэрэв шаардлагатай бол та хатуу цаас, картон, нугалсан цаас ашиглаж болно). Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд уриад, үр ба модны үртсэн дээгүүр сэнс үлээлгэхийг хүс. Суралцагчийг сэнс үлээлгэх үед холимгоос бага зэргийг аваад, буцаагаад асгах үйлдэл хий. Тэгснээр сэнс үртсийг үлээж, үр тосгуурт буцаж унах болно. Суралцагчийг суудалдаа суухад урь.

  • Буудай ба хог хаягдал юуг төлөөлж байна вэ? (Үр тариа нь зөв шударга байдлыг, хог хаягдал нь ёс бус байдлыг дүрсэлдэг.)

  • 16–17-р шүлэгт өгүүлснээр, хэн зөв шударгыг ёс бусаас тусгаарладаг вэ? (Суралцагчдыг хариулсны дараа Есүс Христ зөв шударгыг ёс бусаас тусгаарладаг гэсэн үнэнийг самбар дээр бич.)

  • Шүүлтийн өдөр хамгийн эцсийн удаа зөв шударгыг ёс бусаас тусгаарлах ч Есүс Христийг дагаж, Түүний сайн мэдээний дагуу амьдрах нь ямар арга замуудаар Түүний шавь нарыг бусдаас тусгаарлагдахад хүргэдэг вэ?

  • Есүс Христийг дагаж, Түүний сайн мэдээний дагуу амьдрахыг хичээх нь бидэнд бусдаас тусгаарлагдсан юм шиг мэдрэмж төрүүлж болдгийг бид яагаад ойлгох хэрэгтэй вэ?

Есүс Иохан Баптистаар баптисм хүртэхээр ирсэн гэдгийг тайлбарлан, Лук 3:18–22-ыг нэгтгэн дүгнэ. Хожим нь Херод Иохан Баптистыг шоронд хорьсон.

Лук 3:23–38

Есүсийн өвөг дээдэс тогтоогдов

Лук Есүсийн удмын бичгийг багтаасан мөн Иосеф нь Бурханы Хүү Есүсийн “төрсөн эцэг биш” байсан хэмээн гэрчилсэн гэдгийг тайлбарлан, Лук 3:23–38-ыг нэгтгэн дүгнэ.

Лук 4:1–13

Сатан цөлд Есүсийг уруу татав

Лук 4:1–13 нь Есүс цөлд 40 өдөр мацаг барьсан бөгөөд Сатаны уруу таталтуудыг эсэргүүцсэн тухай түүхийг агуулдаг гэдгийг тайлбарла.

Лук 4:14–30

Есүс Өөрийгөө Мессиа хэмээн зарлав

Самбар дээр хугарсан, шархадсан, боолчлогдсон, ядуу, сохор зэрэг үгсийг жагсааж бич. Суралцагчдаас эдгээр нэг эсвэл түүнээс дээш үгээр өөрсдийгөө тодорхойлмоор санагдаж байсан үеэ тунгаан бодохыг хүс. Тэднийг Лук 4:14–30-аас судалж байхдаа эдгээр мэдрэмжээс хэрхэн салж болохыг мэдэхэд урь.

Есүс цөлөөс эргэж ирснийхээ дараа Галилын синагогуудад номлож эхэлсэн гэдгийг тайлбарлан, Лук 4:14–17-г нэгтгэн дүгнэ. Удалгүй тэр Өөрийн төрөлх хот Назарт эргэж иржээ. Тэр тэнд байхдаа синагогт босож зогсоод, Исаиагийн номоос уншив.

Нэг суралцагчийг Лук 4:18–21-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Исаиа Мессиагийн бурханлаг зорилгын талаар юу заасныг олж мэдэхийг хүс.

  • Есүс төрөлх Назар хотынхоо хүмүүст юуны тухай гэрчилсэн бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс бол шархалсан зүрхтэй хүмүүсийг эдгээж, сүнслэгээр боолчлогдсон хүмүүсийг чөлөөлөхөөр ирсэн Мессиа юм гэсэн үнэнийг тодорхойлсон эсэхийг бататга.)

  • Есүс Христ бидний өдрүүдэд хүртэл биднийг эдгээж, чөлөөлөхөө үргэлжлүүлж байгааг харуулсан ямар туршлага та нарт байдаг вэ?

Нэг суралцагчийг Лук 4:22-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Есүсийг Өөрийгөө хүмүүсийн удаан хүлээсэн Мессиа байсан гэдгийг шийдэмгий тунхаглах үед Назарын хүмүүс хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.

  • Хүмүүс Есүсийн тунхаглалд хэрхэн хандсан бэ?

  • 22-р шүлэгт цэдэглэснээр, Назарын хүмүүст Есүс Мессиа байсан гэдэгт итгэхэд яагаад хэцүү байсан гэж та нар бодож байна вэ?

Капернаумд үйлдсэн гайхамшгуудаа давтаж үзүүлснээр Өөрийгөө Мессиа гэж батлахыг Назарт байгаа хүмүүс Түүнээс шаардах байсныг Есүс мэдэж байсан гэдгийг тайлбарлан, Лук 4:23-ыг нэгтгэн дүгнэ.

Суралцагчдыг Лук 4:24–27-г чимээгүй гүйлгэн хараад, Аврагчийн Назарын хүмүүст хариулахдаа эш татсан Хуучин Гэрээний хоёр түүхийг олж мэдэхэд урь. (Та Елиа (Елиас) гэдэг нь Елиа мөн Елиша (Елисүес) гэдэг нь Елиша гэдгийг тайлбарлах хэрэгтэй болж болно.) Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Энэ хоёр түүхийг судлахаар урьдчилан урьсан хоёр суралцагчийг товч дүгнэлтээ танилцуулахад урь. Дараа нь, хэдийгээр тэнд израиль үндэстний бэлэвсэн эмэгтэйчүүд болон уяман өвчтөнүүд байсан ч гэсэн хоёр израиль биш (харийнхан) хүн гайхамшгуудыг мэдэрсэн хэмээн Есүс Назарт байгаа хүмүүст заасан гэдгийг тайлбарла.

  • Нааман, Зарефатын бэлэвсэн эмэгтэй хоёр ямар ямар арга замаар итгэлээ харуулсан бэ?

  • Бэлэвсэн эмэгтэй, Нааман хоёрын итгэл хэрхэн Назарт байгаа хүмүүсийнхээс өөр байсан бэ?

Назарт байгаа хүмүүст итгэл дутагдаж байсан учраас Есүс тэнд маш цөөхөн гайхамшгийг үйлдсэн гэдгийг онцол (Матай 13:54–58; Марк 6:1–6-г үзнэ үү).

  • Бид Назарт байгаа хүмүүсийг бэлэвсэн эмэгтэй, Нааман хоёртой харьцуулснаар итгэлийн тухай ямар зарчим сурч болох вэ? (Бид Есүс Христэд итгэх итгэлээ нотлон харуулснаар гайхамшгууд тохиолдож байгааг харж чадна гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлоход суралцагчдад тусал.)

Суралцагчдаас самбарын өмнө гарч ирээд, Есүс Христ бол бидний Аврагч гэдэгт итгэх итгэлээ нотлон харуулах арга замуудыг жагсааж бичихийг хүс. Суралцагчдыг жагсаалтаа бичиж дуусгасны дараа дараах асуултыг тавь.

  • Эхлээд итгэлээр үйлдсэний дараа л зөвхөн ирдэг ямар адислал эсвэл гайхамшгийн жишээ байдаг вэ?

Нэг суралцагчийг Лук 4:28–30-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас синагогт байсан хүмүүс Есүст хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Энэ түүх нь Есүс Христ ёс бусчуудыг зөв шударга хүмүүсээс тусгаарлах болно гэдгийг ямар ямар арга замаар харуулж байна вэ? (Лук 3:17-г үзнэ үү.)

Лук 4:31–44

Есүс чөтгөрүүдийг зайлуулж, өвчтөнийг эдгээв

Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднийг хостойгоо хамт Лук 4:31–44-ийг чанга уншаад, Назарын хүмүүсийн хүлээн авсан адислалтай харьцуулбал Капернаум дахь хүмүүс ямар ямар адислалыг хүлээн авсныг олж мэдэхэд урь. Тэднийг уншсаны дараа хостойгоо хамтран дараах асуултуудад ямар хариулт өгөхөө ярилцахад урь (та эдгээр асуултыг самбар дээр бичиж болно).

  • Капернаумд болон Назарт байсан хүмүүсийг хооронд нь харьцуулбал, тэд Есүст хэрхэн өөр өөр хандсан бэ?

  • Капернаум дахь хүмүүс Назарын хүмүүсийн хүлээн авсан адислалуудтай харьцуулбал ямар адислал хүлээн авсан бэ?

  • Бид Есүс Христэд итгэх итгэлээ нотлон харуулах юм бол гайхамшгууд тохиолдож байгааг харж чадна хэмээх зарчмыг эдгээр түүх хэрхэн харуулж байна вэ?

Цөөн суралцагчийг сүүлийн хоёр асуултын хариултыг ангийнхантай хуваалцахад урь.

Есүс Христийн тухай мөн Түүнд итгэх итгэлээ нотлон харуулснаар хүлээн авсан адислалуудынхаа тухай гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга. Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ нотлон харуулж болох цөөн арга замыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг бичсэн зүйлээ үйлдэл болгох зорилго тавихад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Лук 3:17. “[Тэрээр] улаан буудайг саравчиндаа овоолох”

Буудайг овоолох буюу зөв шударга хүмүүсийг цуглуулах саравчны өөр нэг хөрвүүлэг нь ариун сүмийг төлөөлдөг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Лук 3:17 дээр байдагтай төстэй зүйрлэл (Алма 26:5-ыг үзнэ үү) ашиглан дараах үгсийг хэлжээ.

“Цугларах газрууд нь ариун сүмүүд юм. Ахлагч Нийл А.Максвэлл ‘Бид баптисм хүртэхдээ, хараагаа баптисмын сангаас цааш ариун сүм рүү чиглүүлэх ёстой. Эдгээр боодлыг овоолж цуглуулах газар нь ариун сүмүүд байх ёстой’ хэмээн тайлбарласан юм (Жон Л.Харт, ‘Make Calling Focus of Your Mission,’ Church News, 1994 оны 9-р сарын 17, 4). Энэхүү заавар нь боодлууд хаягдахгүй байж болохын тулд ариун сүмийн ариун ёслол, гэрээнүүд чухал гэдгийг тодорхойлж, чухалчилдаг билээ” (“Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108).

Лук 4:25–27. Нааман ба Зарефатын бэлэвсэн эмэгтэй

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Есүсийн өдрүүдэд Назарт байсан хүмүүсийн итгэлтэй харьцуулаад Нааман, бэлэвсэн эмэгтэй Зарефат хоёрын нотлон харуулсан итгэлийн талаар дараах тайлбарыг хийсэн юм.

“Итгэл байгаа газар гайхамшиг байдаг; итгэл байхгүй газар гайхамшиг тохиодоггүй. Хэрэв эртний бошиглогчид үйлчлэлийг нь хүлээн авах зохистой хүмүүсийг олохын тулд Израилийн хонины хашаанаас гарсан бол Есүс Өөрт нь итгэх, Өөрийнх нь хүртээхээр ирсэн адислалуудыг хүлээн авахуйц нээлттэй бодгалиудыг олохын тулд Назараас гарч явах байсан. Назарын хүмүүс өөр хаа нэгтээ тохиолдсон гайхамшигт үйлсийг харахыг хүссэн бол синагогт нь номлосон Түүнийг хүлээн авснаар тэнгэрийн адислалуудыг хүлээн авах байсан” (The Mortal Messiah, 4 боть, [1979–1981], 2:26).