17-р хичээл
Матай 14
Оршил
Иохан Баптистын үхлийн талаар олж мэдсэнийхээ дараа Есүс ганцаараа байхыг хүссэн боловч цугларсан олон Түүнийг дагав. Тэр тэднийг өрөвдөж, тэдний өвчтэйг нь эдгээж, таван мянга гаруй хүнийг гайхамшигтайгаар хооллов. Тэр орой Есүс Галилын тэнгист хүчтэй шуурганд зүдэрч байгаа Өөрийн дагалдагчид руу усан дээгүүр алхав.
Заах зөвлөмж
Maтай 14:1–21
Есүс ганцаараа байхыг хүсэж, дараа нь таван мянга гаруй хүнийг хооллов.
Суралцагчдаас гүн гунигтай байсан үеийнхээ талаар бодохыг хүс. Тэднийг гүн гунигаа туулж, давахын тулд юу хийсэн талаараа бодоход урь.
-
Хүмүүст гунигт байдлыг туулж, ялан дийлэхээр хичээдэг ямар ямар өөр арга замууд байдаг вэ?
Суралцагчдыг Maтай 14-ийг суралцах явцдаа гунигт байдал, бэрхшээл, эргэлзээгээ хэрхэн даван туулах арга замуудыг олж мэдэхэд урь.
Матай 14:1–11-ийг дүгнэн, шинэ эхнэр Херодиагийн шахалтаар Херод хаан Иохан Баптистыг шударга бусаар шоронд хорьсон гэдгийг тайлбарлан ярьж өг. Эхнэрийнх нь охин (Саломе) түүний өмнө бүжиглэсний дараа Херод түүнд “юу гуйсныг чинь өгье” гэж олны өмнө амлажээ (Maтай 14:7). Охин нь ээжтэйгээ зөвлөлдөж, Иохан Баптистын толгойг авахыг хүссэн бөгөөд үүний улмаас Херод Иоханы толгойг авахуулав.
Иохан Баптист бол Есүс Христийн найз, хамаатан нь байсан бөгөөд Мессиагийн замыг бэлтгэхээр Бурханаар сонгогдсон бошиглогч байсан гэдгийг суралцагчдад сануул.
-
Иохан Баптистын дотны найз байгаагаар өөрийгөө төсөөл. Та түүний шударга бусаар алагдсаныг сонссон бол хэрхэн хандах байсан бэ?
Нэг суралцагчийг Матай 14:12–13-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Есүс Иоханы үхлийн талаар сонсоод юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Есүс Иоханы үхлийн талаар сонсоод юу хийсэн бэ? (“Зэлүүд газар” гэдэг нь эзэнгүй газрыг хэлдэг болохыг та тайлбарлахыг хүсэж болох юм [Maрк 6:31, зүүлт тайлбар a-г үзнэ үү].)
-
Есүсийг ганцаараа байхыг хичээхэд юу тохиосон бэ?
-
Та нар гунигтай мөн ганцаараа байхыг хүсэж байтал бусад хүн анхаарлыг чинь татахыг хичээж байвал та нарт ямар санагдах вэ?
Нэг суралцагчийг Матай 14:14-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Өөрийг нь олон түмэн дагаж байгааг хараад хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.
-
Бидний гунигтай байх үедээ дагавал зохих ямар жишээг Аврагч үзүүлсэн бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид гүн гунигтай байгаа үедээ бусдад өрөвч хандсанаар Есүс Христийн жишээг дагадаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Бид зовж байгаа үедээ бусдад өрөвч хандах нь яагаад хэцүү байж болох вэ?
-
Бид өөрсдөө зовж байгаа үедээ бусдад өрөвч хандах нь бидэнд хэрхэн тусалдаг вэ?
-
Та нар болон та нарын таньдаг хэн нэгэн хэзээ гүн гунигийг мэдэрсэн үедээ өөр нэгэнд өрөвч нинжин сэтгэлээр хандаж байсан бэ? Өөр нэгэнд үйлчлэх нь ямар арга замуудаар танд тусалсан бэ?
Хэд хэдэн суралцагчийг Матай 14:15–21-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүс Христ хэрхэн цугларсан олонд нинжин сэтгэлээр үргэлжлүүлэн хандсаныг олж мэдэхийг хүс. (Тэмдэглэл: Maтай 14:15–21-д цэдэглэгдсэн гайхамшгууд нь Maрк 6:35–44-ийн хичээлд илүү дэлгэрэнгүй заагдах болно.)
-
Есүс Өөрийг нь дагаж байсан олонд нинжин сэтгэлийг хэрхэн үргэлжлүүлэн үзүүлсэн бэ?
Матай 14:22–36
Есүс шуурганаар усан дээгүүр алхалсан
Суралцагчдыг Есүс Христийг дагах үедээ туулж болох эргэлзээ, айдаст нөхцөлүүдийг бодоход туслахын тулд хоёр суралцагчаас дараах жишээнүүдийг чанга уншихыг хүс:
-
Нэгэн залуу эмэгтэй эдгэршгүй өвчнөөс болж зовж шаналах ээжийгээ хараад, огтхон ч тусалж чадахгүй байгаа мэт санагдаж байна. Тэрээр Тэнгэрлэг Эцэг гэр бүлийнх нь зовлонг мэдэж байгаа юм бол уу гэж асууж эхэлдэг. Тэр Бурханд итгэхийг ихэд хүсэж байгаа боловч эргэлзээ нь түүнийг будилуулж эхлэв.
-
Нэг залуу эрэгтэй саяхан Сүмд оржээ. Олон найз нь Сүмд элсэх түүний шийдвэрийг илэн далангүй шүүмжилж байв. Тэр Сүмийн идэвхтэй, үнэнч гишүүн байхаа үргэлжлүүлэх эсэхэд эргэлзэж эхлэв.
-
Хүмүүс Есүс Христийг дагахаар эрэлхийлэхдээ ямар арга замаар эргэлзээ, айдсыг мэдэрч болох вэ?
Суралцагчдыг Матай 14-ийн үлдсэн хэсгээс суралцаж байхдаа айдас, эргэлзээ, урам хугарах байдлыг давахад нь тэдэнд тусалж чадах үнэнүүдийг олж мэдэхийг хүс.
Матай 14:22-ыг дүгнэн, Аврагч цугларсан олныг тараан явуулж байх хоорондоо шавь нартаа Галилын тэнгисийн нөгөө тал руу завиар аялахыг зааварчилсан гэдгийг тайлбарлан хэлж өг. Нэг суралцагчийг Матай 14:23-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Есүсийн цугларсан олныг явуулсныхаа дараа хаашаа явсныг олж мэдэхийг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Нэг суралцагчийг Матай 14:24–25-ыг чанга уншихад уриад, шавь нар нь Галилын тэнгисийг гаталж байхад юу тохиолдсоныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Шавь нарыг Галилын тэнгисийг гаталж байхад юу тохиолдсон бэ?
-
“Салхи өөдөөс нь салхилсан” гэдэг нь ямар утгатай вэ? (24-р шүлэг). (Өөдөөс нь эсрэг салхилж байсан.)
23-р шүлэгт цэдэглэснээр, Есүсийг ууланд ганцаараа байхад болон шавь нарыг нь Галилын тэнгисийг гаталж байх энэ үед орой болсон байсан. Уг тэнгисийг гатлах зай нь таван миль орчим (найман километр орчим) зайтай байсан бөгөөд цаг агаар сайхан байгаа үед хоёр гурван цагийн дотор туулж чадахаар байв.
-
25-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч усан дээгүүр шавь нар руугаа хэзээ ирсэн бэ? (Дөрөв дэх манаа шөнийн 3-аас 6 цагийн хооронд байсан.)
-
Шавь нар шуурганд тэнгисийг гатлахаар хичээн, хэр удаан явсан бэ? (Барагцаалахад 9-12 цаг орчим)
Суралцагчдыг Maрк 6:47–48-ыг дотроо уншихад болон Марк энэ үйл явдлын талаар ямар нэмэлт зүйл хэлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Есүс шавь нараа бэрхшээлээс нь илүү хурдан аварч болох байсан уу? Шавь нараа чөлөөлөхөөс өмнө тэднийг хэсэг хугацаагаар зовохыг нь зөвшөөрсний зорилго юу байж болох вэ?
-
Бид шавь нарын тэнгисийг гатлахаар хичээж байгаа энэ түүхээс өөрсдийн зовлон бэрхшээлийн талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэдийгээр Их Эзэн биднийг зовлон бэрхшээлээс маань байнга аврахгүй байж болох ч Тэр бидний юу туулж байгааг мэддэг бөгөөд Өөрийн зохих цагт бидэнд туслахаар ирэх болно гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Их Эзэнээр тэр даруй чөлөөлөгдөхийн оронд өөрсдийн бэрхшээлийг хэсэг хугацаагаар туулах нь бидэнд ямар сайн талтай байж болох вэ?
-
Их Эзэн биднийг бэрхшээлээс маань тэр даруй чөлөөлдөггүй ч гэсэн бидний зовлон бэрхшээлийг мэдэж байгаа гэдгийг мэдэх нь Түүнд итгэх бидний итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
Суралцагчдыг шөнө дунд загасчны завин дээр байгаагаар мөн олон цагийн турш хүчит давалгаа шуурганы эсрэг тэмцэж мөн тэгээд хэн нэгнийг усан дээр алхахыг харж байгаагаар төсөөлөхийг хүс.
-
Хэрэв та нар ийм нөхцөл байдалд байсан бол юу бодож, мэдрэх байсан бэ?
Нэг суралцагчийг Матай 14:26–27-г чанга уншихад уриад, ангийнхнаас шавь нар нь Есүсийг хараад хэрхэн хандсаныг олж мэдэхийг хүс.
-
Шавь нар нь Есүсийг хараад хэрхэн хандсан бэ?
-
Есүс тэдний айдаст хэрхэн хариулсан бэ?
Өөр нэг суралцагчийг Maтай 14:28-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Петр Их Эзэний дууг сонсоод юу хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс.
-
Петр Их Эзэний дууг сонсоод юу хийхийг хүссэн бэ?
Ангийн өмнө Есүсийн зургийг барьж зогсоод, ангийнхныг өөрсдийгөө завинд байгаа Петр гэж төсөөлөхийг хүс. Хоёр суралцагчийг Матай 14:29–30-ийг ээлжлэн чанга уншихыг хүс. Шүлэг бүрийг уншсаных нь дараа суралцагчдаас хэрвээ тэд Петр байсан бол юу гэж бодож, юуг мэдрэх байсан байж болохыг асуу.
-
Петр яагаад живж эхэлсэн бэ?
-
Энэ түүхэн дэх салхи болон давалгаа нь биднийг айдас, эргэлзээг мэдрэхэд хүргэдэг юуг төлөөлж болох вэ?
-
Бид Петрийн туршлагаас эргэлзээ, айдсаасаа хэрхэн зайлсхийх талаар юуг сурч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч хэрвээ бид хараагаа Есүс Христэд төвлөрүүлэн, Түүнд итгэх итгэлээ хадгалах үед эргэлзээ, айдастаа дийлэгдэхгүй гэдгийг тодорхой ойлгосон эсэхийг бататга.
Нэг суралцагчийг ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгсийг уншихад уриад, ангийнхнаас Их Эзэнд итгэх итгэлээ хадгалж чадаагүйгээс ирэх аюулыг олж сонсохыг хүс.
“Хэрэв хүмүүс болон гэр бүл, нийгэм хамт олон, улс үндэстнүүд, бид бүгд Петр шиг хараагаа Есүсээс салгахгүй байх юм бол итгэлгүй байдлын давалгааг ялгууснаар даван туулж, эргэлзээний хуй салхин дунд айдасгүй үлдэж чадна гэдэгт би баттай итгэдэг. Харин бид итгэх ёстой түүнээс хараагаа холдуулж, бидэнд тусалж, биднийг аварч чадах Түүнд биш, харин өөрсдийнхөө эргэн тойрон дахь аймшигт, хор хөнөөлтөй, сүйрүүлэгч хүчин зүйлсийн хүч нөлөөнд найдвар тавих юм бол зөрчил сөргөлдөөн, уй гашуу, гутрал цөхрөлийн далайд зайлшгүй живэх болно. Ийнхүү Их Эзэнээс хараагаа холдуулах нь ядаж цөхөх юмгүй бөгөөд дэлхий биднийг уруу татах юмсаар дүүрэн байдаг” (“The Beacon in the Harbor of Peace,” Ensign, 1992 оны 11-р сар, 19).
-
Бид эхлээд Петрийн үйлдсэнтэй адилаар Есүс Христ дээр хэрхэн “хараагаа төвлөрүүлж” чадна гэж та нар бодож байна вэ?
-
Хэн нэгэн хүний Есүс Христэд итгэх итгэл нь айдас, эргэлзээгээ даван туулах боломжийг түүнд олгохыг та нар хэзээ харсан бэ?
Бид Есүс Христ дээр “хараагаа төвлөрүүлж,” Түүнд итгэх итгэлээ хадгалах үед бэрхшээлтэй тулгарах найдвар, зоригийг олох болно. Суралцагчдыг Есүс Христэд итгэх итгэлээ хадгалж, илүү сайн төвлөрөхийн тулд амьдралдаа гаргаж болох өөрчлөлтүүдийг бодоход мөн уг өөрчлөлтүүдийг хийх зорилго тавихад урь.
Петрийн адил, бид заримдаа Есүс Христэд итгэх итгэлээ хадгалж чадалгүй, айдас, эргэлзээ, урам хугарах байдалд орж болно гэдгийг тайлбарла.
Есүс Христийн усан дээгүүр алхалж байгаа зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 43-ыг үзнэ үү; мөн LDS.org-оос үзнэ үү). Нэг суралцагчийг Матай 14:30–32-ыг чанга уншихад урь.
-
30-р шүлэгт цэдэглэснээр, Петр живж байгаагаа ухаараад юу хийсэн бэ?
-
Бид энэ түүхээс хэрвээ бид итгэл маань сулрах үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэх юм бол Түүний юу хийдэг талаар юу мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид итгэлээ сулрах үед Бурханы тусламжийг эрэлхийлэх аваас Тэр биднийг айдас, эргэлзээнээс маань салган өргөж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Бурхан ямар замуудаар биднийг айдас, эргэлзээнээс маань салган өргөдөг вэ?
Нэг суралцагчийг Матай 14:33-ыг чанга уншихад урьж мөн ангийнхныг Есүс, Петр хоёр завинд суусны дараа шавь нар хэрхэн хандсан болохыг олж мэдэхийг хүс.
Матай 14:33–36-г дүгнэн, энэ үйл явдлын дараа Аврагч шавь нарын хамт аяллаа үргэлжлүүлэн, Галилын алс эрэгт хүрч ирсэн гэдгийг тайлбарлан ярьж өг. Хүмүүс Есүсийг тэнд байгааг олж мэдээд, өвчнөөр зовж шаналж байгаа хүмүүсийг Түүн дээр авчирсан. Олон хүн Түүний хувцасны захад хүрснээр л эдгэрсэн.
Суралцагчдыг өөрсдийн хүлээж авсан сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэж, энэ хичээлээс сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмжсэнээр хичээлээ дуусга.