Гэрээр судлах хичээл
Лук 5:1–10:37 (10-р бүлэг)
Оршил
Нэгэн баян залуу Аврагчаас “Мөнх амийг өвлөхийн тулд би юу хийх ёстой вэ?” гэж асуув. (Лук 10:25). Дараах заах санаанууд нь Бурханыг мөн хөршөө өөрсдийн адил хайрлах гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход суралцагчдад тусалж чадна.
Заах зөвлөмжүүд
Лук 10:25–37
Есүс сайн самари хүний сургаалт зүйрлэл заав
Нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Бидний эргэн тойронд байгаа хүмүүс төгс биш. Хүмүүс уур уцаар хөдөлгөж, сэтгэл санаагаар унагах үйлдлийг хийсээр байх болно. Энэ мөнх бус амьдралд энэ нь үргэлж ийм байх болно” (“Өршөөнгүй хүмүүс өршөөл энэрлийг хүлээн авна,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 81).
Ангийнхныг өөрсдийг нь сэтгэлээр унагадаг, уцаарлуулдаг, садаа болсон зүйл хийдэг хэн нэгнийг мэддэг эсэхээ тунгаан бодоход урь.
-
Эдгээр зүйлийг хийдэг хэн нэгнийг хайрлах нь яагаад хэцүү байж болох вэ?
Суралцагчдыг Лук 10:25–37-г судалж байхдаа хайрлахад хэцүү хүмүүстэй харилцах үед өөрсдийг нь удирдан чиглүүлэх үнэнүүдийг олж мэдэхэд урь.
Суралцагчид Лук 10-ыг хувиараа судалж байхдаа Аврагчаас мөнх амьдрал хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг асуусан нэгэн хуульчийн тухай мэдэж авсан гэдгийг сануул.
Нэг суралцагчийг Лук 10:26–28-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн хариултыг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Бид мөнх амьдралыг хүлээн авахын тулд юу хийх ёстой талаар эдгээр шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид мөнх амьдралыг өвлөн авахын тулд Бурханыг болон хөршөө өөрсөдтэйгөө адил хайрлах ёстой гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Энэ зарчмыг самбар дээр бич.)
-
Бүх зүрх, сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа Бурханыг хайрлах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Самбар дээрх “хөршөө өөрийн адил хайрла” гэсэн үгсийг онцол. Хөршөө өөрийн адил хайрлах гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход суралцагчдад туслахын тулд тэднийг өдөр тутам хийдэг зүйлсээ самбар дээр жагсааж бичихэд урь. (Тухайн өдөртөө бэлтгэх, идэх, унтах, гэрийн даалгавраа хийх гэх мэт орж болно.)
Самбар дээрх жагсаалтыг эмхэлж цэгцэлсний дараа суралцагчдыг эдгээр үйл ажиллагааны хэд нь зөвхөн өөрсдөд нь төвлөрснийг тунгаан бодоход урь. (Та тэднээс жагсаалт дахь зүйл бүр тэдний төлөө юм уу бусдын төлөө эсвэл Бурханы төлөө байна уу гэдгийг асуу.)
-
Бид энэ туршлагаас ямар сургамж авч болох вэ?
-
Бусдын сайн сайханд илүү анхаарч, тэднийг өөрсдийгөө хайрладаг шиг хайрлаж болох ямар ямар арга зам байдаг вэ?
-
Бид өөрсдийнхөө төлөө хийдэг үйл ажиллагаануудын хажуугаар бусдын төлөө үүнийг ямар ямар арга замаар хийж болох вэ? (Жишээлбэл, ганцаардсан хүнтэй хамт хооллох эсвэл сургуулийн үйл ажиллагааны үеэр бусдыг магтах зэрэг байж болно.)
-
Бурханыг мөн хөршөө өөрийгөө хайрладаг шиг хайрлах нь мөнх амьдрал өөд өсөж хөгжихөд бидэнд хэрхэн тусална гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Лук 10:29-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, хуульчийн Есүсээс асуусан хоёр дахь асуултыг олж мэдэхийг хүс.
-
Хуульч Аврагчаас хоёр дахь удаагаа юу гэж асуусан бэ?
Цөөн суралцагчийг Лук 10:30–35 дээрх сайн самари хүний сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглоход бэлтгэ. Нэг суралцагчийг өгүүлэгч болоход урьж, бусдыг шархадсан иудей хүн, хоёр хулгайч, тахилч, леви ба самари хүний дүрд тоглоход урь. (Хэрэв танай анги цөөхөн суралцагчтай бол тэд хэд хэдэн дүрд тоглож болно.) Та нэрийн тэмдэг, иудей хүнээс дээрэмдэх илүү хувцас, тос ба дарсыг төлөөлөх хоёр сав, ан амьтныг төлөөлөх дугуйтай сандал, хоёр денарын оронд хоёр зоос зэрэг зүйлсийг суралцагчдад өгч болно. (Тэмдэглэл: Та жүжигчилсэн тоглолтыг үр дүнтэй, зохимжтой, аюулгүй байлгахын тулд хичээл орохоос өмнө оролцогчдыг томилж, тодорхой заавар өгч болно.)
Өгүүлэгчийг Лук 10:30–35-ыг чанга уншихад уриад, оролцогчдоос сургаалт зүйрлэлийг жүжигчлэн тоглохыг хүс. Ангийнхны үлдсэн хэсгийг дагаж уншаад, Аврагч хэн бидний хөрш болох тухай юу заасныг олж мэдэхийг хүс. Жүжигчилсэн тоглолтын дараа суралцагчдыг суудалдаа суухад урь.
-
Самари хүний ямар үйлдэл та нарт хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?
Суралцагчдад тахилч, леви, самари зэрэг хүнээс юуг хүсэн хүлээж байсныг илүү сайн ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг дараах тайлбарыг чанга уншихад урь.
Мосегийн бичигдсэн хуулинд тахилч, леви хүн ариун сүм дотор, багшийн хувьд мөн Бурханы хуулиудыг дуулгавартай дагадаг үлгэр жишээ хүмүүсийн хувьд Бурханд болон хөршдөө үйлчлэхээр томилогдсон байсан. Эдгээр санваартан “хөршөө өөрийн адил хайрла” (Леви 19:18) хэмээх зарлигийг төгс мэддэг байсан юм. Үнэндээ леви хүмүүс ялангуяа гадаадынханд санхүүгээр болон бусад арга замаар туслах үүрэгтэй байсан (Левит 25:35–36-г үзнэ үү). Тэдэнтэй харьцуулахад, “Самаричуудын зарим нь израиль зарим нь харийнхан байв. Тэд иудейчүүдийн болон үнэн Бурханыг мэддэггүй холимог шашны итгэл бишрэл хийгээд зан үйлтэй байв. …Самаричууд израильчуудын шашнаас урвасан учраас самаричуудын эсрэг иудейчүүдийн хөгжүүлсэн үзэн ядалтыг харуулдаг” (Судруудын удирдамж, “Самаричууд,” scriptures.lds.org). Иудейчүүд болон самаричууд нэг нэгнээсээ хол байхын тулд асар их хичээл зүтгэл гаргадаг байв.
-
Сургаалт зүйрлэл дэх тахилч, леви ба самари хүний үйлдэл хэрхэн гайхширам байсан бэ?
-
Иудей хүнд туслахгүй байх ямар шалтгаан самари хүнд байж болох байсан бэ?
-
33-р шүлэгт цэдэглэснээр, шархадсан хүнийг хараад туслахад самари хүнд юу нөлөөлсөн бэ?
Өрөвдөх гэдэг нь өөр бусад хүний хэрэгцээ, сорилт бэрхшээлийг анзаарч, туслахын тулд чадах бүхнээ хийхийг хүсэх гэсэн утгатай.
Нэг суралцагчийг Лук 10:36–37-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч хуульчид дараа нь юу заасныг олж мэдэхийг хүс.
-
Энэ сургаалт зүйрлэл 29-р шүлэгт буй “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” хэмээх асуултад хэрхэн хариулж байна вэ?
Аврагч энэ сургаалт зүйрлэлд самари хүнийг ашигласнаараа хөрш гэдэг нь зүгээр нэг бидний ойролцоо амьдардаг хэн нэгнийг биш, харин хайрлахад хамгийн хэцүү байдаг хүмүүсийг оролцуулаад Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдийг хэлдэг гэдгийг харуулсан гэдгийг ойлгоход суралцагчдад тусал.
Нэг суралцагчаас ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс.
“Бид найзуудаа өөрсдөө сонгодог ч Бурхан бидний хөрш хэн байхыг сонгодог. Хөрш нь газар бүрд байдаг. Хайрлахад ямар нэгэн хил хязгаар байх ёсгүй. … Христ ‘Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу?’ хэмээн хэлсэн байдаг. (Матай 5:46)” (“The Lord’s Touchstone,” Ensign, 1986 оны 11-р сар, 35).
-
Лук 10:37-д цэдэглэснээр, Аврагч хуульчид юу хий гэж заасан бэ?
Суралцагчдыг хайрлахад хэцүү гэж бодсон хүнийхээ талаар дахин нэг удаа бодож үзэхэд урь.
-
Бид хайрлахад хэцүү байдаг хүмүүсийг хайрлаж, өрөвдөхийн тулд юу хийж болох вэ?
-
Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн “хөршөө өөрийн адил хайрла” (Лук 10:27) хэмээх Аврагчийн зөвлөгөөг дагаж байсан үеийн тухай тунгаан бод. Үр дүн нь ямар байсан бэ?
Өнөөдрийн хичээлээр заасан үнэний тухай гэрчлэлээ хуваалц. Би …-ээр сайн самари хүний үлгэр жишээг дагах болно гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бичээд, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бичихэд урь.
Дараагийн бүлэг (Лук 10:38–17:37)
Суралцагчид дараагийн бүлгээр зөв шударга харагдахыг эрэлхийлдэг боловч дотоод сэтгэлдээ амин хувиа хичээдгийнх нь төлөө фарисайчуудыг Есүс хэрхэн дахин дахин зэмлэснийг олж мэдэх болно гэдгийг тайлбарла. Тэднээс хэрхэн фарисайчуудтай аль болох адилгүй байж, Христийн даруу дагалдагчидтай аль болох адилхан байх тухай бодож үзэхийг хүс. Тэд мөн үрэлгэн хүүгийн сургаалт зүйрлэл зэрэг Есүсийг хэлсэн хэд хэдэн бусад сургаалт зүйрлэлийг судлах болно. Эд хөрөнгөтэй болоход амьдралаа зориулж, ядуусыг үл тоомсорлосон баян хүнд юу тохиолдсоныг анзаарахыг тэднээс хүс.