40-р хичээл
Марк 9:30–50
Оршил
Есүс шавь нартаа удахгүй тохиох ёстой Өөрийн үхэл, Амилалтын талаар хэлээд, Бурханы хаант улсад хэн хамгийн агуу нь байх тухай заажээ. Тэрээр бусдыг нүгэл рүү удирдахын үр дагаврын тухай сэрэмжлүүлж, шавь нартаа нүгэл рүү хөтлөх нөлөөллөөс өөрсдийгөө хэрхэн тусгаарлахыг зааварлажээ.
Заах зөвлөмж
Марк 9:30–37
Есүс Өөрийн үхэл, Амилалтын талаар зөгнөн хэлээд, Бурханы хаант улсад хэн хамгийн агуу нь байх тухай заав
Ангид суралцагчдын мэдэж болох хурц үнэртэй ямар нэгэн зүйл авчир (зүссэн шинэхэн жүрж, сонгино эсвэл шинэ талх гэх мэт). Хичээл эхлэхээс өмнө энэ зүйлийг анги дотор суралцагчдын нүдэнд харагдахгүй газар тавь.
Суралцагчдаас ангид орж ирэхдээ ямар нэгэн шинэхэн үнэр мэдэрсэн эсэхийг асуу.
-
Энэ үнэрийг таних үед энэ нь та нарт юуны тухай бодоход эсвэл юуг үйлдэхэд нөлөөлсөн бэ?
Хурц үнэр бидэнд хэрхэн нөлөөлдөгтэй адил бид бусдын бодол санаа, зан авирт нөлөөлж чадна гэдгийг онцлон хэл. Суралцагчдыг Аврагчийг дагах бусдын хичээл зүтгэлд үзүүлж буй нөлөөгөө эсвэл бусдын өөрсдөд нь үзүүлж буй нөлөөний талаар бодож үзэхэд туслах үнэнийг Марк 9:30–50 дээрээс олж мэдэхэд урь.
Аврагч залуу эрэгтэйгээс бузар сүнсийг зайлуулсныхаа дараа (Марк 9:17–29-ийг үзнэ үү) шавь нартайгаа хамт Галилаар аялсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Марк 9:31–32-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагчийн бошиглосон үйл явдлуудыг олж мэдэхийг хүс.
-
Аврагч ямар ямар үйл явдлын тухай бошиглосон бэ?
Есүс Капернаумд ирээд, шавь нартаа хэн Бурханы хаант улсад хамгийн агуу нь байх тухай заасан гэдгийг тайлбарлан, Марк 9:33–37-г нэгтгэн дүгнэ. Тэрээр мөн хүүхдүүд шиг өөрсдийгөө даруусгаж, Өөрийг нь хүлээн авдаг хүмүүсийг Сүмд хүлээн авахыг тэдэнд зааварлажээ (Иосеф Смитийн Орчуулга, Марк 9:34–35 [Марк 9:37, зүүлт тайлбар a]-ыг үзнэ үү). (Тэмдэглэл: Эдгээр сургаалыг Марк 10-ын хичээл дээр илүү дэлгэрэнгүй ярилцах болно.)
Марк 9:38–50
Есүс бусдыг нүгэл үйлдэхэд нөлөөлөхийн эсрэг мөн хилэнцэт нөлөөллөөс өөрсдийгөө тусгаарлахгүй байхын эсрэг сэрэмжлүүлэв
Нэг суралцагчийг Марк 9:38-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, төлөөлөгч Иоханы Аврагчид хэлсэн нөхцөл байдлыг олж мэдэхийг хүс.
-
Иохан Аврагчид юу гэж хэлсэн бэ?
Төлөөлөгчид энэ эрэгтэйг Арванхоёр төлөөлөгчтэй хамт явдаг хүмүүсийн нэг биш учир чөтгөрүүдийг зайлуулахыг нь хориглосон гэдгийг тайлбарла. Гэвч Аврагч тэдэнд (тэрээр эрх мэдэлтэй зөв шударга эрэгтэй байсныг дурдаад), түүнийг хориглохгүй бай хэмээн хэлж мөн Өөрийнх нь төлөөлөгчдөд тусалдаг хүмүүс шагнагдах болно хэмээн заажээ (Марк 9:39–41-ийг үзнэ үү).
Нэг суралцагчийг Марк 9:42-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагчийн сэрэмжлүүлгийг олж мэдэхийг хүс. Энэ хам сэдэвт бүдрүүлэх гэдэг нь бусдыг бүдэрч, замаа алдахад эсвэл нүгэл үйлдэж, итгэлээ орхиход нөлөөлөх гэсэн утгатай гэдгийг тайлбарла.
-
Аврагч ямар хүмүүст нүгэл үйлдэхэд нөлөөлөхгүй байхыг сэрэмжлүүлсэн бэ? (Та “[Есүст] итгэдэг ийм балчир хүмүүс” дунд дөнгөж итгэж эхэлж байгаа өсвөр үеийнхэн, шинэ хөрвөгчид мөн Түүний ямар ч насны даруу итгэлтэй шавь нар багтдаг гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болно.)
-
Есүс шавь нартаа нүгэл үйлдэхэд нөлөөлөхийн эсрэг ямар сэрэмжлүүлэг өгсөн бэ? (Тэрээр бусдыг нүгэл үйлдэхэд нөлөөлснөөр ирэх гүн тарчлалыг амсаж, Бурханаас тусгаарлагдсанаас үхсэн нь дээр гэсэн санааг илэрхийлжээ.)
-
Бид 42-р шүлгэн дэх Аврагчийн сэрэмжлүүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христэд итгэдэг хүмүүст нүгэл үйлдэхэд нь нөлөөлбөл Бурханы өмнө хариуцлага хүлээх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Хэн нэгэн Есүс Христэд итгэдэг хүмүүст нүгэл үйлдэхэд ямар ямар арга замаар нөлөөлж болох вэ?
Суралцагчдад ангид үнэртэж байсан хурц үнэрийн талаар мөн бид энэ үнэртэй адил бусдад эергээр эсвэл сөргөөр нөлөөлж чадна гэдгийг сануул. Суралцагчдаас Есүс Христэд итгэдэг хүмүүст үзүүлдэг өөрсдийн нөлөөний талаар тунгаан бодохыг хүс.
Суралцагчдыг Аврагчийн заасан өөр нэг зарчмыг тодорхойлоход бэлтгэхийн тулд үдээстэй гутал өмссөн нэг суралцагчаас самбарын өмнө сайн дураараа гарч ирэхийг хүс. Уг суралцагчид нэг гутлынхаа үдээсийг зөвхөн өрөөсөн гараараа тайлж, үдэхийг зааварла. Суралцагчийг үүнийг хийхийг хичээж байх хооронд ангийнхнаас асуу:
-
Хэрэв та нар нэг гараа алдвал ямар асуудал бэрхшээлтэй тулгарах вэ?
-
Гараа алдана гэвэл юуны төлөө алдвал зохих вэ?
Биеийн аль нэг хэсгийг анхааралтай тайрч авахыг тайрах мэс засал гэж нэрлэдэг ба хэрэв биеийн аль нэг хэсэг ноцтой гэмтэж, халдвар авч эсвэл өвчилсөн бол эмчлэх мэс засал хийдэг юм. Тайрах мэс засал ба эдгэрэх явц нь маш их өвдөлттэй, хэцүү ярвигтай байх боловч энэ нь биеийн бусад хэсгээр үрэвсэл тархаж, илүү их хор хөнөөл учрахаас, цаашлаад үхэлд хүргэхээс сэргийлдэг.
Нэг суралцагчийг Марк 9:43-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагч хоёр гартай байхаас өрөөсөн гартай байх нь дээр хэмээн хэлэхдээ юуны тухай заасныг олж мэдэхийг хүс.
-
Ямар үед хоёр гартай байхаас өрөөсөн гартай байх нь дээр вэ?
-
Бид энэ сургаалыг биднийг “бүдрүүлсэн” эсвэл нүгэл үйлдэхэд нөлөөлсөн гарыг тайрч авах ёстой гэдэг шууд утгаар нь ойлгох хэрэгтэй гэж та нар бодож байна уу? (Аврагч хүмүүсийг гараа тайрах ёстой хэмээн хэлээгүй гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно. Харин Тэрээр зааж буй зүйлийнхээ ач холбогдлыг онцлохын тулд зүйрлэл ашигласан юм.
Нэг суралцагчийг самбар дээр хүний дүрс зурахад урь. Суралцагчийг зурах хооронд Марк 9:43–48-ын Иосеф Смитийн Орчуулга нь энэ хэсэг дэх Аврагчийн сургаалуудын тухай бидний ойлголтыг нэмэгдүүлэх болно гэдгийг тайлбарла. Бид эдгээр шүлгээс, Аврагч нүгэл үйлдэхэд хөтөлдөг бидний амьдралд байдаг нөлөөнүүдийг бэлгэдэхийн тулд гар, хөл, нүдийг ашигласан гэдгийг мэдэж авдаг. Самбар дээр зурж буй суралцагчид зурсан дүрснийхээ гар, хөл, нүдийг дугуйлахыг зааварла. Дараа нь уг суралцагчийг суудалдаа суухад урь.
Цөөн суралцагчийг Иосеф Смитийн Орчуулга, Марк 9:40–48-ыг ээлжлэн чанга уншихад урь (Судруудын удирдамж). Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагч хэн нэгэнд “гэм бурууг үйлдсэн” эсвэл нүгэл үйлдэхэд хөтөлсөн гар, хөл, нүдийг юутай адилтгасныг олж мэдэхийг хүс. Та Иосеф Смитийн Орчуулга, Марк 9:40–41, 43 дээрх амьдрал гэдэг үг нь мөнх амьдралыг хэлж байгааг тайлбарлах хэрэгтэй байж болно.
-
Энэ орчуулгад өгүүлснээр, гэм бурууг үйлдсэн гар, хөл, нүд юуг төлөөлж байна вэ? (Гар нь бидний гэр бүлийн гишүүн, найз нөхдийг төлөөлж байгаа ба хөл нь бодож, үйлдэх ёстой жишээ болгон хардаг хүмүүсийг маань, харин нүд нь бидний удирдагчдыг төлөөлдөг.)
Суралцагчийн самбар дээр зурсан зурган дээр эдгээр хэсгийн тайлбарыг бич.
-
Аврагч нүгэл үйлдэхэд хөтөлдөг зөв шударга бус нөлөө нөлөөллийг яах ёстой гэж бидэнд заасан бэ?
-
Өөрсдийгөө зөв шударга бус нөлөөнөөс тусгаарлах нь ямар арга замаар гар, хөлөө тайрахтай адил байж болох вэ?
-
Хэрэв бид өөрсдийгөө зөв шударга бус нөлөөнөөс тусгаарлахгүй бол юу тохиолдож болох вэ? Яагаад?
-
Бид эдгээр шүлгэн дэх Аврагчийн сургаалуудаас ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бурханаас тусгаарлагдсанаас зөв шударга бус нөлөөллүүдээс өөрсдийгөө тусгаарласан нь дээр гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглаад, энэ үнэнийг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг Далын ахлагч Волтэр Ф.Гонзалезийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Өөрсдийгөө тусгаарлах ёстой бусад нөлөөллийг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
“Тйимээс тайрч хаях гэдэг нь зөвхөн найз нөхдийг биш харин зохисгүй телевизийн нэвтрүүлэг, интернэт сайт, кино, ном зохиол, тоглоом, хөгжим зэрэг бүхий л муу нөлөөг хамааруулдаг. Энэ зарчмыг зүрх сэтгэлдээ сийлэх нь муу нөлөөнд автагдах ямар ч уруу таталтыг эсэргүүцэхэд бидэнд туслах болно” (“Today Is the Time,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 55).
-
Бид өөрсдийгөө зөв шударга бус нөлөөллүүдээс тусгаарласнаар ямар ямар сорилттой тулгарч болох вэ?
-
Бид зөв шударга бус нөлөөллүүдээс өөрсдийгөө тусгаарлах тохиромжтой арга замыг хэрхэн мэдэх вэ?
Зөв шударга бус нөлөөллүүдээс өөрсдийгөө тусгаарлах гэдэг нь бусадтай бүдүүлэг харьцаж, бусдыг буруутгаж эсвэл Сүмийн итгэлтэй гишүүн биш хүмүүстэй харилцахаас зайлсхийх гэсэн үг биш гэдгийг тайлбарла. Харин биднийг нүгэл үйлдэхэд хүргэх хүмүүсээс хол байж, тэдэнтэй дотно харилцаатай байхаас бид зайлсхийх хэрэгтэй. Бид нүгэл үйлдэхэд хүргэх бүх нөлөөг зайлуулж, тэдгээрээс зайлсхийж чадахгүй байж болох ч аль болох бүх хилэнцэт нөлөөллөөс өөрсдийгөө тусгаарлахыг хичээж, бүрэн зайлуулж чадахгүй нөлөөллүүдээс ч хүртэл зайлсхийхийн тулд хувийн сахилга баттай байхыг хичээх үед Их Эзэн биднийг адислах болно.
Суралцагчдад энэ үнэнийг илүү сайн ойлгоход туслахын тулд хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Суралцагч бүрд дараах жишээнүүдийн нэгийг чанга уншаад, холбогдох асуултуудыг ангийнханд тавихыг зааварла. Ангийнхныг Марк 9:43–48 дээрээс олж тогтоосон үнэн дээрээ тулгуурлан асуултуудад хариулахад урь.
1-р жишээ. Бурханы зарлигуудыг зөрчих үйл ажиллагаанд намайг байнга уруу татдаг найзууд надад бий. Гэхдээ, хэрэв би тэдэнтэй үргэлжлүүлэн найзалбал тэдэнд сайнаар нөлөөлж чадна гэж бодож байна.
-
Хэрэв би тэднээс өөрийгөө тусгаарлавал тэр найзууддаа сайнаар нөлөөлж чадах чадвараа алдахгүй гэж үү? Би тэдэнтэй ямар харилцаатай байх ёстой вэ?
-
Би эдгээр найзаасаа өөрийгөө тохиромжтой арга замаар тусгаарлахын тулд юу хэлж мөн хийх хэрэгтэй вэ?
2-р жишээ. Би нэгэн алдартай хамтлагийг хэдэн жил шүтэж байна. Сүүлийн үед тэд зарим хөгжим, ярилцлагандаа Их Эзэний жишиг, сургаалын эсрэг зан авир, санаа бодлыг дэмжсэн байдаг.
-
Энэ зүгээр л нэг хөгжим, үг биз дээ? Тэдний хөгжмийг үргэлжлүүлэн сонсох, тэднийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр дагах нь ямар аюултай гэж?
Сайн дураараа тусалсан суралцагчдад талархлаа илэрхийлээд, суудалдаа суухад урь. Ангийнхнаас асуу:
-
Заримдаа нүгэл үйлдэхэд хүргэх нөлөөллүүдээс өөрсдийгөө тусгаарлах нь хэцүү байдаг ч бид энэ золиослолыг хийснээрээ юу олж авах вэ? (Маш олон адислал ба мөнх амьдралыг олж авна.) Яагаад энэхүү шагнал ямар нэг золиослолын үнэ цэнтэй байна вэ?
-
Хэзээ та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн зөв шударга бус нөлөөллүүдээс өөрсдийгөө тусгаарлахыг сонгож байсан бэ? (Суралцагчдад хэт хувийн чанартай туршлагаа хуваалцахгүй байхыг сануул.) Энэхүү нөлөөллөөс өөрсдийгөө тусгаарлахад юу нь хэцүү байсан бэ? Үүнийг хийснээр яаж адислагдсан бэ?
Суралцагчдаас өөрсдийг нь нүгэл үйлдэхэд хөтөлж байж болох ямар нэгэн нөлөө амьдралд нь байгаа эсэхийг тунгаан бодохыг хүс. Тэднийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ өөрсдийгөө хэрхэн эдгээр нөлөөллөөс тусгаарлах тухай бичихэд урь.
Аврагч шавь нартаа бие биетэйгээ эвтэй байхыг зааварласан гэдгийг тайлбарлан, Марк 9:49–50-ийг нэгтгэн дүгнэ.
Суралцагчдыг хичээлийн үеэр хүлээн авсан өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмжсэнээр хичээлээ дуусга.