Номын сан
81-р хичээл: Үйлс 1:1–8


81-р хичээл

Үйлс 1:1–8

Оршил

Есүс Христ амилсныхаа дараа төлөөлөгчдөдөө 40 хоног тохинуулав. Тэрээр тэднийг дэлхий даяар Өөрийнхөө гэрч байхад бэлтгэсэн.

Заах зөвлөмж

Үйлс 1:1–8

Есүс шавь нартаа 40 хоногийн турш тохинуулав

Өөр сүсэг бишрэлтэй нэг найз нь манай Сүмийн тухай илүү ихийг мэдэхийг хүсэж, “Танай сүмийг хэн удирддаг вэ?” гэж асуусан хэмээн төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.

Суралцагчдаас энэ асуултад хэрхэн хариулахаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс.

Сүмийг хэн удирддаг тухай асуултад хариулахад тусалж чадах үнэнийг Үйлс 1:1–8-ыг судалж байхдаа олж мэдэхэд суралцагчдыг урь.

Суралцагчдыг Үйлс номыг дэлгээд, энэ номын бүтэн нэрийг олж тогтооход урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

  • Бүтэн нэрэн дээр нь үндэслэвэл, энэ номоос бид юуны тухай мэдэж авч чадна гэж та нар бодож байна вэ?

Үйлс ном Шинэ Гэрээнд маш чухал шилжилтийг тэмдэглэдэг гэдгийг тайлбарла. Матай, Марк, Лук, Иоханы номнууд Аврагчийн Цагаатгал, Амилалт зэрэг Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллын түүхийг өгүүлдэг. Харин Үйлсийн ном Аврагчийн тэнгэрт дээш одсоны дараах төлөөлөгчдийн үйлчлэлийг хүүрнэдэг.

Нэг суралцагчийг Үйлс 1:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, энэ номыг хэнд зориулан бичсэнийг олж мэдэхийг хүс.

  • Үйлсийн номыг хэнд зориулан бичсэн бэ?

Үйлсийн номын бичигч нь Лук бөгөөд 1-р шүлэгт буй “эхнийхээ номд” гэдэг нь мөн л Теофилд хандан бичсэн Лукийн номыг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Лукийн үүнийг бичсэн зорилго нь Теофилд Есүс Христийн тухай гэрчлэлтэй болоход туслах явдал байжээ (Лук 1:1–4-ийг үзнэ үү).

Нэг суралцагчийг Үйлс 1:2–4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христ амилсныхаа дараа төлөөлөгчдөдөө хэр удаан Өөрийн биеэр тохинуулсныг олж мэдэхийг хүс. (Та 3-р шүлэгт буй “зовлон эдэлсэн” гэдэг нь Аврагчийн цагаатгагч золиослолыг, “маргашгүй олон нотолгоо” гэдэг нь Есүс амилснаа батлах эргэлзээгүй нотлох баримтыг Өөрөө гаргаж өгснийг илэрхийлж байгаа гэдгийг тайлбарлахыг хүсэж болно.)

  • Есүс Христ амилсныхаа дараа төлөөлөгчидтэйгөө хэр удаан хамт байсан бэ?

  • Эдгээр 40 хоногийн турш Есүс тэдэнд юу заасан бэ? (Бурханы хаант улсын талаарх зүйлсийг)

Самбар дээр байшингийн энгийн зураасан зургийг зурж эхэл. (Эсвэл та дөрвөлжин хэлбэртэй тоглоомын хэсгүүдээр юм уу баримлын шавраар байшингийн жижиг загварыг барь.)

Зураг
зураасан зураг, байшингийн урд болон хажуу тал

Та талд нь хүртэл зурсныхаа дараа, нэг суралцагчийг самбарт гарч ирээд зургийг өөрийнхөө өмнөөс дуусгахад урь. Суралцагчид байшинг хэрхэн дуусгах талаар маш тодорхой заавар өг. Та түүнээс дээвэр, хэд хэдэн цонх болон гадна талд нь мод, зүлэг нэмж зурахыг хүсэж болно. Богино хугацаанд хамт ажилласныхаа дараа ангийн нөгөө талд гарч, уг суралцагчид үргэлжлүүлэн зааварла. Байшин дуусахад суралцагчид талархаад, суухыг хүс.

Суралцагчдаас байшингийн зургийг Есүс Христийн Сүмийг буюу газар дээрх Бурханы хаант улсыг төлөөлж байна хэмээн төсөөлөхийг хүс.

  • Энэ байшинг зурах аргачлал нь Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа дараа болон амилсныхаа дараа Сүмээ хэрхэн зохион байгуулсныг хэрхэн үзүүлж байж болох вэ? (Мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Аврагч Сүмээ зохион байгуулж эхэлсэн. Тэрээр үүнийг зохион байгуулахад туслуулахаар бусдыг дуудаж, хэдийгээр амилсныхаа дараа тэдэнтэй биеэрээ хамт байгаагүй ч хичээл зүтгэлийг нь удирдаж байлаа.)

  • 2-р шүлэгт өгүүлснээр, Есүс Христ Сүмээ хэрхэн удирддаг вэ? (Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглан Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн хүслийг төлөөлөгчдөдөө илэрхийлснээр Сүмээ удирддаг гэсэн үнэнийг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг уншихыг хүс.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“[Үйлсийн номын] нэгдүгээр шүлгээс Сүм мөнх бус тэднээр бус, харин бурханлагаар удирдагдсаар байх болно гэдгийг тунхагладаг. … Үнэхээр, Үйлс номын бүтэн нэр нь ‘Өөрийн томилсон төлөөлөгчдийн амьдрал, тохинуулалд Ариун Сүнсээр дамжуулан ажиллаж байгаа Амилсан Христийн Үйлс’ гэсэн бол илүү зохистой байх юм. …

Сүмийн чиг бодлого ч мөн хэвээр байна. Аврагчийн байгаа газар солигдсон ч Сүмийн чиг бодлого, удирдлага хэвээр байгаа” (“Therefore, What?” [Church Educational System conference on the New Testament, 2000 оны 8-р сарын 8], 6, si.lds.org).

  • Есүс Христ өнөөдөр Сүмээ илэрхийлэлтээр үргэлжлүүлэн удирдсаар байгааг мэдэх нь яагаад чухал вэ?

Есүс Христ Сүмээ өнөөдөр илэрхийлэлтээр дамжуулан удирддаг гэсэн гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн туршлагаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Цөөн суралцагчийг туршлагаа хуваалцахад урь. Та мөн хувийн туршлагаасаа хуваалцаж болно.

Цөөн суралцагчаас Үйлс 1:4–8-ыг ээлжлэн чанга уншихыг хүс. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, Есүс төлөөлөгчдөд юу хий хэмээн тушаасныг олж мэдэхийг хүс.

  • 4-р шүлэгт өгүүлснээр, Есүс төлөөлөгчдийг юу хий хэмээн тушаасан бэ?

  • 5-р шүлэгт өгүүлснээр, төлөөлөгчид Иерусалимд үлдвэл юуг хүлээн авна гэж Аврагч амласан бэ?

  • 8-р шүлэгт өгүүлснээр, Ариун Сүнс төлөөлөгчдөд юу хийх хүчийг өгөх байсан бэ?

  • Бид 8-р шүлэгт Аврагчийн заасан зүйлээс төлөөлөгчдийн тухай юу мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Төлөөлөгчид Есүс Христийн гэрчүүд бөгөөд дэлхий даяар Түүний тухай гэрчилдэг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Суралцагчдад энэхүү үнэнийг ойлгоход туслахын тулд ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс.

Зураг
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бидний үед Их Эзэн 15 онцгой гэрчийг бүх дэлхийн өмнө Өөрийн тэнгэрлэг байдлыг гэрчлүүлэхээр дуудсан билээ. Тэдний дуудлага бол ер бусын дуудлага юм. Тэд бол Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчид бөгөөд Түүгээр сонгогдож, эрх мэдэл хүлээн авсан. Тэд даалгасан ариун төлөөлөгчийн албаны хүч, эрх мэдлээр Түүний амьд байгааг гэрчлэхээр зарлиглуулсан (“Special Witnesses of Christ,” Ensign, 2001 оны 4-р сар, 4).

Өнөө үеийн төлөөлөгчид Есүс Христ бол … гэж гэрчилдэг гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич.

Зураг
Амьд Христ

Боломжтой бол “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл-ийн (Ensign, 2000 оны 4-р сар, 2) хувийг ангийн суралцагч бүрд өг. Та мөн нэг хувийг аваад, жижиг хэсгүүдэд хувааж хайчлан, суралцагчдад уг жижиг хэсгүүдийг тараан өгч болно. Суралцагчдаас баримт юм уу хэсгийг дотроо чимээгүй уншаад, самбар дээрх мэдэгдлийг хэрхэн дуусгахаа олж мэдэхийг хүс. Суралцагчдыг уншиж дууссаны дараа нэг суралцагчаас самбар дээр бичих бичээч болохыг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урин, самбарт гарч ирсэн суралцагчаас тэдний хариултыг самбарт жагсаан бичихийг хүс.

  • Эдгээр тунхгийн аль нь та нарын хувьд чухал вэ?

  • Орчин цагийн төлөөлөгчдийн гэрч та нарын Есүс Христийн талаарх гэрч, гэрчлэлд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэдийгээр Үйлс 1:8 Аврагчийн онцгой гэрчүүд болох төлөөлөгчдийн үүргийг онцгойлон илэрхийлдэг ч энэ нь бидэнд Есүс Христийн дэлхий даяарх гэрч байхад юу туслахыг заадаг гэдгийг тайлбарла.

  • Үйлс 1:8 дээрх Их Эзэний төлөөлөгчдөд өгсөн амлалтад үндэслэвэл, юу биднийг Есүс Христийн гэрч байхыг боломжтой болгодог вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Ариун Сүнсний хүчээр дамжуулан Есүс Христийн гэрч болж чадна гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Ариун Сүнс биднийг Аврагчийн гэрч болоход ямар ямар арга замаар тусалдаг вэ?

Бусдыг Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж байхад Ариун Сүнс мэдэрсэн туршлагаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Хэсэг хугацаа өгсний дараа суралцагчдыг туршлагаасаа хуваалцахад урь. Хэт нандин, хувийн шинжтэй туршлагаасаа хуваалцах хэрэггүйг суралцагчдад сануул.

  • Есүс Христийн тухай бусдад гэрчлэхэд Ариун Сүнс өөрсдөд тань тусалж байхыг та нар хэзээ мэдэрсэн бэ?

Суралцагчдыг бусадтай гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийлж, тэдний гэрчилсэн зүйлийн үнэнийг Ариун Сүнс баттай болгоно гэдэгт найдахад урамшуул.

Үйлс–Илчлэлт

Шинэ Гэрээний хоёр дахь хэсгийн тойм

Үйлс 1:8 нь зөвхөн үнэнийг заагаад зогсохгүй мөн Шинэ Гэрээний сүүлийн хагасын тоймыг өгдөг гэдгийг тайлбарла.

  • Үйлс 1:8-д цэдэглэснээр, Аврагч шавь нараа Өөрийнх нь тухай хаана гэрчилнэ гэж бошиглосон бэ?

Үйлс 1–5 = Иерусалим; Үйлс 6–9 = Иудей болон Самари; Үйлс 10–28 = энэ дэлхийн хязгаар гэж самбар дээр бич (Bible Dictionary, “Acts of the Apostles”-ыг үзнэ үү).

Шавь нар нь зааварласны дагуу Есүс Христийн тухай гэрчилж эхэлсэн гэдгийг тайлбарла. Шавь нар эхлээд Иерусалимд, дараа нь Иудейд болон Самарид, тэгээд дэлхийн хязгаар хүртэл номложээ.

Суралцагчдаас Библийн гарчгийг нээхийг хүс. Суралцагчдыг Үйлс номын дараа байдаг Шинэ Гэрээний номнуудыг олж харахад урь. Ромоос Еврей хүртэлх номнууд төлөөлөгч Паулын бичсэн захидлууд (захианууд) гэдгийг тайлбарла. Суралцагчид Үйлс 9, 13–28-аас судалж байхдаа Паулын хөрвөлт, тохинууллын талаар мэдэж авах болно.

Суралцагчдаас 1 Тесалоникийг олохыг хүс. Тесалоникчууд бол Тесалоникт амьдарч байсан хүмүүс гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Библийн газрын зураг 13-аас “Төлөөлөгч Паулын номлолын аяллууд”-ыг дэлгэж, газрын зургаас Тесалоникийг олохыг хүс. Шинэ Гэрээн дэх ихэнх захидлыг өөр өөр хотын Сүмийн гишүүдийн онцгой хэрэгцээнд зориулан бичсэн болохыг тайлбарла. Та мөн эдгээр захидал Шинэ Гэрээнд цаг хугацааны дэс дарааллаар ороогүй гэдгийг тайлбарлаж болно. 1 Тесалоник номыг Паулын бичсэн анхны захидал гэж үздэг.

Суралцагчдыг гарчгийг дахин нээгээд, гэгээнтнүүдийн цуглаанд захидал болгон бичсэн зарим номыг тодорхойлохыг хүс.

Паул гэгээнтнүүдийн цуглаанд бичихээсээ гадна Тимот, Тит, Филемон зэрэг хувь хүмүүст хандан бичсэн гэдгийг тайлбарла.

Суралцагчдаас Еврей номын дараа ямар ямар ном байгааг гарчигнаас олж харахыг хүс.

Паулаас гадна бусад төлөөлөгч болон Сүмийн удирдагчид Сүмийн гишүүдэд хандан бичсэн гэдгийг мөн тайлбарла. Бидэнд одоо эдгээр захидлын зарим нь буюу Иаковын номоос Иудагийн ном хүртэлх номнууд бий. Илчлэлтийн ном нь төлөөлөгч Иоханы үзэгдлийг бичсэн байдаг.

Суралцагчдыг Шинэ Гэрээний хоёр дахь хагасыг өөрсдөө үргэлжлүүлэн уншихад урь. Шинэ Гэрээний төлөөлөгчдийн сургаалыг судлах явцад гэгээрч, илүү агуу ойлголт хүлээн авахад Ариун Сүнсээр туслуулж болохын тулд судалж байхдаа залбирч байхыг тэдэнд урамшуул.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Төлөөлөгчдийн үйлс. Тойм

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Үйлсийн номын тухай дараах зүйлийг хэлжээ.

“Үйлс үнэн Сүм дэх Ариун Сүнсний үйл ажиллагааг үзүүлдэг.

Энэ нь хаан Есүс энэ дэлхийд Өөрийн биеэр оршин суугаагүй үед Сүм болон Бурханы хаант улс дэлхий дээр хэрхэн ажиллаж байгааг өгүүлснээрээ Библийн номнуудаас нэгдүгээрт ордог. …

Сүнслэг бэлгүүд нь төлөөлөгч, итгэгчдийн бүхэл бүтэн цуглаанаар эзэмшигдэх хүртэл хэрхэн үржсэнийг Үйлс хэлдэг. …

… Үйлс сүмийн зохион байгуулалттай холбоотой баримт, номлогчийн аяллууд мөн шашингүй дэлхийн үнэний ерөнхий тархалтыг тоочдог. Энд зүрх сэтгэлээ Христэд төвлөрүүлж, дэлхийг ялахыг хичээж байсан хүмүүсийн дээр овоорсон хавчлага, чулуугаар шидүүлэх, зовлон бэрхшээл, хууран мэхлэлтийн тухай өгүүлдэг. …

Гэвч Үйлс нь сүнслэг эрхэм дээдийн номнуудаас ч илүү юм. Энэ нь бас зөв шударга эрчүүдийн түүх, сул тал, хэрүүл маргаан, атаа жөтөө, уналт, ололт амжилтыг өгүүлдэг.

Тухайн үеийн гэгээнтнүүд төгс байгаагүй. Паул Силастай маргалдаж, Петрийн дутагдлыг анхааруулан, Маркийг номлогчийн хамтрагч байлгахаас татгалзсан. …

Үүнээс үзэхэд Үйлс нь сул дорой мөнх бусчуудад зориулсан ном юм. Энэ нь хэдийгээр тэд төгс бус, атаач, зөрүүд байсан ч тэдний өгсөж чадах сүнслэг оргилыг үзүүлдэг. …

Үйлс нь үнэн сүмд Ариун Сүнс хэрхэн ажилладгийг тэмдэглэдэг бөгөөд Бурхан дэлхий дээрх хаант улсаа хэрхэн удирддагийг өгүүлдэг ном юм” (Doctrinal New Testament Commentary, 3 боть. [1965–1973], 2:19–20).

Үйлс 1:2. Есүс Христ Өөрийн сүмийг удирддаг

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Их Эзэн Өөрийн сүмийг буюу Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг удирддаг гэдгийг гэрчлэхдээ:

“Есүс Христ Өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн энэ сүмийн тэргүүнд байдаг гэдгийг бүх хүн ойлгоосой. Тэр сүмээ харж ханддаг. Тэрээр үүнийг удирддаг билээ. Есүс Эцгийнхээ баруун гар талд зогсоод, энэ ажлыг удирддаг юм” гэжээ (“God Is at the Helm,” Ensign, 1994 оны 5-р сар, 59).

Үйлc 1:4–8. Ариун Сүнсний амлалтыг хүлээх нь

Үйлс 1:4–8 дээр цэдэглэсэн Их Эзэний төлөөлөгчдөдөө өгсөн Ариун Сүнсний амлалт нь Иохан 20:22-т Есүсийн “[төлөөлөгчид] уруу үлээн, Ариун Сүнсийг хүлээн авагтун“ гэж хэлсэн үгстэй андуурагдаж байж болно. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки “Есүс ‘тэдэн уруу үлээн,’ гэдэг нь ‘… Ариун Сүнсийг хүлээн авагтун’ хэмээх тушаалыг хэлж байхдаа тэдэн дээр гараа тавьсан гэсэн үг байж болно” гэж тайлбарлажээ (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 1:857).

Ахлагч Макконки төлөөлөгчдөд тохиолдсон явдлыг Ариун Сүнсний бэлгийг өгөх болон тэр бэлгийг үнэн хэрэгтээ эзэмших хоёрын хоорондох ялгааг үзүүлэхэд ашиглажээ.

“Тийнхүү тэд Ариун Сүнсний бэлгийг хүлээн авсан ч тухайн үед үнэн хэрэгтээ эзэмшээгүй байсан. … Ариун Сүнсний бэлэг бол Бурхан Тэргүүтэний нэг гишүүнтэй байнга нөхөрлөдөг болохын тулд итгэлтэй байдал дээр үндэслэдэг эрх юм. Энэ бэлэг баптисмын дараа гар тавьснаар өгөгддөг. Энэ бэлэг холбогдох хуулиудыг бүрэн дагасан үед тодорхой адислалаар хангадаг бөгөөд бэлэг хүлээн авсан хүн бүр үнэндээ санал болгосон бэлгийг эдлэх юм уу эзэмшдэггүй. Төлөөлөгчдийн хувьд бэлгийг жинхэнээсээ эзэмших нь Пентекостын өдөр хүртэл хойшлогджээ. (Үйлс 2.)” ( Doctrinal New Testament Commentary 1:857).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс дэлхий даяар Есүс Христийн тухай гэрчлэх үүргээ биелүүлэхээсээ өмнө Ариун Сүнсний нөхөрлөлийг хүлээх ёстой шалтгааныг төлөөлөгчдөд хэрхэн хэлснийг тайлбарласан.

“Нүдээрээ харах нь хангалттай биш юм. Тэр ч бүү хэл анхны төлөөлөгчдийн гэрч, гэрчлэл Ариун Сүнсний гэрчлэлд үндэслэсэн байх ёстой байв. [Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит] Ариун Сүнсний гэрчлэл ‘тэнгэр элчийн айлчлалаас’ илүү онцгой сэтгэгдлийг бидний бодгальд үлдээдэг гэж хэлсэн. (Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, Брүс Р.Макконкигийн эвлүүлэг, Salt Lake City: Bookcraft, 1954, 1:44.) Тэгээд биднийг энэ гэрчлэлд суурилан гэрчлэхэд Ариун Сүнс бидний үгсийг сонсож байгаа хүмүүст гэрчилдэг гэдгийг Библи үзүүлсэн” (“Witnesses of Christ,” Ensign, 1990 оны 11-р сар, 30).