Номын сан
134-р хичээл: Филемон


134-р хичээл

Филемон

Оршил

Паул Филемоны Аврагчид болон Сүмийн гишүүдэд зориулсан итгэл, хайрыг сайшаан магтдаг. Паул Филемонд хандан, оргон зугтсан боол Онесимийг сайн мэдээн дэх дүүгийн ёсоор эргүүлэн авахыг зөвлөсөн.

Заах зөвлөмж

Филемон 1

Паул Филемонд хандан оргон зугтсан боол Онесимийг сайн мэдээн дэх дүүгийн ёсоор эргүүлэн авахыг зөвлөсөн.

Тойрог, салбарынхаа өсвөр үеийнхнийг дүрслэн бодохыг суралцагчдаас хүс. Бид Сүмийн гишүүдийн хувьд өөрсдөөсөө өөр хүмүүстэй харилцах боломжтой гэдгийг дурд.

  • Танай тойрог, салбарт байгаа өсвөр үеийнхэн бие биенээсээ хэрхэн өөр вэ? (Суралцагчдад нэг нэгнийхээ талаар хүндэтгэлтэй ярих хэрэгтэйг сануул.)

Сүмийн гишүүдийн хувьд бид үргэлж шинэ хүмүүстэй харилцах боломжтой гэдгийг дурд. Тойрог, салбарт нь шинээр нэгдсэн хэн нэгний тухай бодохыг суралцагчдаас хүс.

  • Хэн нэгэн Сүмд нэгдэх юм уу шинэ тойрог, салбар руу нүүвэл ямар асуудалтай тулгарах вэ? (Хэрэв аль нэг суралцагч ойрын жилүүдэд Сүмд нэгдсэн эсвэл шинэ тойрог, салбар руу нүүсэн бол тэднийг тулгарсан ямар нэгэн нийгмийн асуудлаа дүрслэн ярихад урь.)

Суралцагчдаас дараах асуултуудыг эргэцүүлэн бодохыг хүс.

  • Та өөрөөсөө өөр зан ааштай, өөр сонирхолтой, өөр нийгмийн бүлэгт харьяалагддаг Сүмийн гишүүдтэй хэрхэн харьцдаг вэ?

  • Та тойрог, салбарынхаа шинэ гишүүдтэй хэрхэн харьцдаг вэ?

Суралцагчдыг Филемонд бичсэн Паулын захидлыг судалж байхдаа тэднийг бусад Сүмийн гишүүнтэй харилцахад нь удирдах үнэнийг олж мэдэхэд урь.

Паул Сүмийн хөрвөгч, грек гаралтай Филемонд хандан бичиж байх үедээ шоронд байсныг тайлбарлан хэл. Паул захидлаа Филемон болон Филемоны гэрт уулздаг чуулган гэх мэт бусад хүнтэй мэндчилснээр эхэлсэн гэдгийг тайлбарлан Филемон 1:1–3-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчаас Филемон 1:4–7-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, яагаад Паул Филемоныг магтсаныг олж мэдэхийг хүс. Энэ нөхцөлд нөхөрлөл гэдэг үг нь оролцоо ба нөхөрлөл (6-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү) мөн “үр дүнтэй болох” гэдэг нь идэвхтэй эсвэл үр дүн нь гарах (6-р шүлэг, зүүлт тайлбар б-г үзнэ үү) гэсэн утгыг тус тус агуулдаг.

  • Паул яагаад Филемоныг магтсан бэ? (Аврагчид болон Сүмийн гишүүдэд зориулдаг Филемоны итгэл, хайраас үүдэн магтсан. Паул “ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн [байна]” [7-р шүлэг] гэсэн нь бусдын зүрх сэтгэл Филемоноор сэргээгдсэн гэдгийг илэрхийлсэн болохыг тайлбарла.)

Энэ номд Паулын бичсэн нөхцөл байдлын тухай дараах мэдээллийг чанга уншихад нэг суралцагчийг урь.

Филемонд Онесим гэдэг үйлчлэгч буюу боол байсан бөгөөд тэр Филемоноос нэг зүйл хулгайлаад, зугтан оджээ (Филемон 1:18-ыг үзнэ үү). Боолчлол нь Шинэ Гэрээний Иудео-Христийн шашны ёс заншилд хилэнцэт хэмээн үзэгддэггүй байсан бөгөөд Ромын хуулиар дэмжигддэг байв. Оргосон боолуудыг маш их зодож занчин, духан дээр нь тамгалах эсвэл бүр амь насыг нь хөнөөх зэргээр шийтгэдэг байв. Оргосныхоо дараа Онесим төлөөлөгч Паултай таардаг.

Нэг суралцагчаас Филемон 1:8–12-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Филемоныг юу хий хэмээн гуйсныг олж мэдэхийг хүс. Шаардлагатай бол 8-р шүлэгт буй тушаах гэдэг нь зарлиглан тушаах, хийвэл зохих гэдэг нь тохиромжтой буюу таарах гэсэн утгатай гэдгийг тайлбарла.

  • Паул Филемоныг юу хий хэмээн гуйсан бэ?

  • Хэрвээ та Филемоны оронд байсан бол Паулын гуйлтыг хүлээн аваад юу гэж бодох эсвэл юу мэдрэх байсан бэ?

“Би түүнийг хүлээтэй байхдаа төрүүлсэн юм” (10-р шүлэг) гэсэн хэллэгийг онцолж хэл. Төрүүлэх гэдэг үйл үгийн нэг утга нь хэн нэгэнд амьдрал хайрлах гэдгийг тайлбарлаж болно.

  • Паулыг үүгээр юу хэлэх гэж байсан гэж та нар бодож байна вэ? (Паул шоронд байхдаа Онесимийг Есүс Христийн дагалдагч болж, шинэ амьдрал эхлүүлэхэд тусалсан.)

Паул Онесимийг авч үлдээд, өөртөө туслуулахыг хүсэж байсан ч Филемоны зөвшөөрөлгүйгээр тийн үйлдэхийг хүсээгүй гэдгийг тайлбарлан, Филемон 1:13–14-ийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчаас Филемон 1:15–16-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Филемоныг шинэхэн хөрвөгдсөн Онесимтэй харилцах харилцаагаа хэрхэн авч үзэхэд урамшуулсан гэдгийг олж мэдэхийг хүс.

  • 16-р шүлэгт цэдэглэснээр, Филемон Онесимийг хэрхэн авч үзэх ёстой вэ?

  • Филемоны хувьд Онесимийг “хайрт дүү” мэтээр үзэх нь яагаад хэцүү вэ? (Боломжит хариултууд нь тэд нийгэм, эдийн засгийн өөр анги давхаргад харьяалагддаг бөгөөд тухайн үеийн ёс заншлаар Онесим Филемонд буруу зүйл хийсэн гэх мэт байж болно.)

  • Бид сайн мэдээний ачаар нэг нэгэнтэйгээ харилцах харилцааны тухай ямар үнэнийг 16-р шүлгээс мэдэж авч болох вэ? (Суралцагчдыг Бид сайн мэдээн дэх ах эгч нар юм гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтооход тусал. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Юу биднийг сайн мэдээн дэх ах, эгч нар болгож байгаа вэ?

Шаардлагатай бол, бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд (Еврей 12:9-ийг үзнэ үү) тул бид бүгд ахан дүүс гэдгийг тайлбарла. Мөн баптисмын болон гишүүний баталгааны ёслолууд, Есүс Христэд итгэх итгэл, дуулгавартай байдал, тууштай наманчлалыг тасралтгүй хөгжүүлэх юм бол бид сүнсээр дахин төрөх болно. Энэ арга замаар бид Есүс Христийн хөвгүүд, охид болдог (Мозая 5:7-г үзнэ үү) тул бид Түүний гэрээт гэр бүлийн ах, эгч нар юм. Бид нас, хүйс, боловсрол эсвэл нийгмийн байдлаасаа үл хамааран Бурханы хаант улсад эрх тэгш байх болно.

Нэг суралцагчийг ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас тэдний сая олж мэдсэн үнэн нь хэрхэн бидний бие биедээ, ялангуяа Сүмийн шинэ гишүүдэд хандах байдалд нөлөөлж чадахыг сонсохыг хүс.

Зураг
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Би Паулын Филемонд бичсэн богино захидлыг уншаад, үргэлж урам зоригтой болдог. Энэ нь бидэнд сайн мэдээний ах дүүсэг ёсны талаарх зарчим, мөн чанарыг заадаг. …

Энэхүү мөн чанар нь Сүм даяар үйлчилж, гэгээнтнүүдийн Их Эзэний маань хаант улсад өдөр тутам орох хүмүүсийг хүлээн авч, туслан, тэдний төлөө залбирахыг харах нь урамшуулал, баяр хөөрийг авчирдаг билээ. Бие биендээ үргэлжлүүлэн тусал. Тэгснээр илүү олон хүн Сүмд орно. Тэднийг халуун дотно хүлээн авч, хайрлаж, нөхөрлө.

Харамсалтай нь бидний дунд буй зарим хүн үүнийг хийлгүй, Их Эзэний баптисмаар хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг үл тоомсорлосон хэд хэдэн тохиолдол байдаг. Хэрэв Их Эзэн ‘тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй’ (Еврей 2:11) л юм бол … ах эгч нараа гараас нь хөтлөн, өөрсдийн хайр халамжийн тойрогт өргөн оруулцгаая” (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, 1975 оны 9-р сар, 4).

  • Ерөнхийлөгч Кимбаллын хэлснээр сайн мэдээн дэх ах, эгч нар бие биедээ хэрхэн хандах ёстой вэ?

Суралцагчдад Сүмийн өөрсдөөсөө өөр гишүүдэд эсвэл тойрог, салбарт нь шинээр нэгдсэн хүмүүст хэрхэн ханддаг талаараа тунгаан бодох хичээлийн эхэнд тавьсан асуултуудыг сануул.

  • Бид сайн мэдээн дэх ах, эгч нар гэдгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

  • Та нар хэзээ хэн нэгэн хүний бусдыг сайн мэдээн дэх ах, эгч нар хэмээн хандахыг харсан бэ?

Филемонд бичсэн Паулын захидалд буй бусад үнэнийг олж мэдэхэд суралцагчдаа бэлтгэхийн тулд хэн нэгэн хүн тэднийг гомдоосон эсвэл буруутгасан тохиолдлын талаар бодохыг хүс. Нэг суралцагчийг Филемон 1:17-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул Филемоныг юу хий хэмээн зөвлөснийг олж мэдэхийг хүс.

  • Паул Филемонд юу хийхийг зөвлөсөн бэ?

Паул Филемоноос өөрийг нь хүлээж авахтай яг адилаар Онесимийг хүлээж авахыг хүсэж байсныг тайлбарла. Филемон энэхүү зааварчилгааны дагуу, оргон зугтсан боолуудад оноодог хатуу ял шийтгэлийг оноохгүй байх ёстой байв.

  • Филемонд өгсөн Паулын зааварчилгаанд дүрслэн хэлсний дагуу Есүс Христийн бүх шавь өөрсдийг нь гомдоосон эсвэл буруутгасан хүмүүсийн өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ? (Суралцагчдад Есүс Христийн шавь нар бусад хүнд өршөөл нигүүлсэл үзүүлдэг гэсэн үнэнийг тогтооход тусал. Энэ үнэнийг самбар дээр бич.)

  • Бусдад өршөөл нигүүлсэл үзүүлэх нь яагаад заримдаа хэцүү байдаг вэ?

Биднийг буруутгасан хүмүүсийг өршөөж нигүүлсэх гэдэг нь тэднийг үйлдлийнхээ үр нөлөөнөөс зайлсхийхийг зөвшөөрч байгаа хэрэг биш бөгөөд энэ нь тэдэнд итгэх бидний итгэл найдварыг тэр даруй сэргээж байгаа биш юм. Харин энэ нь бид бусдад энэрэнгүй сэтгэлээ харуулж, ямар нэгэн атаа хорсол, уур хилэн, хор хөнөөлөөсөө ангижрах гэсэн утгатай. Биднийг буруутгасан хүмүүст тохиромжтой үед нь итгэлийг маань дахин олж авах боломж олгох хэрэгтэй. Бусдыг уучлах нь хэдий хэцүү ч бид тусламж гуйн, Тэнгэрлэг Эцэгт хандан залбирах хэрэгтэй бөгөөд Тэр бидэнд туслах болно.

Нэг суралцагчаас Филемон 1:18–21-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Онесимийн өмнөөс юу хийхийг санал болгосныг олж мэдэхийг хүс.

  • Паул Онесимийн өмнөөс юу хийхийг санал болгосон бэ? (Онесимийн үйлдлээс болж Филемонд учирсан санхүүгийн алдагдлыг Филемонд буцааж төлөхийг санал болгосон.)

  • Онесимийн өмнөөс Паулын гаргасан хичээл зүтгэл Аврагчийн бидний өмнөөс хийсэн үйлдлүүдтэй хэрхэн адилхан байна вэ? (Паул Онесимийг төлөөлөн оролцсон шиг Есүс Христ биднийг төлөөлөн Тэнгэрлэг Эцэгийн өмнө бидний төлөө гуйсан билээ [С ба Г 45:3–5-ыг үзнэ үү]. Есүс Христ мөн бидний төлөх ёстой нүглүүдийн маань сүнслэг төлөөсийг төлсөн.)

  • Бусдад нигүүлсэл, уучлал үзүүлэхэд Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлсийг дурсан санах нь хэрхэн сүнслэгээр нөлөөлж чадах вэ?

Суралцагчдыг гурав эсвэл дөрвөн бүлэг болгон хуваарил (эсвэл бүлэг болгон хуваарилах хэмжээний суралцагчгүй бол ангиараа энэ үйл ажиллагааг хий). Дараах зааврыг тараах материал болгон хувилж, бүлэг бүрд өг.

Зураг
Тарааж өгөх материал

Филемон 1

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—134-р хичээл

Бүлгээрээ хамтдаа дараах асуултуудыг ярилц. Тэдэнд хэт хувийн чанартай туршлагаа хуваалцахгүй байхыг сануул.

  • Та хэзээ Филемоны нэгэн адил хэн нэгнийг өршөөж нигүүлсэх хэрэгтэй байсан бэ? Та тухайн хүнийг хэрхэн өршөөж нигүүлссэн бэ? Ингэснээрээ та хэрхэн адислагдсан бэ?

  • Та хэзээ Онесимийн нэгэн адил өөр хүнээс өршөөл нигүүлсэл хүлээн авахад найдаж байсан бэ? Та тухайн хүний өршөөл нигүүлслийг хэрхэн эрэлхийлсэн бэ? Үүнийг хийснээрээ та хэрхэн адислагдсан бэ?

  • Та хэзээ Паулын нэгэн адил өршөөл эрэлхийлэгч хэн нэгэн болон өршөөл энэрэл үзүүлэх хэрэгтэй хүн хоёрын дунд зуучлагч болж байсан бэ? Та хэрхэн гэмтэнд өршөөл хүлээн авахад болон хохирогчид гэмтнийг өршөөхөд тусалж байсан бэ?

Суралцагчдыг өөр өөрсдийн бүлэгт эдгээр асуултыг ярилцсаны дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг эдгээр нөхцөл байдалд өөрт нь тохиолдсон зүйлийг эсвэл бүлгийнхээ хэн нэгэнд тохиолдсон явдлыг (тухайн гишүүний зөвшөөрөлтэйгөөр) ангийнхантайгаа хуваалцахад урь. (Хоёр дахь хувилбар нь суралцагч бүрд асуултуудыг хувилан өгөх юм уу асуултуудыг самбарт бичээд, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ эдгээрийн аль нэг асуултад хариулж бичихэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа бичсэн хариултуудаа хуваалцах хүсэлтэй байгаа суралцагчдыг хуваалцахад урь.)

Суралцагчдыг бусдад өршөөл энэрэл үзүүлэхийн тулд юу хийхээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Суралцагчдаас бичсэнээ хэрэгжүүлэхийг хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Филемон 1. Боолчлол

Паул Филемонд хандан, оргож зугтсан Онесимийг эргүүлэн авах тухай бичихдээ тэдний нийгэмд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн боолчлолын талаар шууд бичээгүй. Гэхдээ Их Эзэн орчин цагийн илчлэлтэндээ “аливаа хүмүүн бие биендээ боолчлолд байх ёстой гэдэг нь зөв биш юм” гэжээ (С ба Г 101:79).

Паул Онесимийг “одоо үйлчлэгч бусаар” (Филемон 1:16) хүлээн авахыг Филемоноос хүсэхдээ Онесимийг чөлөөлж, Паулын үйлчлэлд туслуулахаар эргэн илгээхийг хүссэн (13–14-р шүлгүүд-ийг үзнэ үү).

Филемон 1:7, 12, 20. “Чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна”

Зүрх гэж орчуулагддаг грек үг хүний дотоод хэсэг гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь хүний мэдрэмж, хүсэл эрмэлзэл, хайр энэрлийн гол цөмийг зүйрлүүлэн хэлсэн үг юм. Зүрх сэтгэл гэсэн хэллэг мөн адил утгаар хэрэглэгддэг.

Филемон 1:11. “Ашиггүй” ба “ашигтай”

Онесим гэдэг нэр нь хэрэгтэй буюу “ашигтай” гэсэн утгатай (11-р шүлэг) (see Arthur A. Rupprecht, “Philemon,” in The Expositor’s Bible Commentary, ed. Frank E. Gaebelein, 12 боть [1976–1992], 11:461). Онесим үүрэг даалгавраа гүйцэтгэж чадахгүй юм уу Филемоноос ямар нэг зүйл хулгайлаад (18-р шүлгийг үзнэ үү), оргон зугтсан учраас Филемоны хувьд тэрээр “ашиггүй” байсан байж магадгүй (11-р шүлэг). Гэхдээ түүнээс хойш Онесим Филемон, Паул нарын хувьд “ашигтай” болсон юм (11-р шүлэг). Онесим Паулыг шоронд байхад тусалсан тул Паулын хувьд ашигтай байсан (13-р шүлгийг үзнэ үү).