Номын сан
144-р хичээл: 1 Петр 1–2


144-р хичээл

1 Петр 1–2

Оршил

Петр Ромын эзэнт гүрний хүнд хэцүү хавчлаган доор зовж байсан гэгээнтнүүдийн итгэлийг хүчирхэгжүүлэхийн тулд захидал бичсэн. Тэрээр тэднийг Есүс Христийн цусаар дамжуулан гэтэлгэгдсэнийг онцолсон бөгөөд Бурханы өв болох ард түмний хувьд өвлөх тэнгэрлэг өвийг тэдэнд сануулсан. Петр гэгээнтнүүдэд Бурханыг хүмүүсийн дунд алдаршуулахыг мөн зовлон бэрхшээл туулахдаа Аврагчтай адил байхыг зааварлав.

Тэмдэглэл: 149-р хичээлд бэлдэхийн тулд хажуу талд байх Урьдчилсан бэлтгэл баганыг үзнэ үү.

Заах зөвлөмж

1 Петр 1

Петр гэгээнтнүүдэд ирээдүйн өвийнх нь талаар болон бэрхшээлүүд бас шаардлагатай байдаг талаар заасан.

Зураг
хайлсан төмрийг тогооноос цутгаж байгаа нь

Хайлуулах тогооны зураг үзүүлээд, хайлуулах тогоо гэдэг нь металл болон бусад бодисыг цэвэршүүлэхэд зориулсан сав бөгөөд үүнийг өндөр хэмд халааж, доторх бодисыг хайлуулснаар эцсийн бүтээгдэхүүнийг бохироос нь салгаж, бат бөх болгодог гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллардын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч М.Рассэлл Баллард

“Би дэлхий даяарх Сүмээр аялан явахдаа зовлонгийн тогоон дотор соригдож буй гишүүдийг хардаг” (“Hyrum Smith: ‘Firm As the Pillars of Heaven,’” Ensign, 1995 оны 11-р сар, 9).

  • Ахлагч Баллард “зовлонгийн тогоо” гэсэн үгээрээ юуг илэрхийлсэн гэж бодож байна вэ? (Амьдралын хүнд хэцүү сорилт, бэрхшээл.)

Петр эхний захидлаа зовлонгийн тогоон дотор зовж буй гэгээнтнүүдийг дэмжиж, хүчирхэгжүүлэхийн тулд бичжээ. Ойролцоогоор МЭ 64 он хүртэл буюу Петр энэхүү захидлыг бичих хүртэл Ромын засгийн газар Христийн шашныг ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг байсныг тайлбарла. Тэр оны 7-р сард Ромын ихээхэн хэсэг түймэрт шатжээ. Зарим нэр хүнд бүхий ромчууд Христэд итгэгчдийг гал тавьсан гэж буруушаав. Үүнээс үүдэн Ромын эзэнт гүрэн даяар Христийн шашинтнуудыг ихээр хавчиж эхэлсэн юм. Зарим хавчлага Христэд итгэгчдийн нөхөрлөж байсан найз нөхөд, хөршүүдээс ирж байв.

1 Петр 1–2-ыг судалж байхдаа зовлонгийн тогоонд соригдон зовохдоо итгэлтэй үлдэхэд тань туслах үнэнийг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Петр Ромын эзэнт гүрний Дундад Азид (Одоогийн Турк) байсан гэгээнтнүүдтэй мэндчилж, тэднийг сонгогдсон болохыг мөн итгэлтэй амьдарвал онцгой адислал хүртэхээр сонгогдсон гэдгийг сануулсныг тайлбарлан, 1 Петр 1:1–2-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг 1 Петр 1:3–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Петр Христийн хийсэн ямар зүйлсийн талаар гэгээнтнүүдэд сануулсныг мөн тэдэнд ирээдүйд ямар адислал амласан талаар олж мэдэхийг хүс.

  • Хэрэв гэгээнтнүүд Есүс Христийн сайн мэдээнд итгэлтэй үлдвэл ирээдүйд ямар адислал хүлээн авах вэ?

Нэг суралцагчаар 1 Петр 1:6-г чанга уншуулж, ангийнхнаас гэгээнтнүүд ирээдүйд ирэх амлагдсан адислалын талаар сонсоод, ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийг хүс. 6-р шүлэг дээрх зовлон гэдэг нь сорилт бэрхшээлийг хэлж байгааг тайлбарла (зүүлт тайлбар б-г үзнэ үү).

  • Гэгээнтнүүд эдгээр амлагдсан ирээдүйн адислалын талаар сонсоод, ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? (Тэд маш их баярласан.)

  • Бид 3–6-р шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бид хэдийгээр сорилт бэрхшээлтэй тулгардаг ч Есүс Христийн Цагаатгалын төлөө мөн Бурханы бидэнд амласан ирээдүйн адислалын төлөө баяртай байж болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тодорхойлох ёстой.)

  • Зовлон бэрхшээл туулах үедээ Бурханы ирээдүйд бидэнд өгөхөөр амласан адислалыг санах нь биднийг баяртай байхад хэрхэн туслах вэ?

Нэг суралцагчийг 1 Петр 1:7–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, итгэлийн сорилтын талаар Петр гэгээнтнүүдэд юу заасныг олж мэдэхийг хүс.

  • 1 Петр 1:7-д цэдэглэснээр, Петр гэгээнтнүүдийн сорилтыг давсан итгэлийг юутай зүйрлэсэн бэ?

  • Сорилтыг давсан итгэл юугаараа алттай адил байж болох вэ? (Сорилтыг давсан итгэл нь алттай адил үнэ цэнтэй юм. Харин алт “мөхдөг” [7-р шүлэг] байхад Есүс Христэд итгэх итгэл мөнх үргэлжлэх аврал руу [9-р шүлгийг үзнэ үү] хөтөлдөг тул итгэл алтнаас ч илүү үнэтэй. Түүнчлэн алтыг галаар цэвэршүүлдэг. Үүнтэй адилаар Есүс Христэд итгэх бидний итгэл зовлон бэрхшээлийг итгэлтэй туулснаар соригдож, цэвэршдэг. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны итгэл соригдох үед гуйвшгүй бөгөөд хөдөлшгүй байхыг тайлбарлан хэлсэн дараах үгийг уншихад урь.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Итгэл тань соригдох үед та нар хэрхэн ‘хөдөлшгүй мөн гуйвшгүй’ [Aлмa 1:25] байж чадах вэ? Та Христэд итгэх итгэлээ ашиглан, залбирч, судруудыг тунгаан бодож, наманчлан, зарлигуудыг сахиж, бусдад үйлчилснээр итгэлийнхээ үндэс суурийг бий болгоход туслах зүйлсийг хийхэд өөрийгөө дайчлан ажилладаг билээ.

Итгэлийг тань сорьсон ямар ч зүйл танд тохиолдсон бай, та Сүмээс бүү холд! Итгэлийг тань сорьсон үед Бурханы хаант улсаас өөрийгөө хөндийрүүлэх нь далайн хар салхи нүдэнд харагдахаар ойртсон үед хоргодох байраа орхин явахтай адил юм” (“Итгэлийн тань сорилт,” Ensign эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 50).

  • Ахлагч Андэрсэн итгэлийг сорих үе тулгарахад биднийг юу хийхэд урамшуулан дэмжсэн бэ?

  • Бидний итгэлийг сорих үед эдгээр зүйлийг хийх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Петрийн захидлыг авсан зарим гэгээнтэн шашны хавчлагаас болж итгэлээ орхихоор соригдож байсан байж болохыг онцол. Суралцагчдаас 1 Петр 1:13–17-г дотроо уншаад, гэгээнтнүүдэд зовлонгоо тэвчээртэй туулахад туслахын тулд Петрийн хэлсэн уриалгыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тэмдэглэхэд урих талаар бодож үз.

  • Паул гэгээнтнүүдийг юу хийхэд уриалсан бэ?

  • Петрийн зөвлөгөө тэдэнд зовлонгоо итгэлтэй туулахад нь хэрхэн тусалсан байж болох вэ?

Нэг суралцагчийг 1 Петр 1:18–21-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, гэгээнтнүүдэд итгэлээ алдахын оронд зовлонгуудаа итгэлтэй даван туулахад туслах бусад ямар ямар үнэнийг Петр заасныг олж мэдэхийг хүс.

  • Петр эдгээр шүлэгт гэгээнтнүүдэд ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч дараах үнэнүүдээс нэгийг эсвэл түүнээс ихийг олж тодорхойлох ёстой. Үүнд: Биднийг Есүс Христийн урсгасан үнэт цусаар дамжуулан авардаг. Есүс Христ нүгэлгүй амьдралаар амьдарсан тул бидний төлөө Өөрийгөө төгс золиослол болгон өргөх боломжтой болсон. Есүс Христ бидний Аврагч байхаар урьдчилан томилогдсон.)

  • Эдгээр үнэнийг санах нь гэгээнтнүүдэд зовлонгоо итгэлтэй даван туулахад хэрхэн тусалсан байж болох вэ?

1 Петр 1-ээс мэдж авсан үнэний ач холбогдлыг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд өөрсдөө болон тэдний таньдаг хэн нэгэн хүн зовлон бэрхшээлээ Есүс Христэд итгэж, туулахаар шийдсэн үеийг бодохыг хүс. Цөөн суралцагчийг туршлагаасаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг зовлонгийн тогоонд соригдох үедээ итгэлтэй хэвээр үлдэхийн тулд юу хийх талаар эргэцүүлэн бодоход урамшуулан дэмж.

Петр гэгээнтнүүдийг бие биенээ хайрлаж, Бурханы мөнхөд орших үгээс зууран барьснаар дахин төрсөн гэдгээ санахад уриалсан гэдгийг тайлбарлан, 1 Петр 1:22–25-ыг нэгтгэн дүгнэ.

1 Петр 2:1–12

Петр гэгээнтнүүдийн үүрэг хариуцлагыг онцлов

  • Сүмийн гишүүд аль талаараа дэлхийнхнээс өөр байдаг вэ?

  • Бид бусдаас өөр учраас ямар ямар сорилт бэрхшээл ирж болох вэ?

1 Петр 2-ыг судалж байхдаа Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд дэлхийгээс өөр байх хүслийг нь хүчирхэгжүүлэх зарчмыг олж мэдэхийг суралцагчдаас хүс.

Гэгээнтнүүд бол амьд чулуутай адил бөгөөд Есүс Христ бол суурийн чулуу буюу итгэлтэй хүмүүсийн суурь болдгийг Петр заасан хэмээн тайлбарлан, 1 Петр 2:1–8-ыг нэгтгэн дүгнэ. Харин дуулгаваргүй хүмүүст Тэрээр “бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон” (8-р шүлэг) гэдэг нь тэдгээр хүн Түүнд бүдэрдэг гэсэн үг юм.

Нэг суралцагчийг 1 Нифай 2:9–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, итгэлтэй гэгээнтнүүдийг Петр хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс.

  • Петр итгэлтэй гэгээнтнүүдийг хэрхэн дүрсэлсэн бэ?

9-р шүлэг дээрх эзэмшлийн гэдэг үг нь худалдаж эсвэл хадгалж авсан гэсэн утгатай грек хэлнээс орчуулсан үг бөгөөд Египетээс гарсан нь 19:5 дээрх еврей үгтэй дүйцдэг ба Бурханы гэрээт хүмүүс Түүнд онцгой, үнэт эрдэнэс лугаа адил гэдгийг харуулдаг (1 Петр 2:9, зүүлт тайлбар е-г үзнэ үү).

  • 9–10-р шүлэгт гэгээнтнүүдийг дүрслэхдээ Петрийн хэрэглэсэн үгс тэднийг шашнаараа хавчигдах үед зоригтой байхад хэрхэн тусалсан байж болох вэ?

Нэг суралцагчийг 1 Петр 2:11–12-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Их Эзэний эзэмшлийн ард түмний хувьд гэгээнтнүүдийг юу хий гэж Петр гуйсныг олж мэдэхийг хүс. Петр гэгээнтнүүдийг “харь хүмүүс” болон “түр хугацаагаар байгч” гэж нэрлэсэн нь тэднийг зан заншил, шашны хувьд гэгээнтнүүдээс өөр хүмүүсийн дунд амьдарч байсныг эсвэл тэнгэрлэг гэрээсээ хол түр хугацаанд мөнх бус амьдралд ирснийг илтгэж байгааг тайлбарла.

  • 11-р шүлэгт цэдэглэснээр, Петр гэгээнтнүүдийг дэлхийгээс ангид байхын тулд юу хийх ёстой гэж хэлсэн бэ?

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, Петр Бурханы сонгогдсон эсвэл эзэмшлийнх нь ард түмний хувьд гэгээнтнүүд бусдад хэрхэн нөлөөлж чадна гэж хэлсэн бэ?

  • Бурхан гэгээнтнүүдээрээ юу хийлгэхээр дууддаг тухай бид Петрээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бурхан хүмүүст гэгээнтнүүдийн үлгэр жишээг харуулж, Өөрийгөө алдаршуулахын тулд гэгээнтнүүдээ дэлхийгээс ангид бөгөөд өөр байлгахаар дууддаг гэсэнтэй төстэй үнэнийг олж тодорхойлох ёстой.)

Нэг суралцагчийг Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Элэйн С.Далтон эгчийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Элэйн С.Далтон

“Та нар дэлхийг өөрчлөхийг хүсэж байвал өөрсдөө дэлхийн хүмүүсээс ялгарч байх ёстой юм шүү” (“Now Is the Time to Arise and Shine!” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 124).

  • Таны дэлхийгээс ангид бөгөөд өөр байх шийдвэр бусдад сайнаар нөлөөлөх юм уу тэднийг Бурхан руу хөтлөхөд хэрхэн тусалсан бэ?

Дэлхийгээс ангид бөгөөд өөр байхын тулд юуг илүү сайн хийх хэрэгтэй байгааг бодож үзэхэд суралцагчдыг урамшуулан дэмж. Тэднийг хүлээн авах сүнслэг өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урь.

1 Петр 2:13–25

Петр гэгээнтнүүдийг зовлон бэрхшээлийг туулахдаа Аврагчтай адил байхыг зөвлөв

Петр гэгээнтнүүдэд хуульд болон иргэний засаглалд захирагдахыг (тэднийг хавчиж байсан Ромын эзэн хаан ч бас орно; мөн С ба Г 58:21–22-ыг үзнэ үү) заасан гэдгийг тайлбарлан, 1 Петр 2:13–18-ыг нэгтгэн дүгнэ. Тэрээр хүнд хэцүү зүйлсийг туулж буй хүмүүсийг Бурханы зарц мэт зовлонгоо тэвчээртэй туулж, Бурхан тэднийг мэдэж байгаа гэдгийг санахад урамшуулан дэмжсэн юм.

Нэг суралцагчийг 1 Нифай 2:19–20-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, гэгээнтнүүд зовлонг хэрхэн туулах хэрэгтэй талаар Петрийн өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

  • Гэгээнтнүүд зовлонг хэрхэн туулах ёстой гэж Петр зөвлөсөн бэ?

Суралцагчдаас 1 Петр 2:21–25-ыг дотроо уншаад, Есүс Христ хавчлагад хэрхэн хариулсан тухай Петрийн тайлбарыг олж мэдэхийг хүс.

  • Христ хавчлагад хэрхэн хариулсан бэ?

  • 21-р шүлэгт цэдэглэснээр, Аврагчийн бидний төлөө зовж шаналсан нэг шалтгаан юу байсан бэ?

  • Бид 21–25-р шүлгээс зовлонг туулах талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, зовлонг тэвчээртэй туулж чадна гэсэнтэй төстэй үнэнийг олж тодорхойлох ёстой.)

Аврагчийн тухай гэрчлэлээ хуваалцаад, зовлонг тэвчээртэй туулж, Түүний үлгэр жишээг илүү сайн дагахын тулд юу хийж чадах талаараа бодохыг хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

1 Петр 1:6–8. “Та нарын итгэлийн шалгуур нь … магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх явдал юм”

Амьдралын бэрхшээлүүдийг туулснаар ирдэг зүйлсийн талаар Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Орсон Ф.Витни заахдаа:

“Бидний туулдаг зовлон зүдгүүр, сорилт бэрхшээл бүр хий дэмий өнгөрдөггүй. Энэ нь биднийг тэвчээр, итгэл, хүч чадалтай байж бас даруу төлөв зан чанаруудаа хөгжүүлэхэд тусалдаг. Зовлон бэрхшээл бүхэн, ялангуяа бидний тэвчээртэй даван туулдаг зовлон бүр бидний зан аашийг төлөвшүүлж, зүрх сэтгэлийг цэвэршүүлэн нээж, биднийг илүү зөөлөн, сайхан сэтгэлтэй, Бурханы хүүхдүүд хэмээн дуудуулахад илүү зохистой болгодог. Бид зовлон бэрхшээл, амьдралын хүнд хэцүүг даван туулснаар мэдлэгтэй болж, Тэнгэр дэх Эцэг, Эхтэйгээ илүү адилхан болдог” (Спэнсэр В.Кимбалл, Faith Precedes the Miracle [1972], 98).

1 Петр 2:18–25. Есүс Христ бидэнд зовлонг хэрхэн даван туулах ёстойг үзүүлсэн

Далын ахлагч Александр Б.Моррисон:

“Шашны төлөө зовж тарчлан, амиа золиосолсон (Иохан 21:18–19-ийг үзнэ үү) агуу төлөөлөгч Петр, Христийн төлөө тэвчээртэй зовсноор тэнгэрлэг шагналыг хүртдэг бол өөрийн нүглийн улмаас ирсэн зовлон бидэнд өчүүхэн шагнал авчирдаг гэж тодорхойлсон. Тэрээр ‘Хэрэв хүн шударга бусаар зовохдоо Бурханд ханддаг мөс чанараасаа болж тэвчвэл энэ нь тааллыг олдог. Хэрэв та нар нүгэл үйлдээд, ширүүн нударгад өртөхдөө тэвчлээ ч, үүнд ямар гавьяа байх билээ? Харин хэрэв та нар зөвийг үйлдээд зовохдоо, үүнийг хүлцэн тэвчвэл, харин энэ нь Бурханы тааллыг олдог’ хэмээн бичжээ. (1 Петр 2:19–20.) Бид өөрсдөөс маань шалтгаалаагүй зовлонг тэвчихдээ Христийнхтэй адил зан чанаруудыг төлөвшүүлдэг бөгөөд энэ нь бидний бодгалийг төгс болгож, Түүнд ойртуулдаг” гэж заажээ (Feed My Sheep: Leadership Ideas for Latter-day Shepherds [1992], 166).