Номын сан
137-р хичээл: Еврей 7–10


137-р хичээл

Еврей 7–10

Оршил

Есүс Христ бол “шинэ гэрээний” Зуучлагч хэмээн Паул заасан (Еврей 8:8). Тэрээр Христийн золиослол нь Мосегийн золиослолоос агуу бөгөөд Мосегийн ёслолууд хүмүүсийг Аврагч руу болон Түүний Цагаатгал руу хандуулах зорилготой байсныг тайлбарласан.

Заах зөвлөмж

Еврей 7–8

Есүс Христ бол шинэ гэрээний Зуучлагч хэмээн Паул заав

Гар чийдэн ашиглан, самбар дээр жижиг биетийн (түлхүүр, хайч гэх мэт) сүүдрийг тусга. Зөвхөн сүүдрийг нь харснаар ямар биет байгааг мэдэж чадах эсэхийг суралцагчдаас асуу. Бид ихэвчлэн сүүдрийг нь харснаар ямар биет байгааг мэддэг гэдгийг онцол.

Зураг
Гетсеманид залбирч буй Есүс

Гетсеманид залбирч буй Есүс зургийг үзүүл (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 56; мөн LDS.org-оос үзнэ үү). Хуучин Гэрээнд Аврагчийг болон Түүний Цагаатгалыг бэлгэдсэн эсвэл дүрсэлсэн зан үйл, ёслолуудыг бичсэн байдгийг тайлбарла.

  • Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг дүрсэлдэг ямар ямар жишээ Хуучин Гэрээнд бичигдсэн байдаг вэ?

Мосегийн хуулийн бүхий л тал нь израильчуудыг Есүс Христ рүү болон Түүний цагаатгах золиослол руу чиглүүлсэн бэлгэдэл, дүрслэлийн үүрэгтэй байдаг (2 Нифай 11:4; Иаков 4:4–5-ыг үзнэ үү). Хуулийн хэд хэдэн хэсэг үүнийг хэрхэн хийж байгааг Паул тайлбарласан юм. Тэрээр иудей гэгээнтнүүдэд Мосегийн хуулийг буцаж дагахын оронд Есүс Христэд итгэлтэй хэвээр үлдэхэд нь туслахыг хүссэн.

Паул “Мелкизедекийн хэргэмийн дагуу” ирэх санваартны тухай Хуучин Гэрээний бошиглолд эш татсаныг тайлбарласнаар Еврей 7:1–22-ыг хураангуйл (Дуулал 110:4; түүнчлэн Еврей 7:1-ийг үзнэ үү). Есүс Христ энэ бошиглолыг гүйцэлдүүлсэн хэмээн тэр заасан. Мелкизедек бол зөв шударга хаан, дээд санваартан байсан бөгөөд Абрахамыг тэргүүлдэг байсан (Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:25–40; Aлмa 13:14–19; Судруудын удирдамж, “Мелкизедек”-ийг үзнэ үү). Паул Мелкизедекийг Есүс Христийн сүүдэр болгон дүрсэлсэн. Мосегийн хууль болон үүнийг үйлддэг Левийн санваар нь Бурханы хүүхдүүдийг төгс болгож чадахгүй учир Есүс Христ болон Түүний санваар хэрэгтэй хэмээн Паул заасан (Еврей 7:11-ийг үзнэ үү). Левийн санваар гэдэг нь Левийн овгийнхны атгадаг Аароны санваарыг хэлж байгаа гэдгийг тайлбарлаж болно (ХҮГ Библийн хувилбарын Библийн толь бичиг, “Aaronic Priesthood”-ийг үзнэ үү).

Зураг
Мосе Ааронд санваар өгсөн нь

Мосе Ааронд санваар өгсөн нь (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 15; мөн LDS.org-ийг үзнэ үү) Есүс Гетсеманид залбирч байгаа нь зургийг үзүүл. Еврей 7-д цэдэглэснээр, Паул Левийн санваартнуудыг Есүс Христтэй зүйрлэсэн гэдгийг тайлбарла. Левийн санваартнуудын нэг үүрэг нь зуучлагч хийх явдал бөгөөд Бурхан болон ард түмний дундах асуудлыг зохицуулахаар бэлгэдлийн чанартай зогсдог.

Еврей 7:23–28-ыг самбар дээр бич. Суралцагчдыг хос болгон хуваарилж, хос бүрээс эдгээр шүлгийг чанга уншихыг хүс. Тэднээс Иосеф Смитийн Орчуулга, Еврей 7:25–26-г уншихыг хүс. Энэ нь Судруудын удирдамжинд байдаг. Хос бүрийн нэг суралцагчаас Левийн санваартнуудыг, нөгөө суралцагчаас Есүс Христийг дүрсэлсэн хэсгүүдийг олохыг хүс. Еврей 7:23 дээрх тэд гэдэг нь санваартнуудыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа санваартнуудыг дүрсэлсэн судрыг уншсан суралцагчдаас олсон зүйлсээ хуваалцахыг хүс. Тэдний хариултыг Мосе болон Аароны зургийн доор бич. (Санваартнуудыг нас барахад тэднийг өөр санваартнаар орлуулах шаардлагатай болдог байв [Еврей 7:23]; тэд өөрсдийнхөө болон ард түмний нүглийн төлөө тахил өргөдөг байсан [Еврей 7:27]; санваартнууд төгс бус байсан [Еврей 7:28-ыг тус тус үзнэ үү] гэх мэт хариулт тэдний хариултад байж болно.)

Есүс Христийг дүрсэлсэн судрыг уншсан суралцагчдаас олж мэдсэн зүйлсээ хуваалцахыг хүс. Тэдний хариултыг Есүс Христийн зургийн доор бич. (Тэдний хариулт нь дараахтай төстэй байх ёстой. Тухайлбал: Есүс Христ болон Түүний санваар “өөрчлөгдөшгүй” буюу мөнх [Еврей 7:24]; “Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг аврах чадвартай” [Еврей 7:25]; “Тэр [бидний] төлөө зуучла[хын]” тулд амьдардаг [Еврей 7:25]; Тэрээр нүгэлгүй байсан учир “өөрийн нүглийн учир золиослол өргөх нь түүнд хэрэггүй билээ” [Иосеф Смитийн Орчуулга, Еврей 7:26]; Тэрээр “хүмүүсийн нүглийн тулд” нэг л золиослол хийх шаардлагатай байсан [Иосеф Смитийн Орчуулга, Еврей 7:26]; мөн Тэрээр “мөнхөд томилогдсон” [Еврей 7:28].)

“Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг” (Еврей 7:25) гэдэг нь Аврагчийн зорилго бол биднийг Бурханд эргэн очуулахын тулд бидний өмнөөс зуучлах гэсэн утгатайг тайлбарла.

  • Та Есүс Христ, Левийн санваартнуудын ялгааг хэрхэн тайлбарлах вэ?

Еврей 8:1–3-ыг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христийг оролцуулан бүх дээд санваартныг юу хийлгэхээр томилсон эсвэл дуудсаныг олж мэдэхийг хүс.

  • Дээд санваартнуудыг юуг хийлгэхээр дуудсан бэ?

Нэг суралцагчийг Еврей 8:4-ийн Иосеф Смитийн Орчуулгыг (“Тиймээс Тэр газар дээр амьдарч байхдаа хүмүүсийн нүглийн төлөө өөрийн амийг золиослол болгон өгсөн. Хуулийн дор байдаг бүх санваартан хуулийн дагуу өргөл, бэлэг сэлт өргөдөг хүмүүс байсан) (Еврей 8:4, зүүлт тайлбар a). чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Есүс Христийн өргөсөн золиослолыг олж мэдэхийг хүс.

  • Бид энэ шүлгээс Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлийн талаар ямар үнэнийг сурч болох вэ? (Суралцагчид өөрсдийн үгээр Есүс Христ бидний нүглийн төлөө Өөрийн амийг золиосолсон гэсэн үнэнийг тодорхойлох ёстой.)

  • Самбар дээрх өгүүлбэрүүдийн аль нь Есүс Христ хэрхэн бидний нүглийн төлөө Өөрийн амийг золиослох боломжтой байсныг ойлгоход бидэнд туслах вэ?

Суралцагчдаас Есүс Христийн цагаатгагч золиослол тэдэнд ямар учир утгатай болох тухай тунгаан бодохыг хүс. Тэднийг дараах мэдэгдлүүдийн нэгийг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бичихийг хүс. Үүнд:

  1. … учраас би Аврагчдаа талархдаг.

  2. … учраас Аврагч маань надад хайртайг би мэднэ.

  3. Би Цагаатгалын ачаар адислагдсан. Учир нь …

Хангалттай цаг гаргаж өгсний дараа хэрэв хэт хувийн чанартай биш бол бичсэн зүйлээ хуваалцахыг цөөн суралцагчаас хүс.

Есүс Христ золиослол өргөснөөрөө “илүү сайн гэрээний зууч” (6-р шүлэг) болсон бөгөөд уг гэрээнд орох нь тэдэнд “Эзэнийг мэдэж” (11-р шүлэг), нүглээсээ ангижрахад тусална гэдгийг тайлбарлан, Еврей 8:5–13-ыг нэгтгэн дүгнэ.

Еврей 9–10

Паул Мосегийн ёслолууд Цагаатгалыг хэрхэн бэлгэдсэн байдгийг харуулав.

Зураг
бүдүүвч зураг, табернекл

Хичээлээс өмнө хавсралт бүдүүвч зургийг самбар дээр зур.

Еврей 9-д цэдэглэснээр, Паул Левийн санваартнуудын Цагаатгалын өдөр гүйцэтгэдэг үүргийг тайлбарласнаар тэднийг Есүс Христтэй үргэлжлүүлэн зүйрлэсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаар дараах догол мөрийг уншуул.

Жилд нэг удаа болдог Цагаатгалын өдөр (бас Ёом Киппүр гэж нэрлэдэг) гэгддэг еврей үндэстний баярын өдөр дээд санваартнуудыг табернеклийн, хожим нь Иерусалимын ариун сүмийн Хамгийн Ариун Газар (түүнчлэн Ариунаас Ариун гэдэг) орохыг зөвшөөрдөг байжээ. Тэнд дээд санваартан эр үхэр, эр ямаагаар тахил өргөдөг байв. Ариунаас ариун газрын тодорхой хэсгүүдэд амьтны цусыг цацдаг байсан нь санваартны болон ард түмний нүглийн төлөөх Христийн Цагаатгалыг бэлгэддэг байжээ. Үүний дараа дээд санваартан хүмүүсийн нүглийг бэлгэдлээр өөр нэг эр ямаанд шилжүүлдэг байсан бөгөөд дараа нь уг ямааг хээр хөөж явуулдаг байсан нь ард түмний нүглийг зайлуулсныг бэлгэддэг байсан ажээ. Тэрээр түүнчлэн хоёр эр хонийг нэгийг нь өөрийнхөө төлөө, нөгөөг нь ард түмний төлөө шатааж, тахил өргөдөг байв. (Bible Dictionary, “Fasts”; мөн Левит 16:22-ыг үзнэ үү.)

Ангийн нэг хэсгээс Еврей 9:11, 12, 24, 28-ыг, нөгөө хэсгээс Еврей 10:1, 4, 10–12-ыг уншихыг хүс. Бүлэг бүрийг оногдсон шүлгүүдээ дотроо уншаад, Цагаатгалын өдөр болж байсан зүйлс хэрхэн Есүс Христийн золиослолын загвар буюу сүүдэр болдгийг олж мэдэхийг хүс. Хангалттай цаг гаргаж өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг гарч ирэн, олж мэдсэн зүйлээ хэлэхийг хүс. Дараа нь асуу.

  • Дээд санваартан Табернеклийн ариунаас ариунд Цагаатгалын өдөр ордог байсан шиг Аврагч Цагаатгалаараа дамжуулан ямар “ариун газар” (Еврей 9:12) орсон бэ? (Тэнгэрлэг Эцэгийн оршихуй эсвэл селестиел алдар суу.)

  • Есүс Христийн золиослол нь “бух, ямааны цусаар” (Еврей 10:4) үйлдэж чадахгүй юуг хийх боломжтой байсан бэ?

  • Тэгвэл яагаад дээд санваартнууд эдгээр золиослолыг Цагаатгалын өдөр өргөдөг байсан бэ? (“Ирэх сайн юмсын дүр, сүүдр[ийг]” [Еврей 10:1] илэрхийлэхийн тулд эсвэл Аврагчийн Цагаатгалд хандуулахын тулд.)

Нэг суралцагчаас Еврей 10:17–20-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Цагаатгал юуг боломжтой болгодгийг олж мэдэхийг хүс.

  • 19-р шүлэгт цэдэглэснээр, бид Есүсийн Цагаатгалын ачаар хаашаа орох боломжтой болох вэ? (“Ариун газар” буюу селестиел хаант улс дахь Бурханы оршихуйд.)

  • 20-р шүлэгт цэдэглэснээр, бид Бурханы оршихуйд хэрхэн ордог вэ?

“Шинэ, амьд зам” гэдэг нь Есүс Христийн сайн мэдээг эсвэл Түүний Цагаатгалаар дамжуулан өршөөгдөж, ариуссанаар Бурханы дэргэд буцаж очих, зохистой болох төлөвлөгөөг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

Хэрэв бид … -вэл, Есүс Христийн Цагаатгалын ачаар селестиел хаант улсад орж чадна гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич.

Нэг суралцагчаас Еврей 10:22–23-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, селестиел хаант улсад орохын тулд бидний юу хийх ёстойг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Самбар дээрх өгүүлбэрийг Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ бат баримталбал Есүс Христийн Цагаатгалын ачаар селестиел хаант улсад орж чадна гэсэн байдлаар гүйцээн бич.

  • Есүс Христэд итгэх итгэлийг “бат баримтлах” (23-р шүлэг) гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Нэг суралцагчаас Еврей 10:35–38-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Бидэнд Есүс Христэд итгэх итгэлээ чанд баримтлахад туслах ямар зөвлөгөөг Паул өгснийг олж мэдэхийг хүс.

  • Бид Есүс Христэд итгэх итгэлээ чанд баримтлахын тулд юу хийж чадах вэ?

  • “Итгэлээ бүү хаягтун” гэдэг нь ямар утгатай вэ? (35-р шүлэг).

Нэг суралцагчаас Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын “[бидний] итгэлээ бүү хаягтун” гэдгийг тайлбарлан хэлсэн дараах мэдэгдлийг уншихыг хүс:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Хожмын үеийн гэгээнтнүүдийн ярьдгаар бол Сүмд орохоос өмнө, сүмд орох үед болон сүмд орсны дараа аль аль нь хэцүү байдаг. Энэ нь үргэлж ийм байсан гэдгийг Паул хэлсэн, гэвч хойшоо бүү ухар. Айж бүү ухар. Үнэмшлээ бүү алд. Өмнө нь мэдэрч байснаа бүү умарт. Авсан туршлагуудаа бүү үгүйсгэ. Энэ тууштай байдал нь Мосе, Иосеф Смит хоёрыг дайсантай тулгарахад аварсан бөгөөд таныг ч бас аварна,” (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, 2000 оны 3-р сар, 8).

  • Та Есүс Христэд итгэх итгэлээ бат баримталдаг, үлгэр жишээ үзүүлдэг хэн нэгнийг мэдэх үү?

Суралцагчдаас Есүс Христэд итгэх итгэлээ бат баримтлах амлалтынхаа талаар тунгаан бодохыг хүс. Тэднийг энэхүү амлалтаа хэрхэн батжуулж мөн ингэх чадвараа сайжруулахаа бичихийг хүс.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Еврей 7:1–2. Мелкизедек

“Мелкизедек бол ‘Үерийн дараа болон Абрахамын үед амьдарч асан, Хуучин Гэрээний агуу дээд санваартан, бошиглогч бөгөөд удирдагч. Тэрбээр Салемын (Иерусалим) хаан, энх амгалангийн хаан, зөв шударгын хаан (Мелкизедекийн еврей хэлний утга), мөн бүхнээс дээд Бурханы санваартан хэмээн нэрлэгддэг байжээ’ (Судруудын удирдамж, ‘Мелкизедек’; scriptures.lds.org). Бусад сударт Мелкизедек санваарыг Абрахамд хүртээсэн, Абрахамаас аравны нэг авсан болон түүнээс агуу нь байсангүй гэж гардаг (С ба Г 84:14; Еврей 7:4; Эхлэл 14:18–20; Иосеф Смитийн Орчуулга, Эхлэл 14:25–40 [Судруудын удирдамж]; Алма 13:19-ийг үзнэ үү). Еврейчүүдэд бичсэн захидалд Мелкизедек нь Бурханы Хүүг дүрсэлсэн гэж байдаг (Еврей 7:15–16-г үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 480).

Еврей 7:3. “Тэр эцэггүй, эхгүй”

Еврей 7:3-ын Иосеф Смитийн Орчуулга дээр санваарыг ‘эцэггүй, эхгүй’ гэж тодруулдаг. Тухайлбал: ‘Учир нь энэхүү Мелкизедек нь эцэггүй, эхгүй … Бурханы Хүүгийн жаягийн дагуу санваартнаар томилогдсон байв’ (Судруудын удирдамж). Энэ нь эрт үеийн Левийн буюу Аароны санваарын жаягаас ялгаатай нь, Мелкизедек санваар нь удам дамжиж хүртээгддэггүйг илэрхийлж байгаа юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки ‘Энэ илүү дээд санваарыг хүртэх эрх Леви болон Аароны хөвгүүд шиг удам залгадаггүй байв. Дээд санваарыг хүртэхэд зөв шударга байдал зайлшгүй хэрэгтэй’ хэмээн тайлбарлажээ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл [1966], 478)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 480).