58-р хичээл
Лук 23
Оршил
Аврагч Понти Пилат, Херод Антип хоёрын өмнө шүүгдэв. Энэ хоёр хүн хоёулаа иудейчүүдийн буруутгаж байсан гэмт хэргүүдэд Аврагчаас ямар ч гэм бурууг олоогүй боловч Пилат Түүнийг цовдлуулахаар өгчээ. Есүс Өөрийг нь цовдолсон Ромын цэргүүдийг өршөөж, Өөртэй нь хамт цовдлогдож байсан хулгайчтай ярьсан. Есүсийг амиа өргөсний дараа Ариматын Иосеф Түүний биеийг булшинд тавив.
Заах зөвлөмж
Лук 23:1–25
Аврагч Херод, Пилат хоёрын өмнө шүүгдэв
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич. Үүнд:
Суралцагчдыг самбар дээрх асуултуудыг тунгаан бодоход урин, хичээлээ эхлүүл.
Суралцагчдыг Лук 23-аас судалж байхдаа өөрсөдтэй нь тааруухан харьцах үед хэрхэн хандахаа мэдэхэд туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Есүсийг Гетсеманид зовж шаналсны дараа ахлах тахилчид Түүнийг баривчилж, үхэх ял тулгажээ. Есүс тэр цаг мөчөөс эхлэн үхэх хүртлээ дараах хүмүүстэй буюу Понти Пилат, Херод Антип, хэсэг итгэлтэй эмэгтэй, Ромын цэргүүд, Түүний хоёр талд цовдлогдож байсан хулгайчид зэрэгтэй харьцаж байжээ. Понти Пилат нь төв хот Иерусалимыг багтаасан Иудагийн бүс нутаг дахь Ромын захирагч байжээ. Херод Антип нь (Иохан Баптистыг үхэлд хүргэсэн) Ромын эрх мэдэл дор Галил, Переагийн бүс нутгуудыг захирч байв (Лук 3:1-ийг үзнэ үү).
Суралцагчдыг хос болгон хуваарилж, хос бүрийг Лук 23:1–11-ийг хамтдаа уншаад, Аврагчийн Понти Пилат, Херод Антип хоёрт өгсөн хариултын ялгааг олж мэдэхэд урь. Тэдэнд Аврагчийн Пилатад өгсөн хариултыг ойлгоход туслахын тулд Иосеф Смитийн Орчуулга, Марк 15:4-ийг уншихад урь (Mарк 15:2, зүүлт тайлбар б).
Суралцагчдыг дараах асуултуудын хариултыг хамтрагчтайгаа ярилцахад урь. Үүнд:
-
Есүсийн Пилатад өгсөн хариулт Херодод хариулснаас хэрхэн өөр байсан бэ?
-
Пилат яагаад Аврагчийн өөрт нь өгсөн хариултад гайхсан байж болох вэ?
-
Херод яагаад Аврагчийг дуугүй байсанд дургүйцсэн байж болох вэ?
Пилат, Херод хоёр хоёулаа Есүсээс гэм бурууг олж хараагүй учраас Пилат Есүсийг шийтгээд, суллах болно гэж хурсан олонд хэлсэн гэдгийг тайлбарлан, Лук 23:12–25-ыг нэгтгэн дүгнэ. Хүмүүс оронд нь Барабыг суллаж, Есүсийг цовдлуулахыг шаардан, Пилат руу хашхирч байлаа. Пилат Барабыг суллаж, Есүсийг цовдлуулахаар болжээ. (Тэмдэглэл: Пилатын өмнөх Есүсийн түүхийг Иохан 18–19-ийн хичээл дээр илүү дэлгэрэнгүй заах болно.)
Лук 23:26–56
Есүс хоёр хулгайчийн дунд цовдлуулав
Галил дахь тохинууллаас нь эхлэн Есүстэй хамт байсан маш олон итгэлтэй эмэгтэй Түүнийг цовдлогдох газар руу нь дагаж явж байхдаа гашуудан уйлж байсан гэдгийг тайлбарлан, Лук 23:26–31-ийг нгэтгэн дүгнэ. Есүс тэдэнд Өөрийнх нь төлөө бүү гашууд, харин иудейчүүд Хаанаа эсэргүүцсэний улмаас удахгүй Иерусалим дээр ирэх устгалын төлөө гашууд хэмээн хэлжээ.
Нэг суралцагчийг Лук 23:32–34-ийг чанга уншихад урь. Мөн түүнийг Иосеф Смитийн Орчуулга, Лук 23:35-ыг уншихад урь (Лук 23:34, зүүлт тайлбар в). Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагчийг загалмайд хадагдаж байхдаа юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Аврагч загалмай дээр хадагдаж байхдаа юу хийсэн бэ? (Та суралцагчдад 34-р шүлэг дэх Аврагчийн үгсийг тэмдэглэж авахыг санал болгож болно.)
-
Аврагчийн тухайн үед хийсэн залбирал яагаад тийм гайхамшигтай байсан бэ?
-
Бусад хүн бидэнтэй муу муухай харьцах үед бид хэрхэн хандах ёстой тухай бид Аврагчийн үлгэр жишээнээс ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бидэнтэй муу муухай харьцдаг хүмүүсийг уучлахыг сонгосноор бид Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадна гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)
-
Уучлах гэдэг нь юу гэсэн үг вэ?
Бусдыг уучлах гэдэг нь бидний эсрэг нүгэл үйлдсэн хүмүүс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байна гэсэн үг биш гэдгийг тайлбарлаж болно. Мөн бид өөрсдийгөө тэд бидэнтэй үргэлжлүүлэн буруугаар харьцах тийм нөхцөл байдалд тавина гэсэн үг биш юм. Харин ч уучлал гэдэг бол биднийг ад үзсэн хүмүүст хайраар хандаж, уурлаж, өс хонзон санахгүй байхыг хэлдэг (Судруудын удирдамж, “Өршөөх, уучлах”-ыг мөн scriptures.lds.org-ийг үзнэ үү).
Суралцагчдаас өөрсдөд нь уучлах хэрэгтэй хэн нэгэн байгаа эсэхийг бодож үзэхийг хүс. Зарим үед бусдыг уучлах нь маш хэцүү байж болно гэдгийг хүлээн зөвшөөр. Нэг суралцагчийг ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас тэд хэн нэгнийг уучилж чадахгүй байгаа бол юу хийж чадах талаараа сонсохыг хүс.
“Уучлах хүч чадлыг Их Эзэнээс гуйхыг би та нараас хүсэж байна. … Энэ амархан биш, мөн хурдан ирэхгүй байж болно. Гэвч хэрэв та нар үүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж мөн өөртөө хөгжүүлбэл энэ нь ирэх болно” (“Of You It Is Required to Forgive,” Ensign, 1991 оны 6-р сар, 5).
-
Хэрэв бид хэн нэгнийг уучилж чадахгүй байвал ерөнхийлөгч Хинкли юу хийхийг бидэнд зөвлөсөн бэ?
-
Хүч чадлын төлөө залбирах нь бидэнд бусдыг уучлахад хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдаас хэн нэгнийг уучилж байсан үеийнхээ тухай бодохыг хүс. Цөөн суралцагчийг туршлагаасаа ангийнхантай хуваалцахад урь. (Тэднээс ангийнханд бусдын нэрийг дурдахгүй байхыг хүсээд, хэт хувийн шинжтэй зүйлээ хуваалцахгүй байхыг сануул.)
Суралцагчдыг Есүс Христийн үлгэр жишээг дагаж, өөрсдийг нь ад үзсэн хүмүүсийг уучлахад урамшуулан дэмж. Тэднийг үүнийг хийх хүч чадал, чадварын төлөө залбирахад урь.
Иудей захирагчид болон Ромын цэргүүд Аврагчийг загалмайд цовдлогдсон байхад доог тохуу хийж байсан гэдгийг тайлбарлан, Лук 23:35–38-ыг нэгтгэн дүгнэ.
Цовдлолт зургийг үзүүлнэ үү (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 57; мөн LDS.org-ийг үзнэ үү). Нэг суралцагчийг Лук 23:39–43-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас дагаж уншин, Аврагчийн хоёр талд цовдлогдож байсан хоёр хулгайч Түүнтэй хэрхэн харьцсаныг олж мэдэхийг хүс.
-
Уг хоёр хулгайч Аврагчтай хэрхэн харьцсан бэ?
-
Нэг хулгайч нь “Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан” (41-р шүлэг) гэж хэлэхдээ ямар санааг илэрхийлсэн байж болох вэ?
-
Уг хулгайч Бурханы хаант улсад өөрийг нь санахыг Аврагчаас хүсэх үед Аврагч юу гэж хариулсан бэ?
Аврагч уг гэмт хэрэгтэнг диваажинд Өөртэй нь хамт байх болно хэмээн хэлэхдээ ямар санааг илэрхийлснийг илүү сайн ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.
“Судрууд дээр диваажин гэдэг үгийг өөр өөрөөр хэрэглэдэг. Нэгдүгээрт, энэ нь баптисм хүртэж, үнэнч хэвээрээ үлдсэн хүмүүст зориулагдсан сүнсний дэлхий дэх амар амгалан, аз жаргалтай байдлыг хэлдэг (Алма 40:12; Моронай 10:34-ийг үзнэ үү). …
Диваажин гэдэг үгийн хоёр дахь хэрэглээ нь Аврагчийн цовдлолтын тухай Лукийн түүхээс харагддаг. … Бошиглогч Иосеф Смит … Их Эзэн үнэндээ тэрхүү хулгайчийг Түүнтэй хамт сүнсний дэлхийд байх болно хэмээн хэлсэн гэж тайлбарласан” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 85; мөн History of the Church, 5:424–425-ыг үзнэ үү).
-
Бошиглогч Иосеф Смитийн хэлснээр, хулгайч үхсэнийхээ дараа хаашаа явах вэ? (Сүнсний дэлхий [Алма 40:11–14-ийг үзнэ үү].)
-
Хулгайчийг Өөртэй нь хамт диваажинд байх болно хэмээсэн Аврагчийн үгсээс бид ямар үнэнийг мэдэж авч болох вэ (Лук 23:43)? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бүх хүний сүнс нас барсныхаа дараа сүнсний дэлхий рүү явдаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
Бусад судар бидэнд уг хулгайчид болон сүнсний дэлхий дэх түүнтэй адил бусад хүнд юу тохиолддогийг илүү сайн ойлгоход тусалдаг гэдгийг тайлбарла. Та суралцагчдад Лук 23:43-ын хажууд, судрын зайн дээрээ Сургаал ба Гэрээ 138:28–32, 58–59-ийг лавлах эшлэл болгон бичихийг зөвлөж болно.
Сургаал ба Гэрээ 138 нь ерөнхийлөгч Жозеф Ф.Смитэд өгөгдсөн илчлэлтийг багтаадаг. Аврагч сүнсний дэлхийн талаарх үнэнүүдийг энэ илчлэлтээр илчилжээ. Эдгээр үнэн нь Аврагч “Өнөөдөр чи Надтай хамт Диваажинд байх болно” (Лук 23:43) хэмээн хэлэхдээ ямар санааг илэрхийлснийг ойлгоход бидэнд тусалж чадна.
Хэд хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:11, 16, 18, 28–32-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагуулж уншаад, Аврагч сүнсний дэлхий рүү яваад юу хийснийг олж мэдэхийг хүс.
-
Аврагч сүнсний дэлхий рүү очоод юу хийсэн бэ?
-
29-р шүлэгт цэдэглэснээр, Аврагч сүнсний дэлхийд байхдаа хаашаа яваагүй вэ?
-
Аврагч Өөрийн зөв шударга элчүүдээр юу хийлгэх гэж зохион байгуулсан бэ?
-
Бид эдгээр шүлгээс ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Зөв шударга элчүүд Есүс Христийн удирдлаган дор сүнсний шоронд байгаа хүмүүст сайн мэдээг заадаг гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)
Нэг суралцагчийг Бүсийн далын гишүүн байсан Алайн А.Пэтион ахын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Аврагчийн захиас загалмай дээрх гэмт хэрэгтний төлөө юу хийсэн байж болохыг олж мэдэхийг хүс.
“Аврагч түүнд энэрэнгүй хандаж, найдвар төрүүлсэн юм. Энэ гэмт хэрэгтэн сайн мэдээ сүнсний дэлхийд өөрт нь номлогдох болно гэдгийг эсвэл сүнсээрээ Бурханы хэлснээр амьдрах боломжтой байх болно гэдгээ ойлгоогүй байх (1 Петр. 4:6; С ба Г 138:18–34-ийг үзнэ үү). Аврагч үнэхээр хажуудаа байгаа гэмт хэрэгтэнд анхаарал тавьсан. Тэрээр Өөрийг нь хайрладаг мөн зарлигуудыг нь сахихыг хичээдэг хүмүүст агуу их анхаарал тавьдаг нь мэдээжийн хэрэг юм!” (“Words of Jesus: On the Cross,” Ensign, 2003 оны 6-р сар, 34).
-
С ба Г 138:29–32 дахь үгс сайн мэдээний мэдлэггүй нас барсан хүмүүсийн тухай бидэнд ямар итгэл найдвар төрүүлж байна вэ?
Хэдийгээр сайн мэдээ энэ хулгайчид номлогдох ч тэр Бурханы хаант улсад шууд аврагдахгүй гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 138:58–59-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас дагаж уншин, уг хулгайч болон сүнсний дэлхий дэх бусад хүн гэтэлгэгдэхийн тулд юу хийх хэрэгтэй болохыг олж мэдэхийг хүс.
-
Уг хулгайч эсвэл сүнсний шорон дахь бусад сүнс гэтэлгэгдэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
-
Наманчилж, өөрсдийнх нь төлөө хийгдсэн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авсан сүнснүүдэд юу тохиолдох вэ? (“Наманчилдаг [сүнснүүд] [ариун сүмийн] ёслолуудад дуулгавартай байснаар дамжуулан гэтэлгэгдэж,” Цагаатгалаар дамжуулан цэвэршигдэж, “шагналаа хүлээн авах болно” [С ба Г 138:58–59].)
-
Бид уг хулгайчийнхтай адил сүнснүүдэд гэтэлгэгдэхэд нь туслахын тулд юу хийж болох вэ? (Бид гэр бүлийн түүхийн ажлыг хийж, нас барагсдын төлөө ариун сүмийн ёслолуудад оролцож болно.)
Аврагч “Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая” (46-р шүлэг) хэмээн хэлснийхээ дараа амиа өргөсөн гэдгийг тайлбарлан, Лук 23:44–56-г нэгтгэн дүгнэ. Тэгэхэд Ариматын Иосеф Аврагчийн биеийг маалинган даавуунд ороогоод, булшинд тавьжээ.
Энэ хичээлээр ярилцсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.