Номын сан
153-р хичээл: Илчлэлт 4–5


153-р хичээл

Илчлэлт 4–5

Оршил

Тэнгэрлэг Эцэгийг сэнтийдээ сууж байхад нь алдаршсан биес шүтэж байхыг төлөөлөгч Иохан харсан. Иохан бас долоон тамгаар лацадсан номыг болон уг номыг нээх зохистой Хурга буюу Есүс Христийг харсан.

Заах зөвлөмж

Илчлэлт 4

Иохан Тэнгэрлэг Эцэгийг алдаршсан биес шүтэж байхыг харав

“Glory to God on High” (Hymns, д. 67) дууг нээлтийн дууллаар дуулах эсвэл Бурханыг магтсан, хүндэтгэсэн өөр дуу дуулж болно.

Суралцагчдаас өөрсдийгөө селестиел хаант улсад байгаагаар төсөөлөхийг хүс. Цөөн суралцагчаас селестиел хаант улс ямар байдаг гэж боддогоо дүрслэн хэлэхийг хүс.

Илчлэлт 4–5 дээр төлөөлөгч Иохан селестиел хаант улсын нэг хэсгийг үзэгдлээр харсан гэж цэдэглэсэн байдгийг тайлбарла. Самбар дээр сайн дураараа зурах суралцагчийг ол. Цөөн суралцагчийг Илчлэлт 4:1–8-ыг ээлжлэн чанга уншихад уриад, ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иоханы харсан зүйлсийг олж мэдэхийг хүс. Сайн дурын суралцагчид эдгээр шүлгээс унших үед Иоханы харсан зүйлсийг зурахыг зааварла. Зурж байгаа суралцагчид зурж буй хэсгээ бүрэн дуусгах цаг гаргаж өгөхийн тулд уншиж байгаа суралцагчдыг үе үе түр саатаж унших хэрэгтэй гэдгийг хэл. (Сайн дурын суралцагчаас “сэнтийд залрагч Нэгэн” [2-р шүлэг] буюу Тэнгэрлэг Эцэгийг хүндэтгэх үүднээс зурахгүй байхыг хүс. Та нэмэлтээр цөөн суралцагчийг ээлжлэн зурахад оролцуулахаар урьж болно.

“Сүнс дотор” байх (2-р шүлэг) гэдэг нь илчлэлтийн байдалд эсвэл үзэгдэлд Сүнсээр бүрхэгдэх гэсэн утгатайг тайлбарла. 3-р шүлэг дэх “хаш чулуу” гэдэг нь өнгөт чулуу эсвэл алмазыг хэлж болно. “Молор эрдэнэ” (3-р шүлэг) нь ихэвчлэн улаан эсвэл улаавтар улбар шар өнгөтэй үнэт чулуу болохыг тайлбарла.

Орчин үеийн илчлэлт Иоханы харсан зүйлсийн тухай илүү сайн ойлгоход бидэнд тусалдаг гэдгийг тайлбарла. Жишээ нь, бошиглогч Иосеф Смитийг Их Эзэнээс Илчлэлт 1–11-д цэдэглэсэн зарим бэлгэ тэмдэг, үйл явдлыг орчуулахыг хүссэний дараа Тэр Сургаал ба Гэрээ 77 дээр цэдэглэсэн илчлэлтийг өгсөн.

Суралцагчдыг хоёр эсвэл гурваар нь бүлгүүд болгон хуваарилж, бүлэг бүрд дараах тараах материалын хувийг өг. Бүлэг бүрийн суралцагчдыг солбицсон эшлэлүүдийг хамтдаа чанга уншаад, Иоханы харсан зүйлсийн талаар олсон нэмэлт мэдээллээ хүснэгтэнд бичихэд урь.

Зураг
тараах материал, Илчлэлт 4

Илчлэлт 4

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—153-р хичээл

Иохан юу харсан

Солбицсон эшлэл

Нэмэлт мэдээлэл

Сэнтий (Илчлэлт 4:2–3)

Сургаал ба Гэрээ 137:1–4

Титэмтэй хорин дөрвөн ахлагч (Илчлэлт 4:4)

Сургаал ба Гэрээ 77:5

Бурханы долоон сүнс (Илчлэлт 4:5)

Иосеф Смитийн Орчуулга, Илчлэлт 4:5 (Илчлэлт 4:5, зүүлт тайлбар а)

Шилэн тэнгис (Илчлэлт 4:6)

Сургаал ба Гэрээ 77:1; 130:6–9

Дөрвөн амьтан (Илчлэлт 4:6–7)

Сургаал ба Гэрээ 77:2–3

Амьтад олон нүд, зургаан шүдтэй (Илчлэлт 4:8)

Сургаал ба Гэрээ 77:4

Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг олсон нэмэлт мэдээллээ хуваалцахад урь. Шаардлагатай бол дараах хариултуудыг суралцагчдын ойлголтыг тодорхой болгох эсвэл нэмэгдүүлэхэд ашигла. Үүнд: Бурхан селестиел хаант улсад сэнтий дээр залардаг; 24 титэмтэй ахлагч нь долоон чуулганд харьяалагддаг байсан итгэлтэй ахлагчид билээ; долоон сүнс биш харин Бурханы долоон үйлчлэгч заагдсан байдаг; шилэн тэнгис бол алдаршсан, селестиел байдалдаа байгаа дэлхий; дөрвөн амьтан нь алдаршсан биесийн ангиллыг (эсвэл зүйл) төлөөлөх бодит амьтад билээ; амьтдын нүд агуу гэрэл, мэдлэгийг мөн амьтдын далавчууд нь хөдлөх болон үйлдэх хүчийг төлөөлдөг.

Цөөн суралцагчийг Илчлэлт 4:8–11-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Тэнгэрлэг Эцэгийг тойрон цугларагчид юу хэлж, юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Тэнгэрлэг Эцэгийг тойрон цугларагчид Түүний талаар юу хэлсэн бэ? Тэд юу хийсэн бэ?

  • Ахлагчдын Тэнгэрлэг Эцэгийн сэнтийн өмнө титмээ шидэх нь юуг төлөөлж байгаа вэ? (Боломжит хариултуудад тэд Тэнгэрлэг Эцэгийн сүр жавхланг таньж мэдэрсэн; Түүнд өөрсдийн өргөмжлөлөөр өртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн; Түүнд үзүүлэх тэдний хүндэтгэл, бишрэл, хүлцэнгүй үнэнч зан зэрэг орно.)

  • Бид эндээс Тэнгэрлэг Эцэгийн сүр жавхланг таньж мэдэх нь хэрхэн бидэнд нөлөөлж болох талаар ямар зарчмыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Тэнгэрлэг Эцэгийн сүр жавхланг таньж мэдэх үедээ Түүнийг шүтэн биширч, магтан дуулах хүсэлтэй болдог гэсэн зарчмыг олж тодорхойлж байгаа эсэхийг бататга.)

  • Тэнгэрлэг Эцэгийн сүр жавхланг таньж мэдэхэд бидэнд юу тус болох вэ?

Илчлэлт 5

Иохан долоон тамгаар лацадсан номыг мөн номыг нээх зохистой Хургыг харав

Цөөн суралцагчийг Илчлэлт 5:1–4-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иохан Тэнгэрлэг Эцэгийн гарт юу байгааг харсныг олж мэдэхийг хүс.

  • Иохан Тэнгэрлэг Эцэгийн гарт юу байгааг харсан бэ? (Долоон тамгатай ном эсвэл хуйлмал зүйл.)

Эрт үед чухал бичиг баримтуудыг шавар эсвэл лаваар лацаддаг байсныг тайлбарла. Зөвхөн бичиг баримт эзэмшигч болон эзэмшигчийн зөвшөөрсөн хүмүүс л лацыг эвдэж, бичсэн зүйлийг унших эрхтэй байсан.

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, уг номыг нээж болох хүн нь ямар шинж чанартай байх шаардлагатай вэ?

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 77:6–7-г дотроо уншаад, уг номын болон лацнуудын утга учрыг олж мэдэхийг хүс.

  • Тэр ном юуг агуулдаг вэ?

7000 жилийн хугацаа нь Адам, Ева хоёрын уналтаас хойших цаг хугацааг төлөөлж байгаа гэдгийг тайлбарла. Энэ нь бүтээлтийн цаг хугацаа гэх мэт дэлхийн бодит насыг төлөөлөөгүй.

  • Сургаал ба Гэрээ 77:7-д цэдэглэснээр, долоон лац юуг төлөөлдөг вэ? (Энэ нь Адамын уналтаас Мянган жилийн төгсгөл хүртэлх долоон мянган жилийн турш дахь дэлхийн зуурдын оршин тогтнол билээ.)

Уг номын болон лацны утга учрыг бодож үзвэл, ямар ч хүн тэр номыг нээх зохистой биш байгааг хараад Иохан Бурханы хүсэл, ажил нь илчлэгдэхгүй эсвэл биелэгдэхгүй юм байна гэж бодсон байх гэдгийг онцолж хэл.

  • Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөөх авралын төлөвлөгөө биелэхгүй бол Түүний хүүхдүүдэд юу тохиолдох вэ?

Нэг суралцагчийг Илчлэлт 5:5–7-г чанга уншихад урь. Уг суралцагчийг 6-р шүлгийн зүүлт тайлбар б дэх Иосеф Смитийн Орчуулгыг мөн уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иоханд яагаад уйлахаа боль гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Та сударт эвэр нь ихэвчлэн хүч чадал, эрх мэдлийн бэлгэ тэмдэг; нүд нь гэрэл, мэдлэгийн бэлгэдэл болдог; арван хоёр гэдэг тоо нь тэнгэрлэг засгийн газар, байгууллага эсвэл санваарын бэлгэдэл болдог гэдгийг тайлбарлаж болно.

  • Иоханд яагаад уйлахаа боль гэж хэлсэн бэ?

  • Илчлэлт 5:6-д Есүс Христийг нэрлэсэн нэр нь Түүний талаар юуг илчилсэн бэ? (Тэрээр Бурханы хүүхдүүдийг цагаатгахаар өгсөн золиослолын өргөл байсан [Исаиа 53:7; 1 Коринт 5:7; 1 Петр 1:18–19-ийг бас үзнэ үү]. Та “нядлуулсан мэт Хурга” [Илчлэлт 5:6] гэдэг нь нядлуулсан байж болох тэмдгүүдийг харуулсан Хургыг хэлж байгааг тайлбарлах хэрэгтэй байж болно. Баптисм хүртээгч Иохан нь Аврагчийг “Бурханы Хурга” [Иохан 1:29, 36] гэж хэлснийг онцолж хэл.)

Нэг суралцагчийг Илчлэлт 5:8–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Тэнгэрлэг Эцэгийн сэнтийг тойрон байгаа хүн амьтад Хургыг хэрхэн магтан дуулж байгааг олж мэдэхийг хүс. Та “утлагаар дүүрэн сав” (8-р шүлэг) гэдэг нь өргөн амсартай аяга эсвэл саваар дүүрэн хүж утлагыг хэлсэн гэж тайлбарлаж болно.

  • Тэдгээр хүн амьтан нь Хурга буюу Есүс Христийг хэрхэн магтан дуулсан бэ?

  • Бид Хурганы талаар Иоханы харсан, үзсэн зүйлс дээр үндэслээд Есүс Христийн тухай ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Есүс Христ бол биднийг гэтэлгэх зохистой бөгөөд чадвартай цорын ганц хүн юм гэсэн үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Яагаад Есүс Христ биднийг гэтэлгэх зохистой бөгөөд чадвартай цорын ганц хүн бэ?

  • 10-р шүлэгт цэдэглэснээр, Есүс Христээр гэтэлгэгдсэн тэд ямар хүмүүс болох вэ? (Хаад болон тахилчид, эмэгтэйчүүдийн хувьд хатад болон санваартан эмэгтэйчүүд юм [Брүс Р.Макконки, Mormon Doctrine, 2 дахь хэвлэл (1966), 613].)

Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөө болон энэ төлөвлөгөөн дэх Аврагчийн үүрэг нь тэдний хувьд ямар утга учиртай болохыг тунгаан бодоход урь. Суралцагчдыг бодол санаа, мэдрэмжээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг хичээлийн төгсгөл хавьд бичсэн зүйлээ хуваалцахад урих болно гэдгийг мэдэгд.

Цөөн суралцагчийг Илчлэлт 5:11–14-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Есүс Христийг болон Тэнгэрлэг Эцэгийг шүтэн биширч, магтан дуулахад бусад хүн хэрхэн нэгдсэнийг олж мэдэхийг хүс.

  • Хурга Тэнгэрлэг Эцэгийн мутраас номыг авсны дараа алдаршсан хүн амьтад болон бүх бүтээгдсэн юм яагаад Түүнийг шүтэн биширч, магтан дуулсан бэ? (Хүн амьтад Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн сайн сайхныг олж мэдээд, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Хурганы үүрэгт талархах талархлыг мэдэрсэн.)

  • Иоханы харсан хүн амьтан, бүтээгдсэн юмсын хувьд биднийг Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг бишрэн шүтэж, магтан дуулахад хүргэдэг зүйлсийн тухай ямар үнэнийг бид мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлсийг таньж мэдэн, талархах үедээ Тэднийг шүтэн биширч, магтан дуулах хүсэлтэй болдог гэсэн зарчмыг олж тодорхойлж байгаа эсэхийг бататга.)

Алдаршсан хүн амьтад болон бүх бүтээгдсэн юм Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дуулалдаа оруулан, шүтэн биширсэн юм. Үүний адил бид Тэднийг шүтэн биширч, магтахын тулд дуулал дуулдаг. Ангийнхныг “All Creatures of Our God and King” (Hymns, д. 62) эсвэл Бурханыг магтаж, алдаршуулдаг өөр дууллыг дуулахад уриад, энэ дуулал нь Илчлэлт 5:9–14-тэй хэрхэн холбогдож байгаа тухай бодоход хүс.

  • Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хөгжмөөр дамжуулан шүтэн бишрэхээс гадна Тэднийг шүтэн бишрэх өөр юуг хийж болох вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконкигийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Тэрээр шүтэн бишрэх талаар юу гэж заасныг олж сонсохыг ангийнхнаас хүс.

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

“Жинхэнэ, төгс шүтлэг бишрэл нь Бурханы Хүүгийн мөрийг дагахаас бүрддэг. Энэ нь биднийг ач ивээлээс ач ивээл рүү дэвшсээр Христ Эцэг дотор алдаршсаны адил бид Түүнд алдарших түвшинд хүртлээ зарлигуудыг сахиж, Эцэгийн хүслийг дуулгавартай дагахаас бүрддэг. Энэ нь залбирал, номлол, дууллаас хамаагүй илүү юм. Энэ нь амьдарч, хийж, дуулгавартай байх явдал юм. Энэ нь агуу Жишээ үзүүлэгчийн амьдралыг даган дуурайх явдал юм” (“How to worship,” Ensign, 1971 оны 12-р сар, 130).

  • Ахлагч Макконкигийн сургаал Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг шүтэх бидний ойлголтыг хэрхэн өргөтгөж болох вэ?

  • Бид Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг шүтэн биширч, магтан дуулснаар хэрхэн адислагдах вэ?

  • Та нар яагаад Тэнгэрлэгийг Эцэг болон Есүс Христийг шүтэн биширч, магтан дуулахыг хүсдэг вэ? (Суралцагчдыг өмнө нь тэмдэглэж авсан бодол, мэдрэмжээсээ хуваалцахад урь.)

Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн талаар мөн та яагаад Тэднийг сайн дураараа шүтэн биширдэг талаар өөрийн мэдрэмжээс хуваалцаж болно.

Суралцагчдыг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэлдээ дараах асуултыг тунгаан бодоод, хариулж бичихэд урь.

  • Та нар Тэнгэрлэг Эцэгийг болон Есүс Христийг шүтэн бишрэхийн тулд өөр юу хийж болох вэ?

Суралцагчдад бичих хангалттай цаг гаргаж өгсний дараа бичсэн зүйлээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Илчлэлт 4–5. Иоханы харсан зүйлийн бэлгэдэл

Дөрвөн амьтан (Илчлэлт 4:6–9), “Иудагийн овгийн арслан” буюу “Давидын үндэс” хэмээх нэрс (Илчлэлт 5:5), Бурханы Хурга болох Аврагчийн үүрэг (Илчлэлт 5:6–14) зэргийн тайлбарыг Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага-ын 541-р хуудсаас үзнэ үү (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014 он).

Илчлэлт 4:3. “[Сэнтийд] залрагч нь хаш чулуу ба молор эрдэнэ мэт дүртэй ажээ”

Иохан яагаад хаш чулууг болон молор эрдэнийн чулууг дурдсан болохыг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки тайлбарласан (Илчлэлт 4:3-ыг үзнэ үү).

“Төгс Хүчитнүүдийн Төгс Хүчит нэгний сүр жавхлан, алдар суу, гоо үзэсгэлэнг мөнх бус ойлголтод зориулан цэдэглэх гэж хичээхдээ Иохан үүний гадаад үзэмжийг үнэт, хээнцэр чулуутай зүйрлэсэн. Дурдсан хаш чулууг нь судлаачид алмаз байсан гэж итгэдэг …

… Мөнх бус бошиглогчид хэрхэн мөнх бус хүмүүсийнхээ төсөөлөлд тэр мөнх дэлхийн хүч чадал, алдар сууны туяа нь цацарсан, ер бусын гоо үзэсгэлэнг илчлэх үг хэл олж чаддаг вэ? Тэд солонго, үнэт эрдэнэс, тойрон шатаж буй галын дөл, тэндээс урагш аянга цахилгааны гялбаатай шатаж буй галт нүүрсний тухай ярьдаг. Тэд аянга, дуу хоолой, ус хуйлрах мэт их чимээ, хүч чадал, гоо үзэсгэлэнгийн сүрлэг үзүүлбэрийн тухай хэлдэг. Энэ бүгд нь зөвхөн Сүнсний хүчээр харж, мэдэж болох зүйлсийг мөнх бус үгсээр цэдэглэх гэсэн оролдлого билээ. (Езек. 1 мөн 10; Исаиа 6.) Гэвч хараагүй, сонсоогүй тэр хүмүүс тэнгэрийн цонхны цаана нуугдах тэр зүйлсийн тухай зарим ховор мэдлэгийг олж авч болох оролдлого хийдгийнх нь төлөө Их Эзэнийг магтах болтугай” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973 он], 3:464–466).

Илчлэлт 4:6. “Шилэн тэнгис”

Бошиглогч Иосеф Смит “шилэн тэнгис”-ийн талаар дараах зүйлийг хэлсэн (Илчлэлт 4:6).

“Би оройн зоогон дээр байхдаа дэлхий ариусгагдаж, шилэн тэнгис шиг болох үед энэ нь нэгэн агуу урим ба туммим болно. Гэгээнтнүүд түүн рүү хараад, харагдаж байгаа шигээ харж чадах болно гэж гэрчлэн хэлсэн” (Сүмийн Түүх 5:279).

Ерөнхийлөгч Бригам Янг дараах үгийг хэлсэн.

“Энэ дэлхий шилэн тэнгис, урим ба туммим шиг селестиел бие болох болно. Хэрэв та ямар нэг зүйлийг мэдэхийг хүсвэл энэ дэлхий рүү хараад, Бурханы бүх үүрд мөнхийг харж чадна” (in Journal of Discourses, 8:200; С ба Г 88:17–20, 25–26; 130:6–9-ийг мөн үзнэ үү).