Паулын филиппойчуудад бичсэн захидлын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Паул филиппойчуудад бичсэн захидалдаа Филиппойн гэгээнтнүүдэд урам зориг өгч мөн итгэлээ хамгаалахын тулд нэгдмэл бат зогсон, хамтдаа хөдөлмөрлөхийг ухуулдаг. Паулын филиппойчуудад заасан хамгийн чухал зарчмуудын нэг бол Бурханд залбирч, Түүнд итгэх нь “бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайвныг” (Филиппой 4:7) авчирдаг явдал болно. Энэ номонд буй Паулын урам зоригийн захиасыг судлах нь суралцагчдыг эцсээ хүртэл итгэлтэй тэвчихээр хичээж чармайхад тусална. Суралцагчид Христийг дагахыг хичээх тусам Паулын нэгэн адил итгэлийг олж, “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” хэмээн тунхаглах болно (Филиппой 4:13).
Хэн энэ номыг бичсэн бэ?
Уг номын эхэнд Паултай хамт Тимот дурдагддаг ч (Филиппой 1:1-ийг үзнэ үү) Паул уг номыг филиппойчуудад зориулан бичсэн. Энэ захидлын туршид Би гэсэн ганц тооны биеийн төлөөний үгийг хэрэглэдэг бөгөөд гагцхүү Филиппой 2:19-р шүлэгт Тимотыг дурдсан байдаг нь үүнийг баталж байна. Тимот Паулын удирдлагаар уг захиаг бичин, Паулын бичээчээр ажилласан байж магадгүй юм.
Энэ номыг хэзээ, хаана бичсэн бэ?
Паул Филиппой номыг МЭ 60–-62 онд Ромд анхны удаа хоригдож байхдаа бичсэн (Филиппой 1:7, 13, 17; мөн Үйлс 28:16–31; Судруудын удирдамж, “Филиппой,” scriptures.lds.org-оос үзнэ үү).
Энэ номыг хэнд зориулан, юуны учир бичсэн бэ?
Филиппой бол Паулын сайн мэдээг албан ёсоор номлож, Сүмийн салбарыг байгуулсан Европын хамгийн анхны хот юм (Үйлс 16:11–40; Библийн толь бичиг, “Паулын захидлууд”-ыг үзнэ үү). Паулын уг номыг бичих болсон зорилгуудын нэг нь түүний хоёр дахь номлолын аяны туршид болон Ромд шоронд хоригдох үед нь сэтгэл санааны болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн Филиппойн гэгээнтнүүдэд талархлаа илэрхийлэх явдал байв (Филиппой 1:3–11; 4:10–19; мөн Библийн толь бичиг, “Паулын захидлууд”-ыг тус тус үзнэ үү).
Паул мөн Филиппойн гишүүдийн Есүс Христэд итгэх итгэлийг магтан сайшааж, филиппой шавь Епафродитоос хүлээн авсан тэдний тухай мэдээлэлд үндэслэн тэдэнд зөвлөгөө өгсөн (Филиппой 4:18-ыг үзнэ үү). Паулын зөвлөгөө даруу бөгөөд нэгдмэл байхыг урамшуулж байв (Филиппой 2:1–18; 4:2–3-ыг үзнэ үү). Паул мөн хөвч хөндүүлэх нь хөрвөгдөхөд зайлшгүй шаардлагатай хэмээн заах цэвэр ариун бус Христийн шашинтнуудаас болгоомжлохыг филиппойчуудад сануулдаг. Тэр хүмүүс (ихэнхдээ иудей Христийн шашинтнууд гэж нэрлэгддэг) шинээр хөрвөгчдийг Христийн шашинтай болохоосоо өмнө Хуучин Гэрээний хөвч хөндөх тухай хуулийг дагах ёстой гэж худал шаардлага тавьдаг (Филиппой 3:2–3-ыг үзнэ үү).
Энэ ном ямар ямар онцлог талтай вэ?
Филиппой ном нь Ефес, Колоссай, Филемон зэрэг номын адил шоронгоос бичсэн захидал юм. Хэдий шоронгоос бичсэн ч гэсэн филиппойчуудад бичсэн Паулын захидал түүний бичвэрүүдээс хамгийн баяр баясгалантай нь гэж эрдэмтэд үздэг. Паул талархал, хайр, найдвараа Сүмийн гишүүдэд хэлж, Есүс Христийг дагахын тулд хийсэн золиослолуудаа дүрслэн ярьж, Филиппойн гэгээнтнүүдийг зөв шударга амьдралын зарчмуудад сургадаг. Суралцагчид Филиппой 4:8-р шүлэгт бошиглогч Иосеф Смитийн бичсэн Итгэлийн тунхгийн арван гурвын зарим хэллэгийг олж харж болох юм.
Паул мөнх бус байдлын өмнөх тэнгэрлэг байдлаас “загалмайн үхэл” амссан Аврагчийн мөнх бус амьдрал дахь хүлцэнгүй байдлыг шүлэглэн бичсэн (Филиппой 2:3–8-ыг үзнэ үү). Тэнгэрлэг номлолоо гүйцэлдүүлсэн Есүс Христ одоо өргөмжлөгдөн зогсоход Түүний өмнө “бүх юмс өвдөг сөгдөж,” “бүх хэл … Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх” өдөр ирэх болно (Филиппой 2:10–11). Паул өөрийнхөө итгэл найдвар, хүч чадлын дотоод эх булгийг Есүс Христээс ирсэн гэж илчилдэг (Филиппой 4:13-ыг үзнэ үү).
Тойм
Филиппой 1 Паул Филиппойн гэгээнтнүүдийг хамт зүтгэсэнд талархлаа илэрхийлсэн. Тэрээр Их Эзэнд үйлчлэхдээ шоронд хоригдохоос өгсүүлээд өөрт тохиолдсон эсэргүүцэл нь сайн мэдээний ажлыг урагшлуулсан гэж заасан. Тэрээр Сүмийн гишүүдийг итгэлээ хамгаалахдаа нэгдмэл байж, бат зогсоход уриалсан.
Филиппой 2 Паул Сүмийн гишүүдийг эв нэгдэлтэй байхад урамшуулж, мөнх бус амьдралд ирсэн хүлцэнгүй Есүс Христийг хайр, дуулгавартай болон даруу байдлын жишээ болохыг нотолдог. Хүн бүр хэзээ нэг өдөр Есүс Христийг Их Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөх болно. Паул Сүмийн гишүүдийг өөрсдийнхөө авралын төлөө ажиллах талаар зааварладаг.
Филиппой 3 Паул Иудей Христийн шашинтнуудаас сэрэмжлүүлдэг. Тэрээр Есүс Христийг дагахын тулд фарисай байсан урьдын амьдралаасаа хэрхэн сайн дураараа бүрэн татгалзсанаа өгүүлдэг. Паул гэгээнтнүүдэд түүний жишээг даган аврал өөд урагш тэмүүлэхийг ухуулсан. Паул Есүс Христ бидний мөнх бус бие махбодыг Өөрийнх шигээ гайхамшигт бие махбод болгон өөрчлөх болно гэдгийг тайлбарласан.
Филиппой 4 Паул гэгээнтнүүдийг Их Эзэний дотор үргэлж баяр хөөртэй байхад урамшуулдаг. Тэрээр тэднийг айдас зовнилоо залбирал, талархлаар солихыг ухуулан, тэгснээр тэд бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар амгаланг эдлэх болно хэмээн амласан. Паул Сүмийн гишүүдийг хүндэтгэлтэй, зөв, үнэн, цэвэр ариун, сайхан, сайшаалтай, сайн үйл бүхий зүйлсийг бодож санахыг зөвлөсөн. Тэрээр өөрийг нь хүчирхэгжүүлэгч Есүс Христээр дамжуулан бүгдийг хийж чадна гэдгээ хүлээн зөвшөөрдөг.