Номын сан
125-р хичээл: Филиппой 4


125-р хичээл

Филиппой 4

Оршил

Паул Филиппойн гэгээнтнүүдийг залбирч, зөв шударга аливаа зүйлийг эрэлхийлж байхыг зааварчилсан. Тэрээр мөн Есүс Христийн боломж олгогч хүчинд итгэдгээ тунхагласан. Паул захидлаа өөрт нь хүнд хэцүү цаг үед үзүүлсэн тусламж дэмжлэгийнх нь төлөө Филиппойн гэгээнтнүүдэд талархаж байгаагаа илэрхийлэн төгсгөжээ.

Заах зөвлөмж

Филиппой 4:1–14

Паул Филиппойн гэгээнтнүүдийг залбирч, зөв шударга аливаа зүйлийг эрэлхийлж байхыг зааварчилсан.

Хичээл эхлэхээс өмнө дараах өгүүлбэрүүдийг тус тусад нь цаасан дээр бичээд, суралцагч тус бүрд тарааж өг.

“Би удахгүй болох шалгалтаа хэрхэн давах талаар санаа зовж байна.”

“Би гэр бүлийнхээ өвчтэй байгаа гишүүнд санаа зовж байна.”

“Би итгэлийнхээ төлөө сорилтыг хэрхэн давах тал дээр санаа зовж байна.”

“Би сайн номлогч байж чадах эсэхдээ санаа зовж байна.”

Сэтгэлийн зовнил гэсэн үгийг самбар дээр бичиж, хичээлээ эхэл. Бид амьдралынхаа туршид бидний санааг зовооход хүргэдэг түвэгтэй асуудалтай эсвэл нөхцөл байдалтай тулгардаг. Тараасан цаасыг авсан суралцагчдыг нэг нэгээрээ босоод, оногдсон өгүүлбэрүүдээ уншиж өгөхөд урь. Ангийнхнаас эдгээртэй адил төстэй, санааг нь зовниход хүргэж байсан үеэ бодохыг хүс.

  • Түвэгтэй асуудлаас эсвэл хүнд нөхцөл байдлаас үүдэн бидэнд өөр бусад ямар санаа зовнисон асуудал байж болох вэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ өөрсдийнхөө эсвэл таньдаг хэн нэгнийхээ санаа зовж буй асуудлын талаар бичихэд урь. Суралцагчдыг Филиппой 4-ийг судалж байхдаа тэднийг санаа зовох үед туслах үнэнийг олж мэдэхэд урь.

Паул Филиппойн Сүмийн гишүүдэд бичсэн захидалдаа Сүмийн гишүүдийн итгэлтэй байдлыг (Филиппой 2:12-ыг үзнэ үү) сайшаан магтаж, Есүс Христийн төлөө золиослол хийдэг болон итгэлтэй хүмүүст бэлэн байдаг мөнхийн шагналуудын талаар заасныг суралцагчдад сануул. Паул гэгээнтнүүдийг Их Эзэнд бат итгэлтэй зогсож, Их Эзэний дотор баярлаж, номхон дөлгөөн зангаа (5-р шүлэг, зүүлт тайлбар a-г үзнэ үү) бусдад ил байлгахыг зөвлөсөн талаар тайлбарлан, Филиппой 4:1–5-р шүлгийг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Филиппой 4:6-ийн эхний өгүүлбэрийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, гэгээнтнүүдэд өгсөн Паулын зөвлөгөөг олж мэдэхийг хүс. “Юунд ч бүү санаа зов” гэдэг хэллэг нь аливаа зүйлийн талаар хэт санаа зовохгүй байх гэсэн утгатайг ойлгоход нь туслахын тулд суралцагчдыг 6-р шүлэг, зүүлт тайлбар a-аас лавлах тухай заа.

Есүс Христийн итгэлт дагагчдын хувьд, хэрэв … гэсэн өгүүлбэрийг самбарт бич:

Нэг суралцагчийг Филиппой 4:6-ийн үлдсэн хэсгийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдийг санаа зовохын оронд юу хийх хэрэгтэй гэж зөвлөснийг олж мэдэхийг хүс. Та гуйлт бол даруу, чин сэтгэлийн хүсэлт гэдгийг тайлбарлах хэрэгтэй.

  • 6-р шүлэгт байгаа Паулын зааварчилгааг та нар хэрхэн хураангуйлан тайлбарлах вэ? (Суралцагчдын хариултыг “хэрэв” гэсэн өгүүлбэрт оруулан, Есүс Христийн итгэлт дагагчдын хувьд, хэрэв бид гуйж, талархан байж залбирвал … гэсэн маягаар бич.)

Тэгвэл гэсэн үгийг самбарт буй өгүүлбэрт нэмж бич. Нэг суралцагчийг Филиппой 4:7-г чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг дагаж уншаад, гуйж мөн талархаж залбирсны төлөө Паул ямар адислал амласныг хайж олоход урь. Энэ шүлэгт байх хамгаалах гэдэг үг нь хадгалах (7-р шүлэг, зүүлт тайлбар в-г үзнэ үү) гэсэн утгатайг тайлбарла.

  • Та Паулын амласан адислалыг хэрхэн товчлон хэлэх вэ? (Суралцагчдын хариултыг самбарт Тэгвэл гэсэн үгний араас бич. Суралцагчид Есүс Христийн итгэлт дагагчдын хувьд, хэрэв бид гуйж мөн талархаж залбирвал Бурхан биднийг Өөрийн амар амгалангаар адислах болно гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох ёстой.)

  • Бид санаа зовсон үедээ залбирахдаа талархах нь хэрхэн бидэнд амар тайванг авчрахад тусалдаг вэ?

  • Бурханы амар тайван бидний зүрх сэтгэл, санаа бодлыг юунаас хамгаалдаг вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас амар тайван байхад бидэнд туслах Бурханы өөр өөр арга замыг олж сонсохыг хүс.

Зураг
Ахлагч Ричард Г.Скотт

“Тэнгэр дэх Эцэг тань та нарын сонгох эрхийг хүндэтгэдэг учраас Өөртөө хандан залбирахыг хэзээ ч тулгадаггүй. Гэвч сонгох эрхээ хөгжүүлэн өдөр тутмын амьдралынхаа бүхий л үйл хэрэгт Түүнийг оролцуулбал зүрх сэтгэл тань амар амгалангийн баяр хөөрөөр дүүрэх болно. Тэрхүү амар амгалан нь та нарын хичээл чармайлтын мөнхийн гэрэл дээр төвлөрөх болно. Энэ нь эдгээр сорилтыг мөнхийн алсын хараагаар зохицуулахад та нарт туслах болно” (“Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 105–109).

  • Ахлагч Скоттын хэлснээр Бурханы амар амгалан бидэнд тулгарсан асуудалд хэрхэн тусалдаг вэ?

  • Та хэзээ санаа зовнисон үедээ гуйж мөн талархаж залбираад, Бурханы амар тайвнаар адислагдсан бэ?

Суралцагчдаас энэхүү хичээлийн эхэнд бичсэн санаа зовнисон асуудлаа эргэн харахыг хүс. Тэднийг санаа зовохын оронд гуйж мөн талархаж залбирдаг байхад урамшуул. Хэрэв суралцагчид хэн нэгний санаа зовниж байгаа зүйлийн талаар бичсэн бол энэхүү зарчмыг тухайн хүнтэй хуваалцахад уриал.

Филиппойн гэгээнтнүүдэд заасан нэмэлт зарчмыг таньж мэдэхэд бэлтгэхийн тулд ангийг гурван хэсэг болгон хуваарил. Ангийн эхний хэсгээс дуртай хүнсний зүйлээ, өөр хэсгээс алиа хошин зураг эсвэл болсон явдлыг, үлдсэн хэсгээс ариун сүмийн зураг, туршлагаа бодохыг тус тус хүс. Суралцагчдыг ийнхүү бодоход 30 секундын турш бодол санаагаа төвлөрүүлэхэд урь.

  • Энэхүү бодолд анхаарлаа төвлөрүүлсэн нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Бидний юу бодох нь бидний хүсэл эрмэлзэл, ааш занд нөлөөлдөг болохыг онцлон тэмдэглэ. Филиппой 4:8–9-ийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Филиппойн гэгээнтнүүдийг юу бодож санаж, хий хэмээн зөвлөснийг олж мэдэхийг хүс. Та “бодож санах” гэдэг нь нухацтай үргэлжлүүлэн бодохыг хэлдэг хэмээн тайлбарлах хэрэгтэй.

Паулын бодол санаагаа төвлөрүүлэхийг зааварчилсан зүйл тус бүрийг тэмдэглэж авахад суралцагчдыг урь.

  • Паул эдгээр зүйлийг бодохоос гадна Сүмийн гишүүдийг юу хий хэмээн зөвлөсөн бэ?

  • Хэрэв гэгээнтнүүд түүний сургаал, үлгэр жишээг дагавал ямар ямар адислал авна гэж Паул тэдэнд амласан бэ?

  • Бид Филиппой 4:8–9-р шүлэгт Паулын итгэлтэй гэгээнтнүүдэд заасан зүйлээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв итгэлтэй гэгээнтнүүд санаа бодлоо зөв шударга ямар ч зүйл дээр төвлөрүүлж, төлөөлөгч, бошиглогчдыг дагах аваас амар тайвны Бурхан тэдэнтэй байх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • Өөрсдийн бодлыг зөв шударга ямар ч зүйл дээр төвлөрүүлэх нь бидний хүсэл эрмэлзэл, ааш занд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ангийнхнаас Агуу Үнэт Сувдад буй Итгэлийн тунхгийг гаргахыг хүс. Итгэлийн арван гуравдугаар тунхгийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас тунхгийг дагаж уншаад, Филиппой 4:8-тай адил зүйлийг олж мэдэхийг хүс.

  • Та энэ хоёр шүлгээс ямар адил зүйл олж харсан бэ?

Бошиглогч Иосеф Смит энэхүү “Паулын зөвлөгөө”-г Филиппой 4:8-аас авч, итгэлийн арван гуравдугаар тунхагт бичихдээ “тэдгээр юмсыг бодож санацгаа” гэснийг “бид эдгээр зүйлийг эрэлхийлдэг” гэсэн илүү идэвхтэй төлөвт оруулан өөрчилснийг тэмдэглэ.

  • Хүндэтгэлтэй, зөв, цэвэр ариун, сайшаалтай, сайхан, магтууштай зүйлүүдийг эрэлхийлэх нь бидэнд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Эдгээр зүйлийг эрэлхийлэх нь биднийг бодол санаагаа тиймэрхүү зүйлс дээр төвлөрүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдыг гурав эсвэл дөрвөн хүнтэй бүлгүүдэд хуваарил. Бүлэг бүрд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг (2011) болон дараах тараах материалыг өг. Бүлэг тус бүрд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Болзоо,” “Хувцаслалт ба гадаад төрх,” “Боловсрол,” “Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл,” “Найз нөхөд,” “Хэл яриа,” ба “Хөгжим ба бүжиг” гэсэн сэдвүүдээс хоёрыг өг. (Суралцагчдынхаа тооноос хамааран бүлгүүдийн хэмжээг болон өгөх сэдвүүдээ тохируул.) Суралцагчдыг тараах материал дээр байгаа удирдамжийг дагахад зааварчил.

Зураг
Тараах материал

Филиппой 4:8–9

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—125-р хичээл

Өөрт оногдсон сэдвүүдийг энд бич.

Сэдэв тус бүрд дараах асуултуудыг тавь.

  • Филиппой 4:8–9-д байх Паулын зааварчилгааг тухайн сэдэвт хамаатай сонголтуудаа чиглүүлэхдээ хэрхэн ашиглах вэ?

  • Бид Паулын зааварчилгааг дагахыг хичээснээр тухайн сэдэвтэй холбоотой ямар асуудлуудтай тулгарч болох вэ?

Дараа нь дараах асуултыг ярилц.

  • Зөв шударга зүйлсийг эрэлхийлж, төлөөлөгч, бошиглогчдыг дагахыг хичээхдээ амар тайвны Бурханыг өөрсөдтэйгөө хамт байлгах нь яагаад хэрэгтэй вэ?

Хангалттай цаг өгсний дараа бүлэг бүрээс нэг суралцагчийг гарч ирэн, асуулт бүрийн талаар бүлэг нь юу олж мэдсэнийг хэлэхийг хүс.

  • Та нар бодол санаагаа зөв шударга зүйлс дээр төвлөрүүлэхэд амар тайвны Бурхан та нартай хамт байгаагаа хэрхэн харуулж байна вэ?

Суралцагчдыг судрын тэмдэглэл эсвэл хичээлийн дэвтэртээ бодол санаагаа зөв шударга зүйлс дээр төвлөрүүлэх болон Бурханы төлөөлөгч, бошиглогчдыг дагах хичээл зүтгэлээ сайжруулах нэг арга замыг бичихэд уриал.

Паул зовлон зүдгүүртэй цаг үед нь тусалж дэмждэгт Филиппойн гэгээнтнүүдэд талархсныг тайлбарлан, Филиппой 4:10-ыг нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчаас Филиппой 4:11–12-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул юу мэдсэн гэж гэгээнтнүүдэд хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул бүхий л нөхцөл байдалд юу хийх ёстойг мэдэж авсан бэ?

Нэг суралцагчийг Филиппой 4:13–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын хүч чадлын эх сурвалж хэн байсныг олж мэдэхийг хүс.

  • Паул хүч чадлынхаа эх сурвалжийг юу байсан гэж хэлсэн бэ?

13-р шүлэгт байх Паулын хэлсэн үг Есүс Христээр өгөгдсөн хүч чадал дахь түүний ур чадвар ямар ч нөхцөлд сэтгэл хангалуун байх зэрэг Бурханы таалалд нийцсэн буюу зайлшгүй бүх зүйлийг хийхтэй холбоотой гэдгийг тайлбарла.

  • Бид 13-р шүлгээс ямар үнэнийг мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөрсдийн үгийг ашиглан Бидэнд хүч өгөгч Есүс Христээр дамжуулан бид бүгдийг хийж чадна гэсэн үнэнийг олж тогтоох ёстой [Aлма 26:12-ыг үзнэ үү].)

  • Бид Есүс Христийн өгдөг тэрхүү хүчийг авахын тулд юу хийж болох вэ?

Нэг суралцагчаас Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгсийг чанга уншихыг хүс. Энэхүү хүч нь биднийг юу хийх чадвартай болгодгийг сонсохыг суралцагчдаас хүс:

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Энэ нь дан ганц өөрсдийн хүчээр хэзээ ч хийж чадахгүй зүйлсийг хийж гүйцэтгэхэд туслах Бурханы хүч чадлын адислалыг бидэн дээр юүлэх … явдал юм. Бурханы энэхүү гайхамшигт ач ивээлээр Түүний хүүхдүүд хууран мэхлэгчийн аливаа ов мэхийг даван туулж, гэм нүглийг ялан дийлж, ‘Христэд төгөлдөржиж’ чадна [Моронай 10:32]” (“Ач ивээлийн бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99).

  • Бид ямар байдлаар энэхүү хүч чадал буюу ач ивээлийг мэдэрч болох вэ? (Боломжит хариултуудад нэмэгдсэн уян хатан байдал; шийдэмгий зан; эр зориг; тэсвэр тэвчээр; шаргуу зан болон бие махбод, оюун санааны эсвэл сүнслэг байдлын хүч чадал зэрэг нь багтана.)

  • Есүс Христ та нарт ямар нэгэн сайн зүйл хийх хүчийг хэзээ өгсөн бэ? (Хувийн туршлагаасаа хуваалцахыг бод.)

Филиппой 4:15–23

Паул филиппойчуудад бичсэн захидлаа талархлын үгсээр төгсгөсөн.

Паул тусламж хэрэгтэй байх үед нь дэмжиж байсных нь төлөө Филиппойн гэгээнтнүүдэд дахин талархсаныг тайлбарлан, Филиппой 4:15–23-ыг нэгтгэн дүгнэ. Гэгээнтнүүдийн бэлэг нь Бурханы таалалд нийцсэн өргөл байсан бөгөөд Бурхан мөн тэдний хэрэгцээг хангах болно хэмээн Паул амласан.

Хичээл дээр ярилцсан үнэнүүдийн тухай гэрчлэлээ хуваалцаж, энэ хичээлээ төгсгө.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Филиппой 4:13

Филиппой 4:13-ыг самбарт бичиж, чанга хэлүүлэх замаар уг судрыг суралцагчдыг чээжлэхэд тусал. Нэг үгийг арилгаад, дахин хамтдаа чанга хэл. Бүх үгийг арилтал үргэлжлүүлэн хий.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Филиппой 4:6. Саад бэрхшээлтэй үед талархлаа илэрхийлдэг байх

Ямар ч асуудалтай үед бүр бидний санааг зовоодог тэдгээр нөхцөлд талархах нь хэрхэн биднийг адисалдаг талаар Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф заажээ.

Чухамдаа ихэнх судрын эшлэлд талархлыг аливаа нэгэн зүйлийн төлөө гэхээсээ илүү талархлын сүнстэй байх буюу хандлага талаас нь илэрхийлсэн байдаг. …

“Бид юу ч тохиолдсон талархдаг байхыг сонгож чадна.

Ийм талархал бидний эргэн тойронд болж буй ямар ч зүйлийг ялан дийлдэг. Энэ нь харамсал, урам хугарал, цөхрөлийг давж гардаг. …

Бид нөхцөл байдалдаа Бурханд талархдаг байвал хүнд хэцүү цагт ч амар амгаланг мэдэрнэ. Уй гашуутай үед ч бид зүрх сэтгэлээ магтаалд өргөж чадна. Бид өвчин шаналалд автаж байсан ч Христийн Цагаатгалд баясаж чадна. Тэр байтугай, бид гашуун зовлонгийн тэсгэм хүйтэнд ч дотно бөгөөд дулаахан тэнгэрийн тэврэлтийг мэдэрч чадна. …

Тэнгэрлэг Эцэгтээ талархах нь бидний танин мэдэхүйг тэлж, хэтийн төлөвийг тодорхой болгодог” (“Ямар ч нөхцөл байдалд талархалтай байх нь,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90–93).

Филиппой 4:6–7. Бурханы амар амгалан

Ерөнхийлөгч Томас С.Монсон биднийг залбирах үед ирэх амар тайвны тухай:

“Зарим үед бидэнд дүүрэн өргөстэй, хүнд бэрх замаар алхах үе ч ирнэ. Заримдаа бүхий л бэлгийг Өгөгч Түүнээс тусгаарлагдаж, бүр алслагдсан мэт санагдах мөч ч ирэх болно. Бид ганцаараа алхаж байна хэмээн шаналах тэр үед итгэл маань айдсаар солигдоно.

Та нар тийм нөхцөл байдалд орвол залбирахаа санаарай гэж би та нараас гуйя. Би залбирлын талаар хэлсэн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоний үгэнд дуртай. Тэрээр:

‘Залбиралд найд гэдэг зөвлөгөө нь бараг надад … өгсөн бусад бүх зөвлөгөөнөөс илүү, хамгийн ихээр амьдралын маань турш намайг адисалсаар ирсэн. Залбирал нь миний нэг хэсэг мөн миний зангуу, хүч чадлын минь байнгын эх үүсвэр, түүнчлэн миний тэнгэрлэг зүйлсийн мэдлэгийн үндэс болсон юм. …

‘… Хэдийгээр золгүй явдал тохиолддог ч бид залбирлаар тайтгарлыг олж авч чадна. Учир нь Бурхан бодгальд амар амгаланг өгөх болно. Тэрхүү тайван, амгалан мэдрэмж нь амьдралын минь хамгийн агуу адислал юм’ [Эзра Тафт Бэнсон, ‘Үргэлж залбирагтун,’ Ensign, 1990 оны 2-р сар, 4–5].

Төлөөлөгч Паул:

‘Хүсэлтээ Бурханд мэдүүл.

‘Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь Христ Есүс дотор та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг тань хамгаална’ [Филиппой 4:6–7] хэмээн зөвлөсөн байдаг.

Ямар гайхалтай амлалт вэ! Амар амгалан бол бидний хамгийн их хүсэж, тэмүүлдэг зүйл юм.

Бид энэ дэлхий дээр ганцаараа алхах гэж ирээгүй. Бидний хүн нэг бүрд ямар агуу хүч чадал, тайтгарлын эх ундарга байдаг гээч” (“Бид хэзээ ч ганцаараа алхдаггүй,” Ensign эсвэл 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141–144).

Филиппой 4:8. Паулын зөвлөгөө

“Паул гэгээнтнүүдийг үнэн, зөв, цэвэр ариун, сайхан, сайшаалтай зүйлсийг ‘бодож санацгаа’ (анхааралтай байж, үргэлжлүүлэн бод) гэж зөвлөсөн (Филиппой 4:8). Бошиглогч Иосеф Смит … энэхүү “Паулын зөвлөгөө”-г итгэлийн арван гуравдугаар тунхагт бичихдээ “тэдгээр юмсыг бодож санацгаа” гэснийг ‘эдгээр зүйлүүдийг эрэлхийлдэг’ гэсэн илүү идэвхтэй төлөвт болгон өөрчилжээ (Итгэлийн тунхаг 1:13; налуу бичилт нэмэгдсэн). Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлин ‘эдгээр зүйлүүдийг эрэлхийлэх’ зөвлөгөөний тухай хэлэхдээ:

“‘Эрэлхийлэх гэдэг үг нь эрэлд гарах, нээн илрүүлэхийг хичээх, олж авахыг хичээх гэсэн утгатай. Энэ нь амьдралд идэвхтэй, шаргуу хандахыг шаарддаг. … Энэ нь бид өөрсдөө хичээхгүй байж, ямар нэгэн сайн сайхан зүйл бидэнд тохиолдохыг идэвхгүй хүлээж суухын эсрэг юм.

Бид амьдралаа өөр юугаар ч биш зөвхөн сайнаар дүүргэж чадна. Бид хэзээ ч хилэнцтээс хүртэлгүйгээр маш олон сайн зүйлээс сонгох болно. …

Хэрэв бид сайн бөгөөд сайхан зүйлсийг эрэлхийлбээс гарцаагүй олох болно. Эсрэгээрээ, хэрэв бид хилэнцтийг хайх аваас мөн л олох болно’ (“Сайныг эрэлхийлэх нь,” Ensign, 1992 оны 5-р сар, 86)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 437–438).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки мөн Сүмийн гишүүдийг “сайн бөгөөд бүх зүйлийг сэнхрүүлэгч зүйлийг хайхыг зөвлөсөн. …

“Дэлхийг ноёлогч бүхний бодлоор анхаарлаа эсрэг эсвэл хилэнцэт зүйлс дээр төвлөрүүлэх эсвэл ач холбогдол нь эргэлзээтэй бөгөөд ашиг шим нь асуудалтай ажил үйлсэд хүч чадлаа дэмий зарцуулах нь амар байдаг. …

Миний бодлоор хожмын үеийн гэгээнтнүүд Их Эзэнд баясаж, түүнийг сайн сайхан, ач ивээлийнх нь төлөө магтах, түүний мөнхийн үнэнийг зүрх сэтгэлдээ тунгаах, зөв шударга байдалд сэтгэл зүрхээ төвлөрүүлэхийн төлөө шаргуу ажиллах агуу үүрэгтэй. …

Дэлхийн үүслээс өмнө Бурханы өөрийнх нь томилсон мөнхийн хууль байдаг нь хүн бүр юу тарьснаа л хураан авдаг тухай юм. Хэрэв бид хилэнцэт бодлыг бодвол бидний хэл цэвэр бус хэллэгийг хэлэх болно. Хэрэв бид ёс бус явдлын үгсийг ярих аваас ёс бус явдлуудыг үйлдэх болно. Хэрэв бидний бодол санаа дэлхийн зуурдын болон хилэнцэт байдалд төвлөрвөл бидэнд дэлхийн болон зөв шударга бус байдал амьдралын энгийн хэв маяг мэт санагдах болно. Хэрэв бид бодолдоо ёс суртахуунгүй бэлгийн харьцаатай холбоотой зүйлсийг бодох аваас тун удалгүй бүх хүн ёс суртахуунгүй, цэвэр бус хэмээн бодох бөгөөд энэ нь бидний болон дэлхийн хооронд байх ханыг нураана. …

Нөгөөтэйгүүр, хэрэв бид зөв шударга зүйлсийг зүрх сэтгэлдээ тунгааваас зөв шударга болцгооно” (“Эдгээр зүйлсийг бодож санацгаа,” Ensign, 1974 оны 1-р сар, 46–48).

Филиппой 4:13. Есүс Христ бүх сайн зүйлийг үйлдэх хүчийг бидэнд өгдөг

Есүс Христийн өгдөг бүх сайн зүйлийг үйлдэх хүчийг ач ивээл гэж нэрлэдэг (Библийн толь бичиг, “Ач ивээл”). Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Есүс Христийн өгдөг бүх сайн зүйлийг үйлдэх хүчний талаар заасан. Тухайлбал:

“Тэрхүү хайрын тод илрэл нь судрууд дээр Бурханы ач ивээл хэмээн тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь биднийг сул дорой, хязгаарлагдмал байдлаас “үнэнд алдаршиж мөн бүх зүйлийг [мэдэх] хүртлээ үнэн ба гэрлийн” өргөмжлөгдсөн байдал руу ороход өгөгдөх тэнгэрлэг тусламж мөн хүч чадлын бэлэг юм [Сургаал ба Гэрээ 93:28]. …

Энэ нь дан ганц өөрсдийн хүчээр хэзээ ч хийж чадахгүй зүйлсийг хийж гүйцэтгэхэд минь туслах Бурханы хүч чадлын адислалыг бидэн дээр юүлэх … явдал юм. Бурханы энэхүү гайхамшигт ач ивээлээр Түүний хүүхдүүд хууран мэхлэгчийн аливаа ов мэхийг даван туулж, гэм нүглийг ялан дийлж, ‘Христэд төгөлдөржиж’ [Mоронай 10:32] чадна.

Хэдийгээр бидэнд сул талууд байдаг ч бид тэдгээрийг даван туулж чадна. Хэрэв бид өөрсдийгөө даруусган, итгэлтэй байж чадвал Бурханы ач ивээлээр сул дорой талууд маань үнэхээр хүчирхэгжих юм [Ифер 12:27-г үзнэ үү].

Амьдралын маань туршид Бурханы ач ивээл бидний чадварыг өсгөж, амьдралыг баяжуулах материаллаг болон сүнслэг бэлгүүдийг өгдөг. Түүний ач ивээл биднийг цэвэршүүлдэг. Түүний ач ивээл биднийг хамгийн сайнаараа байхад тусалдаг. …

Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, Бурханы ач ивээлийг хүртэхийн тулд сэтгэл зүрхнийхээ угаас гуйн залбирдаг уу?” (“Ач ивээлийн бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 95–99).

Бурхан хэрхэн итгэлтэй хүнд зөв шударга даалгавар биелүүлэх хүчийг өгсөн тухай жишээг ахлагч Жон Х.Гробэрг хуваалцсан (“Их Эзэний салхи,” Ensign, 1993 оны 11-р сар, 26–28).