121-р хичээл
Ефес 2–3
Оршил
Паул Ефес дэх гэгээнтнүүдэд гэм нүгэлтнүүд Бурханы ач ивээлээр аврагдах боломжтой бөгөөд иудейчүүд болон харийнхан Бурханы хороонд нэг болж нэгдсэн хэмээн заасан. Түүнчлэн Паул Есүс Христийн Сүм бошиглогч, төлөөлөгчдийн суурин дээр байгуулагдсаныг тайлбарлаж, гэгээнтнүүдийг Есүс Христийн хайрыг мэдрээсэй хэмээн хүсэж байгаагаа хуваалцсан.
Заах зөвлөмж
Ефес 2
Паул Есүс Христийн цус хэрхэн иудейчүүдийг болон харийнхныг бүгдийг нь авардаг тухай заав
Хичээл эхлэхэд нэг эсвэл түүнээс дээш суралцагчийг (ангийн хэмжээнээс шалтгаалан) ангийнхаа өөр өөр хэсэгт шалан дээр суухад урь. Эдгээр суралцагчийн болон ангийн үлдсэн хэсгийн хооронд дундуур нь наадаг цаасаар эсвэл туузаар хил хязгаар тавиад, тусгаарлагдсан суралцагчдад хичээлд оролцохгүй байх заавар өг. Ангийн үлдсэн хэсэгт дараах асуултуудыг тавь.
-
Энэ нөхцөл байдал тусгаарлагдсан суралцагчид, та нарын хоорондох харьцааны тухай юу зааж болох вэ? (Нэг бүлгийг нөгөөгөөс нь илүү хайрладаг болохыг.)
-
Тусгаарлагдсан суралцагчдад ямар санагдаж байгаа гэж бодож байна вэ? Яагаад?
Суралцагчдаас амьдралын тодорхой нэгэн үед ингэж мэдэрч байсан эсэхийг асуу.
Самбар дээр Харийнхан ба Иудейчүүд гэж бичээд, хоёр багана зур.
-
Паулын тохинууллын үед Сүмийн салбаруудын оршин байх үеийн нийгмийн нөхцөл байдлын талаар мэдсэн мэдлэг дээрээ үндэслэвэл тусгаарлагдсан суралцагчдад ямар шошго таарах байсан бэ? (Харийнхан) Ангийн үлдсэн хэсэгт аль шошго таарах байсан бэ? (Иудейчүүд)
-
Юу ийм салангид байдлыг бий болгосон байж болох вэ? (Зарим иудей хүн өөрсдийгөө төрөлхийн израильчууд байсан бөгөөд хөвч хөндүүлсэн учраас харийн хөрвөгчдөөс илүү Бурханд таалагдана гэж итгэдэг байсан.)
Нэг суралцагчаас Ефес 2:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул Аврагчид болон Сүмд хөрвөгдөхөөс өмнөх харийн (1–2-р шүлгэн дээр “та нар”) болон Иудейн гэгээнтнүүдийг (3-р шүлгэн дээр “бид”) хэрхэн дүрслэн бичсэнийг олж мэдэхийг хүс. 2-р шүлэгт буй “агаарын хүчний ноёрхогч” гэдэг нь чөтгөр болоод дэлхий даяар тархсан түүний нөлөө гэсэн утгатай гэдгийг тайлбарла.
-
1–2-р шүлэгт цэдэглэснээр, Паул хөрвөгдөхөөс өмнөх харийнхныг хэрхэн дүрслэн хэлсэн бэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээрх “Харийнхан” гэсэн багананд жагсаан бич.)
-
3-р шүлэгт цэдэглэснээр, Паул хөрвөгдөхөөс өмнөх иудейчүүдийг болон өөрийгөө хэрхэн дүрслэн хэлсэн бэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээрх “Иудейчүүд” гэсэн багананд жагсаан бич.)
Харийнхан ч мөн иудейчүүд ч гэсэн гэм нүглийнхээ улмаас сүнслэг байдлаараа үхсэн буюу Бурханаас тусгаарлагдсан гэдгийг онцлон хэл (4-р шүлгийг үзнэ үү).
Нэг суралцагчаас Eфес 2:4–6-г чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, харийнхан болон иудей гэгээнтнүүдийн хөрвөлтийн дараах сүнсний нөхцөл байдлыг олж мэдэхийг хүс. Амьд болгосон гэдэг нь амьдруулсан, тэнгэрлэг газар гэдэг нь хүмүүсийн өвлөж авах хаант улс гэсэн утгатайг онцлон хэл.
-
Паул хөрвөлтийн дараах гэгээнтнүүдийг хэрхэн дүрслэн хэлсэн бэ? (Их Эзэн тэднийг сүнслэг үхэл, нүгэлт байдлаас амьд болгосон. Суралцагчдад үүнийг сүнслэг байдлын хувьд дахин төрөх гэсэн утгатай гэдгийг сануул [Moзая 27:24–26-г үзнэ үү].)
Цөөн суралцагчийг Eфес 2:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, харийнхныг болон иудейчүүдийг энэ өөрчлөлтийг хийх боломжтой болгосон зүйлийг олж мэдэхийг хүс.
-
Чухам юу гэгээнтнүүдийн уг хоёр бүлгийг энэ өөрчлөлтийг хийх боломжтой болгосон бэ? (Есүс Христийн ач ивээл.)
-
Бид эдгээр шүлгээс ямар зүйл Есүс Христийн ач ивээлийг Бурханы бүх хүүхдэд боломжтой болгосон тухай ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Есүс Христийн ач ивээлээр дамжуулан Түүнд итгэх итгэлээрээ бүх хүн төрөлхтөн аврагдах боломжтой гэсэн үнэнийг бич.)
Паул биднийг ажил үйлсээрээ хэдий сайн байсан ч аврагдах боломжгүй хэмээн цохож хэлсэн гэдгийг онцолж хэл (8–9-р шүлгийг үзнэ үү). Суралцагчдад дээр тодорхойлсон үнэнийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Бид бүгд ‘нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй’ [Ром 3:23] бөгөөд өчүүхэн ч ‘цэвэр бус зүйл Бурханы хаант улсад орж чадахгүй’ [1 Нифай 15:34] учраас бидний хүн нэг бүр Түүний оршихуйд буцаж очихуйц зохистой биш юм. …
Бид өөрсдийн хүч чадлаар тэнгэрт очиж чадахгүй. Учир нь бидний хооронд шударга ёсны шаардлага байдаг ба бид үүнийг зөвхөн өөрийн хүчээр хийх боломжгүй юм.
Гэхдээ бидэнд найдвар бий.
Бурханы ач ивээл бидний агуу бөгөөд үүрдийн найдвар юм.
Есүс Христийн золиослолоор дамжуулан өршөөлийн төлөвлөгөө нь шударга ёсны шаардлагыг хангаж, [Aлма 42:15-ыг үзнэ үү] ‘хүмүүнд, тэд наманчлалд итгэлтэй байх тэр замыг [авчрах]’ юм [Aлма 34:15].
Бидний нүглүүд час улаан байсан ч цас мэт цагаан болох боломжтой [Исаиа 1:18-ыг үзнэ үү]. Бидний хайрт Аврагч ‘Өөрийгөө бүгдийн төлөө золиос болгон өгсөн’ [1 Тимот 2:6] учраас Түүний мөнхийн хаант улсад орох үүд хаалгыг бидэнд нээж өгсөн билээ [2 Петр 1:11-ийг үзнэ үү].
Хаалга нээгдсэн! …
Энэхүү алдар сууг өвлөн авах үүд хаалга бидэнд нээгдэхээс гадна, бид өөрсдөө тэрхүү хаалгаар зүрх сэтгэлээрээ орох буюу сударт ‘дахин төрөх ёстойд бүү гайх; тиймээ, Бурханаар төрж, эгэл [манай дэлхийн] хийгээд унасан байдлаасаа зөв шударга байдалд орж өөрчлөгдөн, Бурханаар гэтэлгэгдэн, түүний хөвгүүд мөн охид болдог’ [Moзая 27:25]. …
Ач ивээл нь Бурханы бэлэг бөгөөд Түүний зарлиг бүрд дуулгавартай байх хүсэлтэй байх нь Тэнгэрлэг Эцэгээсээ энэхүү ариун нандин бэлгийг хүлээн авахаар мөнх бус гараа сунгаж буй хэрэг юм” (“Ач ивээлийн бэлэг,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 96, 98).
-
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн, нүглээ наманчлах нь хэрхэн бидэнд ач ивээлийн бэлгийг хүлээн авахад туслах вэ?
Суралцагчдыг Бурханы бүх хүүхдэд сайн мэдээ номлогдохоос өмнөх иудейчүүд, харийнхны хоорондох харилцааны түүхэн хам сэдвийг ойлгоход туслахын тулд дагалдах хавсралтын Иерусалимын ариун сүмийн гаднах талбайн (эсвэл суралцагчдыг Библийн газрын зураг болон гэрэл зургуудын “Херодын ариун сүм”-тэй 9 дэх дугаарыг эргүүлж үзэхэд урь) “хуваагдлын хана”-ын зургийг харуул (Eфес 2:14). Их Эзэнтэй гэрээ байгуулаагүй харийнхан ариун сүмийн ариун нандин газар руу энэ хананаас цааш орох нь хориотой байсан бөгөөд тэдэнтэй “харь хүмүүс болон гаднын хүмүүс” мэт харьцдаг байсныг тайлбарла (Eфес 2:19). Хуваагдлын хана нь бодит байдлаараа сайн мэдээ харийнханд заагдах ёстой хэмээх Петрийн илчлэлтээс өмнөх иудейчүүд, харийнхны хоорондох сүнслэг тусгаарлалтыг бэлгэддэг.
Цөөн суралцагчийг Ефес 2:12–15-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Аврагч иудейчүүд, харийнхны хоорондох хаалтанд юу хийснийг олж мэдэхийг хүс. Дайсагнал гэсэн үг нь “харшилдаан, дайсагнал, үзэн ядалт” гэсэн утгатай гэдгийг онцлон хэл (Судруудын удирдамж, “Дайсагнал,” scriptures.lds.org).
-
Юу харийнхныг болон иудейчүүдийг нэг болгосон бэ? (Иудейчүүдийг болон харийнхныг сүнслэг байдлын хувьд тусгаарлаж байсан дүрслэн хэлсэн хана Христийн цусаар дамжин зайлуулагдсан бөгөөд тэд “нэг шинэ хүн” [Eфес 2:15] буюу Христэд нэгдсэн нэг бие болжээ. Бид Есүс Христ рүү ирж, Түүний ач ивээлээс хүртэх үедээ Бурханы гэгээнтнүүдтэй нэгддэг гэсэн үнэнийг самбар дээр бич.)
Суралцагчдыг тусгаарлаж байсан наадаг цаасыг эсвэл туузыг холдуулаад, тусгаарлагдсан суралцагчдыг ангийн нөгөө хэсэгтэй нэгдэхэд урь. Иудейчүүдийг төлөөлсөн суралцагчдаас тусгаарлагдсан суралцагчдыг өөрсөдтэйгөө хамт суухад урихыг хүс.
Цөөн суралцагчийг Ефес 2:16–19-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, бид Есүс Христ рүү ирж, Түүний ач ивээлээс хүртэх үедээ Бурханы гэгээнтнүүдтэй нэгддэг гэсэн санааг тодотгож өгөх үг хэллэгийг хайж олохыг хүс.
-
Бид Есүс Христ рүү ирж, Түүний ач ивээлээс хүртэх үедээ Бурханы гэгээнтнүүдтэй нэгддэг гэсэн санааг тодотгож өгөх ямар үг хэллэгийг та нар олсон бэ?
-
Энэ үнэнийг өнөөдөр Сүмд ойлгож, хэрэгжүүлэх нь яагаад бидний хувьд чухал вэ?
-
Бид бусдад Сүм дээр хэрхэн гадных биш харин “нутгийн иргэд” (19-р шүлэг) болох эсвэл тийн санагдахад нь тусалж болох вэ?
-
Хэзээ хэн нэгэн танд гэгээнтнүүдтэй хамт байхдаа ойр дотны хүн мэт санагдахад тусалж байсан бэ? Та хэзээ хэн нэгнийг ийм сэтгэгдэлтэй байхад нь туслахыг хичээсэн бэ?
Нэг суралцагчийг Ефес 2:20–22-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Сүмийн үндэс суурийн талаар Паулын заасныг олж мэдэхийг хүс.
-
Паул Их Эзэний Сүмийн бүтцийн талаар ямар үнэнийг эдгээр шүлэгтээ заасан бэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэний Сүм төлөөлөгч, бошиглогчид дээр үндэслэдэг бөгөөд Есүс Христ булангийн чулуу болдог гэсэн үнэнийг олж тогтооход тусал.)
-
Булангийн чулуу гэж юу вэ? (Бүхэл бүтэн барилгыг бат бөх, тогтвортой байлгах суурийн буланд тавигдсан том чулуу.)
Хоёр ханыг хооронд нь холбох булангийн чулууны зураг зур.
-
Есүс Христ ямар учраас Сүмийн булангийн чулуу болдог вэ? 21-р шүлэгт цэдэглэснээр, энэ булангийн чулууны ачаар Сүмийн үлдсэн хэсэгт юу тохиолддог вэ?
-
Бошиглогч, төлөөлөгчид ямар ямар арга замаар Сүмийн үндэс суурийн сануулагч болдог вэ?
-
Энэ үндэс суурь хэрхэн Сүмийн тогтвортой байдлыг хангаж, чөтгөрийн дайралтаас хамгаалдаг вэ?
Ефес 3
Паул Ефес дэх гэгээнтнүүдийн төлөөх хүслээ илэрхийлэв
Паул Есүс Христийн талаар болон харийнхан Түүгээр дамжуулан Израильтай хамт “нутгийн иргэд” (6-р шүлэг) болж, Бурханы амлалтуудаас хүртэх боломжтой гэж заасан гэдгийг тайлбарлан, Eфес 3:1–16-г нэгтгэн дүгнэ.
Цөөн суралцагчийг Ефес 3:14–19-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын гэгээнтнүүдийг мэдээсэй, мэдрээсэй хэмээн хүссэн зүйлийг олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Паул гэгээнтнүүдийг юу мэдээсэй, мэдрээсэй хэмээн хүссэн бэ?
Төлөөлөгч, бошиглогчид Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн хайрыг мэдэж, мэдрэхэд нь туслахыг эрэлхийлдэг гэсэн үнэнийг самбар дээр бич.
Хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы Ensign эсвэл Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс сэтгүүлийн дугаараас Тэргүүн Зөвлөл, Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгынхны зургийг харуулсан хуудсыг үзүүл.
-
Төлөөлөгч, бошиглогчид хэрхэн Бурханы хүүхдүүдэд Есүс Христийн хайрыг мэдэж, мэдрэхэд туслахыг эрэлхийлдэг вэ?
-
Хэзээ төлөөлөгч, бошиглогчдын заасан зүйлс Есүс Христийн хайрыг мэдэж, мэдрэхэд тань тусалсан бэ?
Энэ хичээлээр ярилцсан үнэнээ гэрчилж, суралцагчдыг эдгээр үнэний дагуу үйлдэхэд урамшуулан дэмжиж, хичээлээ дуусга.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Eфес 2:8–10. “Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм … сайн үйлсийн төлөө”
“Eфес 2:8–10-т Паул нигүүлсэл, итгэл, сайн үйлсийн хоорондох харилцан хамаарлын тухай ярьсан. Эцсийн дүндээ аврал бидний биш, харин Есүс Христийн ажлын шалгуураар ирдэг. Паул Есүс Христийн дагалдагчдыг ‘сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, [Бурханы] бүтээл’ (Eфес 2:10) хэмээн нэрлэжээ. Энэ нь бидний биш, харин Их Эзэний ажлыг онцолдог ба сайн үйлс хийх бидний чадавх биднийг итгэлээрээ Есүс Христ рүү эргэх үед Түүний ач ивээлийн бидний дотор байрлуулсан өөрчлөлтөөс эхтэй гэдгийг заадаг (түүнчлэн 1 Коринт 15:10, Филиппой 2:13-ыг үзнэ үү)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Cүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 425).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки:
“Бүхий л хэлбэр, төрөл, түвшний аврал Бурханы ач ивээлээр ирдэг. Бурхан бидний Тэнгэрлэг Эцэг биднийг хайрлаж, нигүүлсэж, хүлцдэг учраас авралын төлөвлөгөө болоод ‘үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах’ авралын тогтолцоог томилсон юм. (Moсе 1:39.) Тэрээр энэ төлөвлөгөөндөө нийцүүлэн хязгааргүй бөгөөд мөнхийн цагаатгах золиослолыг хийлгэхээр Цорын Ганц Хүүгээ дэлхий рүү илгээсэн. …
Хүмүүн амилуулагдахын тулд зөвхөн ач ивээлээр л аврагддаг; тэд мөнх амьдралыг олж авахын тулд ач ивээл мөн дуулгавартай байдлаар аврагддаг. Сайн мэдээний төлөвлөгөө бол селестиел хаант улсад хүмүүнийг аврах явдал учраас Паул ач ивээлээр ирдэг аврал нь итгэл, дуулгавартай байдал, Христийг хүлээн авах, зарлиг тушаалуудыг дагах зэргээр дамжуулан ирдэг гэж заасан. Tийм ч учраас Нифай ‘Бурханд нийцсэн байхыг … учир нь бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг бид мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу’ (2 Нифай 25:23) хэмээн бичсэн байхад, Моронай ‘Христэд ирэгтүн, мөн түүгээр төгөлдөржигтүн, мөн бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзагтун; мөн хэрэв та нар бүх бурханлаг бусаас өөрсдөө татгалзаж, мөн Бурханыг өөрсдийн бүх хүч, оюун, мөн чадлаар хайрлах аваас, тэгвэл түүний ач ивээл та нарт хангалттайгаас түүний ач ивээлээр та нар Христээр төгс байж болно; мөн хэрэв Бурханы ач ивээлээр та нар Христээр төгс аваас, та нар Бурханы хүчийг яав ч үгүйсгэж чадахгүй’ хэмээн цэдэглэжээ. (Моронай 10:32.)” (Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973 он], 2:498–499-ийг үзнэ үү.)
Ефес 2:20–22. Сүмийн үндэс суурь ба булангийн чулуу
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Сүмийн бүтэц зохион байгуулалтын талаар
“Шинэ Гэрээний болон Мормоны Номын үед мөн орчин үед эдгээр албан хаагч нь үнэн Сүмийн суурь чулуунуудыг бурдүүлдэг бөгөөд гол булангийн чулуу болох ‘Бурханы Хүү, [Есүс] Христ болох Гэтэлгэгчийн хад’-ыг тойрон байрлаж, өөрсдийн хүч чадлыг авч байгаа билээ [Хиламан 5:12]. … Христэд тулгуурласан ийм суурь ‘чөтгөр хүчит салхиа, тийм ээ, хуй салхин дахь дайралтаа илгээхэд, тийм ээ, түүний бүхий л мөндөр мөн хүчит шуурга та нар дээр нүдэхэд’ хамгаалалт байсан, үргэлж байх ёстой” (“Prophets, Seers, and Revelators,” Ensign эсвэл Liahona, 2004 оны 11-р сар, 7) гэж хэлжээ.
Eфес 2:21-ийн “холбогдон” гэсэн үг нь Сүмийн эв нэгдлийн тухай чухал хичээлийг зааж байна. Бүтцийг бүрдүүлдэг яг ижил хоёр чулуу байдаггүй. Чулуунууд олон янзын хэлбэр дүрс, хэмжээтэй байдаг. Гэхдээ л бүх чулуу бүтцийг бүрдүүлэхэд “холбогдон” нийлсэн байдаг. Үүнтэй адилаар Сүмийн яг ижил хоёр гишүүн гэж байдаггүй ч бүгд Их Эзэний Сүмийг бүрдүүлэхийн тулд “холбогдож” байдаг.