22-р хичээл
Maтай 19–20
Оршил
Есүс Христ гэрлэлтийн ариун байдлын тухай заав. Тэр дэлхийн эд баялгаас дээгүүр, мөнх амьдралыг сонгохын ач холбогдлыг чухалчилж мөн усан үзмийн талбайд ажиллагсдын тухай сургаалт зүйрлэлийг заав. Түүнчлэн Есүс Өөрийн үхлийн талаар зөгнөн хэлсэн бөгөөд шавь нартаа бусдад үйлчлэхийг заав.
Заах зөвлөмж
Maтай 19:1–12
Аврагч гэрлэлтийн ариун байдлын талаар заав
Ариун сүмд лацдагдан, гэрлэсэн аз жаргалтай хосын зургийг үзүүл. Их Эзэний гэрлэлт, салалтын талаарх сургаал нь дэлхийнхний итгэдгээс ялгаатай байдгийг онцлон хэл.
-
Гэрлэлт, салалтын талаар дэлхийнхний итгэдэг зарим зүйл юу вэ? (Cануулга: Өнөөдрийн хичээлийн чухал зарчмуудаас холдуулах, ижил хүйстний гэрлэлт зэрэг сэдвүүд дээр хэт их цаг зарцуулахаас зайлсхий.)
Maтай 19:1–12-ыг судлах явцдаа Их Эзэний гэрлэлт, салалтын талаар заасан зүйлсийг олж мэдэхэд мөн тэдний хувьд энэ заасан зүйлс ямар ач холбогдолтойг бодож үзэхэд суралцагчдыг урь.
Нэг суралцагчаас Матай 19:1–3-ыг чанга уншихыг хүс. Ангийнхнаас дагаж уншихыг мөн фарисайчуудын Есүсээс асуусан зүйлийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
“Ямар нэг шалтгаанаар эхнэрээсээ салах” (Maтай 19:3) гэдэг нь жижиг, хувиа хичээсэн шалтгаан байсан ч эхнэрээсээ аливаа шалтгаанаар салж байгаа хүнийг хэлж байгаа гэдгийг тайлбарла.
Нэг суралцагчийг Матай 19:4–6-г чанга уншихад уриад, Аврагч гэрлэлт, салалтын талаар юу заасныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Бид Аврагчийн фарисайчуудад өгсөн хариултаас гэрлэлтийн талаар ямар ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? Суралцагчид хэд хэдэн үнэнийг тодорхойлж болох ч эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлт нь Бурханаас зохиогдож, тогтоогдсон ариун харилцаа юм гэдгийг тэд чухалчилж байгаа эсэхийг бататга.
Нэг суралцагчийг Матай 19:7-г чанга уншихад уриад, ангийнхнаас фарисайчуудын Аврагчаас асуусан өөр нэг асуултыг олж мэдэхийг хүс.
-
Фарисайчууд Аврагчаас юу гэж асуусан бэ?
Нэг суралцагчийг Матай 19:8–9-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагчийн хариултыг олж мэдэхийг хүс.
-
Аврагчийн өгүүлснээр, Мосе яагаад израильчуудын дунд салалтыг зөвшөөрсөн бэ? (Хүмүүсийн зүрх сэтгэлийн хатуу байдлын улмаас зөвшөөрсөн.)
Энэ сургаал бидний үед ямар хамаатайг ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Өргөмжлөл олж авахад шаардагдах гэрлэлт нь цаг хугацааны хувьд мөнхөд үргэлжлэх, мөн чанарын хувьд бурханлаг байх бөгөөд гэр бүлийн салалт гэсэн ойлголт байж таарахгүй. Их Эзэний ариун сүмүүдэд хосууд мөнхөд гэрлэдэг. Гэхдээ зарим гэрлэлт энэ загвараар өсөж хөгждөггүй. ‘[Бидний] зүрх хатуугийн’ [Maтай 19:8] улмаас Их Эзэн селестиел жишгийн үр дагаврыг одоогийн байдлаар хүчлэхгүй байгаа. Тэрээр гэр бүлээсээ салсан хүмүүсийг селестиел хуулинд зааснаар ёс суртахуунгүй байдлын толбогүйгээр дахин гэрлэхийг зөвшөөрдөг” (“Divorce,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 70).
Бурхан эрэгтэй, эмэгтэй хүний хоорондын ариун харилцаа болгон гэрлэлтийг зохиож мөн тогтоосон гэдэг гэрчлэлээ хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.
Maтай 19:13–30; 20:1–16
Есүс мөнх амьдралын талаар зааж, усан үзмийн талбайд ажиллагчдын тухай сургаалт зүйрлэлийг хэлсэн
Нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэхэд урь. Уг суралцагчид 10 удаа шалан дээр суниаж чадах юм бол бяцхан шагнал (10 ширхэг жижиг чихэр гэх мэт) өгнө гэж хэл. Түүнийг 10 удаа суниасны дараа шагналыг нь өгөөд, самбарын өмнө гарч ирэх өөр хүүхэд байгаа эсэхийг асуу. Хоёр дахь суралцагчаас ганц удаа суниахыг хүсээд, дараа нь ангийнхнаас энэ суралцагч ямар шагнал авах ёстой гэж бодож байгааг нь мөн яагаад гэдгийг асуу. Уг хоёр суралцагчийг суудалдаа буцаж суухыг урь. Хоёр дахь суралцагч хичээлийн төгсгөл үед судруудаас суралцах зүйл дээрээ үндэслэн шагнал хүлээж авах болно гэдгийг ангийнханд мэдэгд.
Maтай 19:13–27-г дүгнэн, Есүс Өөрийн дагагчдыг дэлхийн эд баялгийн оронд мөнх амьдралыг эрэлхийлэхэд урамшуулсан гэдгийг тайлбарлан ярьж өг. Шавь нар Аврагчийг дагахаар дэлхийн эзэмшлээ орхисны учир юуг хүлээн авах вэ гэж Петр асуусан. (Тэмдэглэл: Эдгээр шүлэгт яригдсан үйл явдлууд Марк 10-ыг судлах хичээлд илүү дэлгэрэнгүй заагдах болно.)
Нэг суралцагчийг Матай 19:28–30-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншихыг мөн Аврагч Петрт юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.
-
29-р шүлэгт цэдэглэснээр, Аврагчийг дагахын тулд бүхнээ орхидог хүн бүр юуг өвлөж авах вэ?
Дараа нь Аврагч, Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ мөнх амьдралыг хүлээн авах боломж олгохыг хүсдэг талаар ойлгоход нь шавь нартаа туслахын тулд нэгэн сургаалт зүйрлэл өгсөн гэдгийг тайлбарла. Энэ сургаалт зүйрлэлд нэг хүн ажилчдыг өөрийн усан үзмийн талбайд ажиллуулахаар өдрийн турш өөр өөр цагт хөлсөлдөг. Шинэ Гэрээний үед ердийн ажлын цаг нь өглөөний 6 цагаас оройн 6 цаг хүртэл, жилийн өөр өөр улирлуудад хугацаа нь бага зэрэг өөрчлөгддөг байсан.
Самбар дээр дараах хүснэгтийг хуулж зур эсвэл тараах материал болгон суралцагчдад өг:
Ажилчид (Эхлэх цаг) |
Тохиролцсон хөлс |
Ажилласан цаг |
Төлсөн хөлс |
---|---|---|---|
Өглөө эрт (өглөөний 6:00 цаг) | |||
3 дахь цаг (өглөөний 9:00 цаг) | |||
6 дахь цаг (өдрийн 12:00 цаг) | |||
9 дэх цаг (өдрийн 15:00 цаг) | |||
11 дэх цаг (оройн 17:00 цаг) |
Жижиг бүлгүүд болон ажиллахад суралцагчдыг урь. Тэднийг бүлгээрээ Maтай 20:1–7-г уншин, ажилчдын бүлэг тус бүр хэдэн цаг ажилласныг болон тэдний тохиролцсон ажлын хөлсийг олж мэдэхийг хүс. (“Зоос” гэдэг нь денарыг хэлж байгаа бөгөөд энэ нь ажилчны нэг өдрийн хөлстэй тэнцэх Ромын мөнгөн нэгж байсан.)
Хангалттай хугацаа өнгөрсний дараа цөөн суралцагчаас самбарын өмнө гараад, хүснэгтийн эхний хоёр баганыг бөглөхийг хүс (эсвэл тэдэнд өгсөн тараах материал дээр бөглөж бичихэд тэднийг урь).
-
Хэнд хамгийн их хөлс төлөх хэрэгтэй гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Матай 20:8–10-ыг чанга уншихад урьж, ажилчдын бүлэг бүр ямар хөлс авсныг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Ажилчдын бүлэг бүр ямар хөлс авсан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа “Төлсөн хөлс” гэсэн гарчигтай баганын доорх хэсэг бүрд 1 зоос гэж бич.)
-
Хэрвээ та нар бүтэн өдөржин ажилласан ажилчдын дунд байсан бол зөвхөн нэг цаг ажилласан хүмүүстэй адилхан хөлс авахад та нарын бодол сэтгэгдэл ямар байх байсан бэ?
Нэг суралцагчийг Матай 20:11–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, өдөржин ажилласан хүмүүс усан үзмийн талбайн эзэнд юу гэж хэлснийг бас тэр тэдэнд юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.
-
Өдөржин ажилласан хүмүүс ямар гомдол гаргасан бэ?
-
Усан үзмийн талбайн эзэн хариуд нь юу гэж хэлсэн бэ?
-
Талбайн эзэн өдөржин ажилласан хүмүүст хэр шударга хандсан бэ?
Суралцагчдад энэ сургаалт зүйрлэлээс нэг үнэнийг тодорхойлоход туслахын тулд Maтай 19:29-д дурдсанаар нэг зоосны хөлс нь мөнх амьдралыг төлөөлж болно гэдгийг тайлбарлаж өг. Бурхан … бүх хүнд мөнх амьдрал өгдөг гэсэн гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич.
-
Хэрвээ энэ сургаалт зүйрлэл дэх шагнал нь мөнх амьдрал байсан юм бол хөдөлмөр нь юуг төлөөлж болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч энэ сургаалт зүйрлэл дэх хөдөлмөр нь Бурхантай ариун гэрээнүүдийг хийж мөн сахихыг төлөөлж болно гэдгийг чухалчлан хэлэхэд анхаар. Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Бурхан Өөртэй нь ариун гэрээнүүдийг хийж мөн сахихыг сонгодог бүх хүнд мөнх амьдрал өгдөг гэсэн үнэнийг гүйцээж бич.)
Энэ үнэн нь амьдралынхаа эхэнд гэрээ хийгээгүй мөн нас бартлаа гэрээ хийх боломж олдоогүй хүмүүсийн төлөөх Тэнгэрлэг Эцэгийн нигүүлслийг ойлгоход бидэнд тусалдаг гэдгийг онцлон хэл (C ба Г 137:7–8-ыг үзнэ үү).
-
Бурхан Өөртэй нь ариун гэрээнүүдийг хийж мөн сахидаг бүх хүнд хэзээ хийсэн гэдгээс нь үл хамааран, мөнх амьдрал өгдөг гэдгийг мэдэх нь бидний хувьд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Ганц удаа суниасан хоёр дахь суралцагчийг сануулаад, суралцагчдаас асуу:
-
Энэ суралцагч ганц суниасныхаа төлөө ямар шагнал авах ёстой гэж та нар бодож байна вэ? (10 удаа суниасан суралцагчид өгсөнтэй адил шагналыг уг суралцагчид өг.)
Нэг суралцагчаас Матай 20:15–16-г чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, бусад ажилчинд өгөөмөр хандсан талаар гомдол гаргасан хүмүүст талбайн эзэн юу гэж хариулсныг олж мэдэхэд урь.
-
Талбайн эзэн “Өгөөмөр зангаас минь болж нүдэнд чинь атаархал хурав уу?” хэмээн асуусан нь ямар утгатай байсан гэж та нар бодож байна вэ? (15-р шүлэг).
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэ асуултыг “Би найрсаг байхыг сонгосонд чи яагаад атаархаж байгаа юм бэ?” хэмээн өөрчилж асуусан гэдгийг тайлбарла. (“Tалбайд хөдөлмөрлөгсөд,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32).
-
16-р шүлэгт “олон нь дуудагддаг ч цөөхөн нь сонгогддог” гэсэн нь юу гэсэн утгатай вэ?” (Дуудагдах гэдэг нь Тэнгэрлэг Эцэгийн ажилд оролцохоор уригдана гэсэн үг юм. Сонгогдох гэдэг нь Түүний адислалуудыг буюу мөнх амьдралын адислалыг хүлээн авах гэсэн үг юм.)
-
Бид 16-р шүлгээс ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Хэрэв бид Их Эзэний бусдад өгсөн адислалуудад атаархахыг сонгох юм бол бидэнд өгөхийг хүсдэг адислалуудыг нь алдаж болох юм гэсэн зарчмыг оролцуулан хэд хэдэн зарчмыг тодорхойлж болно.)
Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншаад, суралцагчдыг тэд Тэнгэрлэг Эцэгийн бусдад өгдөг адислалуудад атаархахад хэрхэн уруу татагдаж болох талаар тунгаан бодоход урь.
“Өөр хэн нэг хүн гэнэтийн адислал хүлээн авч эсвэл онцгой сайшаалыг хүртэх цаг үе амьдралд тохиох болно. Бусад хүмүүст сайн сайхан ивээлүүд ирэх үед уурлахгүй бас атаархаж жөтөөрхөхгүй байгаарай гэж би гуйж болох уу? Бусдад илүү их зүйл өгөгдлөө гээд бидэнд байгаа нь багасаж, байхгүй болно гэсэн үг биш шүү дээ. Бид хоорондоо хэн нь хамгийн баян мөн хамгийн авьяастай, хэн нь хамгийн царайлаг эсвэл бүр хамгийн их адислагдсаныг үзэхээр уралдан тэмцэлдэж байгаа биш. Харин үнэхээр тэмцэлдэж байдаг зүйл маань бол бидний нүгэл хилэнц юм. …
… Атаархах, урвайх эсвэл бусдыг доош татах нь та нарын байдлыг сайжруулдаггүй, бас өөр хэн нэгнийг доромжлон, ад үзэх нь таны өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэггүй юм шүү. Тиймээс найрсаг бай мөн Бурхан найрсаг байдагт таларх. Энэ нь аз жаргалтай амьдрах арга зам юм” (“Талбайд хөдөлмөрлөгсөд,” 33).
Та талбай дахь ажилчдын сургаалт зүйрлэлд суралцахдаа суралцагчдын тодорхойлсон үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалц.
Дараах үгсийг самбар дээр бич. Суралцагчдад Би энэ сургаалт зүйрлэлээс сурсан зүйл дээрээ үндэслэн … хүн болно гэсэн өгүүлбэрийг дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ гүйцээж бичих цаг гаргаж өг.
Хангалттай хугацаа өнгөрсний дараа бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж байгаа цөөн суралцагчийг хуваалцахад урь.
Матай 20:17–34
Есүс Өөрийн үхлийг зөгнөн хэлж, шавь нартаа бусдад үйлчлэхийг заасан
Матай 20:17–34-ийг дүгнэн, Аврагч Иерусалим руу буцаж очих үедээ хууртагдан баригдаж, үхлээр шийтгэгдэх болно хэмээн зөгнөн хэлснийг тайлбарла. Тэр шавь нартаа байр суурь, эрх мэдэл олохоор хичээхийн оронд Өөрийнх нь жишээг дагаж, бусдад үйлчлэх ёстой хэмээн заав.