142-р хичээл
Иаков 3
Оршил
Иаков гэгээнтнүүдэд үг яриагаа хянахын ач холбогдлыг заасан. Мөн тэрээр дэлхийн мэргэн ухааныг Бурханаас ирдэг мэргэн ухаантай харьцуулав.
Заах зөвлөмж
Иаков 3:1–12
Иаков гэгээнтнүүдэд үг яриагаа хянахын ач холбогдлыг заав.
Хичээлдээ нэг ширхэг шүдний оо авчир. Нэг суралцагчаар бүх оог шахаж гаргуул (эсвэл ингэж байгаагаар төсөөлөн бодохыг хүс). Өөр нэг суралцагчаас шахаж гаргасан оог бүгдийг нь буцаагаад өөрийнх нь саванд хийхийг хүс. Хоёр дахь суралцагчийн оролдлого бүтэлгүй болсны дараа дараах асуултыг тавь.
-
Энэхүү савнаас нь гаргасан оог бидний хэлдэг үг яриатай хэрхэн адилтгаж болох вэ?
Суралцагчдыг хожим нь харамсаж байсан ямар нэгэн зүйл хэлж байсан эсэхээ бодоход урь. Суралцагчдыг Иаков 3:1–12-ыг судлахдаа хэлэх үгээ ухаалгаар сонгоход нь туслах үнэнийг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчаас Иаков 3:2–4-ийг мөн Иаков 3:5-ын эхний өгүүлбэрийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, бусдыг үг хэлээрээ гомдоодоггүй хүмүүсийг Иаков хэрхэн дүрсэлснийг олж мэдэхийг хүс. 2-р шүлэгт “бид бүгд олон юман дээр бүдэрдэг” гэсэн нь бид бүгд алдаа гаргадаг гэдгийг мөн хэлэх үг гэсэн нь бидний хэлдэг үгийг Иаков хэлж байгаа гэдгийг тайлбарла.
-
Иаков хэл яриагаа хянаж чаддаг хүмүүсийг хэрхэн дүрсэлсэн бэ?
Самбар дээр морины амгай, усан онгоцны залуурын зураг тавих эсвэл зурах талаар бодож үз. Амгайвч (3-р шүлэг) гэдэг нь морины аманд хийдэг төмөр хазаар бөгөөд амгайгаар морь унаж буй хүн морио залах боломжтой болдог. Энэ шүлэг дээрх залуур (4-р шүлэг) гэдэг үг нь жолоог хэлдэг бөгөөд залуураар завийг жолоодож, залуурддаг байна.
-
Иаковын хэлснээр морины амгай, усан онгоцны залуур хоёр юугаараа төстэй вэ? (Аль аль нь харьцангуй жижиг боловч өөрсдөд нь холбогдсон том зүйлсийг залах чадвартай байдаг.)
-
Иаков эдгээр зүйлийг хэл буюу бидний ярьдаг үгстэй зүйрлэсэн нь бидэнд хэлдэг үгсийнхээ хүч чадлыг ойлгоход хэрхэн тусалж байна вэ?
-
Бид эдгээр шүлгээс үг хэлээ захирч сурснаар юу тохиолдож болох талаар ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид Бид үг хэлээ хянаж сурснаар үйлдлүүдээ мөн удирдаж сурдаг гэсэнтэй төстэй зарчмыг олж тогтоох хэрэгтэй.)
-
Үг хэлээ хянах нь бусад үйлдлээ удирдахад хэрхэн тусалж чадах вэ?
Нэг суралцагчаас Иаков 3:5-ын сүүлчийн өгүүлбэрийг мөн Иаков 3:6-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Иаков бидний үг хэлийг өөр юутай зүйрлэснийг олж мэдэхийг хүс. Зүйлс гэсэн үгийг ой модтой хамааруулсан болохыг тайлбарла (5-р шүлгийн зүүлт тайлбар б-г үзнэ үү)
-
Иаков бидний үг хэлийг өөр юутай зүйрлэсэн бэ?
-
Бидний хэлсэн ухаалаг бус үгс бидний амьдралын аль хэсгийг “галдан шатаадаг” (6-р шүлэг) буюу эрсдэлд оруулдаг вэ?
6-р шүлэг дэх “амьдралын хүрд” гэдэг нь хэн нэгний амьдралын замналыг хэлж болно гэдгийг тайлбарла.
-
Бидний хэлдэг үг яриа бидний амьдралын замналд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Хэрэглэдэг үг хэлэндээ бага зэргийн өөрчлөлт хийх нь бидний амьдралын замналд хэрхэн эергээр нөлөөлж чадах вэ? Мөн бусдын амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Цөөн суралцагчийг Иаков 3:7–12-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Иаков бидний үг хэлийг өөр юутай зүйрлэснийг олж мэдэхийг хүс.
-
Иаков бидний үг хэлийг өөр юутай зүйрлэсэн бэ? (Номхруулах ёстой араатан [7–8-р шүлгийг], “үхлийн хор” [8-р шүлэг], “нэг эхээс цэвэр цэнгэг ба гашуун ус зэрэг гардаг” булаг [11–12-р шүлэг], чидун жимс ургуулдаг инжир, инжир ургуулдаг усан үзмийн мод [12-р шүлгийг үзнэ үү].)
Эдгээр шүлгийн агуулгыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.
“Бидний хэл яриа дандаа алдас байдаггүй бас бидний хэлдэг бүхэн ‘үхлийн хороор дүүрсэн’ байдаггүйг Иаков хэлсэн нь тодорхой. Харин ядаж л бидний хэлдэг зарим зүйл сүйрүүлэгч шинжтэй, тэр ч байтугай хор уршигтай байж болдгийг тэрээр тодхон сануулсан нь хожмын үеийн гэгээнтэнд жихүүцэм явдал юм. Чин сэтгэлийн гэрчлэл агуулдаг, бүрэн дүүрэн залбирал хэлдэг, Сионы дуулал дуулдаг тэрхүү дуу хоолой нь бас хараан зүхэж, шударга бусаар шүүмжлэн, ичээж зовоон, басамжилж дорд үздэг мөн сэтгэл эмзэглүүлж, явц дунд өөрийгөө болоод бусдыг сэтгэл санаагаар үхүүлдэг дуу хоолой байж чадна гэж үү. …
Бид ядаж энэхүү арга замаар, үг хэлээрээ гомдоолгүй, өөрөөр хэлбэл илүү эерэг шинэ хэлээр буюу тэнгэр элчүүдийн хэлээр ярьж, ‘төгс’ эрэгтэй, эмэгтэйчүүд байхыг хичээцгээе. Бидний үйл хэргүүдийн нэгэн адил бидний үгс өнөөдөр дэлхийд амин чухал хэрэгтэй байгаа Христийн шашны агуу гурван зарчим болох итгэл, найдвар, энэрлээр дүүрэн байх ёстой. Сүнсний нөлөөн дор хэлсэн ийм үгс урссан нулимсыг хатааж, зүрх сэтгэлийг эдгээж, амьдралыг өөд татан, итгэл, найдварыг эргүүлэн авчирч чадна” (“The Tongue of Angels,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 16, 18).
-
Бурханы дагалдагчид хэрхэн ярих ёстой талаар бид эдгээр шүлгээс ямар үнэнийг олж мэдэж болох вэ? (Суралцагчид өөрсдийн үгээр Бурханы дагалдагчид хэл яриагаа хилэнцийг түгээхэд бус харин зөв шударга зорилгоор ашиглах ёстой гэсэнтэй төстэй үнэнийг олж тодорхойлох ёстой.)
-
Хожмын үеийн гэгээнтнүүд үг хэлээ хилэнцэт зорилгоор ашиглах эсвэл бусдыг зовоох, нэр хүндийг нь гутаах зорилгоор ашиглах нь яагаад ноцтой асуудал болох вэ?
-
Хэлэх үгээ сонгохдоо илүү “төгс” (Иаков 3:2) байж болохын тулд юу хийж болох вэ?
Суралцагчдыг Иаков 3:9–10-аас мэдэж авсан үнэнийхээ дагуу амьдрах нь дараах нөхцөл байдлуудад тэдний үйлдлийг хэрхэн удирдахыг тайлбарлахад урь. Үүнд:
-
Та мессеж бичиж эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж байна.
-
Та ням гарагт ариун ёслолыг адисалдаг санваартан. Сургууль дээр найзууд чинь өөр нэг сурагчийг дооглож эхэлж байна.
-
Та залуу эмэгтэй бөгөөд тойрог, салбарынхаа өөр нэг залуу эмэгтэйн талаар муу зүйлс ярьсан.
-
Танай багийнхан хараалын үг хэлдэг.
Нэг суралцагчийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх дараах зөвлөгөөг чанга уншихад урь.
“Бусадтай хэрхэн харилцаж байгаа нь та нарыг Бурханы охид, хөвгүүд болохыг харуулж байх ёстой. Цэвэр боловсон хэл яриа нь ухаалаг, эрүүл сайн сайхан оюун ухааны илрэл юм. Сайн сайхан үг яриа нь бусдыг урамшуулан, дэмжиж, сайшаадаг бөгөөд Ариун Сүнсийг та нартай хамт байхад урьдаг. Бидний үг хэл, ажил үйлс маань итгэл, найдвар, энэрлээр дүүрэн байх ёстой” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 20).
-
Хэн нэгний үг хэзээ таныг урамшуулж, сэтгэлийн дэм өгч байсан бэ?
-
Та өөрийн үгээр бусдыг урамшуулж, сэтгэлийн дэм өгөхийг хичээснээрээ хэрхэн адислагдсан бэ?
Суралцагчдыг үг хэлээ илүү сайн хянаж, үүнийг зөв шударга зорилгоор ашиглахын тулд юу хийхээ хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэднийг ирэх долоо хоногт бичсэн зүйлсээ хэрэгжүүлэхэд урь.
Иаков 3:13–18
Иаков дэлхийн мэргэн ухааныг Бурханаас ирдэг мэргэн ухаантай харьцуулав
Иаков дэлхийн мэргэн ухааныг Бурханаас ирдэг мэргэн ухаантай харьцуулсан гэдгийг тайлбарлан, Иаков 3:13–18-ыг нэгтгэн дүгнэ. Дэлхийн мэргэн ухаан “замбараагүй байдал” (16-р шүлэг) болон “атаархал[д]” (14-р шүлэг) хүргэдэг бол “дээрээс ирэгч мэргэн ухаан нь” “ариун” бөгөөд “өршөөл[өөр] дүүрэн” (17-р шүлэг) байдаг.
Өнөөдрийн хичээл дээр заасан зарчмуудын тухай гэрчлэлээ хуваалц.