46-р хичээл
Лук 5
Оршил
Петр, Иаков, Иохан нар Аврагчийн тусламжтай ер бусын байдлаар маш их хэмжээний загас барьсныхаа дараа Аврагчийг дагаж, хүмүүний загасчин болохын тулд бүхнээ орхижээ. Есүс уяман болон саа өвчтэй хүмүүсийг эдгээв. Тэрээр Матайг шавь болоход дуудаж, Өөрийгөө нүгэлтнүүдийг наманчлалд дуудахаар ирсэн хэмээн заажээ. Есүс хуучин тулман дахь шинэ дарсны тухай сургаалт зүйрлэл заав.
Заах зөвлөмж
Лук 5:1–11
Их Эзэн Петр, Иаков, Иохан нарыг хүмүүсийн загасчид болгохоор дуудав
Хэзээ та нараас бүх шалтгааныг хэлэлгүйгээр ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж байсан бэ? гэсэн асуултыг самбар дээр бич. Суралцагчдаас уг асуултыг тунгаан бодохыг мөн тэдний цөөн хэдийг туршлагаасаа хуваалцахад урь.
-
Ямар шалтгаантай болохыг ойлгохгүйгээр заавруудыг дагах нь яагаад хэцүү байдаг вэ?
-
Хэрэв шалтгааныг нь бүрэн ойлгоогүй бол Сүмийн удирдагчдын өгдөг ямар зарлиг эсвэл зөвлөгөөг дагахад өсвөр үеийнхэнд хэцүү байж болох вэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр жагсаан бичих талаар бодож үз.)
Их Эзэнээс ирсэн зөвлөгөө эсвэл зарлигийг яагаад дагах ёстойгоо бүрэн ойлгохгүй байх үед нь тэдэнд туслах зарчмыг Лук 5:1–11-ээс олж мэдэхэд суралцагчдыг урь.
Цөөн суралцагчийг Лук 5:1–5-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагч Симон (Петрээс) Өөрийг нь номлож дууссаны дараа юу хийхийг хүссэн болохыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. (Хэрэв шаардлагатай бол 4-р шүлэг, зүүлт тайлбар a гүн уруу нь гэдэг нь загас барихыг хэлж байгаа гэдгийг тодорхой болгож өгдөг гэдгийг онцол.)
-
Симон загас барих гэж өмнө нь хичээл зүтгэл гаргаж байсан талаараа Аврагчид юу гэж хэлсэн бэ?
-
Симоны загас барих туршлага нь Аврагчийг тороо дахиад хая хэмээн хэлэх үед түүнийг юу бодоход хүргэсэн байж болох вэ?
-
Симон Их Эзэнд итгэж байгаагаа юу гэж хэлж харуулсан бэ?
Нэг суралцагчийг Лук 5:6–9-ийг чанга уншихад уриад, Симоныг Их Эзэний хүссэн зүйлийг хийх үед юу тохиосон талаар олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Симоныг Их Эзэний хүссэн зүйлийг хийх үед юу тохиосон бэ?
-
Симон учир шалтгааныг нь ойлгоогүй ч Их Эзэний хүссэн зүйлийг хийхэд бэлэн байснаас бид ямар зарчим мэдэж авч болох вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид учир шалтгааныг нь ойлгохгүй байсан ч Их Эзэний хүссэн зүйлийг хийвэл Тэрээр бидний таамаглаж байснаас ч илүү агуу адислалуудыг өгөх болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдын хэлсэн үгийг ашиглан, уг зарчмыг самбар дээр бич.)
-
Энэ зарчмаар амьдрах нь биднийг ямар ямар арга замаар Есүс Христэд итгэхийг шаардаж байна вэ?
Суралцагчдад энэхүү зарчмыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Суралцагчдад уг хэлсэн үгийг хувилж өгөх талаар бодож үз.
“Энэ амьдрал бол гүн итгэл найдварын туршлага буюу Есүс Христэд болон Түүний сургаалуудад итгэн найдах, энэ амьдрал дахь аз жаргал, зорилго чиглэл, дээдийн дээд баяр баясгалантай мөнх оршихуйн төлөө эдгээр сургаалыг дуулгавартай дагахад Ариун сүнсээр удирдуулах өөрсдийн чадварт итгэж найдах туршлага юм. Итгэн найдах гэдэг нь эхлэлээс төгсгөлийг хүртэл мэдэлгүйгээр сайн дураараа дуулгавартай дагах гэсэн утгатай юм (Сургаалт Үгс 3:5–7-г үзнэ үү). Үр жимсийг нь үзэхийн тулд Их Эзэнд тавих таны итгэл найдвар бол хувийн мэдрэмж, туршлага дээр тулгуурласан өөртөө итгэх итгэлээс тань илүү хүчтэй, илүү удаан үргэлжилдэг байх ёстой” (“Trust in the Lord,” Ensign, 1995 оны 11-р сар, 17).
-
Бид Аврагчид итгэх энэхүү итгэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?
-
Та нар эсвэл та нарын гэр бүл шалтгаануудыг нь бүрэн дүүрэн ойлгохгүй байсан ч гэсэн Их Эзэний заавруудыг дагаснаар хэрхэн таамаглаж байснаасаа илүү агуу адислалуудыг хүлээн авч байсан бэ? (Эцэст нь Их Эзэн яагаад тэдгээр зааврыг өгснийг ойлгоход нь суралцагчдад тусалсан туршлагууд хариултуудад орж болно.)
Шалтгааныг нь бүрэн дүүрэн ойлгохгүй байсан ч гэсэн илүү үнэнчээр дагаж чадах Их Эзэнээс ирсэн зөвлөгөө, зарлигийг гэр рүүгээ авч явж болохоор цаасан дээр бичихэд суралцагчдыг урь. (Хэрэв цаг үлдвэл суралцагчдыг Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011] дээрээс санаа авахад урь.)
Петр, Иаков, Иохан нар Есүсийг дагахын тулд завь, загасны тор хоёроо орхисон гэдгийг тайлбарлан, Лук 5:10–11-ийг нэгтгэн дүгнэ.
Лук 5:12–26
Есүс уяман болон саа өвчтэй хүмүүсийг эдгээв
Суралцагчдад тариа, шархны боолт, саван, ууттай мөс зэрэг зүйлсийг үзүүл (эсвэл тэдгээрийг самбар дээр зур).
-
Эдгээр зүйл хүмүүсийн өвчин эсвэл шархыг эдгээхэд хэрхэн туслах вэ?
-
Хүн бие махбодын өвчин, гэмтлээс гадна өөр юугаараа эдгээгдэх хэрэгтэй байж болох вэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр жагсаан бич. Нүгэл, донтолт, сэтгэл гутрал, гай зовлон зэрэг хариултууд байж болно.)
Суралцагчдыг Лук 5:12–25-аас судалж байхдаа өөрсдөдөө болон бусдад шаардлагатай эдгэрлийг хүлээн авахад туслахын тулд бид юу хийж чадах тухай заасан зарчмыг олж мэдэхэд урь.
Дараах хүснэгтийг самбар дээр зураад, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ хуулж зурахад урь.
Адил төстэй талууд |
Ялгаатай талууд |
---|---|
Дараах судрын эшлэлүүдийг самбар дээр бич: Лук 5:12–15, Лук 5:17–25. Эдгээр шүлэг нь Аврагч хоёр хүнийг эдгээсэн тухай өгүүлдэг гэдгийг тайлбарла. Тэдний нэг нь уяман өвчтэй байсан ба нөгөө нэг нь саа өвчтэй байсан. Суралцагчдыг хос болгон хуваарил. Тэднээс түүх бүрийг хостойгоо хамт уншаад, дараах асуултуудын тухай ярилцахыг хүс.
-
Энэ хоёр эдгэрэлд ямар ямар адил төстэй тал байна вэ? Эдгээр нь ямар ялгаатай вэ?
-
Түүх бүр дээр итгэл ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
Суралцагчдаас хүснэгт дээрээ олж мэдсэн зүйлээ бичихийг хүс. Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг сурч мэдсэнээ хуваалцахад урь. Суралцагчдыг 20-р шүлэгт буй “тэр тэдний итгэлийг хараад” гэдэг үгсийг тэмдэглэж авахад урих талаар бодож үз. Саа өвчтэй хүнийг Аврагчид авчирсан хүмүүсийн итгэл энэ эрэгтэйг эдгэрэхэд тусалсан гэдгийг суралцагчид ойлгож байгаа эсэхийг бататга.
-
Бид эдгээгдэж мөн бусдад эдгээгдэхэд нь туслахын тулд юу хийж болох талаарх эдгээр түүхээс ямар ямар зарчим мэдэж авч байна вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид итгэлээ хөгжүүлж, Аврагчид ирснээр Тэрээр биднийг эдгээж чадна мөн Бид Аврагчид ирэхэд нь бусдад тусалснаар тэд эдгээгдэж чадна гэсэн зарчмыг тодорхойлсон эсэхийг бататга. Эдгээр зарчмыг самбар дээр бич.)
-
Бид ямар ямар арга замаар Аврагчаас эдгэрэл хүлээн авдаг вэ? (Аврагч биднээс сул дорой чанаруудыг зайлуулж эсвэл бидэнд сул дорой чанараа давж гарахад шаардлагатай байгаа зориг, итгэл, тайтгарал, амар тайвныг өгч болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)
Суралцагчдаас самбар дээрх сул дорой чанаруудаас хүмүүсийн эдгээгдэх хэрэгтэй байж болох сул дорой чанаруудыг бодож үзэхийг хүс.
-
Та нар хүмүүст Аврагчийн эдгээх хүчийг хүлээн авахаар Түүнд ирэхэд нь туслахын тулд юу хийж болох вэ?
-
Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн хэзээ Аврагчид итгэх итгэлээ хөгжүүлснээр эдгээгдэж байсан бэ? (Хэт хувийн чанартай туршлага хуваалцахгүй байхыг суралцагчдад сануул.)
-
Хүмүүс хэн нэгэнд Аврагчийн эдгээх хүчийг хүлээн авахад нь туслахаар Их Эзэнд авчирч байсныг та нар хэзээ харсан бэ?
Эдгээгдэж, өршөөгдөн, тайтгарал хүлээн авахын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхдээ эсвэл найзаа болон өөр хэн нэгнийг Аврагчид авчрахдаа юу хийж болох тухай тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Тэднийг хүлээн авсан сүнслэг өдөөлт бүрийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.
Лук 5:27–35
Хуулийн багш нар, фарисайчууд Есүсийг яагаад татвар хураагчид, нүгэлтнүүдтэй хамт хооллож байгаа талаар асуув
Нэг суралцагчийг Лук 5:27–28-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагчийн Левид өгсөн урилгыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Аврагчийн урилгад өгсөн Левийн хариултын юу нь та нарт гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ?
Левийг мөн Матай гэж нэрлэдэг гэдгийг суралцагчдад сануул (Матай 9:9-ийг үзнэ үү). Тэр татвар хураагч байсан буюу Ромын засгийн газрын төлөө өөртэйгөө адилхан иудейчүүдээс татвар хураадаг хүн байсан. Иудейчүүд татвар хураагчдыг үзэн яддаг байсан ба тэднийг гадуурхан, нүгэлтэн, бүр израиль үндэстнээс урвагч гэж үздэг байсан. Есүсийг Левитэй болон бусадтай хамт хооллож байх үед хуулийн багш нар, фарисайчууд нүгэлтнүүдтэй хамт хооллосных нь төлөө Түүнийг зэмлэн буруушаасан гэдгийг тайлбарлан, Лук 5:29–35-ыг нэгтгэн дүгнэ. Есүс Өөрийгөө нүгэлтнүүдийг наманчлалд дуудахаар ирсэн хэмээн заав.
Лук 5:36–39
Есүс хуучин тулман дахь шинэ дарсны тухай сургаалт зүйрлэл хэлэв
Аврагч хуулийн багш нар, фарисайчуудад заахын тулд сургаалт зүйрлэл ашигласан болохыг тайлбарла. Цөөн суралцагчийг Лук 5:36–39-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Аврагчийн сургаалт зүйрлэлдээ ашигласан эд зүйлсийг олж мэдэхийг хүс.
-
Аврагч сургаалт зүйрлэлээ заахын тулд ямар эд зүйл ашигласан бэ?
Суралцагчдад шинэ даавуу мөн цоорсон хуучин даавуу үзүүл. 36-р шүлэгт буй “шинэ дээл” гэдэг нь хуучирч агшаагүй байгаа хувцсыг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Хуучин хувцсыг шинэ даавуугаар нөхөж болдоггүй. Яагаад гэвэл шинэ нөхсөн хэсэг агшвал хуучин хувцасны уранхайг улам муухай болгож дордуулдаг. Үүнтэй адил Есүс Христийн сайн мэдээ хуучны итгэл бишрэл, заншлын зөвхөн нөхөөс төдий биш, харин үнэний бүрэн дүүрэн сэргээлт юм.
Суралцагчдыг тулам гэж “арьсан цүнх эсвэл дарсны хөхүүрийг” хэлж байгааг олж мэдэхийн тулд ХҮГ Хаан Жеймсийн Библийн хувилбар дээрх 37-р шүлгийн зүүлт тайлбар a-г уншихад урь мөн хэрэв боломжтой бол суралцагчдад хуучин, шинэ савхи үзүүл.
-
Шинэ савхи, хуучин савхи хоёр ямар ялгаатай вэ? (Шинэ савхи зөөлөн мөн уян хатан байдаг; хуучин савхи хатуу мөн хэврэг байдаг.)
Шинэ дарсыг хуучин тулманд исгэвэл хий хуримтлагдаж, тулам нимгэрч сунах болно гэдгийг тайлбарла. Дарсны хөхүүр нэгэнт нимгэрсэн л бол дахиад шинэ дарс исгэвэл задрах аюултай болдог.
Уг сургаалт зүйрлэлд шинэ дарс Аврагчийн сургаал, үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг төлөөлж байгаа ба хуучин дарс Мосегийн хуулин дорх фарисайчуудын заншил, уламжлал, итгэл бишрэлийг төлөөлдөг.
-
Ямар арга замаар “хуучин тулам” фарисайчуудыг болон хуулийн багш нарыг төлөөлж байна вэ? (Хуучин тулам шинэ дарсыг исгэхэд хэтэрхий хэврэг байдагтай адил хуулийн багш нар, фарисайчууд зүрх сэтгэлээ хатууруулж, Аврагчийг болон Түүний сургаалуудыг хүлээн авахын тулд өөрчлөгдөх хүсэлгүй байсан.)
-
“Шинэ тулам” хэнийг төлөөлж байна вэ? (Даруу бөгөөд Аврагчийг болон Түүний сургаалуудыг хүлээн авахын тулд өөрчлөгдөхөд бэлэн байсан хүмүүс.)
-
Бид энэ сургаалт зүйрлэлээс Аврагчийг болон Түүний сайн мэдээг хүлээн авахын тулд хийх хэрэгтэй зүйлийн талаар юу сурч чадах вэ? (Бид Аврагчийг болон Түүний сайн мэдээг хүлээн авахын тулд даруу, өөрчлөгдөхөд бэлэн байх хэрэгтэй гэсэнтэй төстэй зарчмыг суралцагчид олж тогтоосон эсэхийг бататга. Суралцагчдыг уг зарчмыг судрын захын зайн дээр Лук 5:36–39-ийн хажууд бичихэд урь.)
Энэ зарчмыг ойлгоход суралцагчдад туслахын тулд Лук 5-ыг дахин нэг уншаад, хүмүүс хэрхэн зүрх сэтгэлээ хатууруулж, Аврагчид болон Түүний сургаалд хандах хандлагаа өөрчлөөгүй жишээнүүдийг мөн хүмүүс хэрхэн даруу байж, Аврагчийг даган, өөрчлөгдөж, өсөж хөгжихөд бэлэн байсан жишээнүүдийг олж мэдэхэд урь. Цөөн суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
Лук 5-д заасан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.