Номын сан
139-р хичээл: Еврей 12–13


139-р хичээл

Еврей 12–13

Оршил

Паул Сүмийн иудей гишүүдэд Есүс Христийн үлгэр жишээг дагаж, дагалдагчийн замналаар амьдрахыг зөвлөсөн. Тэрээр бас Их Эзэний сахилгажуулалтыг хүртсэнээр ирдэг адислалыг тайлбарлав. Паул гэгээнтнүүдийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан төгс болохын тулд Бурханы хүслийг гүйцэлдүүлэхийг ухуулав.

Тэмдэглэл: 140-р хичээл хоёр суралцагчийг заах боломжоор хангадаг. Хоёр суралцагчийг урьдчилан сонгоод, тэдэнд бэлтгэх 140-р хичээлийн тодорхой хэсгийг даалгавар болгон өг. Тэднийг залбирч хичээлээ бэлдэхэд мөн хичээлээ бэлтгэж, заахдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.

Заах зөвлөмж

Еврей 12

Паул гэгээнтнүүдэд амьдралын уралдаанд итгэлтэй, тэвчээртэй гүйхийг зөвлөв

Зураг
зураг, гүйж буй хүн

Самбар дээр энгийн хэдэн зураасаар гүйж буй хүнийг дүрсэлсэн зураг зур. Ангийнхнаас холын зайд гүйж буй хүнд ямар ямар сорилт тулгарч болохыг асуу. (Та ангийнхнаас холын зайн уралдаанд орж байсан хүн байгаа эсэхийг асуугаад, хэрвээ байвал уг уралдааны үеэр юу хэцүү санагдсаныг тайлбарлахыг хүсэж болно.)

  • Уралдаж буй хүнийг туйлдаж, бусад хэцүү зүйлтэй тулгарч байхад юу үргэлжлүүлэн зоригжуулдаг вэ?

  • Есүс Христийн дагалдагч байх нь холын зайн уралдаантай ямар байдлаар төстэй байдаг вэ?

  • Есүс Христийн дагалдагчийн хувьд бидэнд ямар хэцүү зүйлс тохиолдож болох вэ?

Суралцагчдаас Есүс Христийн дагалдагч байснаар ирэх (эсвэл ирсэн) сорилтуудын талаар бодож үзэхийг хүс. Суралцагчдыг Еврей 12-ыг судалж байхдаа нөхцөл байдал хэцүү болсон ч Есүс Христийг үргэлжлүүлэн дагахад туслах үнэнүүдийг олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Еврей 12:1-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдэд дагалдагчийн уралдаанд амжилттай гүйхэд юу хийх хэрэгтэй гэж хэлснийг олж мэдэхийг хүс.

  • Паул гэгээнтнүүдэд дагалдагчийн уралдаанд амжилттай гүйхэд юу хийх хэрэгтэй гэж хэлсэн бэ?

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд уриад, түүнд өөрийнх нь үүргэвчийг үүрүүл. Цүнхийг нь чулуугаар дүүргэсний дараа дүүрэн чулуутай цүнх үүрээд гүйх нь түүнд хэрхэн нөлөөлөхийг тайлбарлахыг суралцагчдаас хүс.

  • Бидний гэм нүгэл ямар байдлаар чулуугаар дүүргэсэн цүнхтэй адил вэ?

Суралцагчаас цүнхээ тайлаад, суудалдаа суухыг хүс.

  • Дагалдагчийн уралдаанд тэвчээртэй гүйх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Еврей 12:2–4-ийг чанга уншихыг нэг суралцагчаас хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдэд нүглээ орхиж, эсэргүүцлийг тэвчээртэй туулахад юу тусална гэж хэлснийг олж мэдэхийг хүс. 3-р шүлэгт буй эсэргүүцэл гэдэг нь эсрэг үйлдлийг хэлж байгаа гэдгийг тайлбарла (3-р шүлэг, зүүлт тайлбар а-г үзнэ үү).

  • Паулын гэгээнтнүүдэд зааснаас үзэхэд нүглээ орхиж, эсэргүүцлийг тэвчээртэй туулахад бидэнд юу туслах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Есүс Христийн үлгэр жишээг дагах юм бол нүглүүдээ таягдан хаяж, эсэргүүцлийг тэвчээртэй давах хүчтэй болох болно гэсэн зарчмыг олж тогтоосон эсэхийг бататга.)

  • 2-р шүлэгт цэдэглэснээр, Паул гэгээнтнүүдэд Есүс Христийн ямар үйлдлийг жишээ болгон авах тухай заасан бэ?

Зураг
Цовдлолт

Цовдлолт (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009], д. 57; мөн LDS.org-ийг үз) зургийг үзүүлнэ үү. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгт итгэлтэй хэвээр байснаар ирэх аз жаргалыг мэддэг байсан тул дэлхийн шившгийг үүрч, загалмайд амиа өргөх хүсэлтэй байсныг Паул гэгээнтнүүдэд хэлсэн тухай тайлбарла.

  • Есүс Христийн үлгэр жишээг харах нь бидэнд зовлон бэрхшээл тулгарсан үед хэрхэн туслах вэ?

Суралцагчдаас одоо тэдэнд тохиолдож байгаа бэрхшээлүүдийг болон Есүс Христийн үлгэр жишээг харах нь эдгээрийг туулахад хэрхэн туслах талаар бодохыг хүс.

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах хэлсэн үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Есүс Христийн үлгэр жишээ бидэнд нүглээ хаяж, цааш тэвчээртэй үргэлжлүүлэхэд хэрхэн тусалж чадахыг олж мэдэхийг хүс.

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Тэрээр Цагаатгалаа агуу хийгээд мөнхийн байлгахын тулд зөвхөн бие махбодын хувьд үхээд зогсохгүй сүнсээрээ үхэж, тэнгэрлэг Сүнс холдон одож, тэр чигтээ найдваргүйгээр ганцаараа хоцрох ямар байдгийг Өөрийн биеэр үзэх хэрэгтэй байсан юм.

Гэвч Есүс эцсээ хүртэл тэвчсэн. Тэр цааш нь үргэлжлүүлсэн. Хэдий Тэрээр тэр чигээрээ зовж шаналсан байдалтай байсан ч Түүний дотор орших сайн сайхан нь дуусашгүй итгэлийг төрүүлсэн. Түүний итгэн найддаг найдвар нь Есүст тэнгэрлэг энэрэл хэзээ ч дуусдаггүй бөгөөд Бурханд найдаж болно мөн Тэр үргэлж ойр байдаг төдийгүй бүтэлгүйтэж эсвэл зугтдаггүй гэдгийг хэлсэн” (“Түүнтэй хамт хэн ч байсангүй,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97).

Суралцагчдыг өдөр бүр тодорхой цаг гаргаж, магадгүй судраас судлах үедээ нүглээ тэвчиж, эсэргүүцлийг тэвчээртэй туулах хүч чадлыг олж авахын тулд Есүс Христийн үлгэр жишээг дагахад урь.

Суралцагчдыг Еврей 12 дээр Паулын заасан дараагийн зарчмыг олж тодорхойлоход бэлдэхийн тулд хэн нэгэн тэднийг анхааруулж, залруулж байсан үеийг бодоход урь. Үүнд ямар хариу үйлдэл үзүүлж байснаа бодохыг хүс.

  • Хэн нэгнээс анхааруулга хүлээн авах нь яагаад хэцүү байж болох вэ?

  • Хүмүүс биднийг залруулахыг оролдох, тэр тусмаа энэ нь бидэнд таалагдахгүйг мэдсээр байж засаж залруулах ямар ямар шалтгаан байдаг вэ?

Бид дагалдагчийн уралдаанд гүйх үедээ сахилгажуулалт юм уу анхааруулга авна гэдгээ мэддэг байх хэрэгтэйг тайлбарла. Нэг суралцагчаас Еврей 12:6–9-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, хэн биднийг юуны учир сахилгажуулдаг болохыг олж мэдэхийг хүс. Энэ нөхцөлд 8-р шүлэг дээрх бутач гэдэг үг нь гэрлэлтээс гадуур төрсөн, хууль ёсоор өв залгамжлах эрхгүй хүмүүсийг хэлж байгаа юм.

  • Дагалдагчийн уралдаанд гүйх явцад хэн биднийг сахилгажуулах вэ?

  • Паулын хэлснээр Тэнгэрлэг Эцэг яагаад биднийг сахилгажуулдаг буюу засаж залруулдаг вэ?

  • Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалт ямар байдлаар Түүний хүүхдүүдээ хайрлах хайрыг харуулдаг вэ?

Суралцагчдыг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ Тэнгэрлэг Эцэгийн биднийг сахилгажуулдаг арга замуудыг 30 секундэд бичихэд урь. Бичсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Хэдийгээр сахилгажуулалт олон хэлбэрээр ирдэг боловч бидэнд тохиолддог бүх сорилт, зовлон бэрхшээл Бурханаас ирдэггүй гэдгийг суралцагчид ойлгох ёстой.

  • 9-р шүлэгт Тэнгэрлэг Эцэг биднийг зэмлэж, сахилгажуулах үед бид юу хийх ёстой гэж Паул хэлсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэгт “захирагдах” буюу хүлцэнгүй байх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Даруу, заавар хүлээн авдаг мөн Түүний хүсэлд нийцүүлэн амьдралаа өөрчлөх хүсэлтэй байх.)

Тэнгэрлэг Эцэгийн зэмлэлийг хүлцэх аваас бид … болно гэсэн гүйцэд бус өгүүлбэрийг самбарт бич.

10-р шүлэгт Паул бидний дэлхийн эцгүүд заримдаа биднийг төгс бусаар сахилгажуулдаг бол харин Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалт төгс бөгөөд бидний сайн сайхны төлөө байдаг гэдгийг мэдэгджээ. Нэг суралцагчаас Еврей 12:10–11-ийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалтыг хүлцэх аваас бидэнд юу тохиолдох талаар Паулын заасан зүйлийг олж мэдэхийг хүс. 10-р шүлэгт буй “Түүний ариун байдлыг хуваалцах” гэдэг нь Бурхантай илүү адил болох гэсэн үг гэдгийг тайлбарла.

  • Бид зэмлүүлж, сахилгажуулсан үедээ ямар мэдрэмжтэй байдгийг 11-р шүлэг дээрх Паулын үгс хэрхэн тайлбарлаж байна вэ?

  • 10–11-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалтыг хүлцвэл юу болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа самбар дээр Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалтыг хүлцэх аваас Түүнтэй илүү адил болж, зөв шударга байдлаас ирэх амар амгаланг хүлээн авах болно гэсэн өгүүлбэрийг бич.)

Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалтыг хүлцсэнээр адислагдсан туршлагаасаа хуваалцах талаар бод. (Хэт ариун нандин эсвэл хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүй.) Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн сахилгажуулалтыг хүртсэнээ мэдэрсэн үеийн тухай бодохыг хүс. Энэ анхааруулгад ямар хариу үйлдэл үзүүлж байснаа бодохыг хүс. Тэнгэрлэг Эцэгээс ирээдүйд ирэх сахилгажуулалтыг хүлээн авах шийдвэрийг яг одоо гаргахад суралцагчдыг урамшуулан дэмж.

Паул гэгээнтнүүдийг бусад сүмийн гишүүдийг итгэл дотор хүчирхэгжүүлэхэд уриалсныг тайлбарлан, Еврей 12:12–29-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр тэдэнд нүглийг тэвчсэнээр Есав шиг болон Синаи ууланд Израилийн хүүхдүүд шиг Бурханы адислалыг алдахгүй байхыг ухуулсан. Итгэлтэй хэвээр үлдэж, Бурханд үйлчилдэг гэгээнтнүүд харьцуулшгүй алдар сууг хүртэж, Түүний хаант улсад орох болно гэдгийг Паул тайлбарлажээ.

Еврей 13

Паул гэгээнтнүүдэд хэд хэдэн зөвлөгөө өгөв

Паул хэд хэдэн сэдвээр еврей гэгээнтнүүдэд зөвлөгөө өгснөөр захидлаа төгсгөснийг тайлбарла. Суралцагчдыг хоёр юм уу гурваар нь жижиг бүлэг болгон хуваарил. Тэднээс Еврей 13:1–9, 17-г хамтдаа уншаад, Паулын гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс. Уншиж дууссаныхаа дараа дараах асуултуудын талаар бүлгээрээ ярилцах зааварчилгааг тэдэнд өг. Та эдгээр асуултыг самбар дээр бичиж болно.

  • Бидний цаг үед аль зөвлөгөө нь хамгийн хэрэгтэй гэж та бодож байна вэ? Яагаад?

Хэсэг хугацааны дараа цөөн суралцагчаас асуултуудад хэрхэн хариулснаа хуваалцахад урь. Паулын зөвлөгөөнүүдийн аль хэсгийг нь амьдралдаа илүү хэрэгжүүлж болохыг бодож үзэхийг тэднээс хүс.

Хуучин Гэрээний цаг үед нүглийн золиослолын төлөө тахил өргөсөн амьтдыг Израилийн хуарангийн гадна шатаадаг байсныг Паул заасан тухай тайлбарлан, Еврей 13:10–12-ыг нэгтгэн дүгнэ. Үүнтэй адилаар Есүс Христ Иерусалим хотын гадна золиос болсон. Есүс Христ Цагаатгалыг гүйцэтгэсний дараа амьтнаар тахил өргөх шаардлагагүй болсон гэдгийг тайлбарла (3 Нифай 9:18–20-ийг үзнэ үү).

Нэг суралцагчаас Еврей 13:13–16-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул гэгээнтнүүдэд амьтны оронд ямар золиослол өргөх ёстой гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тэмдэглэхэд урих талаар бодож үз.

  • Паул биднийг ямар ямар золиослол хий гэж хэлсэн бэ?

  • Та ийм золиослолыг яагаад Бурханд тааламжтай гэж бодож байна вэ?

Паул гэгээнтнүүдэд сүнслэг удирдагчдаа дагаж, тэдний төлөө залбирч байхыг зөвлөснийг тайлбарлан, Еврей 13:17–25-ыг нэгтгэн дүгнэ. Гэгээнтнүүд Бурханы хүслийг биелүүлэхийн тулд хэрэгтэй бүх зүйлийг нь тэдэнд өгөхийг Паул Бурханаас гуйн залбирав.

Еврей 12–13-аас суралцагчдын олж тогтоосон үнэнүүдийн талаар гэрчилж, энэ хичээлийг дуусгаж болно.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Еврей 12:9

Еврей 12:9-ийг чээжлэхэд суралцагчдад туслахын тулд цаасан дээр энэ шүлгэн дээрх үг бүрийн эхний үсгийг бичихийг хүс. Суралцагчид эхний үсгүүдийг хараад, чээжээр хэлж чаддаг болтол энэ шүлгийг тэдэнтэй хамт давт.

  • Бид энэ шүлгээс Тэнгэрлэг Эцэг болон бидний хоорондын харилцааны талаар ямар сургаалыг мэдэж авч болох вэ? (Суралцагчид Тэнгэрлэг Эцэг бол бидний сүнсний эцэг юм гэсэн сургаалыг олж тогтоох ёстой.)

  • Бид өөрсдийгөө Бурханы хүүхдүүд гэдэгт итгэх нь яагаад чухал вэ?

Бид Бурханы төрсөн хүүхдүүд гэдгийг гэрчил.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Еврей 12:6–11. Их Эзэний сахилгажуулалт

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Их Эзэний сахилгажуулалтын талаар дараах тайлбарыг өгсөн.

“Хэрвээ бид ‘[төгс] хүмүүн болоход Христийн бэлгийн хэмжээгээр бидний хүн нэг бүрд өгөгдсөн нигүүлсэлд’ (Ефес 4:13) зохицохоор амьдралаа өөрчлөхийг хүсэж байвал алдаагаа засаж залруулах нь нэн чухал юм. Бурханлаг залруулга буюу сахилгажуулалтын тухай Паул ‘Учир нь Эзэн хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм’ (Еврей 12:6) гэжээ. “Энэ нь ихэвчлэн хэцүү байдаг ч Бурхан бидний алдаа дутагдлыг залруулахад цаг заваа зориулж, анхаарал тавих үнэ цэнтэй гэдэгтээ бид баярлах ёстой” (“Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–105).

Еврей 12:9. “Бидний сүнсний Эцэг”

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр хүн бүрийн сүнс нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд гэдгийг:

“Чи бол Бурханы хүүхэд. Тэр бол чиний сүнсний Эцэг. Чи бол Тэнгэрийн Хааны сүнсээр төрсөн дээд язгууртай хүүхэд. Уг үнэнийг ой тойндоо хадгалж, үлдээ. Мөнх бус амьдралд чиний угийн бичиг яаж бичигдсэн, аль үндэстэн ястны төлөөлөл болсноос үл хамааран, сүнсний угийн бичигт чинь нэг л үе байдаг. Чи бол Бурханы хүүхэд!” гэж заажээ (“To Young Women and Men,” Ensign, 1989 оны 5-р сар, 54).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс бид бол Бурханы хүүхдүүд гэдгийг ойлгохын ач холбогдлыг тодотгохдоо:

“Бидний дуртай дуунуудын нэг болох ‘Би Бурханы хүүхэд’ дууны санаа ямар хүчтэй болохыг бодож үз [Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 58-р хуудас]. … ‘Би хэн бэ?’ гэсэн амьдралын агуу асуултын нэгнийх нь хариу энд байна. Би тэнгэрлэг эцэг эхтэйгээ сүнсээрээ холбогдсон Бурханы хүүхэд. Тэрхүү эцэг эх маань бидний мөнхийн чадавхыг тодорхойлдог. Тэрхүү хүчирхэг үзэл санаа нь гутрангуй үзлийг эмчлэх хүчтэй эм юм. Энэ нь бидний хүн нэг бүрийг зөв шударга сонголт хийн, өөрийн доторх хамгийн сайн талуудаа олоход хүчирхэгжүүлж чадна. Залуу хүний бодолд тэр бол Бурханы хүүхэд гэдэг хүчтэй санааг суулгаж өгвөл түүнд өөртөө итгэлтэй байдал болон амьдралд тохиох асуудлуудыг сөрөн гарах хүсэл төрөх болно” гэжээ (“Powerful Ideas,” Ensign, 1995 оны 11-р сар, 25).

Еврей 12:23. “Анх төрөгсдийн чуулган”

“Паул гэтэлгэгдсэн гэгээнтнүүдийг ‘анх төрөгсдийн чуулган[д]’ (Еврей 12:23) нэгдэхийг заасан нь энэ хэллэгийн Библи дээрх цорын ганц тохиолдол юм. Хожмын үеийн илчлэлтээр бошиглогч Иосеф Смит Ууган Хүүгийн Сүм гэдэг нь Христийн тэнгэр дэх Сүмийг хэлдэг бөгөөд селестиел хаант улсад орсон итгэлтэй, өргөмжлөгдсөн гэгээнтнүүдээс бүрддэг гэдгийг сурсан (С ба Г 76:54; 88:4–5-ыг үзнэ үү). ‘Есүс бол бидний Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүдийн ууган нь, махан биед төрсөн Эцэгийн Төрсөн Ганц бөгөөд нас барагсдаас хамгийн анх амилсан нь билээ (Кол. 1:13–18). Итгэлтэй гэгээнтнүүд үүрд мөнхөд Ууган Хүүгийн Сүмийн гишүүд болдог (С ба Г 93:21–22)’ (Судруудын удирдамж, “Ууган Хүү,” scriptures.lds.org)” (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 489). Эдгээр гэгээнтэн “Христийн хамтран залгамжлагчид” (Ром 8:17) бөгөөд эцэст нь “Эцэгт байгаа бүх[нийг]” (С ба Г 84:38) өвлөн авна.