Номын сан
24-р хичээл: Матай 21:17–22:14


24-р хичээл

Матай 21:17–22:14

Оршил

Есүс Бетаны тосгонд хоноглосныхоо дараа ариун сүмд буцаж ирсэн. Тэр буцаж ирэх замдаа инжрийн модыг зүхэв. Иудейчүүдийн удирдагчид ариун сүм дээр Түүн рүү ирж, Түүний эрх мэдлийг шалгаав. Есүс тэднийг зэмлэж, Түүнийг болон Түүний сайн мэдээг эсэргүүцэх эсвэл хүлээн зөвшөөрөхийн үр дагаврыг харуулах хэд хэдэн сургаалт зүйрлэлийг заав.

Заах зөвлөмж

Матай 21:17–32

Есүс инжрийн модыг зүхэж, иудейчүүдийн удирдагчдыг зэмлэсэн

Хичээл эхлэхийн өмнө Аливаа зүйл ил харагдаж байгаа шигээ сайн биш гэдгийг олж мэдсэн ямар ямар тохиолдол та нарт байдаг вэ? гэсэн асуултыг самбар дээр бич.

Хичээл эхлэхийн өмнө самбар дээр байгаа асуултад хариулснаасаа хуваалцахад нэгээс илүү суралцагчийг урь.

Матай 21 нь Есүс Христ харагдаж байгаа шигээ сайн биш нэг зүйлтэй тулгарсан үеийн тухай түүхийг өгүүлдэг гэдгийг тайлбарла. Суралцагчдыг зөвхөн зөв шударга харагдуулах биш, харин зөв шударга амьдрахад биднийг удирдах үнэнүүдийг Maтай 21 дээрээс олж мэдэхэд урь.

Матай 21-ийн хам сэдвийг танилцуулан, Есүс Иерусалим руу ялгуусан байдлаар хүрч ирж, ариун сүмийг цэвэрлэснийхээ дараа Иерусалимын ойролцоох жижиг тосгон Бетанд хоноглосон гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Матай 21:18–22-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, маргааш нь Аврагч Бетанаас Иерусалим дахь ариун сүм хүртэл аялах үедээ юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч инжрийн модны тухайд юу хийсэн бэ?

Зураг
инжрийн мод

Инжрийн мод

© Jose Ramiro Laguna/Shutterstock.com

Навчтайгаа байгаа инжрийн модны зургийг үзүүл. Инжрийн модны навчис нь уг мод жимстэй болохыг харуулдаг гэдгийг тайлбарла. Хавар цагт (Аврагч жимсгүй байсан инжрийн модыг харсан) инжрийн мод эрт ургацын инжрийг гаргадаг. Хэрвээ тэд инжир гаргахгүй бол тэр жилийн туршид жимслэхгүй гэсэн байдаг. Энэ түүхэнд дүрслэгдсэн инжрийн мод нь жимсэлдэг мод шиг харагдаж байсан боловч ямар ч жимс гаргаагүй байсан. Аврагч инжрийн модыг зүхсэн нэг шалтгаан нь иудейчүүдийн авлигад өртсөн шашны удирдагчдын талаар шавь нартаа заах явдал байсан байж болох юм.

  • Аврагчийн өдрүүд дэх иудей шашны удирдагчдын талаар сурсан зүйлс дээрээ үндэслэвэл, тэдний олон нь уг түүхэнд дүрслэгдсэн инжрийн модтой хэрхэн адилхан байсан бэ? (Тэд Бурханыг дагаж байгаа мэт харагддаг байсан ч зөв шударгын жинхэнэ үр жимс буюу үйлсийг хийдэггүй байсан.)

Maтай 21:23–27-г дүгнэн, иудейн эдгээр шашны удирдагчийн зарим нь ариун сүмд Есүс дээр ирж, Түүний Иерусалимд ялгуусан байдлаар орж ирж, ариун сүмийг цэвэрлэсэн эрх мэдлийн талаар шалгаасан гэдгийг тайлбарлан ярьж өг. Аврагч Иохан Баптистын баптисмын (эсвээс тохинууллын) эрхийг Бурхан өгсөн үү эсвэл хүн өгсөн үү хэмээн асууж, тэдэнд хариулжээ. Эдгээр удирдагч Иоханыг бошиглогч хэмээн хүлээн зөвшөөрсөн байсан хүмүүсийг гомдоохоос эсвэл өөрсдийгөө буруутгахаас айн Аврагчийн уг асуултад хариулахыг хүссэнгүй. Аврагч Өөрөө тэдний хариултад ч бас хариулахгүй хэмээн хэлээд, авлигад өртсөн иудей удирдагчдын үйлсийг харуулах гурван сургаалт зүйрлэл хэлжээ. Эхний сургаалт зүйрлэл нь хоёр хүүгийн эцэгтээ хандсан хоёр өөр замыг харуулдаг.

Нэг суралцагчийг Матай 21:28–30-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, аль хүү нь иудей удирдагчидтай илүү адил байсныг олж мэдэхийг хүс.

  • Аль хүү нь иудей удирдагчидтай илүү адилхан байсан бэ? Ямар арга замаар?

Нэг суралцагчийг Матай 21:31–32-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан иудей удирдагчдад юу заасныг олж мэдэхийг хүс. (Татвар хураагчид нь татвар цуглуулдаг хүмүүс, янхнууд нь биеэ худалдагчид гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болох юм.) Иудей удирдагчид энэ хоёр бүлэг хүнийг нүгэлтэй гэж бодож, дорд үздэг байсан.)

  • Татвар хураагчид болон янхнууд юугаараа эхний хүүтэй адил байсан бэ?

  • Бид Бурханы хаант улсад хэн орох талаарх Аврагчийн сургамжаас ямар үнэнийг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Бурханы хаант улсад орохын тулд Тэнгэрлэг Эцэгийг дагадаг хэмээн хэлэх эсвэл дүр эсгэх биш, харин Түүнийг дуулгавартай дагаж, нүглээ наманчлах ёстой гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтоосон эсэхийг бататга.)

Суралцагчдад энэ үнэний хамаарлыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг дараах жишээг чанга уншихад урь.

Нэг залуу эрэгтэй эцэг эхдээ Сүмийн үйл ажиллагаанд оролцохоор явж байна гэж байнга хэлдэг боловч үнэндээ найзынхаа гэр рүү явдаг байв. Тэр Сүмийн удирдагч, багш нарын дэргэд байхдаа Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагадаг мэт ярьж, үйлдчихээд, харин ийм орчноос гарахаараа зарлигуудын ихэнхийг зориуд зөрчдөг.

  • Энэ залуу эрэгтэйн сонголт нь түүнийг Бурханы хаант улсад ороход хэрхэн саад болж болох вэ?

  • Хэрэв та нар энэ залуу эрэгтэйн найз байсан бол түүнийг зан авираа өөрчлөхөд нь туслах юуг түүнд хэлж болох байсан бэ?

Өөр нэг суралцагчийг дараах жишээг чанга уншихад урь.

Нэг залуу эмэгтэй сургуулийнхаа хэд хэдэн охины талаар найзуудтайгаа хов жив ярьдаг боловч тэр охидын дэргэд байхдаа найз нь мэт царайлдаг. Тэр залуу эмэгтэй тогтмол сүмд явж, ариун ёслолоос хүртдэг ч цуглаануудын дундуур эргэн тойрныхоо хүмүүсийг шүүмжилсэн мессежийг найзууддаа явуулдаг.

  • Энэ залуу эмэгтэй Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудыг дагаж байгаа мэт ямар байдлаар дүр эсгэж байж болох вэ?

  • Эдгээр жишээнээс гадна, Тэнгэрлэг Эцэгийг жинхэнээсээ дагахын оронд Түүнийг дагаж байгаа мэт дүр эсгэхэд уруу татагдаж болох өөр ямар ямар арга зам байдаг вэ?

Суралцагчдыг Maтай 21-ийг үргэлжлүүлэн судлах явцдаа тэд жимс гаргадаггүй инжрийн мод шиг байхаас зайлсхийхийн тулд юу хийж чадахыг олж мэдэхэд урь.

Матай 21:33–22:14

Есүс Христ ёс бус тариаланчид болон хааны хүүгийн гэрлэлтийн талаарх сургаалт зүйрлэлүүдийг заасан

Суралцагчдыг хос болгон хуваарил. Хэрэв боломжтой бол хос бүрд дараах хүснэгтийн хуулбарыг тарааж өг. Суралцагчдыг Матай 21:33–41-ийг хамтрагчтайгаа хамт чанга уншихад уриад, тэднийг сүүлийн гурван бэлгэдэл юуг төлөөлж байгаа гэж бодож байгаагаа бичин, уг хүснэгтийг бөглөхөд урь.

Зураг
тараах материал, ёс бус тариаланчдын сургаалт зүйрлэл

Ёс бус тариаланчдын сургаалт зүйрлэл

Шинэ Гэрээний семинарын багшийн гарын авлага—24-р хичээл

Матай 21:33–41

Бэлгэдэл

Утга

Эзэн

Тэнгэрлэг Эцэг

Тариаланчид

Боолууд

Эзний хүү

Суралцагчдыг энэ үйл ажиллагааг дуусгасны дараа хэд хэдэн хосыг бичсэнээ хуваалцахад урь. Хэрэгтэй бол, тариаланчид нь авлигад өртсөн израиль удирдагчдыг, боолууд нь Бурханы бошиглогчдыг, эзний хүү нь Есүс Христийг төлөөлж байгааг тодотгон хэлж өг.

  • Есүс энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан юу харуулж байсан бэ? (Эрин зууны туршид Израилийн зарим удирдагч Хуучин Гэрээний бошиглогчдыг эсэргүүцсэн бөгөөд тэр үеийн иудей удирдагчид Есүсийг алахыг хүсэж байсан [New Testament Student Manual (Church Educational System manual, 2014), 65]-ыг үзнэ үү).

Нэг суралцагчийг Матай 21:43-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, иудей удирдагчид эсэргүүцсэний дараа Бурханы хаант улс (Есүс Христийн Сүм болон сайн мэдээний адислалууд) хэнд өгөгдөхийг олж мэдэхийг хүс.

  • Бурханы хаант улс хэнд өгөгдөх вэ?

Иосеф Смитийн Орчуулга, Maтай 21:53 нь Бурханы хаант улс өгөгдөх үндэстэн нь харийнхан гэдгийг тодорхойлдог болохыг тайлбарла. Та харийнхан гэдэг нь “Израилийн удмын биш хүмүүс … [зарим үед] иудей удмын биш хүмүүсийг” (Судруудын удирдамж, “Харийнхан” scriptures.lds.org) эсвэл Бурханы бүрэн эрх мэдэл, ёслол, хууль, сургаалууд байдаггүй улс үндэстнийг хэлдэг гэдгийг тайлбарлаж болох юм. Харийнханд хаант улсыг шилжүүлэх явдал нь Аврагчийг амилсны дараа төлөөлөгчид харийнханд сайн мэдээг анх удаа хүргэснээр эхэлсэн юм (Үйлс 10–11; мөн Maтай 20:16-г үзнэ үү). Энэ нь харийн улсад амьдарч байсан бошиглогч Иосеф Смитээр дамжин ирсэн сайн мэдээний Сэргээлтээр эцсийн өдрүүдэд үргэлжилсэн. Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд, Бурхан Өөрийн хаант улсыг өгсөн тэр хүмүүсийн дунд бид багтдаг.

  • 43-р шүлэгт цэдэглэснээр, бид Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд ямар үүрэгтэй вэ? (Суралцагчид Бид Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд зөв шударгын үр жимсийг авчрах үүрэгтэй гэсэнтэй ойролцоо үнэнийг тодорхойлж байгаа эсэхийг бататга.) Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглаад, энэ зарчмыг самбар дээр бич.)

Суралцагчдыг самбарт гарч ирээд, инжрийн модны жимсийг зурахад урь. Тэднийг Есүс Христийн Сүмийн гишүүдийн хувьд бидний хийх ёстой зөв шударга зүйлсийг дүрслэх үгсийг уг жимснүүд дээр бичихийг хүс. Суралцагчдад дараах асуултыг тавьснаар, бичсэн зүйлсээ тайлбарлахад урь. Үүнд:

  • Бидэнд тийм үр жимсийг авчрах нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

  • Та нар зөв шударгын ийм жимснүүдийг авчрахаар хичээхдээ хэрхэн адислагдаж байсан бэ?

Матай 21:45–46-г дүгнэн, ахлах тахилчид болон фарисайчууд уг сургаалт зүйрлэл дэх ёс бус тариаланчид өөрсдийг нь төлөөлж байгааг ойлгоод ихэд уурласан гэдгийг тайлбарлан ярьж өг. Гэсэн хэдий ч, тэд Аврагчид гар хүрэлгүй биеэ барьсан, учир нь хэрвээ тийн үйлдвэл хүмүүс хэрхэх бол гэж айж байсан.

Бид Maтай 22:1–10 дээрээс Есүс Христ сайн мэдээний адислалуудыг мөн хааны хүүгийн хуримын найртай зүйрлэсэн нэгэн сургаалт зүйрлэлийг өгүүлсэн болохыг уншдаг хэмээн тайлбарла. Хуримын найранд эхэлж уригдсан (иудейчүүдийн олныг мөн удирдагчдыг төлөөлдөг) хүмүүс ирэхээс татгалзсан. Дараа нь уригдсан (харийнхныг төлөөлдөг) хүмүүс ирэхээр шийдэж мөн зоогоос таалан хүртдэг.

Нэг суралцагчийг Матай 22:11–14-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хуримын найран дээр юу тохиолдсоныг олж мэдэхийг хүс.

  • Энэ зочин яагаад найраас хөөгдсөн бэ?

Тэр хаан зочдодоо хуриман дээр өмсөх цэвэрхэн, зохистой хувцсыг өгснөөрөө эртний заншлыг дагаж байсан гэдгийг тайлбарла. Гэсэн ч уг хүн хааны өгсөн хувцсыг өмсөхгүй байхыг сонгосон.

  • Энэ сургаалт зүйрлэлд хуримын өмсгөлүүд нь юуг төлөөлж болох вэ? (Та судруудад цэвэрхэн өмсгөл ба орхимж нь ихэнхдээ зөв шударга байдлыг мөн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр болсон хүмүүсийн ариун байдлыг бэлгэддэг гэдгийг тайлбарлахыг хүсэж болох юм [New Testament Student Manual (Church Educational System manual, 2014), 66; мөн 3 Нифай 27:19-ийг үзнэ үү].)

Maтай 22:14-ийн Иосеф Смитийн Орчуулга нь найран дээрх хүн болгон хуримын өмсгөлийг өмсөхгүй хэмээн нэмж хэлдэг гэдгийг онцлон хэл (зүүлт тайлбар б-г үзнэ үү). Өөрөөр хэлбэл, Аврагчийг хүлээн зөвшөөрдөг хүн бүр дуудагддаггүй мөн хаант улсын хэсэг байх урилгыг хүлээн авсан хүн бүр Түүнтэй болон Тэнгэрлэг Эцэгтэй мөнхөд хамт амьдрахаар бэлтгэгдсэн болон зохистой байдаггүй юм. Зарим нь зөв шударгын өмсгөлийг өмсөөгүй учраас элбэг дэлбэг адислалуудад өөрсдийгөө тэнцэхгүй болгодог.

  • Энэ сургаалт зүйрлэл самбарт бичигдсэн зарчмыг хэрхэн үзүүлж байна вэ?

Биднийг хүлээн авахыг урьсан мөнхийн адислалуудын ач холбогдлын талаар гэрчил. Суралцагчдаас сайн мэдээний бүх адислалыг хүлээн авах Тэнгэрлэг Эцэгийн урилгыг хүлээн авахын тулд одоо юу хийж байгаа талаараа тунгаан бодохыг хүс. Тэднийг эдгээр адислалыг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэн, сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Матай 21:19–22. Инжрийн модыг зүхсэн нь

Аврагч инжрийн модыг зүхсэн нь хэд хэдэн чухал хичээлийг заасан юм. Инжрийн мод нь зөв шударга байдал дутагддаг ч гадаад төрхөндөө үүнийг харуулсан, авлигад өртсөн иудей шашны удирдагчдыг төлөөлж болно. Энэ утгаараа уг үйл явдал нь бүгд өөрсдийн итгэж, заадаг зүйлсдээ тохирсон байдлаар амьдрахаар хичээхийг бидэнд заасан. Инжрийн модыг зүхсэн нь Аврагчийн тохинуулалдаа өмнө нь зааж, инжрийн модны сургаалт зүйрлэлээр хэлсэн, бүгд наманчлах эсвээс мөхөх ёстой гэсэн сургаалын бодит дүрслэлийг өгдөг (Лук 13:6–9-ийг үзнэ үү). Инжрийн модыг зүхэхэд шавь нараа үүнд хэрхэн хандахыг харсныхаа дараа Аврагч энэ тохиолдлыг ашиглан, тэдний дөнгөж гэрчлэн харсан гайхамшгаас илүү агууг үйлдэх итгэлийн хүчийн талаар тэдэнд заасан.

Матай 21:42–44. “Барилгачдын голсон чулуу”

Есүс Христ бол “барилгачдын голсон чулуу” (Maтай 21:42) бөгөөд дэлхий дээрх Бурханы хаант улсын булангийн чулуу болсон юм (Үйлс 4:11; Ефес 2:19–20-ийг үзнэ үү). Аврагч чулуун дээр унасан хүмүүс хэмхэрнэ хэмээн заасан нь амьдралаа энэ чулуун дээр барихыг хэлэхээсээ илүү (Хиламан 5:12-ыг үзнэ үү), иудейчүүд үүн дээр бүдэрч, унах болно гэдгийг хэлж байсан юм (Исаиа 8:14; 1 Коринт 1:23-ыг үзнэ үү). Тэд Есүсийг Мессиа болон Бурханы Хүү хэмээн хүлээн зөвшөөрөөгүйгээс мөн Түүний сайн мэдээг хүлээн аваагүйгээс болж хэмхрэх юм уу устгагдах болно. Бусдын дээр унаж байгаа чулуу нь Аврагчийг Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсийг устгаж байгааг хэлж байгаа юм. (Иосеф Смитийн Орчуулга, Maтай 21:47–56-г [Bible appendix] үзнэ үү.)