Номын сан
18-р хичээл: Матай 15


18-р хичээл

Матай 15

Оршил

Есүс Галилд байхдаа Өөрийнх нь шавь нар яагаад хоол идэхийнхээ өмнө өөрсдийгөө ариутгадаг уламжлалыг дагаагүй талаар тайлбарлав. Тэгээд Тэрээр Дундад Тэнгисийн эрэг рүү аялж, тэнд Харийн нэг эмэгтэйн охиныг эдгээв. Есүс Галилд буцаж ирээд, тэнд олныг эдгээн мөн дөрвөн мянга гаруй хүнийг гайхамшигтайгаар хооллов.

Заах зөвлөмж

Maтай 15:1–20

Фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийн шавь нарыг хоол идэхийнхээ өмнө яагаад гараа угаагүй талаар асуусан

Гурван суралцагчийг дараах жишээнүүдийг чанга уншихад урь. Уг жишээнүүд юугаараа адил байгааг сонсохыг ангийнхнаас хүс.

  1. Найзууд нь нэг залуу эмэгтэйд сургуулийн бүжгэнд зохисгүй хувцас өмсөхийг санал болгожээ. Уг залуу эмэгтэй иймэрхүү хувцас өмсөх нь нийгэмд ерөнхийдөө хүлээн зөвшөөрөгддөг ч Их Эзэний даруу хувцаслалтын жишигт тэнцдэггүйг мэдэж байв.

  2. Хожмын үеийн гэгээнтэн нэг залуу эрэгтэйн гэр бүл спортын тэмцээнүүдэд дуртай байлаа. Спортын нэр хүндтэй тэмцээнүүд зурагтаар гарах үед уг гэр бүлийнхэн гэр бүлээрээ залбирах, судраас суралцах, гэр бүлийн үдэш хийх зэргээ болон ням гаргийн Сүмийн цуглаануудад оролцохоо хойшлуулж, уг тэмцээнийг үздэг байв.

  3. Нэг залуу хос гэрлэхээр бэлтгэж байв. Тэд гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орох нь өргөнөөр хүлээн зөвшөөрөгддөг газарт амьдардаг. Зарим хүн уг хосыг гэрлэх хүртлээ бэлгийн харьцаанд орохгүй хүлээж байгааг нь мэдчихээд, хуучинсаг үзэлтэй, этгээд хүмүүс гэж хэлсэн.

  • Эдгээр жишээнд ямар нийтлэг зүйлс байна вэ? (Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах ба уламжлал, ёс заншлын дагуу үйлдэх хоёр нь зөрчилдөж байгааг харуулж байна.)

Уламжлал, ёс заншлууд нь нийгэм, иргэншил, гэр бүл эсвэл бүлэг найзуудын итгэл, дадлыг багтааж болно гэдгийг тайлбарла.

Суралцагчдыг Бурханы зарлигуудыг сахихад саад болж болох нэгээс илүү уламжлал юм уу ёс заншлыг нэрлэхийг хүс. Суралцагчдыг Бурханы зарлигуудыг сахих ба уламжлал, ёс заншлуудыг дагах хоёроос сонгох хэрэгтэй болох үед тэдэнд туслах үнэнүүдийг Матай 15 дээрээс олж мэдэхэд урь.

Нэг суралцагчийг Матай 15:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, хуулийн багш нарын болон фарисайчуудын Есүсээс тухайлан асуусан уламжлалын талаар олж мэдэхийг хүс.

  • Есүсийн шавь нар ямар уламжлалыг дагахгүй байсан бэ?

Хуулийн багш нарын болон фарисайчуудын дурдсан гар угаах нь зүгээр гараа цэвэрлэж угаахыг биш, харин ариутгах ёслолын төлөө гар угаадаг ёслолыг хэлж байгаа гэдгийг тайлбарла.

Нэг суралцагчийг Матай 15:3-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас хуулийн багш нарын болон фарисайчуудын асуултад Есүс юу гэж хариулсныг олж мэдэхийг хүс.

  • Хуулийн багш нар болон фарисайчууд энэ уламжлалд оролцсоноор юуг хийж байсан гэж Аврагч хэлсэн бэ?

Матай 15:4–6-г дүгнэн, хуулийн багш нар болон фарисайчууд тэдний уламжлалд оролцсоноор Бурханы зарлигийг зөрчиж байгаа жишээг тодорхойлсон гэдгийг тайлбарлан ярьж өг. Tэд тэдний мөнгө нь Бурханд бэлэг буюу Корбан болж хадгалагдаж байгаа гэж тунхагласнаараа хүмүүс өтөлж байгаа эцэг эхээ халамжлах үүргээсээ “чөлөөлөгдөх болно” (6-р шүлэг) гэж зааж байв (Mарк 7:10–12-ыг үзнэ үү). Гэсэн ч тэд ийн үйлдэхдээ эцэг эхээ хүндлэх зарлигийг зөрчсөн хэмээн Есүс заав.

Нэг суралцагчийг Матай 15:7–9-ийг чанга уншихад уриад мөн ангийнхныг хуулийн багш нар болон фарисайчууд Бурханы зарлигуудыг дагахгүй байх шалтгаан болгон өөрсдийн уламжлалуудыг ашиглан, хүмүүсийг юу хийхэд хүргэж байсныг олж мэдэхийг хүс.

  • Хуулийн багш нар болон фарисайчууд хүмүүсийг юу хийхэд хөтөлсөн бэ?

  • Бид эдгээр шүлгээс хэрвээ Бурханд илүү ойртохыг хүсэх юм бол юу хийх ёстой талаар ямар зарчмыг мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Хэрэв бид Бурханд илүү ойртохыг хүсэх аваас Бурханы зарлигуудыг бидэнд байж болох ямар ч уламжлал, ёс заншлаас дээгүүр тавих ёстой гэсэнтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.)

Суралцагчдыг хичээлийн эхэнд дурдсан жишээнүүдийг дахин чанга уншихад урь. Жишээ болгоныг уншсаны дараа асуу:

  • Энэ жишээн дээрх хүн эсвэл хүмүүс Бурханы зарлигуудыг дагахын тулд юу хийж чадах вэ?

  • Үүнийг хийх нь уг хүнд эсвэл хүмүүст Бурханд илүү ойртоход нь хэрхэн туслах вэ?

Жишээ болгоныг ярилцсаны дараа ангийнхнаас асуу:

  • Та нар хэзээ нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг уламжлал, ёс заншлыг дагахын оронд Бурханы зарлигуудыг сахихыг сонгож байсан бэ? Энэ нь та нарт Тэнгэрлэг Эцэгт илүү ойртоход хэрхэн тусалсан бэ? (Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцахыг хүсэж болох юм.)

Суралцагчдыг өмнө нэрлэсэн уламжлал, ёс заншлуудыг бодож үзэхэд урь. Тэднийг эдгээр уламжлалыг эсвэл ёс заншлуудыг дагахын оронд Бурханы зарлигуудыг сахихыг сонгосноор Бурханд илүү ойртоход урамшуулан дэмж.

Хуулийн багш нар болон фарисайчууд гараа угаалгүй идэх нь хүнийг бузарлаж эсвээс уг хүнийг сүнслэг байдлын хувьд бохирдуулна гэж итгэдэг байсныг суралцагчдад сануул. Нэг суралцагчийг Матай 15:10–11-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Аврагч юу биднийг үнэхээр бузарладаг гэж заасныг олж мэдэхийг хүс.

  • Аврагч юу биднийг бузарладаг гэж хэлсэн бэ?

Аврагч “… амнаас гарч буй нь хүнийг бузарладаг” хэмээн хэлснийг онцлон дурд (11-р шүлэг). Тэрээр шавь нартаа Өөрийнх нь үгсэд гомдсон фарисайчуудад санаа зовохгүй байх тухай хэлсний дараа (Maтай 15:12–16-г үзнэ үү) биднийг үнэхээр юу бузарладаг талаар тайлбарласан.

Цөөн суралцагчийг Матай 15:17–20-ийг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхныг дагаж уншаад, Аврагч “… амнаас гарч буй нь хүнийг бузарладаг” хэмээн хэлсэн нь ямар утгатай байсныг олж мэдэхийг хүс (11-р шүлэг).

  • Аврагч “… амнаас гарч буй нь хүнийг бузарладаг” хэмээн хэлсэн нь ямар утгатай байсан бэ?

Судруудад бидний бодол, хүслийг зүрх сэтгэлээр олонтоо төлөөлүүлдэг гэдгийг онцлон хэл. Дараах өгүүлбэрийг самбар дээр бич: Хэрэв бид хилэнцэт бодол, хүслээр зугаацахыг сонгох аваас …

  • Та нар 19–20-р шүлэгт цэдэглэгдсэн Аврагчийн сургаал дээр үндэслэн энэ зарчмыг хэрхэн гүйцээж бичиж болох вэ? (Суралцагчдын хэлсэн үгийг ашиглан гүйцээгээд, Хэрвээ бид хилэнцэт бодол, хүслээр зугаацахыг сонгох аваас, тэдгээр бодол мөн хүсэл нь биднийг бузарлах болно гэсэн үнэнийг харуул.)

  • Хэрвээ бид хилэнцэт эсвэл зохисгүй бодол, хүслээр зугаацахыг сонгох аваас ямар ямар замаар бузарлагдаж эсвэл сүнслэг байдлын хувьд бохир болж болох вэ?

  • Бидний амнаас гарах үгс болон үйлдлүүд зүрх сэтгэлд маань байгаа бодол, хүслийг ямар замаар харуулдаг вэ?

Та энэ зарчмын талаар гэрчилж, суралцагчдыг цэвэр ариун бодол, хүсэлтэй байхыг сонгоход урьж болно.

Матай 15:21–28

Аврагч Харийн эмэгтэйн охиныг эдгээсэн

Суралцагчдыг самбарын өмнө гарч ирээд, зөв шударга хүслүүдээсээ нэгээс илүүг жагсаан бичихийг хүс.

Зөв шударга хүслүүдээ хүлээн авахын тулд юу хийх хэрэгтэйг ойлгоход нь тэдэнд туслах зарчмуудыг Maтай 15 дээрээс олж мэдэхэд суралцагчдыг урь.

Суралцагчдыг Библийн 11-р газрын зураг, “Шинэ Гэрээний үеийн Ариун газар” зургийг гаргахыг хүс. Суралцагчдыг газрын зураг дээрээс Тирийн болон Сидоны хотуудыг олохыг хүс. Есүс Галилаас Тир болон Сидоны хөвөө рүү аялах үедээ канаан эмэгтэйтэй дайралдсан гэдгийг тайлбарла. Тэр бүс нутаг дахь олон хүний адил, энэ эмэгтэй харийн эмэгтэй буюу иудей хүн биш байв. Тэр үеийг хүртэл Есүс шавь нартайгаа хамт сайн мэдээг иудейчүүдэд тунхаглаж байсан ба хараахан харийнханд тунхаглаагүй байв (Матай 10:5–6-г үзнэ үү). Харийнханд авралын захиасыг хүлээн авах хаалга хожим нээгдэх болно (Үйлс 10-ыг үзнэ үү).

Суралцагчдыг хамтрагчтайгаа Матай 15:21–27-г ээлжлэн чанга уншихад урь. Тэднийг дараах асуултуудын хариултыг олж мэдэхийг хүс (та асуултуудыг самбар дээр бичиж болно). Үүнд:

  • Канаан эмэгтэй ямар зөв шударга хүсэлтэй байсан бэ?

  • Тэр эмэгтэй Есүс Христэд итгэх итгэлээ харуулсан юуг хийж мөн хэлсэн бэ?

Суралцагчдаас хариултуудаа хуваалцахыг хүс.

  • Энэ адилтгалд уг эмэгтэйн хариулт түүний Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн илүүтэй харуулсан бэ?

Нэг суралцагчийг Матай 15:28-ыг чанга уншихад уриад, ангийнхнаас дагаж уншин, Аврагч уг эмэгтэйн төлөө юу хийснийг олж мэдэхийг хүс.

  • Аврагч уг эмэгтэйн төлөө юу хийсэн бэ? Яагаад?

  • Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед юу тохиодог талаар ямар зарчмыг энэ түүхээс мэдэж авч чадах вэ? (Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үед өөрсдийн зөв шударга хүслийн дагуу адислагдаж чадна гэдэгтэй төстэй зарчмыг тодорхойлох ёстой.

  • Бид Их Эзэнээс зөв шударга хүслүүдийн маань дагуу биднийг адислахыг итгэлтэйгээр гуйхаас гадна Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийн тулд өөр юу хийж болох вэ?

Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийн тулд юу хийж болохыг илүү сайн ойлгоход суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

“Бид Есүс Христэд итгэх үедээ түүнд найдаж байх ёстой. Тэр бидэнд хамгийн сайн нь юу болохыг мэддэг болохоор бид Түүний хүслийг хүлээн авахад бэлэн байхуйц хангалттай их найдах ёстой. …

“… Хэчнээн хүчтэй итгэлтэй байлаа ч энэ хүчний эзэн болох Түүний хүслээс зөрөх үр дүнг бий болгож чадахгүй. … Бид Их Эзэний таалал, цаг хугацаанд бүрэн найдахгүйгээр Их Эзэнд итгэх жинхэнэ итгэлтэй байж чадахгүй” (“Faith in the Lord Jesus Christ,” Ensign, 1994 оны 5-р сар, 99, 100).

  • Их Эзэн бидний зөв шударга хүслүүдийн дагуу тэр даруй адислахгүй байгаа үед Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх гэдэг нь ямар утгатай болох тухай ахлагч Өүксийн тайлбар бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Самбар дээрх зөв шударга хүслийн жагсаалтыг давтаж хараад, тэд ийм хүсэлтэй байхыг эрэлхийлэх явцдаа Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийн тулд юу хийж чадахаа тайлбарлахад суралцагчдыг урь.

  • Та нар (эсвэл та нарын мэддэг хэн нэгэн) хэзээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр (Их Эзэний таалал мөн цаг хугацааны дагуу) зөв шударга хүсэлтэй болсон бэ?

Суралцагчдыг Есүс Христээс зөв шударга хүслийг хүлээн авахаар эрэлхийлэх явцдаа Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлэхийн тулд юу хийх талаар хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Бичсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.

Матай 15:29–39

Есүс дөрвөн мянга гаруй дагагчдыг долоон талх, цөөн хэдэн загасаар хооллосон

Maтай 15:29–39-ийг дүгнэн, Есүс Галилд буцаж ирснийг тайлбарлан ярьж өг. Түүнийг тэнд байхад дөрвөн мянга гаруй хүн цуглан Түүн дээр ирэхдээ янз бүрийн өвчин тахал, тахир дутуу байдлаасаа болж зовж байсан хүмүүсийг авчрав. Аврагч тэднийг эдгээж мөн хүмүүсийг Түүнтэй гурван өдрийг өнгөрөөсний дараа бүх хүнийг долоон талх, цөөн хэдэн загасаар хооллож, өөр нэгэн гайхамшгийг үйлдэв. (Тэмдэглэл: Дөрвөн мянган хүнийг хооллосон гайхамшиг нь Maрк 8-ыг үзэх хичээлд илүү дэлгэрэнгүй заагдах болно.)

Та Maтай 15 дээр суралцагчдын тодорхойлсон үнэнүүдийн болон зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар энэ хичээлийг дуусгаж болно.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Maтай 15:1–9. “Яагаад та нар ёс заншлынхаа төлөө Бурханы зарлигуудыг зөрчинө вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт Их Эзэнийг бүх сэтгэл зүрхээрээ шүтэн бишрэхэд саад болж байгаа уламжлал, ёс заншлуудаас салахыг эрэлхийлж байгаа хүмүүст хандан дараах зөвлөгөөг өгсөн юм:

“Нягт шингэсэн амьдралын хэв маягийг өөрчлөх нь их хэцүү байж болно. Хуучин найзууд шоолж, шүүмжилж, бүр хавчиж ч болно. Аврагчид итгэх тууштай итгэл, дуулгавартай байдал чинь та нарыг тиймэрхүү бэрхшээлийг туулан, агуу ихээр адислагдахад хүргэнэ. Судруудад итгэл, сүсэг нь Бурханы төлөвлөгөөтэй харшлах уламжлалуудыг хэрхэн давж, хүмүүст, бүр үе үеийн удмын хүмүүст адислал авчирч байгааг үзүүлдэг. Үнэнд гуйвалтгүй байж мөн буруу уламжлалыг эсэргүүцэх Абрахамын тууштай шийдвэр нь түүнийг маш их адисалсан юм. Түүний үнэнч байдал Израилийн угсааны дуулгавартай бүгдийг үлэмж шагналаар титэмлэх болно. Удаан хугацааны уламжлалаа орхисон өөр нэг тод жишээ бол дайтах дуртай леменчүүд Христийн даруу дагагчид болж, Түүний хаант улсын гишүүдийн хувьд хийсэн гэрээгээ зөрчихөөс өмнө үхэхэд бэлэн болж өөрчлөгдсөн явдал байдаг” (“Removing Barriers to Happiness,” Ensign, 1998 оны 5-р сар, 86).

Матай 15:21–28. “Ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог”

Харийнхныг тэжээмэл ноходтой харьцуулсан Их Эзэний адилтгал нь сайн мэдээ тэр үед зөвхөн Израилийн угсааныханд очиж байсан гэдгийг заах зорилготой байжээ. Бурханы тэнгэрлэг цагийн хуваарийн дагуу, харийнхан авралын захиасыг хожим хүлээж авах болно (Үйлс 10-ыг үзнэ үү).

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Есүсийн канаан эмэгтэйн охиныг эдгээсэн нь уг эмэгтэйн итгэлийн шалгуур байсан бөгөөд Өөрийн шавь нарт заасан сургамж байсан гэж заажээ.

“Сайн мэдээ (өөрийн бүх эдгээх хүч болон ач ивээлтэйгээр) харийнханд очихоосоо өмнө иудейчүүдэд өгөгдөх ёстой байсан. Есүсийн мөнх бус амьдрал дахь тохинуулал нь өөр бусад улсад биш, зөвхөн Израильд байх ёстой байсан. Түүний энэ хүнийг болон ямар ч харийн хүнийг эдгээсэн нь агуу итгэлийн улмаас онцгой үеийнхнээр дамжин ирсэн. Өмнө нь Тэр төлөөлөгчдөдөө зөвхөн Израилийн төөрөлдсөн хоньд руу явж, харийнханд авралын захиасыг номлохгүй байхыг зарлигласан байв. (Матай 10:5–6.) Энэ жишээн дээр Түүний дагасан зам шавь нарт нь сургамжтай байж, харийн эмэгтэйн итгэлийг сорьж, тууштай байдалдаа болон залбиралдаа шаргуу байх нь шагнал авчирдаг гэдгийг зааж мөн илүү агуу итгэл заримдаа Израилийн сонгогдсон удмын дунд биш, буруу номтнуудын дунд олддог гэдгийг үзүүлсэн нь гарцаагүй юм” (Doctrinal New Testament Commentary, 3 боть, [1965–1973], 1:371).