Номын сан
120-р хичээл: Ефес 1


120-р хичээл

Ефес 1

Оршил

Паул Ефесийн гэгээнтнүүдэд сайн мэдээг хүлээн авах урьдчилсан томилолттой нь холбогдуулан захидал бичив. Тэрээр сүүлийн эрин үе буюу бидний амьдарч байгаа энэ эрин үеийн тухай бичжээ. Паул биднийг илчлэлтээр дамжуулан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн тухай мэдэх боломжтой гэж заасан.

Заах зөвлөмж

Ефес 1:1–8

Паул гэгээнтнүүдэд өөрсдийг нь сайн мэдээг хүлээн авахаар урьдчилан томилсон гэж заав

Суралцагчдыг чухал хариуцлагатай үүрэг даалгавар авахыг хүлээн зөвшөөрч, энэ даалгавраа биелүүлсний төлөө шагнал хүртсэн үеийнхээ талаар бодоход урь.

  • Даалгавар хэцүү үед даалгавраа хүлээн зөвшөөрч, хэн нэгэн таныг үүнийг биелүүлнэ гэдэгт найдсан гэдгийг мэдэх нь хэрхэн дэмжлэг болсон бэ?

  • Та даалгавраа биелүүлснээр хэрхэн адислагдсан эсвэл шагнагдсан бэ?

Төлөөлөгч Паул Ефес 1–6-д цэдэглэсэн захидлаа Ефест болон түүний ойролцоох газруудад байсан гэгээнтнүүдэд хандан бичсэн. Түүний зорилго бол аль хэдийн Сүмийн гишүүн болчихсон хүмүүсийг хүчирхэгжүүлэх, шинэхэн хөрвөгчдөд сүнслэг мэдлэгтээ өсөж хөгжих, гэрээндээ үнэнч үлдэхэд нь туслах явдал байсан юм.

Цөөн суралцагчийг Ефес 1:3–8-ыг ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын заасан гэгээнтнүүдийг гэрээндээ үнэнч хэвээр үлдэхэд тусалсан үнэнийг олж мэдэхийг хүс.

  • Паул гэгээнтнүүдэд үнэнч хэвээр үлдэхэд туслах ямар үнэнийг заасан бэ? (Суралцагчдыг хариулах үед тэдний дурдаж хэлсэн үнэнийг ойлгож мэдэх нь гэгээнтнүүдийг үнэнч хэвээр үлдэхэд хэрхэн тусалж болох байсныг тайлбарлахад урьж болно.)

  • 4-р шүлэгт Бурхан биднийг “ертөнцийн сууриас урьд” сонгосон байсан гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

Урьдаас тогтоосон мөн 5-р шүлгийн “Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авах” гэсэн үгс нь сайн мэдээг хүлээн авахаар мөнх бус амьдралын өмнөх оршихуйд сонгогдсон буюу урьдчилан томилогдсон гэсэн утгатай гэдгийг тайлбарла. Бурханы хүүхдүүд сайн мэдээний адислалыг хүлээн авахаар урьдчилан томилогдсон гэсэн үнэнийг самбарт бич. Энэ адислалыг хүлээн авах эсэх нь энэ амьдрал дахь бидний итгэлтэй байдалд тулгуурлана.

Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг дараах үгсийг чанга уншихад урь.

“Мөнх бус байдлын өмнөх Сүнсний дэлхийд Бурхан хэдэн сүнсийг тэдний мөнх бус амьдралын үеүдэд тодорхой үүргүүд биелүүлүүлэхээр томилсон. Үүнийг урьдчилсан томилолт гэдэг.

Урьдчилсан томилолт нь хувь хүн бүр дуудлага буюу үүрэг хариуцлага хүлээн авна гэсэн баталгаа өгдөггүй. Иймэрхүү боломжууд нь энэ амьдралд зөв шударга сонголтын үр дүнд, яг л мөнх бус байдлын өмнөх байдалд зөв шударгын үр дүнд урьдчилсан томилолт ирсний адил ирдэг юм. …

Урьдчилсан томилолтын сургаал нь Аврагч, Түүний бошиглогчдод төдийгүй Сүмийн бүх гишүүнд хамаатай. Дэлхийн үүслээс өмнө итгэлтэй эмэгтэйчүүдэд тодорхой хэдэн үүрэг хариуцлага өгч, итгэлтэй эрэгтэйчүүдийг тодорхой хэдэн санваарын үүрэгт урьдчилан томилсон. Хэдийгээр та тэр цаг үеийг санахгүй байгаа ч Эцэгийн үйлчлэлд ач холбогдол бүхий үүрэг даалгавруудыг биелүүлэхээр зөвшөөрсөн л байх. Та нар өөрсдийнхөө зохистой гэдгийг баталбал танд тэр үед хүлээн авсан үүргээ биелүүлэх боломжууд өгөгдөх болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 204–205).

  • Бид сайн мэдээ, түүнээс ирэх олон адислалыг хүлээн авахаар урьдчилан томилогдсон гэдгийг ойлгож мэдэх нь хийсэн гэрээндээ үнэнч хэвээр үлдэхэд маань хэрхэн тус болж болох вэ?

Ефес 1:9–12

Паул цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн талаар ярив

Зураг
зурах, нууранд цутгадаг голууд

Том нууранд цутгадаг янз бүрийн хэд хэдэн голын зураг зур. Суралцагчдаас гол тус бүр сайн мэдээний эрин үеийг төлөөлж байгаа хэмээн төсөөлөн бодохыг хүс.

  • Сайн мэдээний эрин үе гэж юу вэ?

Та Библийн толь бичгээс дараах хэсгийг чанга уншихад нэг суралцагчийг урин, сайн мэдээний эрин үе гэсэн үгийн тодорхойлолтыг дахин харж болно.

“Энэ бол дэлхийн оршин суугчдад сайн мэдээг өөрийнхөө үед хүргэх бурханлаг итгэмжлэл хүлээсэн, ариун санваар эзэмшигч, эрх мэдэл олгогдсон, наад зах нь нэг үйлчлэгчийг Их Эзэн дэлхий дээр томилон ажиллуулсан үе юм. Их Эзэн эрин үеийг зохион байгуулахад сайн мэдээ шинээр илчлэгдэж, ингэснээр хүмүүс өнгөрсөн эрин үеийн авралын төлөвлөгөөний мэдлэгт хамаагүй болдог. Эхлэлээс эхлээд сайн мэдээний олон эрин үе байсан. Библи нь цаг хугацааны голчид наад зах нь нэг эрин үеийг Адамтай, өөр нэг эрин үеийг Енохтой мөн өөр нэг эрин үеийг Ноа, Абрахам, Мосе, Есүс ба Түүний төлөөлөгчидтэй тус бүр холбогдож байгааг хэлж өгсөн байдаг” (Bible Dictionary, “Dispensations”).

Нэг суралцагчийг Ефес 1:9–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паул эрин үе гэж юуг хэлж байсныг олж мэдэхийг хүс. 9-р шүлэг дээрх “хүслийнхээ нууц” гэдэг нь Бурханы төлөвлөгөө, зорилго гэсэн утгатай гэдгийг тайлбарла.

  • Ефес 1:10-т Паул ямар эрин үеийг хэлж байсан бэ?

Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе гэдэг нь бидний одоо амьдарч байгаа эрин үе гэдгийг онцолж хэл.

  • Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе хэрхэн олон гол цутгадаг нууртай адил байж болох вэ?

  • Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед юу тохиолдоно гэж Паул номлосон бэ? (“Паул тэнгэр, газар дээрх ‘бүх юмсыг Христ дотор,’ ‘нэгтгэх’ [10-р шүлэг] хэмээн бичихдээ Сэргээлтийг буюу дэлхий үүссэн цагаас хойш Бурханы хүүхдүүддээ илчилсэн бүх түлхүүр, хүч, амлалт, урьд өмнө илчлэгдэж байгаагүй бусад мэдлэгийг авчрах тухай хэлсэн юм [С ба Г 128:18-ыг үзнэ үү]. Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед өмнөх эрин үеийн бүх зүйл сэргээгдэх болно гэсэн зарчмыг самбарт бич.)

Нэг суралцагчийг Далын ахлагч Б.Х.Робэртсийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Б.Х.Робэртс

“Энэ бол цаг хугацааны бүрэн байдлын эрин үе бөгөөд далайд горхинууд цутгадгийн адил бид үүн рүү урсаж байгааг харж байгаа. Өмнөх бүх эрин үе биднийг холбохын зэрэгцээ Бурхан үүслээс эхлээд нэг л агуу зорилго тавьсан байсан бөгөөд энэ нь Өөрийнхөө хүүхдүүдийг аврах аврал байсан гэдгийг бид мэддэг. Одоо эцсийн мөч буюу сүүлийн эрин үе ирсэн бөгөөд үнэн, гэрэл, зөв шударга байдал дэлхийг үерлүүлэх ёстой цаг үе юм” (Conference Report, 1904 оны 10-р сар, 73).

Суралцагчдыг самбарын өмнө гарч ирээд, цаг хугацааны бүрэн байдлын эрин үед авчрагдсан эсвэл сэргээгдсэн өмнөх эрин үеийн үнэн, судар, гэрээ, хүч гэсэн шошго наахад урь. (Шошгонуудад холбох хүч, авралын ёслол, Мормоны Ном зэргийг оруулж болох бөгөөд шаардлагатай бол суралцагчид нэмж гол горхи зурж болно.)

  • Цаг хугацааны бүрэн байдлын эрин үед амьдрах нь та нарын хувьд хэрхэн адислал болж болох вэ?

  • Ахлагч Робэртсын хэлснээр энэ эрин үед юу тохиолдох вэ? (Үнэн, гэрэл, зөв шударга ёс дэлхийг үерлүүлэх ёстой.)

  • Энэ эрин үеийн ямар эх сурвалж биднийг энэ дэлхийг сайн мэдээний үнэн болоод гэрлээр үерлүүлэх боломжтой болгох вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Хайрт ах, эгч нар минь ээ, эдүгээг хүртэл энэ эрин үед сайн мэдээний захиасыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулахын тулд гүйцэлдүүлсэн бүхэн сайн эхлэл байсан. Гэхдээ энэ нь жижигхэн дусал төдий байв. Би та бүхэнд энэ дуслыг үер болгоход туслаарай хэмээх урилгыг өгч байна. … Би та нарыг зөв шударга ёс, үнэнээр дүүрэн, бодит, сургамжтай, магтууштай захиасаар дэлхийг дүүргэхэд, чухамдаа үер мэт дэлхийг бүрхэхэд уриалан дуудаж байна” (“To Sweep the Earth as with a Flood” [Бригам Янгийн Их Сургуулийн боловсролын долоо хоног, 2014 оны 8-р сарын 19], LDS.org).

Суралцагчдыг газар дэлхийг зөв шударга ёс болоод үнэнээр үерлүүлэхэд туслахын тулд хийж байгаа зүйлийнхээ талаар хуваалцахад урь.

Паул гэгээнтнүүдийг Есүс Христээр дамжуулан Бурханы хаант улсын “өв”-ийг хүлээн авсан байсан гэж заасан гэдгийг тайлбарлан, Eфес 1:11–12-ыг нэгтгэн дүгнэ (11-р шүлэг).

Eфес 1:13–23

Паул амлалтын Ариун Сүнсний талаар заав

Нэг суралцагчийг Ефес 1:13–14-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, гэгээнтнүүдийн Есүс Христэд итгэж, найдсаныхаа ачаар хүлээн авсан адислалыг олж мэдэхийг хүс.

  • 13-р шүлэгт цэдэглэснээр, гэгээнтнүүд ямар адислал хүлээн авсан бэ? (Tэд “амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан.”)

“Амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан” гэдэг нь “ёслолууд зохих ёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүд сахигдаж байгааг Амлалтын Ариун Сүнс Эцэгт гэрчилдэг” гэсэн утгатай (Судруудын удирдамж, “Амлалтын Ариун Сүнс,” scriptures.lds.org). Ариун Сүнс бол “бидний өвийн батлан даагч” юм (14-р шүлэг). Бидний амьдралд Ариун Сүнс байх нь хэрэв бид үргэлжлүүлэн итгэлтэй байвал мөнх амьдралыг хүлээн авах болно гэсэн Бурханаас ирж байгаа тэмдэг, сануулга, үзүүлэлт гэсэн утгатай.

Паул итгэлтэй байгаагийнх нь төлөө Бурханд үргэлжлүүлэн талархсан хэмээн гэгээнтнүүдэд хэлсэн гэдгийг тайлбарлан, Ефес 1:15–16-г нэгтгэн дүгнэ.

Нэг суралцагчийг Ефес 1:17–18-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас шүлгүүдийг дагаж уншаад, Паулын Бурханаас гэгээнтнүүдэд юу өгөхийг гуйн залбирсныг олж мэдэхийг хүс.

  • Паул Бурханаас гэгээнтнүүдэд юу өгөхийг гуйн залбирсан бэ?

  • Эдгээр шүлэг Тэнгэрлэг Эцэгийн талаар хэрхэн мэдэж болох тухай юуг бидэнд заадаг вэ? (Суралцагчид өөрсдийн үгээр Бид илчлэлтийн сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тухай танин мэдэж чадна гэсэн үнэнийг олж тогтоох ёстой.)

Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Дэвид А.Бэднарийн хэлсэн дараах үгийг чанга уншихад урь. Суралцагчдыг илчлэлтийн сүнс гэж юу болохыг сонсоход урь.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

“Илчлэлт нь дэлхий дээрх хүүхдүүдтэйгээ харьцах Бурханы харилцаа холбоо төдийгүй, бэлэгтэй адилтгах агуу адислалуудын нэг ба Ариун Сүнсний байнгын нөхөрлөл юм. Бошиглогч Иосеф Смит ‘хүн илчлэлт хүлээн авахгүйгээр Ариун Сүнсийг хүлээн авч чадахгүй. Ариун Сүнс бол илчлэгч мөн’ хэмээн заасан байдаг (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 151).

Илчлэлтийн сүнс нь зохистой санваарын эрх мэдлээр нүглүүдээс ангижрах усанд умбуулах баптисм ба толгой дээрх гар тавилтаар Ариун Сүнсний бэлэг хүртэн, авралын ёслолуудыг хүлээн авсан мөн санваарыг гүйцэтгэхээр “Ариун Сүнсийг хүлээн авах” тушаалыг итгэлтэйгээр үйлдэгч хүн бүрд ирэх боломжтой юм (“Илчлэлтийн Сүнс,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 91).

  • Илчлэлтийн сүнс гэж юу вэ?

  • Ариун Сүнсээр дамжин ирэх илчлэлт бидэнд Тэнгэрлэг Эцэгийг танин мэдэхэд хэрхэн тусалж болох вэ?

Та суралцагчдыг илчлэлт Тэнгэрлэг Эцэгийг илүү сайн танин мэдэхэд хэрхэн тусалсан талаар хуваалцахад урьж болно. Та мөн өөрийн туршлагаас хуваалцаж болно. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийг үргэлжлүүлэн илүү сайн танин мэдэж болохын тулд Ариун Сүнсний нөхөрлөлд зохистой байхыг хичээхэд нь урамшуулан дэмж.

Паул гэгээнтнүүдэд амлагдсан өвийн тухай болон Есүс Христийн Сүмийн удирдагчийн байр суурийн талаар үргэлжлүүлэн заасан гэдгийг тайлбарлан, Ефес 1:19–23-ыг нэгтгэн дүгнэ.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Eфес 1:13. “Амлалтын Ариун Сүнс”

Амлалтын Ариун Сүнс гэдэг нь Ариун Сүнсний өөр нэгэн нэр юм. Энэ нэрийг Ариун Сүнсний лацдан холбох болон баталгаа өгөх хүч гэсэн утгаар ашигладаг (С ба Г 76:53; 132:7-г үзнэ үү).

“Тэрээр Бурханд хүлээн зөвшөөрөгдөхүйц зөв шударга үйл, ёслол, гэрээнүүдийг баталдаг. Аврагч ёслолууд зохих ёсоор гүйцэтгэгдсэн хийгээд тэдгээртэй холбоотой гэрээнүүд сахигдаж байгааг Амлалтын Ариун Сүнс Эцэгт гэрчилдэг.

Амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан хүмүүс Эцэгт байгаа бүхнийг хүлээн авдаг [Eфес 1:13–14; С ба Г 76:51–60-ийг үзнэ үү]. Бүх гэрээ, гүйцэтгэл энэ амьдралын дараа хүчин төгөлдөр байхын тулд Амлалтын Ариун Сүнсээр лацдагдах ёстой [С ба Г 132:7, 18–19, 26]” (Судруудын удирдамж, “Амлалтын Ариун Сүнс,” scriptures.lds.org).

Паул гэгээнтнүүдийг “амлалтын Ариун Сүнсээр тамгалагдсан” байсан (Eфес 1:13) хэмээн бичихдээ мөнх бус амьдралд итгэлтэй гэгээнтнүүдэд мөнх амьдралын амлалт өгөгдсөн гэсэн утгаар бичсэн. Хүмүүс амлалтын Ариун Сүнсээр лацдагдахад хэдий тэд мөнх бус ч Ариун Сүнс селестиел хаант улсын өв залгамжлагчид байх баталгаа өгдөг. Энэ сургаал заримдаа хэн нэгнийг дуудан, сонгосныг бататгах гэсэн утгатай байдаг (2 Петр 1:4–19; С ба Г 131:5–6; С ба Г 132:6–7; Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 боть [1965–1973], 2:493–495; History of the Church, 3:379–380-ыг үзнэ үү).

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Амлалтын Ариун Сүнсний тухай

Амлалтын Ариун Сүнс бол баптисм, гишүүний баталгаа, томилолт, гэрлэлт зэрэг бүх ёслол дээр зөвшөөрлийн тамга дардаг Ариун Сүнс юм. Итгэлтэй байдлаар дамжуулан адислалууд ирэх болно гэсэн амлалт байдаг.

Хэрэв хүн баптисм, томилолт, гэрлэлт эсвэл өөр бусад ёслолын гэрээгээ зөрчвөл Сүнс зөвшөөрлийн тамгыг цуцалж, адислал ирдэггүй.

Бүх ёслол итгэлтэй байдал дээр тулгуурласан амлалтын шагналтай байдаг. Хэрэв гэрээ зөрчигдвөл Ариун Сүнс зөвшөөрлийн тамгыг цуцалдаг” гэж заажээ [С ба Г 76:52–53; 132:7-г үзнэ үү]” (Doctrines of Salvation, comp. Брүс Р.Макконки, 3 боть [1954–1956], 1:45).

Ефес 1:13–14. “Бидний өвийн батлан даагч”

Eфес 1:14 дээрх “Бидний өвийн батлан даагч” гэдэг нь итгэлтэй гэгээнтнүүд амлалтын Ариун Сүнсээр лацдагдвал селестиел хаант улсыг өвлөх болно гэх хувийн баталгаа хүлээн авна гэсэн утгатай. Батлан даагч гэсэн нь “ирэх зүйлийн тэмдэг” гэсэн утгатай (Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. [2003], “earnest”). “Ариун Сүнсний бэлэг бол Тэнгэрлэг Эцэгийн маань хамгийн үнэ цэнтэй бэлгүүдийн нэг. … Энэ бэлэг бол мөнхийн баяр хөөр болон мөнх амьдралын амлалтын бяцхан загвар юм” (Миний сайн мэдээг номло: Номлогчийн үйлчлэлд зориулсан удирдамж [2004], 72).